Ном их унших хэл ярианы баялаг сайтай болгож, зөв сайн найруулж бичих гол дадлага болдог. Ерөөсөө эх эцэг, багшийн хамт ном биднийг хүмүүжүүжүүлж, гэгээрүүлж, амьдралд хөл алдахгүй болгодог. Их багаас урлаг, уран зохиолтой холбоотой байвал сэтгэлдээ гэгээтэй, уянгатай хүн болж төлөвшдөг

Ном их унших хэл ярианы баялаг сайтай болгож, зөв сайн найруулж бичих гол дадлага болдог. Ерөөсөө эх эцэг, багшийн хамт ном биднийг хүмүүжүүжүүлж, гэгээрүүлж, амьдралд хөл алдахгүй болгодог. Их багаас урлаг, уран зохиолтой холбоотой байвал сэтгэлдээ гэгээтэй, уянгатай хүн болж төлөвшдөг

 

 -Та сайхан зусаж байна уу?

-Сайхаан. Тавтай сайхан зусаж байна уу?

-Та номын санд анх хэзээ сууж эхэлсэн бэ? Яриагаа хоёулаа эндээс эхлэх үү.

-Харьцангуй бага насандаа номын санд сууж үзсэн шүү. Би нэг их сүрхий хүүхэд байсан гэсэн үг биш л дээ. Харин нэг сайн номын санчийн ач буянаар л ном, номын сантай учирсан хэрэг. Би Улаанбаатар хотын 8 жилийн 11 дүгээр дунд сургуулийн бага, дунд ангийн сурагч байхад тав, зургадугаар ангид байхдаа л номын санд сууж үзсэн. Нэг өдөр манай сургуулийн пионерийн удирдагч Ханд багш нэг эрэгтэй хүн дагуулж ирээд бидэнтэй уулзуулав. Тэр хүн бол одоогийн энэ Д.Нацагдоржийн нэрэмжит хотын Төв Номын Сангийн нэг салбарын ажилтан байсан байх аа.

Насан гэдэг билүү тэр үедээ хүүхэд бидэнд “хөгшин” хүн л байсан. Одоо бодоход гуч гаруй л насны хүн байсан байж таарна. Жаахан доголон хүн байсан санагдаж байна. Сайхан ааштай хүн байсан. Биднийг дагуулж тэр үеийн Шар дэлгүүр, Урт цагааны гудамж орчим II дөчин мянгатын нэг байшингийн орцонд байсан байх аа номын санд суулгаж сургасан юм даг. Олон сайхан номтой. Бидэнд уншигчийн карт нээж өгч, ном сонгон авах, чимээгүй унших, тэмдэглэл хөтлөх тухай анх зааж өгсөн. Ойр ойрхон уншигчдын бага хурал зохиож, хүүхдийн зохиолчидтой уулзуулж, бяцхан ном хийлгэж сургаж билээ. Носовын “Үл мэдэх ба түүний нөхөд”, Д.Содномдоржийн “Норовын намтар” зэрэг ном илүү уншдаг байсан байх шүү. Тэгээд л нэг мэдэхэд уран зохиолын ном уншдаг, худалдаж авдаг, “Пионерийн Үнэн” сонин, “Залгамжлагч” сэтгүүлийг алгасалгүй уншдаг хүүхэд болгочихсон. Тэр бүхэн тэр Насан гэдэг номын санч хүний ач байсан. Харин би нэрийг нь андуурсан байвал уучлаарай. Ер нь эрэгтэй номын санч ховор байх шүү. Ингэж л би номын сан,  номын “сайн нөхөр” болсон. Тэр номын санч яг л бага ангийн багш шиг минь одоо ч дотно дурсагддаг юм. Номын санд сууж сурснаар “Пионерийн Үнэн” сонин, Монголын радиогийн хүүхдийн нэвтрүүлэгийн “Өглөөний мэнд”, “Залгамжлагчдын дуудлага” радио станцын идэвхтэн бичигч, “Пионерийн Үнэн” сонин, радиогийн “Гавшгай сурвалжлагч” дугуйлангийн ахлагч, идэвхтэн сурвалжлагч гэгдэж явлаа. Анги ахих бүр унших номын тоо өсөж, бүр “Утга зохиол урлаг”, “Залуучуудын Үнэн”, “Үнэн”, “Хөдөлмөр”  сонинг ч  алгасахгүй уншдаг болсон.

