Ном гэдэг хэзээ ч надаас урвахгүй, намайг орхихгүй, үргэлж хамт байдаг хамгийн сайн найз минь

Ном гэдэг хэзээ ч надаас урвахгүй, намайг орхихгүй, үргэлж хамт байдаг хамгийн сайн найз минь

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе!

 Баярлалаа . Зочны ярилцлагадаа урьж оролцуулж байгаад баярлалаа

Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юу?

Миний хамгийн анхны нөхөрлөсөн ном бол олон хөөрхөн дурсамж дагуулсан “Цагаан толгой” ном билээ. Энэ л сайхан номоор замчлуулан уншиж бичиж сураад уран зохиолын амтанд орж шимтэн уншсан зохиол бол МУТөрийн соёрхолт СГЗ Доржийн Гармаа багшийн минь “Хөгжөөнтэй туужууд” билээ. Анх энэ л сайхан зохиолыг уншаад олон ах нартайгаа тоглож өссөн би зохиолынх нь үйл явдалд бүрэн орж тэр л зохиолын дүр Цэдэн, Баатар хоёртой хамт үймүүлж, тоглож явах шиг санагдаж ном унших жинхэнэ хорхойтон болсон юм. Энэ л сайхан бүтээлээс эхлэн монголын болон гадаадын уран зохиолыг сонирхон уншиж өөрөө шүлэг зохиол бичихийг оролдох болсон билээ. Тэр тусмаа хүмүүний дотроос хамгийн гэрэл гэгээтэй мөрөөдөл хүсэл дүүрэн байдаг хүүхэд залуустаа зориулан бүтээн туурвихыг зорьж явна.

Таны хүүхэд  насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

1980 оны 9-р сарын 1-ний нар ээсэн налгар сайхан өглөө дөрвөн ах минь хамаг байдгаараа гоёод л сургуульдаа очихоор яаран гараад явцгаав. Би ч бас сургуульд орохоор сумын төвд ирсэн хүн болохоор уралдаж босоод л формоо өмсөөд хамгийн ойр байсан нагац эгч Нямаагийндаа очиж үсээ самнуулж аваад сургуульдаа явлаа. Цэцэрлэгт ч явж үзээгүй долоохон настай жинхэнэ хөдөөний хүүхэд би сургууль хаана байдгийг ч мэдэхгүй хүмүүсээс асуусаар нэг их өндөр байшингийн дэргэд иртэл толгой эргэм олон хүүхдүүд бужигнаж байлаа. Цүнх ч байхгүй ганц цагаан толгойн номоо бариад гайхан зогсож байтал цэнхэр торгон дээлтэй урт хар үсээ толгой дээрээ шууж боосон нэг их хөөрхөн эгч ирээд “Чи хэний хүүхэд вэ. Нэрээ хэлдээ” гэлээ. Би аавынхаа нэрийг өөрийнхөө нэртэй хэлтэл “Өө чи манай ангийн охин байна шдээ. За нааш ир. Ангийнхантайгаа зогс” гэж сайхан инээмсэглэж гараас минь хөтлөөд жагсаад зогссон үеийн олон хүүхдүүдийн дунд оруулж зогсоов. Гэтэл 8-р ангийн ах эгч нар нэгдүгээр ангид орох дүү нартаа бэлэг өгнө гэсэнд нэг ах надад дэвтэр харандаа хоёр өглөө. Ингээд ангийнхантайгаа жагссаар нөгөө хөөрхөн багшийгаа даган ангидаа орлоо. Хичээл эхлэх гэсэн би үзэг ч үгүй. Багш минь миний нөгөө харандааг үзүүрлэж дэвтэр дээр минь анх “А” үсэг бичүүлж билээ. Ингэж л намайг гэгээн гэрэлт эрдмийн хаалгаар ээжийн хайр энэрэл, багш хүний өгөөмөр сайхан сэтгэлээрээ баяр бэлэглэн хөтлөн орсон тэр эрхэм хүн бол Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 8-н жилийн дунд сургуулийн бага ангийн багш Заминдийсүрэн билээ. Багшийн минь тэр сайхан инээмсэглэсэн дүр төрх одоо ч миний сэтгэлд тодхон байдаг юм. Хүн бүхний бага ангийн багш хэзээ ч мартагдахгүй сайхан байдаг ч миний Заминдийсүрэн багш бол бүх багш нараас илүү бяцхан шавь наддаа “багш” болох чин хүсэл тэмүүллийг анхны тэр өдөр эрдмийн өргөөний босгоор хөтлөн орохдоо үлгэрлэн дагуулсан ачтан билээ. Тэр л өдрөөс хойш би багш шигээ ийм сайхан багш болно доо гэж өөртөө баттай хэлсэн юм. Тиймдээ ч өнөөдөр багш гэдэг энэ сайхан алдарыг үүрч 31 дэх жилдээ багшлан олон зуун шавь нараа хайрлан бахархаж, хайрлуулан хүндлүүлж явна. Ажил амьдралын мөр хөөж багшийн ажлаа хэсэг орхиод харь нутагт ирж амьдарсан ч 2020 онд Нидерланд улсдаа анхны “Мэргэн” монгол хэл соёлын сургуулийг нээн 3 дахь жилдээ ажиллаж байна.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

