Ном гэдэг бол хүний соён гэгээрэх, мэдрэх, амтлах, таашаал хүртэх хязгааргүй их далай юм…

Ном гэдэг бол хүний соён гэгээрэх, мэдрэх, амтлах, таашаал хүртэх хязгааргүй их далай юм…

Төр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг эрхэмлэн дээдэлж, эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд эрдэм ухаан, эр чадлаа зориулан зүтгэж байгаа танд Монгол Улсын Зэвсэгт хүчний 103 жилийн ой, Монгол цэргийн өдрийн баярын мэндийг хүргэе!

Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 10 жилийн 52 дугаар дунд сургуулийг 1980 онд, Цэргийн Нэгдсэн дээд сургуулийг 1984 онд Артиллерийн ашиглалтын инженер мэргэжлээр,   2000 онд Хууль зүйн сургуулийн эрх зүйч мэргэжлээр, 2003 онд Батлан хамгаалах Удирдлагын академийн стратегийн дамжааг оператив тактикийн мэргэжлээр, Египет улсад хүний нөөцийн мэргэжилтний дамжааг тус тус төгссөн.

Таныг цэргийн мэргэжил эзэмшихэд түлхэц өгсөн зүйл? Үзэл санааны хувьд бүрэлдэн бий болоход нөлөөлсөн хүмүүсийнхээ талаар дурсвал…?

Ер нь бол зураач болох хүсэл эрмэлзлэлтэй байсан. Аав  маань 1939 оны  Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин, хоёр хүргэн ах маань хурандаа цол хүртсэн тухайн үедээ миний бахархал болсон хүмүүс байлаа. Цэргийн дээд сургуульд 10 жилдээ гайгүй сурлагатай хүүхдүүд их өрсөлддөг байсан үе. Би ч энэ байдлаар өрсөлдөн цэргийн шинжлэх ухааны хувьд нилээд их тоо боддог артиллерийн ангийг сонгон суралцсан юм. Тэр үед социалист системтэй байлаа. 1979 онд БНХАУ, БНВУ-руу халдан довтолсон. Манай арми өргөтгөн зохион байгуулж байсан тэр үе таарсан юм.

Цэргийн хүний хувьд бахархал гэж юу вэ?

Цэрэг хүн эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан батлан хамгаалахаа тангарагладаг. Өвөг дээдсээс халуун амь бүлээн цусаа урсгаж өвлүүлэн үлдээсэн тусгаар тогтнолыг хамгаалах үүргийг төр, ард түмнийхээ өмнө хүлээн ажиллана гэдэг бол бахархал юм даа.

“Эх орон” гэдгийг нэг өгүүлбэрээр тодорхойлооч гэвэл…?

Яруу найрагч Пунцагийн Бадарч гуай…. Сая ардын минь сэтгэл шингэсэн Сүхийн талбайгаас Тэртээ хилийн багана хүртэл эх орон минь бий гэж өгүүлсэн байдаг. Тэгэхээр эх орон гэдэг бол төрүүлж өсгөсөн аав ээж, төрж өссөн газар шороо, өвөг дээдсээс уламжилж ирсэн ёс заншил гэж боддог.

Цэргийн алба хаах нь залуу үеийнхэнд эх оронч үзэл хүмүүжил олгох, эх түүхээрээ бахархах, тэсвэр хатуужилтай болох ач холбогдолтой гэж үздэг. Энэ талаар залууст хандаж та юу хэлэх вэ?

Цэргийн алба бол эх орондоо хэрэгтэй цагт зүтгэх мэргэжил олох алба. Буу барьж үзээгүй хүн, турникт суниаж үзээгүй эр хүн эх оронд хэрэгтэй цагт үүрэг гүйцэтгэж чадахгүй.  Эцэг өвгөдийн минь урссан цус хэмхэрсэн ясан дээр энэ тусгаар тогтнол ирсэн юм. Эх орон ч байна гэдэг бол ээж, аавыгаа хайрлах, эх түүхээ сахихаас эхэлнэ гэж боддог. Орчин үед дэлхий голбальчилагдаж, мэдээллийн эрин зуунд залуучууд маань амьдарч байна. Залуусдаа хандаж хэлэхэд өнгөрсөн түүхээ сайн судалж бай. Эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг үг бий. Худлаа ташаа мэдээллийг сонсож өвгөд дээдсээ гутаах зүйлээс ангид байгаарай гэж хүсье. Эх түүхээ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна гэдэг үг бий шүү гэдгийг санаж яваарай.  

Өөрийнхөө тухай хамгийн их онцгой мэдрэмж төрүүлсэн магтаал, шүүмжийн аль алинаас нь бидэнтэй хуваалцвал?

Чи хүн болсон байна шүү гэдэг үг онцгой мэдрэмжийг надад төрүүлсэн юм. Хүн болохын тулд төрөх, өсөх, хүмүүжих, бүтээх бүх зүйл хамрагдаж байгаа юм. Хүний нүдийг хар, хатуу үгнээс илүү шүүмж,  гомдол байдаг юм билээ.

Өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс юу байна?

3 сайхан охин үр минь, 9 сайхан зээ нар минь,  40 жил ханилсан хань минь байна даа.

“Бүтэшгүйг ч мөрөөд. Долгис нь ч болов шүргэг” гэж Хүрэлбаатар гуай хэлсэн байдаг. Таны мөрөөдөл?

Мөрөөдөл бол хязгааргүй. Мөрөөдөлгүй бол үхсэнтэй адил гэдэг. Сайхан Монгол орондоо хүний дайтай амьдрах шиг сайхан мөрөөдөл байна. Хэдий нас хэвийсэн ч өглөө бүр 7-8 км алхаж, сардаа 2-3 удаа байгалийн сайханд ууланд алхаж, Асралт Хайрхан мэт өндөр ууландаа өөрийгөө ялан дийлж гарах хүсэл мөрөөдлөө биелүүлсээр л явна.

Олон сайхан газраар аялж, ховор нандин номын сантай айлд зочилж байсан байх. Өөрийн эрхгүй уулга алдмаар тийм номын сантай хаана таарч байв?

Гадаадын бишгүй л улсаар аялж, олон сайхан зүйл үзэж явлаа. Гэхдээ манай үндэсний номын сан шүү дээ.

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Ээж минь бага байхад минь хүүхдийн нэгдүгээр номын санд, тэтгэвэртээ гарсан хойноо хотын хоёрдугаар номын санд ажиллаж байлаа. Бага байхдаа Капитан Грантын хүүхдүүд, Усан доогуур 20000 бээр аялсан нь гээд Жуль Вернийн болон Александр Дюмагийн зохиолууд, Зөвлөлт Оросын  алдарт зохиолчдын зохиол түүн дундаа Островскийн “ Болд хэрхэн хатагдсан нь” гээд тухай үедээ хүүхэд залуучуудын их уншдаг зохиолуудыг амтархан уншдаг байлаа. Бүр 00-ийн өрөөнд, хөнжил дотроо гар чийдэнтэй уншиж номонд донтож явсан минь саяхан мэт байна даа.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Ямар ч байсан богино өгүүлэл, яруу найргийнх биш роман байх болов уу.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Цэргийн хүн болоод ч тэр юмуу. Цэрэг дайны холбогдолтой ялангуяа эх орны дайны үеийн жанжнуудын дурсамжийг их уншдаг юм. Г.К.Жуковын “Дурдатгал бодол”, Шапошников, Баграмян нарын дуртгал, дайны үеийн Жанжин штаб гэх зэрэг номуудад гардаг баатрууд юм даа.

Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юу?

Сүүлийн үед урьд нь уншсан Монголын зохиолчдын зохиолоос эргэж унших дуртай болжээ. Д.Маамын “Газар шороо” роман, Ж.Пүрэвийн  “Зүрхний хилэн”, Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир”  заа тэгээд олон байна даа. Монгол түмний амьдрал тэмцлийн тухай ном руу их орж байх шив дээ.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

Миний үеийн анд зохиолч Ойдовын “Тайган эрийн өчил” гэдэг номыг уншиж үздэг юм бил үү гэж бодож байна. Л.Өлзийтөгсийн “Хараацайн зогсолт” гэдэг ном бас сонирхол татаад байгаа.

Унших дуртай зохиолч?

Хуучин цагийн хүн болоод ч тэр юмуу, эсвэл хүүхэд насны минь Л.Түдэв, С.Эрдэнэ, Б.Лхагвасүрэн нар байна даа.

Таны ширээний ном?

Зөвлөлт Холбоот Улс, Монгол Улсын баатар Г.К.Жуковын “Дурдатгал бодол”.

Номыг ямар орчинд уншвал хамгийн амттай вэ?

Ер нь амралтын үедээ ганцаараа чимээгүй орчинд унших дуртай.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Бид цахим ертөнцөд амьдарч байна. Мэдээллийн эх сурвалжийг олон талаас авч байна. Гэвч ном гэдэг бол хүн соён гэгээрэх, мэдрэх, амтлах, таашаал хүртэх хязгааргүй их далай юм. Эмзэглэх зүйл эх түүхээ судлахгүйгээр, номтой харьцахгүй байснаар зөв ч бичиж чадахгүй хүн олширч эх хэлээ мартах аюул нүүрлэж байгаад харамсаж байна.

Их зохиолч Д.Нацагдоржийн “…Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл

Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон…” гэдэг хоёр мөртөөр яриагаа дуусгая.

Баярлалаа.

Дэлхий халуун цэгт үүрэг гүйцэтгэж байгаа Монгол цэргүүд, эх орондоо үнэнчийн тангараг өргөсөн эгэл цэргүүд, зуун зуунаар дамжин ирсэн баатруудын үр сад Монголчууд Та бүхэндээ Монгол Цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 103 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Номын цагаан буян Монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай.

Монгол Цэргийн яруу алдар өнө мөнхөд мандан бадрах болтугай.

Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Munkhzul.B