Ном гэдэг үхэн үхтлээ миний тархийг цэнэглэгч эрүүл байлгагч гэгээ…

Ном гэдэг үхэн үхтлээ миний тархийг цэнэглэгч эрүүл байлгагч гэгээ…

Урилга хүлээн авч ярилцаж байгаа танд баярлалаа.

Багадаа хэр ном уншдаг хүүхэд байсан бэ?

Бага байхад ном олдоц муутай ялангуяа аймаг, суманд ямар ч ном олдохгүй. Тэр үед  “Чук Гек хоёр” гэсэн номоос эхэлсэн шиг  санагдаад байна.

Арван жилд байхдаа хэр номын сангаар үйлчлүүлдэг хүүхэд байв  дурсамжаа хуваалцахгүй юу?

Анх 1938 онд Улаанбаатарт орж ирээд одоогийн Төв номын санд Арьяасүрэн гэж хүүхдийн зохиолч байсан. Налайх руу шилжихээс нэг жилийн өмнө тэр хүний дугуйланд шүлэг бичдэг болоод, уран зохиолын ойлголтой болсон. Тэр сайхан номын санд орсон дурсамж бол одоо хүртэл нүдэнд харагдаж байна.

Бага байхад тань хүсдэг байсан мэргэжил одоогийн эрхэлж байгаа ажил мэргэжилтэй тань хэр таарч байна?

Би бага байхдаа тэр мэргэжил энтэр гэж одоогийн хүүхдүүд шиг байгаагүй зүгээр л эмч болчих юм бол ээж, аав, өвөө, эмээгээ урт наслуулах буюу асарч энэрч байх гэж бодоод л эмч болдог юм билүү дээ гэсэн бодолтой байдаг байсан. Жүжигчин болно гэдгийг хүсэж болоогүй тохиолдлоор, дуулдаг бүжиглэдэгдээ тулгуурлаад хүмүүс магтаад байхаар нь болмоор санагдаад тэгээд л жүжигчин болсон байх аа.

Жүжигчин болох гараа хэзээ тавигдсан хэрэг вэ? Тамирчин байхдаа л жүжигчин байсан юм байна шүү дээ?

Жүжигчин болох гараа маань 1965 онд Улсын драмын эрдмийн театрт дагалдан жүжигчин болсноор тавигдсан даа.

Спортын салбарт шаггүй “гялалзаж” олимпод хүртэл бэлтгэгдэж явсан түүхтэй байх аа энэ талаараа?

1961 онд спортын төв ордонд нийтийн гимнастикийн хөөрхөн хүүхэд байлаа. Энэ бол Спортын гимнастикт тамирчин болох их суурь болсон юм. Дараа нь улсын шигшээ багт сүүлд нь сурагч байхдаа тамирчин болсон бөгөөд анхны шигшээгийн долоон  тамирчны нэг ээ.

Драмын театрын босго их өндөр гэдэг шүү дээ. Тухайн үед алтан үеийнхэн байсан болохоор их л чанга байсан байлгүй?

Драмын театрын босго өндрөө өндөр байлгүй яахав,  мундаг хүмүүст тоогдож орсон маань миний өнөөдрийн хайртай дуртай жүжигчин гэгдэж, энэ мэргэжлээрээ ажиллаж яваа минь ч тэрний эцсийг нь үзэхийг хичээж яваа минь ч тэр, мэдээж театрын урлагийн буян юм даа.

Анх удаа кинонд тоглоод хэдэн төгрөгийн цалин авч байсан бэ?

Анхны кино маань “Өндөр ээж” киноны бага эмч Сүрэнгийн дүрд тоглоод 800 төгрөгийн цалин авч байлаа. Би тэрийгээ өөрөө гар дээрээ ч аваагүй, миний ээжид өгөөрэй гээд би өөрөө Москва явчихсан.

Та өөрөө “Нийслэл хүүхэн”-ий Ажаатай хэр төстэй вэ. Хөдөөний амьдралтай ойр өссөн үү?

Би нийслэл хүүхэн киноны Ажаатай нээх төстэй биш, харин миний буурал ээж, ээж хоёр маань их төстэй зан чанартай, тэр монгол ахуйг маш сайн мэддэг. Би бол тэр хоёроосоо хуулбарлаж, жүжигчний мэргэжлийн хувьд тэр дүрийг бүтээсэн. Тэрнээс биш миний одоо байгаа, идэж ууж байгаа, хувцаслаж байгаа байдал маань европ талдаа. Гэхдээ монгол соёлоо судлахыг маш их хичээдэг. Хоцрохгүй юмсан гэж их хичээж үгүй дээ гэхэд ардын дуу, уртын дуугаа байнга чихэр шиг хүлхэж явдаг даа.

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ ?

Тогтсоон тогтсон. Ном унших дадлаа арилгах юм бол би чинь хүн биш болно шүү дээ. Тэгээд зам дагуу хөзөр тоглодог, хов ярьдаг, гадаа гудамжинд ямар ч шаардлагагүй сүүдэрт суудаг эмгэн болно шүү хэхэ

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Хайдаггүй хүссэн цагтаа л хуудсыг нь эргүүлдэг  нэг хэсэгтээ бол ядартлаа нүдээ ширгэтэл уншдаг байсан. Одоо нас ахиад өөрийнхөө тааваар уншдаг болсон.

Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?