Улаанбаатар хотод маш баялаг номтой номын сайхан дэлгүүр Их дэлгүүрийн баруун талд, Д.Сүхбаатарын талбайн дэргэд, 120 мянгатад, III хорооллын эцэст байлаа. Одоогийн Барилгачдын талбайн ойр “Туул” рестораны баруухан талд Хуучин номын дэлгүүр гэж байв. Тэр бүх дэлгүүрийг ойр ойрхон хэсэж, орос, монгол ном харж, үзэж бүр худалдан авдаг болсон. Нөгөө л номын санчийн олгосон мэдлэг, сургасан ёсоор номд тийнхүү насан туршаа хорхойтон болсон доо.

Дараа нь оюутан болоод Сталины номын сан гэж нэрлэгддэг Улсын Нийтийн Төв Номын Сан, М.Горькийн нэрэмжит Номын сан гэгддэг одоо ч байгаа тэр номын сангийн идэвхтэй уншигч байлаа. Ер нь хожим багш, эрдэмтэн, зохиолч болсон хүмүүс номын санг их дурсдаг юм шүү. Олон алдартай хүн сурагч, оюутан байхдаа сумынхаа, сургуулийнхаа номын сангийн бүх номыг үлдээлгүй уншдаг байсан гэж дурсдаг.

МУБИС-ийн Утга зохиолын тэнхмийн багш, эрхлэгч агсан, утга зохиолын онолч С.Энхбаяр Багшийн дээдийн оюутан байхдаа Улаанбаатар хотын номын сангийн салбар М.Горькийн нэрэмжит номын санд гаднаасаа цоожлуулаад шөнөжингөө ном уншиж хонодог байсан гэдэг. Байнга номын санд суудаг үйлчлүүлэгч оюутан, сурагчдад аль ч газырн номын санч  их дотно, тэдэнд итгэдэг байлаа. Хичнээн жил өнгөрсөн ч идэвхтэй уншигчийнхаа зүс царайг нь санаж, нэр усыг нь мартдаггүй хүмүүс бол номын санч нар  шүү.

-Одоотой харьцуулвал номын санд дутагдалтай зүйл юу байв. Сэтгэл ханамжгүй үлдсэн зүйл байдаг уу?

-1970-аад оны оюутан бидэнд номын санд суух сайхан ч суудал дүүрсэн байх, захиалах номоо картны шогол хайрцагнаас хайж хайж картан дээр бичиж өгөх, хаалганы дээд хэсэг дэх салхивч шиг нүхээр дугаарлаж шахцалдаж байж захиалгаа өгөх, захиалсан номоо хүлээгээд л суугаад байх зэрэг явдал байсныг одоо бол гайхмаар түүх болжээ. Номын санч нар бол угаасаа л зан сайтай аль болох хурдан түргэн үйлчилж туслах сэтгэлтэй хүмүүс байдаг. Харин тэр үеийн үйлчлүүлэгчдэд нэг муухай дутагдал байлаа. Багшийн уншиж ир гэсэн судалгааны өгүүлэл, чухал хэрэгцээтэй гэсэн номын хуудсаа унших гэтэл яг тэр хэсгийг нь хуудсаар нь юм уу мөр хэсгээр нь ураад, цэвэрхэн зүсээд аваад явчихсан байдаг сан. Ном урж гэмтээж сүйтгэнэ гэдэг, бусдыгаа үл бодсон, соёлгүй, бүдүүлэг зан тул хэлэх үг олдохгүй гомддог байлаа. Хичнээн цаг хүлээж хүлээж авсан номны хуудас байхгүй, над шиг хичнээн оюутан тэгж даалгавраа хийж чадаагүй, сурч мэдээгүй гэдэг үнэхээр харамсалтай шүү.