“Монгол ардын үлгэрүүд” олон орны үлгэрүүд. Би үнэхээр үлгэрт дуртай хүүхэд байлаа. Миний хамгийн том Тагтаахүү эгч маань надад бүр багаас маш олон сайхан үлгэр ярьж өгдөг байсан нь намайг үлгэрт дурлуулсан даа.

Арван жилд байхдаа хэр номын сангаар үйлчлүүлдэг хүүхэд байв  дурсамжаа хуваалцахгүй юу?

Номын сан бол миний суух дуртай хамгийн сайхан газар байсан. Биднийг сургуульд байхад бүх хүүхдүүдэд номын сангийн карт нээгээд 7 хоног бүр3 өдөр, 2 цагаар анги ангиар нь номын санд суулган ном уншуулдаг байлаа. Сургуулийн номын сангийн бараг бүх хүүхдийн уран зохиолын номыг бид уншсан гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч бидний үеийнхэн хэл ярианы хөгжил сайн, зөв сайхан бичдэг болсон байх. 

Яг одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

 Тууж бичиж байна. Өсвөр насныханд зориулсан хайрын тууж. Мөн өөрийн эх орон болон энэ амьдарч буй улсынхаа залуусын ажил амьдрал, хичээл сургууль, нийгмийг харьцуулан гаргасан залуусын хайр дурлалын сэдэвтэй зохиолоо хүргэх гэж зорьж явна.

Та ном бичих сэдэл /мотивацаа/ яаж олдог бэ?

Янз бүр. Багш хүнд зохиолын сэдэв үйл явдал тэр чигтээ л шавь нар маань байдаг. Мөн уншигчид, найзууд орчин тойрныхон зохиол бичих сэдэв, сэдэл болж өгдөг дөө.

Таны амьдралыг болон  хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Монгол ардын болон дэлхийн шилдэг үлгэр туульсийн номууд. Багаасаа энэ төрлийн номыг шимтэн уншсанаар хийсвэр сэтгэлгээ маань жаахан хөгжиж зохиол бичих хүсэл сонирхолтой болсон байх.

Та номыг хэрхэн уншдаг вэ?

Өөрийн сонирхсон номуудаа түүвэрлэн авч уншдаг.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Б.Ойдов “Галингийн дуу” номыг уншиж дууслаа. Монголоос ном авах ер нь их хэцүү. Харин одоо “Амазон” дээр монгол зохиолчдын маань ном тавигдаад сайхан боллоо.

Таны ширээний ном?

“Монголын нууц товчоо” юм даа. Одоо энд М.Саруул-Эрдэнэ багшийн англи монгол хэлээр эмхтгэн гаргасан хүүхдэд зориулсан “Монголын нууц товчоо” ном байна. Хилийн чанадад амьдарч байгаа монгол хүүхдүүддээ эх хэл, түүх соёлыг нь таниулах багш бидний бас нэгэн зорилго билээ.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Д.Гармаа багшийн минь “Хөгжөөнтэй туужууд” -н Цэдэн, Баатар хоёр.

 Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Сонирхолтой номыг бол хаана ч уншсан тав тухтай байдаг. Ер нь

бол ширээн дээр юмуу буйдан дээр суугаад унших л аятайхан даа.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Тухайн номноосоо шалтгаалаад унших аргууд маань өөр өөр байдаг. Сонирхолтой номыг бол алгасалгүй уншина. Жаахан нуршуу номыг үйл явдлыг нь хөөгөөд түүвэрлээд уншчихдаг. Ер нь өөрөө л уншихыг хүсч байвал заавал ийм тийм аргаар унших ёстой гэсэн дүрэм байхгүй л дээ. хэ хэ хэ

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Сүүлийн үеийн өөрийн уншсан номноос бол Х.Болор-Эрдэнийн “Гүйж яваа эмэгтэй” романыг уншаасай гэж боддог. Тугал охины амьдрал, амжилтаар өсвөр насныханд нилээд ухаарал хайрлаж, урам зориг нэмэн үлгэр дууриал болох зохиол юмдаа.

