Ном маш их уншаарай, тэр мэдлэг л амьдралын тань түшиг тулгуур болно шүү…

Ном маш их уншаарай, тэр мэдлэг л амьдралын тань түшиг тулгуур болно шүү…

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач?

Намайг Цоодолын Жаргалсайхан гэдэг. Социализмын үед төрж өссөн, залуу насаа тэр нийгэмд өнгөрөөсөн болохоор бусдын түүх намтартай ялгарах зүйлгүй, ижилхэн намтартай. Тэр үе нийгэм нь өнөөдрийг бодвол: нэг л өнгийн, нийгмээр нь хавтгайлж тэгшитгэсэн, саарал ч амьдралын минь гэгээлэг үе хүүхэд, залуу нас тэнд өнгөрсөн. Тэр үед сургасан эрдэм, мэдлэг, боловсролын ачаар амьдарч өнөөг хүрч ирсэн. Гэхдээ “Homo soveticus” хүн бол биш, ардчилал, зөв хөгжил дэвшлийг дэмжиж явдаг. Би тэр нийгмийнхээ хэв шинжит дүрд хүссэн хүсээгүй багтаж байсан ч арай өөр сэтгэхийг ихэд эрмэлзэж байсан гэж өөрийгөө боддог. Социализмын үеийн хүн болохоос “социалист” хүн биш байж. Удирдлагын мастер /MBD/, Боловсрол судлалын мастер /MED/, Соёл судлалын доктор /PhD/ болтол суралцсан нь номын л ач тус юм.

Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Бидний бага насны үеийг “Нүүдлийн соёл иргэншлийн сүүлийн жилүүд” хэмээн нэрлэсэн нь бий… Хүүхэд байх хамгийн жаргалтай үе. Томчуудын асрамж хайранд умбасан үе болохоор тийм ийм юманд санаа зовохгүй үе учраас тэр байх. Тэр үеийн “Дурсгалын дэвтэр”-ээс бидний мөрөөдөл ил харагдана. «…Арван жилийн дараа хотод явж байтал “Нараа” гэж дуудах нь сонсогдов. Эргэн хартал өндөр цагаан хүүхэн инээмсэглэн ирж явав. Сайн хартал манай ангийн Сараа байлаа. Анагаахын дээд төгсөөд эмч, гоё цагаан хүүхэн болжээ. 3 хүүхэдтэй. Нөхөр нь том дарга гэнэ. Цалин сайтай, баян гэнэ, хувийн машинтай, хувьдаа зуслантай…» гэх мэт. Гэнэн, цагаахан, товч, тодорхой мөрөөдөлтэй хүүхдүүд байлаа. Би тагнуулч болохыг хүсдэг байсан, түүхч болохыг хүсдэг байсан, зураач болохыг хүсдэг байсан. Аль алинд нь суралцсан, гэхдээ багш, түүх, соёл судлаач болсон.

Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

Сургуульд орж бичиг үсэгт суралцаж эхлэхдээ л Арвайхээр хотынхоо номын санд орж, “Идэвхтэн уншигч” болтлоо сууж, миний зураг аймгийн хүүхдийн номын сангийн “Тэргүүний уншигч”-ийн самбарт байдаг байсан, тэр л үед тэнд байсан хүүхдийн номыг баргийг нь уншсан байх. 4-р ангидаа 160 ном уншсан тэмдэглэл байсан, тэгэхээр хүүхдийн номыг бол сайн уншсан байж. Ер нь хүүхэд, залуу насандаа маш их уншсан, түүнийхээ хүчээр л өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Энэ дашрамд уншигч хүүхдүүддээ хэлэхэд: энэ үед л маш их уншаарай, тэр мэдлэг л амьдралын тань түшиг тулгуур болно шүү хэмээн өөрийнхээ туршлагаас үүдэж хэлье.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Хамгийн анх уншсан номноос Дондогийн Цэвэгмид гуайн “Алагдай аварга” гэдэг ном санаанд байна.