Би хар багаасаа номын санд суусан “туршлагатай” тул 10-р анги төгсөхдөө Улсын Нийтийн Номын сангаар үйлчлүүлэх карттай сурагч, шинэ оюутан эхний өдрөө л номын санд суух эрхийн үнэмлэхтэй гэж сэтгэл дотроо додигор байв. Дөнгөж оюутан болоод декан шинэ оюутнуудтай уулзах анхны уулзалт -хурал болов. Улсын багшийн дээд сургуулийн Монгол хэл, уран зохиолын факультетийн декан Б.Бямбасүрэн гэж багш хормын төдий анги дүүрэн ууртай ширүүн харснаа миний нэрийг дуудан бос гэлээ. Би олон оюутны өмнө айсаар өндийтөл энэ нөхөр Улсын Номын Сангийн ном хулгайлсан байна. Манай сургуулийн түүхэнд ийм явдал гарч байгаагүй. Одоо бүр хулгайч орж ирдэг боллоо гэв. Ангид чив чимээгүй, бүгд намайг гайхан харж, би ухаан алдах шахлаа. Орж ирээд бидэнтэй мэндлээ үгүй шахам тийм үг хэлсэн багш хулгайчаа олж загнисандаа ухаан орсон мэт уужран цааш хэрхэн суралцах, анхаарах зүйлийн тухай урсгаж эхлэв. Тэгээд яриа дуусангуут би яаран хулгасаар өрөөнд нь очиж би ном хулгайлаагүй гэдгээ хэлтэл уур нь гарсан декан багш:

-Тэгвэл чиний номын сангийн үнэмлэхээр чинь ховор ном аваад явсан байна шүү дээ, очиж учраа ол гэж хэлэв. Тэгээд гүйсээр очтол Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутан бололтой хүн “Хөрс шорооны үндэс” гэсэн сэдэвтэй орос хэлээр хэвлэгдсэн хоёр гурван ном аваад явчихжээ. Почва буюу хөрс шороо гэдэг үгийг тэгэхэд би анх сонсож одоо хүртэл мартддаггүй юм. Тэгэхнээ би номын сангаа картаа гээсэн юм уу автобусанд суйлуулсан ч юм уу салан задгайгаасаа болж тийнхүү номын өрөнд орж билээ. Түүнээс ч болсон уу одоо хүртэл би номын хулгайч хулгайч биш гэдэг үгэнд үнэн дургүй. Хэрэгтэй чухал номоо алдах шиг хэцүү юм байхгүй. Хүнээс энэ номыг чинь уншаад өгье гэж аваад буцааж өгөхгүй байх, мартуулах хамгийн бүдүүлэг зан шүү. Оюутан бол ном гуйж аваад буцааж өгөхдөө хуудсыг нь нугалсан, дээр нь хоол цай асгасан, үзэг балаар зурсан, тос толбо болгосон тэр байтугай хуудас, захаас нь аваад урсан байвал өр эмтлэх шиг болдог юм. Номтой харьцах гэдэг их соёл байдаг юм. Түүнийг номын санчаас л илүү сайн сурдаг. 

 -Багадаа та ямархүү хүүхэд байв. Хүүхэд байхдаа амтархан уншиж байсан ямар ном байв?

Жирийн л нэг томоотой хүү байсан даа. Гэрийн хүмүүжил сайтай болохоор сахилгагүйтэх, тамхи татах, зодолдох гэдгийг мэдэхгүй. Хүүхдүүд хөл бөмбөг, сагс, тэвэг тоглож байхад ном уншаад л гэртээ сууж байдаг байсан. Миний сурч байсан 11-р сургуульд биеийн тамирын заал байхгүй, биеийн тамирын хичээл дээр спортын гимнастик, савлуур дээр суниах, эргэх талын хичээл түлхүү ордог байсан. 6-р дунд сургуульд шилжин очтол сайхан биеийн тамирын заалтай. Миний муу дээр багшийн муу гэдэг шиг спорт тоглоом сураагүй том болсон хүүхэд чинь үе тэнгийхнээсээ ичээд л явж байдаг сан. Ном унших зөв ч бага насандаа, сурагч, оюутан ахуйдаа сагсан бөмбөг, одон бөмбөг, волейбол заавал сурах, сургах ёстой юм байна лээ. Тэгж байж эрүүл саруул байна. Хөдөлгөөний хомсдолд орохгүй. Харин би их багаасаа дугуй их унадаг, хичээлдээ дугуйтай явдаг, дугуйтайгаа явж хотын хаана мах, сүү гарч байна тэнд хүрч худалдан аваад аав ээждээ тус болдог байж дээ. Унаатай хүний л ажил даа. 

