Ном гэдэг бол байгаль ертөнц, нийгэм хүн төрөлхтний нууцыг танин мэдэх, хүн төрөлхтний хөгжлийн түүх соёл шинжлэх ухааны ололтыг нэг үеэс нөгөө үе рүү тээгч хүчирхэг хөлөг онгоц…

Ном гэдэг бол байгаль ертөнц, нийгэм хүн төрөлхтний нууцыг танин мэдэх, хүн төрөлхтний хөгжлийн түүх соёл шинжлэх ухааны ололтыг нэг үеэс нөгөө үе рүү тээгч хүчирхэг хөлөг онгоц…

Сайн байна уу? Манай номын сангийн “Номын сангийн зочны ярилцлага” буланд оролцож байгаад тань баярлалаа.

Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Хүүхэд насны мөрөөдөл бол мэдээж сургууль соёлд орохоос өмнө ямар мөрөөдөлтэй вэ? гэдгээ сайн мэдэхгүй байсан ч миний  аав ээж намайг эрдэм номтой хүн болгоно гэж боддог байсны ачаар жирийн малчин айлын хүүхэд 8 настайдаа сургуульд орж эрдмийн их өргөөнд хөл тавьсан аз заяатай хүн.Увс аймгийн Хяргас сумын бага сургуульд дөрвөн жил суралцах үед багш гэдэг хүмүүсийн  агуу мэргэжлийг шүтэж биширдэг байсан.  

Бага ангийн багш Гомбын Дашцэрэн  2-р ангид   байхаас эхлээд хичээл ном  заахаас гадна ном зохиол унших сайхан замд хөтөлсөн байдаг.

Миний багш  Нацагдоржийн Зохиолын түүврийг надад өгөн тэр номоос Миний нутаг шүлгийг өгч цээжлүүлэн бусад анги танхимуудаар дагуулан явж уншуулж явсан нь намайг багш болгох гэсэн сэтгэл,  эх хэл, соёлоо сурталчлах дэлгэрүүлэх үйлсийн эхлэлийг тавьсан.

Тэр үеийн хичээл ном зааж сургаж байсан монгол хэл уран зохиолын багш нар сайхан хүмүүс байсан ба их чадвартай багш нар байснаас гадна тэр үед багш нарыг үнэлэх үнэлэмж өндөр байсан гэж боддог.

7-р анги төгсөхдөө багш болох сэтгэл шулуудан 10-р ангиа төгсөөд одоогийн МУБИС буюу тэр үеийн  Багшийн дээд сургуулийн монгол хэл уран зохиолын багшийн ангид орж суралцан  төгсөөд, тус сургуулийн  монгол хэлний тэнхимд багшаар үлдэн одоог хүртэл ажиллаж байгаа сайхан дурсамж байна.

Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

Бага байхаа номонд дуртай хүүхэд байсан учир нь бичиг үсэг тайлагдахаас өмнө аман зохиол их уншдаг байсан. Миний ээж надад үлгэр их уншиж өгдөг байсан. Үлгэр ярьж өгнө гэдэг нь ном буюу хүн төрөлхтний агуу их соёлд суралцах сэдэл нада төрүүлсэн. Бага байхдаа үлгэр домгийг аав ээжээс сонсдог байсан бол сургуульд ороод цаасан ном уншиж эхэлсэн. Голдуу багш нарынхаа өгсөн ном зохиолуудыг уншиж ирсэн.

 Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Бие даасан ном гэхээсээ илүү багшийнхаа өгсөн дунд сургуулийн сурах бичгээс уншдаг байсан. Дашдоржийн Нацагдоржийн зохиолын түүврээс эхлээд шинэ үеийн уран зохиол, зүйр цэцэн үг гэх мэт.

 Таны унших дуртай ширээний ном?

Анх багш болохдоо хэл шинжлэлийн ном мэргэжлийн номуудыг уншсан. Одоо үед ширээний ном голдуу толь бичиг, тэр дундаа лавлах толь, тайлбар толь уншиж байна.

Толь бичиг уншина гэдэг хүний мэдлэгийг их тэлэх, хамгийн чухал зйүлийн нэг гэж боддог.

 Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Амьдралын цаг хугацаатай холбоотой. Сурагч байхдаа олдсон номоо дотуур байранд, оюутан болоод номын санд, одоо цагт эрдэм номын өргөөндөө  уншиж байна.

Ер нь номыг ганцаараа сууж унших дуртай.

 Хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн номыг нэрлэвэл?

Монгол ардын аман зохиол, монголын орчин үеийн сонгодог зохиол, эдгээр бүтээл зохиолууд миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн. Мэргэжлийн багш хүний хувьд  дандины зохист аялгууны толь гэдэг зохиол бүтээлийг 30-40 удаа уншсан. 20-р зууны монгол судлалын 3-н ноён оргил болох Лувсанвандан, Дамдинсүрэн, Ренчин нарын мэргэжлийн чиглэлийн бүтээлүүд миний амьдралд хэл шинжлэлийн мэргэжилтэн болоход их дөхөм болсон.

Зарим хүмүүс ном уншихдаа номон дээрээ тэмдэглэл хөтөлж, өөртөө хэрэгтэй зүйлсийг тодруулж, зурж ишлэл бичдэг. Нөгөө хэсэг нь маш цэвэрхэн уншихыг эрхэмлэдэг. Энэ 2 үйлдлийн алийг нь илүүд үздэг вэ?