Хүүхэд байхдаа уншиж байсан ном болох “Инээмтгий хүн”, Ч.Диккенсийн “Оливер Твист” хоёр бол миний ном унших сэдлийг төрүүлсэн. Тэгээд  залгуулаад  “Ноорхой жаалын үнэн түүх”,  “Навсай Дамба” гээд хөвөрнө дөө. За тэгээд Монте-Кристог олж уншаад арван жилдээ миний нүд нээгдсэн гэж хэлж болно. “Шадар гурван цэрэг”, “Парисийн дарь эхийн сүм” бас “Зүрхний хилэн”.

Та өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

Ер нь болулс төржихгүй гэж боддог. Хүнийг гомдоочихгүй юмсан гэж бас боддог. Тэгээд эрүүл хооллолт,  өглөөний цай, дасгал хөдөлгөөн гээд ер нь өөрийнхөө эрүүл байгаагаар өөрийгөө зоригжуулдаг.

Уран бүтээлч хүн ямар ч дүрийг голох эрхгүй гэж та хэлсэн байсан. Залуу уран бүтээлчдэд юуг захих вэ?

Үггүй байсан ч тэр дүрд ороорой гэж залуучуудад зөвлөмөөр байна. Яагаад гэхээр тэр үггүй хэсэгт амьдарч чадвал чи цаашдаа илүү чадварлаг байж өөрийгөө дайчилж чадна. Дүр битгий голоорой. Жүжигчин байя гэвэл зүрх сэтгэлээсээ хүнлэг байж дүрдээ амьдарч чадаарай. Ер нь тэгээд хүнлэг байвал урлагийн хүн болно доо.

Та хэр их сэтгэл хөдлөлтэй хүн бэ?

Би маш их сэтгэл хөдлөлтэй хүн. Би улс төрчихгүй байх юмсан гэж боддог хэдий ч  талбай дээр ноднин өвөл улс төржөөд ч гэх юм уу сэтгэлийн хөдлөлөөр очсоон, хэн нэгнийг өмөөрөх дуртай,  зөвийн талд байхыг хичээдэг, зөв буруугийн цэнзүүрийг нь харж байгаад зөвийнх нь талд өмөөрөөд л давхичихна даа  тэр чухам зөв юм уу, буруу юм уу мэдэхгүй. Хэтэрхий их шудрага байна гэдэг өөрийгөө сахлын пиреткээр алагдахтай адил гэдэг, зарим үед өөрийгөө улайтал алгадсан л байдаг юм.

Орчин үеийн зохиолчид монгол хэлнийхээ яруу тансаг үгсийг хэрэглэх нь багасжээ. Энэ талаар таны бодол?

Орчин үеийн зохиочид монгол тасаглал хэрэглэх нь багасаж гэхийн би тэрийг харин шүүмжлэлтэй олж харахгүй байгаа. Харин ч залуу зохиолчид сайхан бичиж байна. Шүлэг, өгүүллэг, рамон, ном зохиол их байгаа. Сүүлийн үеийн монголын ирээдүй болох сурагчид бөгөөд эхлэн бичиж байгаа оюутнууд монгол хэлний соёл маш муу, “муухай, аймар, аягүй гоё” гэж даль даль гэж хэлээ хазаж ярьдаг, нэг тийм урсгал руу орчихож ээ маш аймшигтай. Залуучууд англи хэлээ дээшлүүлэхийн хажуугаар монгол хэлнийхээ мэдлэгийг их судалмаар байнаа.   

Сүүлийн үед ямар кино бүтээл дээр ажиллаж байна вэ?

За сүүлийн бүтээл гэх юм бол “Эмэгтэйн кэйс” гэдэг кинон дээр ажиллаад дууслаа. Одоо мөнгөн мод наадамд манай кино нэр дэвшиж байна. За энэ киноны Хажид гэдэг эмэгтэйн дүрд тоглосон. 2022 онд “Өвөөгийн хайр” гэдэг 12 ангитай киноны Аниа гэдэг маш гайхамшигтай эмэгтэй гол дүрд тоглосон.

Таны ширээний ном?

Одоо миний ширээн дээр бол  эмэгтэй зохиолчдын романууд байгаа. Хамгийн сүүлч нь С.Пүрэвсүрэнгийн “Гүний нутаг” ном байна. Чадраабалын “Энэ цагийн эгэл баатрууд” би ер нь түүхийн ном сонирхохын хажуугаар хууль бас сонирхдог.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

“Аврагын тухай” номыг уншаад дууссан. “Ялагсад” гэсэн Шүүдэрцэцэгийн орчуулгыг уншаад дуусчлаа. Одоо дараагийн ном уншъя гэвэл Соёрхын Пүрэвсүрэнгийн “Гүний нутаг” гэдэг номын хажуугаар, хууль зүйн гавьяат Чадраабалын “Эгэл баатрууд” гэдэг номыг уншиж байна даа.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном байх байсан бол?

Би өөрийгөө ном гэж дүрслэх юм бол нимгэхэн шиг жоохон шаралсан хуучны ном байх болвуу гэж бодож байна. Тэгэхдээ намайг бол нилээн олон хүн уншаад хуучруулсан ном байх байсан байх.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Ном унших гэдэг бол өөрийнхөө тархины тураалыг эмчилж, эдгээж байна гэсэн үг л дээ.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?

За би хатадуудын тухай рамон их уншаасай гэж бодож байна. Мөн “Ялагсад” гэдэг номыг заавал эмэгтэй хүн бүр уншаарай гэж зөвлөмөөр байна.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном’’ гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Ном гэдэг үхэн үхтлээ миний тархийг цэнэглэгч эрүүл байлгагч гэгээ.

Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

 

Munkhzul.B