Ном уншихын тухайд бол тэр үед аль ч ангид “Унших бичиг” гэж сайхан ном байв. Шилмэл бүтээлийн эмхэтгэл л дээ. Сургалтын хөтөлбөрийн дагуу байсан. Тийм Унших бичгийг бол 9-р сарын нэгэнд хичээл эхлэхэд л нэг сарын хугацаанд амтархан уншаад дуусчихна.

Бүр 3-р ангийн үеэс сүүлд 8,9,10-р ангид ч манай ангийн охид голдуу хичээл дээр ширээн доогуураа, өвдгөн дээрээ тавьсан эсвэл дэвтрийн хуудасны доор нуусан уран зохиолын номоо уншиж, багшийн зааж буй хичээлийг анхаарахгүй загинуулж тэгсэн мөртлөө онц сурдаг хүүхдүүд олон байж билээ.

Миний хувьд номын санд, гэртээ “Арван таван наст капитан”, “Гуливерийн аялал”, “Том Сойрын адал явдал”, “Мянгуужингийн үлгэр”, “Эрдэмтэн Дойлын толгой”, “Капитан Грантын хүүхдүүд” гээд дандаа дэлхийн сонгодог орчуулгын зохиол эхэлж уншиж байжээ. Анги ахих тусам “Субашид”, “Панчатантра”, “Мянга нэгэн шөнийн үлгэр” зэрэг дорно дахины сонгодог зохиол, М.Горькийн түүвэр зохиолууд, Ги Де Мопассан, О.Бальзакийн зохиол гээд бараг л “бүгдийг” нь уншиж байсан. Зураг радио байхгүй шахуу цөөхөн цаг нэвтрүүлэг гардаг, цахим мэдээлэл, гар утас, компьютер, таблет зэрэг  “зөгнөлт зохиолд” ч сэтгэгдэж дурсагдаагүй байсан болохоор ном л уншдаг байж дээ.

Номын санч сайхан хүмүүс ч байнга зөвлөж тусалж байсныг мартахын аргагүй. Тэгээд л тэр бүхний үр дүн намайг дээд, их сургуулийн монголын уран зохиол, монгол аман зохиолын багш болох үндэс суурийг маань тавьж хүмүүжүүлсэн байна шүү.

-Хүний амьдралд мартагддагүй зүйл их байдаг. Та оюутан цагаа дурсвал? Хэдэн онд оюутан болж байв?

Бусдын адил хамгийн сайхан үе маань оюутан ахуй цаг шүү. Ямар ч олон сайхан дурсамж үлдсэн юм бэ дээ гэмээр байна. Би 1973-1977 оны Багшийн дээдийн оюутан. Одоо бол та нарт их хуучны боловч өөрт бол өчигдөр мэт санагдаж байна. Оюутны намар, хавар, зуны ажил, тариа, ногоо хураах, дарш хийх, малын саравч барих, Дундговь аймгийн Өлзийт суманд гангийн халуунд чулуу ховхолж грашийн барилга барих, халуун зунаар нэг сар тэмээний мах идэх зэрэг маань эргээд дурсахад тун сайхан үе байжээ.

Сурагч байхдаа “Пионерийн Үнэн” сонинд маш идэвхтэй бичдэг бас тэр сонины редакци ч их үнэлж ирээдүйд сэтгүүлч болж чадна гэж үзээд нам, засгийн төв хэвлэл “Үнэн” сонины нэр дээр ЗХУ-д суралцуулах хуваарь өгч, элсэлтийн шалгалтад оруулна хэмээн сүртэй албан бичиг, тодорхойлолтыг Боловсролын Яаманд явуулж байлаа. Тэр нь бүр            10-р ангид байхад дөрөв тавдугаар сард юмдаг. Хүүхэд байсан байсан болохоор гэнэн тул тэр том сонины хурлаар орж шийдвэр гарсан болохоор дотроо баярлаад л МГУ буюу М.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн сэтгүүлчийн ангийн оюутан болчихлоо гэж бат итгэж байж билээ. Гэтэл 6-р сард “Үнэн” сонины боловсон хүчин Лхамсүрэн гуай гэж сайхан зантай эмэгтэй дуудаад:

-За, миний дүү уучлаарай. Болохоо байсан шүү. Чиний хуваарийг нэг том намын даргын хүү авах болсон. Эцэг нь их дээрээс яриулаад булааж авсан тул эгч нь яаж чадахгүй боллоо. Чи дотооддоо их сургуульд ор. Эгч нь амьд байвал чамайг сургуулиа төгсөхөөр чинь “Үнэн” сониндоо сурвалжлагчаар заавал авна гэв.