Таны хувьд ном уншдаг хүн гэж яг ямар хүнийг хэлдэг бол?

Унших номоо зөв сонгож, уншсан номоо өөрийн ухаан сэтгэлээр шүүж, өөртөө тусгаж авч чаддаг хүнийг л хэлэх болов уу. Түүнээс олон ном унших гэж, шинэ ном бүрийг унших гэж зүтгэдэг хүнийг ном уншдаг хүн гэж хэлэхгүй байхаа.

Өөрийгөө ном гэж дүрсэлвэл та ямар төрлийн ном бэ?

Хайрын шүлгийн ном. Хэ хэ хэ. Ер нь шүлэг гэдэг нэг ижил хэм хэмжээтэй, нэг санаа агуулгатай байх нь ховор. Тухай тухайн үеийнхээ мэдрэмжээр бичигдэж байдаг. Би нэгэн хэвийн хэвшмэл үзэл бодолд баригдах их дургүй. Бас хар бараан бүхнээс аль болох зугтаж залуусын хайр дурлалын тухай сонсох, унших, харах дуртай. Энэ сэдвээрээ ч бичих дуртай хүн л дээ.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Өөртөө өгч байгаа үнэт цаг. Сүүлийн үед өөртөө цаг гарга, бясалгал хий, санаа сэтгэлээ тогтвортой байлга, анхаарлаа төвлөрүүлж тайвширч сур, бусдаас суралц гэж их ярих болжээ. Ном уншаад суухад эдгээрийг чинь хүчээр биш аяндаа л хийж байдаг юм шүү дээ. Өөрийн сонирохсон, сонгосон номоо уншиж байгаа хүн тухайн орчноосоо тасраад л уншдаг. Ном уншиж байгаа хүн хэзээ ч хүнтэй ярьж анхаарлаа өөр зүгт хандуулахгүй. Ном унших бол агуу тайвшрал аз жаргал юм.

Унших дуртай зохиолч?

Олныг нэрлэж болноо. Өмнө нь хамгийн дуртай зохиолч бол Л.Өлзийтөгсийн зохиолууд байлаа. Сүүлийн үед Б.Ойдов гуайн зохиолуудыг уншиж байна. Б.Ойдов гуайн зохиолууд өвөрмөц, их сонирхолтой, судалгаа сайтай сайн зохиолууд байна даа.  

 Уншихыг төлөвлөж буй ном?

Энэ Нидерланд улсынхаа сонгодог өгүүллэгүүдийг уншихаар төлөвлөж байна.

Олон сайхан газраар аялж, ховор нандин номын сантай айлд зочилж байсан байх. Өөрийн эрхгүй уулга алдмаар тийм номын сантай хаана таарч байв уу?Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Анх харсан хамгийн сайхан номын сантай айл бол намайг уран зохиолд хөтлөж оруулсан Д.Гармаа багшийн минь гэр.

Өөрөө очиж үзээгүй ч Конгересийн номын сангийн тухай уншиж киног нь үзээд биширсэн.

Хоёр жилийн өмнө энэ амьдарч буй Гронинген хотод маань төв номын сан нээгдсэн. Номын сан гэдэг зөвхөн ном л байх газар биш хүн бүхний очихыг хүсдэг соёл, амралт, үйлчилгээний хамгийн сайхан газар гэдгийг бүрэн харуулж чадсан гайхамшигтай номын сан нээгдсэн. Манай энэ хотыг үзэхээр ирсэн жуулчид зочдыг бид хамгийн түрүүнд энэ хотынхоо номын сан дээрээ дагуулж очдог гээд боддоо. Энэ номын сангийн тухай танилцуулъя гэвэл нилээд цаг орно.

Номын сангийн үнэмлэхийн хувьд УБ хотын төв, танайх, хүүхдийн номын сангийн болон Эрдэнэтхотынхоо төв номын сангийн үнэмлэхтэй байсан. Энд  бол хотынхоо шинэ нээгдсэн төв номын сангийн үнэмлэхтэй.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Хэзээ ч надаас урвахгүй, намайг орхихгүй, үргэлж хамт байдаг хамгийн сайн найз минь. 

Танд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

 

Munkhzul.B