Ном гэдэг үнэт эрдэнэсийн уурхай энэ насандаа барж дуусахгүй их баялаг.

Ном гэдэг үнэт эрдэнэсийн уурхай энэ насандаа барж дуусахгүй их баялаг.

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулна уу?

Урилга өгч яриа авч буйд баярлалаа.

“ Орчин цагийн шидэт үлгэрүүд”, “Саран охин, Саарал муур тэргүүтэй шидэт үлгэрүүд” монгол – англи хэл дээр, “ Өөр нүд”,  “Чимээгүй салхи” номын зохиолч Д. Аззаяа гэдгээр минь хүмүүс таньдаг. Энэ ташрамд хэлэхэд миний нэрийг хүүхдийн нэрт зохиолч Д. Содномдорж өгч, надад зориулж хөөрхөн шүлэг бичиж үлдээсэн байдаг.

Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Их олон зүйлээс болоод хүүхэд насны мөрөөдөл, эзэмшсэн мэргэжил хоорондоо таараагүй. Хүүхэд байхдаа би олон янзын зүйлийг  мөрөөдөж, байн байн эзэмших мэргэжлээ өөрчилдөг байлаа. Ийм хүүхдэд зөвлөх тусгай мэргэжилтэн байхгүй дээр нь “хүйс” зааж сургуулийн хуваарь ирдэг цаг үе байсан тул хүссэн ангидаа орж чадаагүй.

Бага байхдаа хэр ном уншдаг байсан бэ?

Аав маань хүүхдийн шүлэг, зохиол бичдэг Ц. Дашдондог гэдэг хүн байлаа. Их ч уншдаг, олон ч номтой айл байж дээ. Зохиолч Д. Гармаа ах бичгийн машинаар цохиж дууссан хэвлэгдээгүй зохиолоо барьсаар манайд ирж бидэнд уншиж өгнө. Үсэг сураад л том жижиг ном барьж аав, ахыгаа дуурайж  уншиж сурсан. Тэгээд дунд сургуульд байхдаа “ Номын сайн нөхөр”,” Нацагдорж тэмдэгтэн” болсон хэ хэ хэ.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

В. Губаревын “ Нөлөөт толины вант улс” гэдэг хөөрхөн номыг аав надад худалдан авч өгөхөд би ихэд баярлаад уншсан. Үүний дараа  ахыгаа яг даган Д. Дефогийн “ Робизон Крузо”, “Таван сургамж” гээд цаашлан уншсан даа.

Хэзээнээс номын амтанд шимтэх болов. Үүнтэй холбоотой дурсамжаа хуваалцахгүй юу?

Гурав дугаар ангиасаа номонд үнэхээр шимтсэн. Залхуутай хичээл орох үед, өвдөг дээрээ номоо тавиад нуугдан уншиж суугаад багшид номоо хураалгаж зөндөө загнуулж байлаа. Ном уншмаар байдаг, гэрийн ажилд туслах хэрэг дандаа гарна. Манай гэрийнхэн, намайг юм хийхдээ маш удаан  “эмгэн хумс” гэж хочилдог байсан юм. Яг үнэндээ би тийм удаан байгаагүй л дээ. Төмс ногоо арилгахдаа хүртэл ном уншдаг, хүний хөлийн чимээнээр номоо бушуухан нууж дээр нь алчуур шидэх эсвэл аяга тавгийн шүүгээнд хийнэ. Юм хийж байгаа дүр гаргаж нуугдан ном уншиж байгааг минь гэрийнхэн маань удалгүй мэдсэн.

Уран бүтээлч зохиолч хүний сайхан хийгээд сөрөг тал юу байдаг бэ?

Ямар хэцүү асуулт вэ. Миний бодлоор зохиолч хүний сайхан тал гэвэл юмыг ургуулан төсөөлж боддог, ажигч гярхай учир амьдралын өчүүхэн зүйлээс шинэ санаа авч дэлгэрүүлэн бичих чадвартай байдаг байх. Сөрөг тал нь шүүмжлэлээс ичиж зовон эмзэглэх, урам зориг мохох, бичиж буй зохиол нь сэтгэл санаанд хүрэхгүй байх гээд хүн бүгдэд л тохиолдох зүйлс болов уу.

Таны дуртай ширээний ном

Унших дуртай нэлээдгүй ном байгаа. Тэднээсээ олон жилийн дараа дахин уншихад улам их ташаал авдаг. Англи зохиолчдын номыг илүүтэйгээр унших дуртай мөн хятад, оросоос бол зөвхөн сонгодог зохиолуудаас нь уншдаг.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном бэ?

Их гоё өнгөлөг хавтастай, маш олон сайхан зурагтай, үйл явдал нь амьдралд ойр үнэмшилтэй ном байхыг л хүсдэг хэ хэ хэ.

Ямар төрлийн ном уншдаг вэ? Одоо уншиж буй ном.