Тэр үед их дээд сургуулийн хуваарь сургууль дээр ирж, дүнгийн жагсаалтаар хүссэн сургуулиа сонгодог байлаа. Тэр жил МУИС-ийн Монгол хэл уран зохиолын ангийн нэг хуваарь ирсэн боловч бас л надад оногдсонгүй. 7, 8-р ангиасаа л сэтгүүлч эсвэл монгол хэл уран зохиолын багш болно гэж мэргэжлээ баттай сонгосон болохоор өөр сайхан сайхан хуваарь байсан боловч авсангүй. Сонинд юм бичиж хамаг анхаарлаа төвлөрүүлж, дурлаж байгаад тооны хичээлээсээ ер нь хоцорчихож билээ. Нэг л хоцорвол нөхөж авч бараг амжихгүй, дээр нь дуртай биш тул тоо, дээд тоо үздэг сургуульд мэдээж тэнцэхгүйгээ ч мэдэж байсан юм. Тэгээд ашгүй Багшийн дээдийн монгол хэлний ангийн гурван хуваарь ирсний нэгийг авсан. Гэхдээ бас МУИС-ийн хуваарь авч чадсангүй, ангийн багш  намайг өөр сургуулиас шилжиж ирсэн тул илт тэр хуваарийг авах боломж олгоогүйд гомдон гэртээ уйлж очсон сон. Тэгээд л Багшийн дээд сургуулийн оюутнаас эхлээд Багшийн Их Сургууль, Боловсролын Их Сургууль болон өргөжин хөгжтөл багшаар ажилласан. Ээлтэй сайхан сургууль намайг хүлээн авч, сургаж, өсгөж хүмүүжүүжүүлж өдий зэрэгт хүргэсэн шүү.

-Та хэдэн жил багшилж байна вэ?  Шавь нарынхаа тухай ярьвал?

36 жил багшийн ажил хийж байна. Энэ хугацаанд МУБИС монгол хэл, уран зохиолын багш, утга зохиолын ажилтан, сэтгүүлч бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, тэдэндээ монголын аман зохиол, монголын уран зохиолын хичээл зааж ирсэн. Хөдөө орон нутагт, дунд сургуулиуд, радио, телевиз, сонины редакциар очиход багш аа гэх цөөнгүй хүн бий. Одоо бол бараг зэрэг өтөлж байгаа шавь нар ч багшаа гээд угтахад бахархалтай сайхан шүү. Нэг оюутанд олон багш зэрэг заадаг болохоор нэг их өмчирхөх дургүй. Шавь нартайгаа хаана ч уулзсан нэг л дотно сайхан шүү. Тэд нар маань ч юуны түрүүн гүйж ирээд л үнсүүлэн золгодог. Багш хүний хамгийн сайхан мөчийн нэг тэр шүү дээ.

-Таныхаар эх хэл гэж юу вэ? Өнөөдөр манай эх хэлний байдал ямар байна вэ?

Хэлд орохоос өмнө Бүүвэйн дуугаар сонсож, эхийн алтан хэвлийд байх үеэс эхлэн хайр энхрийлэлээр өхөөрдүүлж, оюун ухаан, далд ухамсартаа шингээж авсан аав ээжийн минь ярьдаг аялгуу сайхан хэл маань бидний төрөлх хэл шүү дээ. Монгол хэл маань сайхнаараа л улам баяжаад л байж байна. Утга зохиолын хэл шинэ үг, гадаад үг зэргээр баяжиж байдаг. Зохиолчид ч хэлээ хадгалах ариун байлгахад их үүрэгтэй. Цаг үе, цахим ертөнц, гар утасны хэрэглээ зэргээс болж төрөлх хэл маань зарим талаар анхаарах, засах зүйл цөөнгүй болсон. Хамгийн гол нь монгол аман зохиол, бичгийн сонгодог уран зохиол, сайн орчуулгатай уран зохиол бага уншиж байгаа нь хэн бүхий хэлийг ядууруулж, сайхан ярих, бичих талаар дутмаг болсон. Гар утсаар ойлгомжгүй товчлон хэдхэн үгэнд эргэлдэх, нүүр ном буюу фэйсбүүк, муу орчуулгатай кино, харь үгийг шүтсэн, модон хэлтэй дууны үг зэрэг л монгол хэлийг маань мохоох гээд байна. Аман зохиолын аман ба бичгийн сайхан сонгодог хэл найруулга, хөдөөний өтгөсийн малчин түмний сайхан ярианы хэл, ардын урт богино дуу, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн зохиолчийн өгүүллэг, тууж, шүлэг найраг, Д.Пүрэвдорж, Б.Явуухулан, Ш.Сүрэнжав, П.Бадарч, Д.Цоодол, Д.Маам, Б.Лхагвасүрэн, Б.Догмид, О.Дашбалбар, Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо, Д.Цэнджав нарын зэрэг үндэснийнхээ шилдэг зохиолчдынхоо ном бүтээлийг сайн уншаад байвал хэний ч монгол хэл муудахгүй улам сайхан болно шүү.

