Ном гэдэг бол дотор нь амьдарч байгаа мөртлөө мэдэхгүй тэр ертөнцөд орох хаалга нь …
Номын сангийн зочны ярилцлага
Эрхэлж буй ажил, албан тушаал:
Монголын Үндэсний Олон Нийтийн Радиод ерөнхий редактор.
Сошиал хаяг: FB page: , FB profile: , Insta: , Twitter:
Khas Khasar.
Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцаач?
Миний хувьд аавын маань номын сан хамгийн анхны номын сан минь байлаа.Тэр том номын сангийн номыг илж, харж номтой танилцсан болов уу даа. Анх дурлаж уншсан номноос гэвэл Обручевын “Санниковын газар”, Павел Петрович Бажовын “Ногоолин хайрцаг” зохиолууд байлаа.
Таны багадаа болохыг хүсэж байсан мэргэжил, өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?
Би багадаа ном бүтээдэг, ер нь л янз бүрийн юм зохион бүтээдэг (бодитоор) хүн болохыг хүсдэг байлаа. Харин одоогоор хийсвэр төсөөлөхүйг бүтээх гэж л зүтгэж явна даа…
Хэрэв мөрөөдлөөрөө амьдарсан бол “Мөрөөдлийн шидэт ертөнцдөө хайр худалддаг хамгийн аз жаргалтай худалдагч байх байлаа” гэж нэг ярилцлагандаа хэлж байсан. (Их сайхан төсөөлөл буусан л даа) Үнэхээр, хэрэв? Хайр, аз жаргалыг зарж болдог, авч болдог бол түүнийг хэмжих нэгж, үнэлэмж нь таны хувьд юу байх бол?
Хүн болгон аз жаргал, хайрыг өөр өөрийнхөөрөө үнэлэх байх.Үнэлсэн үнэлэмжийнхээ хэрээр, хэр таарсан хэмжээгээрээ л авах байсан байх даа…
“Зүг чиггүй гурвалжин ” ном тань манай номын санд ганцхан байдаг. Дараагийн уран бүтээлээ хэзээ хэвлүүлэх вэ?
Хүмүүс яруу найрагч гэхээр байнга л шүлэг бичиж, номоо хэвлүүлэх юм шиг боддог. Одоохондоо аавынхаа бүтээлүүдийг 10 боть болгон хэвлүүлэх ойрын зорилготой ажиллаж байна. “Морин зэрэглээ” ном гаргаснаас хойш шинэ юм ховор л байна. Харин өөрийнхөө хувийн бүтээлийг хавар, намраас л гаргах бодолтой байна.
Та сүүлд бичсэн шүлгээсээ манай уншигчидтай хуваалцаач?
Жаргалыг үүдэгч чиний
Улаан уруулыг жимс зурсан байх
Гил хар шөнийг дурдах гэзгийг чинь
Хүйтэн булагийн ус зурсан байх
Сэтгэлийг минь төөрүүлэх хар нүдийг чинь
Миний бийрний бэх зурсан байх
Намайг тарчлаах гунигийг үүдэгч
Инээмсэглэлийг чинь чөтгөр зурсан байх
Намайг санаж хүсэх сэтгэлийг үүдэгч
Гунигийг чинь бурхан зурсан байх
———————————————————-
Чи минь зөөлхөн
Ааш даган бөмбөрөх
Харц чинь зөөлхөн
Чи минь зөөлөн
Үг даган бөмбөрөх
Уруул чинь зөөлхөн
Чи минь зөөлхөн
Шаналал даган асгарах
Нулимс чинь бүлээн зөөлхөн
Чи минь зөөлхөн
Чээж даган эрхлэх
Сэтгэл чинь зөөлхөн
———————————————————
Саран хүйтэн харцанд хайрагдаж
Наран халуун харцанд шатаж
Өдөр шөнийн тэгийг газарт дугуйлж
Сэтгэл дотроо тарчлах
Цаг хугацаанд торлогдсон
Дэлхий хэмээх энэ шоронд
Чамайгаа санаж шаналах
Би хайранд хүлээтэй дэлхийн хоригдол
Хүний сэтгэлд уягдан гуниж
Хүйтэн ухаанд хүлэгдэн царцаж
Хүмүүн сүүдрийг газар дээр зурж
Зүрхэн дотроо гаслах
Халуун тачаалд хүлэгдсэн
Орчлон хэмээх энэ шоронд
Чамайгаа санаж зовох
Би хүсэлд хүлээтэй орчлонгийн хоригдол
Хагацал гэдэг үг цаг хугацааг элээж
Хайр гэдэг хүлээсийг задалж
Хясал гэдэг үг он жилийг элээж
Хүсэл гэдэг хүлээсийг задалж
Би эрх чөлөөнд хүрнэ
Тэгэхэд …
Би дахиж дурлаж чадахгүй бол
Тэгэхэд…
Би дахиж хайрлаж чадахгүй бол
Чиний явсан тэр өдрийн саарал өнгөөр
Сэтгэлээ бас өөрийгөө будаад
Би хүйтэн чулуу болно
Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?
Надад хамгийн их нөлөөлсөн ном гэвэл Виктор Гюго мөн Гоголийн зохиолуудыг нэрлэнэ дээ.
Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юу?
Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан гаргасан “70 жил, 70 зохиолч,70 өгүүллэг” хэмээх бүтээлийг уншиж байна.
Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?
“Тан улсын шүлэг гурван зуун бадаг Сүн улсын дуулал зуун бадаг” номыг уншихаар авч тавьчихаад байж байна даа.
Олон сайхан газраар аялж, ховор нандин номын сантай айлд зочилж байсан байх. Өөрийн эрхгүй уулга алдмаар “тийм” номын сантай хаана таарч байв?
Миний харж байсан хувийн номын сангуудаас Санжийн Баяр гуайн номын санг нэрлэмээр байна. Гоё номуудтай, номын сонголтууд нь их гоё байсан.
Таны ширээний ном?
Надад байнгын тийм ширээний ном гэж байдаггүй юм байна. Ажилд шаардлагатай номууд л ширээн дээр минь байдаг.
Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?
Хүүхэд байхдаа дурлаж, сонирхож байсан номууд л номонд дуртай болгосон доо. Арван найм хорин нас хүрсэн хойно ч үлгэрийн “Үлгэрийн далай”, Орос ардын үлгэрүүдийг уншдаг байсан. Гоё санагддаг байсан…
Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?
Би өөрийгөө ном гэвэл хуудас болгон нь өөр өөр үйл явдал, агуулгатай хуудас болгон нь хэзээ ч давтагдахгүй сонирхолтой жижигхээн хөөрхөн ном байх болов уу.
Унших дуртай зохиолч?
Виктор Гюго л нэрлэнэ дээ.
Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?
“Парисын дарь эхийн сүм”-ийн Квазимодо.
Түүнийг бурхан уу, чөтгөр үү гэдгийг хэнч тодорхойлж чадахгүй учраас…
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?
Ном гэдэг бол дотор нь амьдарч байгаа мөртлөө мэдэхгүй тэр ертөнцөд орох хаалга нь гэж боддог… Хэрвээ хүн болгоныг нэгэн ертөнц гэвэл тэр болгоныг дотроос нь таньж мэдэх үүд нь ном юм гэж боддог.