Унших гэж номынхоо хувьд тусгайлан цаас бэлтгэн тухайн номоос өөрт хэрэгтэй зүйлийг тэмдэглэж, иш татан буулгаж уншихыг их хичээдэг.

Багш хүний хувьд өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс юу байна?

Багш хүнд чухал гурван чанар бий гэж боддог.

1.Заах гэж буй зүйлээ шавь нараасаа өргөн хүрээнд мэддэг байх, хэвтээ босоо аль ч түвшинд мэддэг байх, цаг ямагт өөрийгөө мэргэжлийн хувьд өсгөж өндийлгөж байх ёстой.

 2.Өөрийн гэсэн заах арга барилтай  байх , өөрийгөө олж чадахгүй бол бусдын туршлага судлах нь маш чухал.

3.Заалгаж буй шавьдаа хайртай байх хэрэгтэй, заалгаж буй шавьдаа хайртай байх нь багш хүний их чухал чанар.

Эрдэм сурах гэж чин сэтгэлээсээ хичээж буй шавь нар, хамт ажиллаж буй эрдэм номын хамт олон, амьдралын аз жаргал, зовлон жаргалыг хуваалцаж буй гэр бүлийн хань ижил, үр хүүхэд сайн сайхан байна гэдэг миний сэтгэлийг үргэлж хөдөлгөж байдаг. Эрдэм номтой багш хүнд шавьдаа хурдан гүйцэгдэж байвал миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөдөг зүйл. Миний заасан шавь намайг хурдан гүйцэж надаас илүү эрдэм мэдлэгтэй болж би тэднээс захиж сурах юмсан гэж сэтгэлийн хөг нэмж авч байгаа нь сэтгэл хөдөлгөх гол зүйл болж өгдөг.

 Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Өв хэл соёлоо дээдлэх нь миний ажил үйлс амьдралын туг гэж боддог учираас Би өөрийгөө ном гэж бодвол өв хэл соёлоо эрхэмлэн дээдлэхийн учирыг таниулах товч лавлах толь гэж хэлнэ.

 Хүн бүр ном унших, унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?

Цаг үеэс шалтгаална, дээхнэ үед унших ном цөөн байсан тэр үед номыг сонгох харьцангуй гайгүй байсан энэ цаг үед мэдээлэл харилцааны технологи өргөн хөгжсөн ном их бичдэг болсон. Орчин үед бүх номыг унших боломж байхгүй, бүх номыг унших гэж  зүтгэдэг ч хүн байхгүй болсон.

Хэрвээ  уран зохиолоос та ямар ном унших вэ гэвэл, хамгийн шилдэг сор болсон сонгодогуудыг унших хэрэгтэй , ном бол бусдаас илүү ашиг тустай гэж боддог. Ном бол төгсрөхийн цагт хамгийн сайн нөхөр, залуу явах цагт хамгийн сайн багш шүү. Уншина гэдэг хүнийг  хөгжүүлдэг хамгийн чухал зүйл, хүнд хамгийн ач холбогдолтой юм бодуулдаг амьдрал ажил үйлсэд хэрэгтэй номыг унших нь чухал.

Сүүлд ямар төрлийн ном зохиол уншсан вэ?

Хамгийн сүүлд уншиж байгаа номоо сонирхуулахад хэл шинжлэлийн сүүлийн онолын номыг уншиж байна. Жишээ нь унгар, орос хэл англи хэл дээр гэх мэт.

Хэл шинжлэлийн сүүлийн онолын номуудаас уншиж судалж байна, Саяхан  Одхүү гэж эрдэмтний бичсэн “Монгол сэтгэлгээ” гэх номыг уншиж байна. Энэхүү номонд монгол сэтгэлгээ гэдэг монголчуудын оюуны сэтгэлгээ бусад үндэстэн угсаатнаас ямар ялгаатай вэ? Монгол үндэсний дархлаа яаж шингэсэн байдаг вэ? гэдэг маш сонирхолтой сэдвийг хөндсөн судалгааны  бүтээл байна. Өөр нэг уншиж буй бүтээл бол миний шавь нарынхаа бичиж гаргасан надад өгсөн ном зохиолыг уншиж судалж байна.

 Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Их олон утга учиртай. Номыг үргэлж уншиж байх хэрэгтэй. Номын тухай сайхан мэргэн үгс байна.  Жнь Виктор Гюго “Ном уншсан явдал намайг гярхай нүдтэй  болгосон” гэж хэлсэн байдаг.

Ном бол ертөнцийг харах цонх мөн гэж байдаг , гэхдээ номыг ганцхан цонхоор харж болохгүй, ертөнцийг нэг цонхоор биш олон цонхоор харахын тулд олон янзын ном уншиж байж өргөн мэдлэгтэй өөрийнхөө оюуныг үргэлж тэжээж тэтгэж байх хэрэгтэй.   Ном бол оюуны тэжээл. Хүн төрөлхтний өөрийгөө хөгжүүлэх  гэж бүтээсэн үл дундрах уурхай гэж бодох хэрэгтэй учраас ном үргэлж уншиж байгаасай, мөн  ном уншихад тодорхой цаг, зорилго тавин уншиж байхыг зөвлөж байна.

 Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Ном гэдэг бол байгаль ертөнц, нийгэм хүн төрөлхтний нууцыг танин мэдэх, хүн төрөлхтний хөгжлийн түүх соёл шинжлэх ухааны ололтыг нэг үеэс нөгөө үе рүү тээгч хүчирхэг хөлөг онгоц.

 

Baigalmaa TS.