Номын ач тусын талаар бодлоо хуваалцахгүй юу?

Ном их унших хэл ярианы баялаг сайтай болгож, зөв сайн найруулж бичих гол дадлага болдог. Ерөөсөө эх эцэг, багшийн хамт ном биднийг хүмүүжүүжүүлж, гэгээрүүлж, амьдралд хөл алдахгүй болгодог. Их багаас урлаг, уран зохиолтой холбоотой байвал сэтгэлдээ гэгээтэй, уянгатай хүн болж төлөвшдөг. Миний олон сайн найзууд ном уншсаар байгаад хожим нь зохиолч, яруу найрагч, утга зохиолын судлаач болсноо дурсдаг юм. Дэлхийн сонгодог зохиолчид ч багадаа өвөө эмээгээсээ үлгэр сонсож, ном хорхойтон уншиж, ардын дуу сонсож өссөн болохоор шилдэг зохиолч болсон гэж бичсэн байдаг. Одоо л уран зохиол хүмүүжүүлэх үүрэггүй, хэлбэр л чухал гэдэг хүн цөөнгүй болсон. Тийм ч биз, үгүй ч биз. Гэхдээ л үлгэр домог, зүйр цэцэн үг, “Субашид”, “Таван сургамж” (”Панчантантра”) зэрэг сайн ном уншсан хүнд ухаж сайн бодвол асар их хүмүүжил, сайхан өрөвч, нинж сэтгэл тэр аяараа насан туршаа дагаж мөрдөх сургаал хүмүүжил болдогийг мартаж болохгүй. 

Та саяхан “Өөрийгөө билүүдэхийн учир” гэдэг ном хэвлүүлж, 2024 оны “Алтан өд” шагнал хүртсэн.  Өмнө нь ч бас намтар судлалд холбогдох хоёр ч ном хэвлүүлсэн байсан. Тэдгээр номынхоо тухай дурдаач?

“Өөрийгөө билүүдэхийн учир, Д.Намдагийн намтар, уран бүтээл” гэсэн ном хэвлүүлсэн. Нэрт зохиолч Донровын Намдагийг уншигчид “Цаг төрийн үймээн” роман, “Үрэгдсэнийг хүлээгч” өгүүллэг, “Хөгшин чоно ульсан нь” тууж, “Шөнийн бороо” дууны шүлэг, “Нүгэл буян” кино зохиол, “Шарай голын гурван хаан”, “Ээдрээ”, “Оролмаа”, “Шинэ байшинд” зэрэг олон алдартай жүжгийн зохиолоор нь мэднэ.

Харин энэ алдарт зохиолч бол Монгол Улсын XX зууны 100 жилийн түүхтэй холбоотой баялаг амьдрал туулсан хүн. Энэ номноос түүний Монгол улс Манжийн эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо олсон 1911 онд төрж, 1921 оны ардын хувьсгалын ачаар 1920-иад онд дунд сургуульд, Германд суралцаж, 1930-аад онд Д.Нацагдорж, С.Буяннэмэх нартай хамт шоронд орж, нөхөрлөж, 1937 оны хэлмэгдлийг туулан,  1941-1947 онд Германы тагнуул, хувьсгалын эсэргүү гэсэн хилс хэрэгт ял тулгагдан шоронд ял эдэлж зовсон, түүнээс хойш байнга мөрдөгдөн тагнуулж тарчиг ядуу амьдарсан ч хөл дээрээ босож дээр өгүүлсэн олон бүтээлээ туурвиж, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Төрийн хошой шагналт зохиолч болж төрөөрөө үнэлүүлсэн. Тийм их зовлон туулахдаа хэрхэн амьдарч ирсэнийг нь архивын ховор баримт, анд нөхөд, үр хүүхдийн нь дурсамж, утга зохиолын судалгаагаар энэ номд өгүүлсэн.