Өөрийнхөө дуртай зохиолчдоо л дагаж уншдаг. Шүлэг, роман, хүүхдийн, богино өгүүллэгүүд гээд унших дуртай төрөл олон бий. Яг одоо бол английн нэрт зохиолч Роал Дал “Зохиолын эмхэтгэл” I,II боть номыг уншиж байна.

Номыг хаана уншвал илүү тав тухтай вэ?

Хүн хүн өөр байх, миний хувьд гэртээ л их сайхан, тав тухтай байдаг. Гэхдээ бас чимээ шуугиан бага, хүн үймүүлээд байхгүй газар, юм хүлээх, ганцаараа байхдаа ном унших, сонсох дуртай.

Та ихэвчлэн ямар хэлбэрээр ном уншдаг вэ? (Цахим болон хэвлэмэл гэх мэт)

Аль аль хэлбэрээр уншдаг. Хэвлэмэл цаасан ном унших тун сайхан.  “Kindle” их эвтэйхэн цүнх, халаасандаа хийж аян замд авч явахад хөнгөн авсаархан,  хэдэн зуун ном сонгодог, гэрэлтэй, томруулж унших маш олон сайн талтай тул байнга авч явдаг.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?

Х. Халед.” Цаасан шувуу наадуулагч”, “ Мянган нарны цацраг”, Чан Юн. “Зэрлэг хун”, Г. Мортинсон” Гурван аяга цай” зэрэг зөндөө олон гайхалтай номууд бий.

Бусад хүний уншаасай, мэдээсэй гэж хүсдэг ном?

Аль номыг гэж хэлхэв зөндөө ном байнаа. Наад захаас нь жишээ татахад Ф. Маккорт. “Анжелагийн үнс”, П. Коэлвю “Алхимич” мөн Ч. Айтматовын “ Цайран харагдах хөлөг онгоц” нэрлээд байвал нэлээн урт жагсаалт болох байх.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Ганц номыг нэрлэхэд хангалтгүй, нас насандаа таарсан олон арван өөр өөр төрлийн номыг уншиж ойлгон ухаарч өөрийн гэсэн үзэл бодолтой болдог байх. Яг тэр номыг л уншаад би өөрийгөө өөрчилсөн гэж  хэлж чадахгүй байна.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Би хувьдаа дуртай зохиолчдоо дагаж тэднийхээ номыг хөөж, хүлээж уншдаг. Ядарсан, сэтгэл санаа тавгүй, өвдсөн үедээ хөнгөн сэдэвтэй, хөгжилтэй хөөрхөн номнууд зориуд уншина. Жишээ нь: Пакистанд амьдарч байхад Х. Халедын алдарт номуудыг дөнгөж гармагц авсан хэр нь уншиж чадахгүй байсан. Хэдхэн хуудас уншаад л өөрийн эрхгүй сэтгэл санаа тавчдаж эхэлсэн. Тэр үед талибанууд эмэгтэйчүүдийг гадаа ч явуулахгүй зодож нүдэж гэрт нь  хорьж, охидын сургуулиудыг эвдлэн сүйтгэж дээр нь нэмээд Пакистанд  байнга амиа золиослогчид бөмбөг дэлбэлэх гаднынхны эсрэг тэр дундаа эмэгтэй хүнд хатуу чанга хуультай байлаа. Ийм нөхцөлд хүнд хэцүү ном унших гэдэг сэтгэлд дарамттай.

Иймээс өөрийн сэтгэл санаа, тухайн нөхцөл байдлаа мэдэрч зөв сонголт хийж ном өгөөжтэй байдаг.

Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар чадвар эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

Биеэ даасан чадвар л надад хамгийн чухал санагддаг

Ном уншихын утга учир, үнэт зүйл юунд оршдог вэ?

Номоос хүн цоо шинэ мэдлэг олоод зогсохгүй, сэтгэл санааны их тайвшрал, ухаарал, хайр энэрэл авна. Хүний амьдралд тохиох сайн, муу бүгдийг багтааснаар ном гэдэг юутай ч зүйрлэшгүй утга учиртай, үнэт зүйл.

Та бидэнд зохиол бүтээлийнхээ талаар танилцуулж өгнө үү?

Өөрийгөө танилцуулахдаа ном, зохиолоо дурдсан. Үүн дээр “Өдрийн сонин”, “Утга зохиол урлаг” сонин, сэтгүүл, NIO.mn сайт дээр нийтлэл, орчуулга, ярилцлага, аян тэмдэглэл нийтэлдэг.

Ярилцалгын төгсгөлд таны бодлоор ном гэж юу вэ? Цөөн үгээр хэлбэл…

Ном гэдэг үнэт эрдэнэсийн уурхай энэ насандаа барж дуусахгүй их баялаг.

No votes yet.
Please wait...
Voting is currently disabled, data maintenance in progress.
 

О. Долгорсүрэн