Ямар ч үед хүн өөрийгөө хурцлан билүүдэж, сурч, уйгагүй хөдөлмөрлөж байж амжилтад хүрч, зовлон бэрхшээлийг давж чаддаг юм гэдгийг нь уншигчид, залуучуудад мэдүүлэхийг гол зорилго болгосон юм.

Монгол хүн хүчтэй, мэхтэй бөхөө хурц арслан гэдэг. Мохоо байхыг хүсдэггүй. Эр хүн билүү чулуунд хутгаа хурцлан ирлэдэг. Тэгвэл хүн өөрөө өөрийгөө ирлэж болдог юм. Амьдрал гэдэг Д.Намдаг зохиолчийн хэлдгээр туж өөдөөс чинь хутга, лантуу барьсан хүн далайн зогсож байгаа юм шиг чамайг мохоох, зовоох, сорих үе их бий. Тэр бүхэнд ухаанаар, эрдмээр, зориг тэвчээрээр өөрийгөө билүүдэж байж амьдралыг туулан ялж дийлэх ёстой гэдгийг уг номын баримтаас харж болно.

Миний бичсэн “Ардын билиг зүйч Даваасамбуугийн Дашдорж” (2019), “Д.Дашдорж Түүхэн домогт дууны судлал” (2021) номноос УБДС-ийн багш, аман зохиол судлаач Д.Дашдорж багшийн маань намтар бүтээлтэй танилцаж болно. Хамгийн гол нь монгол аман зохиол, ардын дууны ямар гайхашшигтайг багшийн маань судалгаанаас мэдэрч, монгол аман зохиолоо хүндэтгэн хайрлах, шүтэх, судлан өвлөх сургамж аваасай гэж хүсэж байна.

Нэрт зохиолч Балжирын Догмидын намтар уран бүтээлийн тухай “Залуу нас зуны шөнө шиг богинохон… Балжирын Догмидын уран сайхны ертөнц” (2022) гэсэн ном хэвлүүлсэн.   Тэдгээр ном Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сангийн уншлагад байгаа байх шүү.

Зохиолч болох гэж ид мөрөөдөж байгаа, шүлэг зохиол эхлэн бичиж байгаа залууст тэдгээр ном олон сургамж өгч магадгүй. Зохиолч хүний амьдрал, тэмүүлэл, уран чадвартай уран сэтгэмжтэй бичих, монгол ахуй, монгол хүний онцлогийг төрөлх хэлээрээ хэрхэн уран яруу бичиж байж уншигчдын сэтгэлд хүрэх зэрэгтээ санаа аваасай гэж хүсэж бичсэн болно.

“Монгол аман билиг, Судлал шинжлэл, тэмдэглэл, нийтлэл” (2011), “Монгол аман зохиолын түүх” (2021) ном, “Аман зохиол” сэтгүүлд голдуу нийтлэгдсэн эрдэм шинжилгээний цөөн өгүүлэллийг монгол аман зохиол сонирхогч, судлагч оюутан, судлаачдад зориулан бичсэн.

-Та сүүлийн аман судлалаас гадна намтар судлалын талаар цөөнгүй өгүүлэл бичсэн байх шүү?

-Бага зэрэг зүйл оролдож сууна аа. Эргээд харахад Д.Нацагдорж, С.Эрдэнэ, Тангадын Галсан, Ж.Барамсай, Ш.Гаадамба, С.Удвал, Д.Намдаг, Б.Догмид, Д.Пүрэвдорж, Д.Цэнд, Д.Дашдорж зэрэг нэрт зохиолч, судлаачдын намтарт холбогдох  өгүүлэл бичиж, эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн.

        Ном, номын санч, судалгаа бүтээлийн талаар хөөрөлдсөнд тань баярлалаа.

 

 

 

No votes yet.
Please wait...
Voting is currently disabled, data maintenance in progress.
 

О. Долгорсүрэн