Хэзээнээс номын амтанд шимтэх болов. Үүнтэй холбоотой дурсамжаа хуваалцахгүй юу?

Сайнтай муутай хорвоогийн саар бүхнийг гийгүүлэн цэвэрлэгч алтан нарнаас гадна өөр нэгэн наран бол өөрт болоод өрөөлийн сэтгэлд орших гэрэл гэгээг бэлэглэгч-ном юм. Миний хувьд аав ээж минь цэл залуухан, шинэ өргөө гэр барьж байсан тэр үед хаяа нь дэлгээтэй тэр “ордон”-ндоо хөлөө гозгонуулан хэвтэж  үлгэрийн, зурагтай ном харж байсан тэр үе санаанд үлдсэн хамгийн эхний сайхан дурсамж юм.

Уран бүтээлч хүний сайхан хийгээд сөрөг тал юу байдаг вэ?

Уран бүтээлч хүн нийгмийг хөдөлгөгч, соён гэгээрүүлэгч, дэвшилтэт, манлайлагч хүмүүс гэж боддог. Тийм ч байх ёстой байх. Тэр хүмүүсийн нуруун дээр улс орон, түүх соёл, хөгжил дэвшил бүгд тогтож ирсэн. Сайхан нь тэр, сөрөг тал нь гэвэл ийм хүмүүсээ хайрлахгүй хаяж, ойлгохгүй, ашиглахгүй байгаа нь сөргөөс илүүтэй сөнөж мөхөх шалтаг болж ч магадгүй байх.

Таны унших дуртай ширээний ном?

Миний ширээн дээр овоорсон олон ном байна. Үргэлж хардаг ном бол толь бичиг, нэвтэрхий толиуд. Би өөрөө гурван мянга шахам номтой, тэр номууд миний хэрэгтэй гэсэн номууд болохоор алийг нь ч гэсэн барьж дарж харж байдаг.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Сонирхолтой асуулт байна. Хүн бүр, хүн бүрийн амьдрал бол нэг ном юм. Тэр номоо ариглаж гамнаж хадгалах, өвлүүлэх хэрэгтэй гэж боддог. Мэдээж тэр ном сайнаар бичигдсэн байгаасай гэж хүсдэг. Алга болохдоо аймшгийн ном үлдээж болохгүй биз дээ? Би ном болбол түүх, соёлын, маш олон товч тайлбартай, та бүхний танин мэдэхүйд их мэдлэг, ойлголт нэмсэн, гараар зурсан эсвэл бар зурагтай, уншигчдад эрэлттэй, тийм ном байхыг хүсэх байх. Дотроо ч сонирхолтой, гаднаа сайхан хавтастай ном болвол ч…

Ямар төрлийн ном уншдаг вэ? Одоо уншиж буй ном.

Соёлын салбарт ажиллаж, судлаж байгаа болохоор надад өөрт сурч мэдэх, уншиж тэмдэглэх зүйл маш их байдаг. Үргэлж суралцаж байна. Тийм байхыг ч хүсдэг. Судлаачийн хувьд: Хархориноо л нухаж байдаг. 2 ном, 50 гаруй нийтлэл хэвлүүлсэн. Өнөө үед Оросын зарим судлаач, зохиолчид Хархорин Орхоны хөндийд бус Крымийн хойгт байсан гэж байгаа зэрэг нь сонирхол татаад, ухаад л  байна. Хүн ер нь нэг зүйлд төвлөрөхөөрөө түүнийг маш сайн мэрж эрж явдаг бололтой. Миний хувьд бол Эзэнт гүрний нийслэл байсан Их Хархүрэм хот-мөнхийн сэдэв дээ.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Би чимээ шуугиангүй, намуун орчинд ганцаараа унших дуртай. Бас хажуудаа тэмдэглэлийн дэвтэртэй. Би номноос их тэмдэглэл хийдэг.

Та ихэвчлэн ямар хэлбэрээр ном уншдаг вэ? (Цахим болон хэвлэмэл гэх мэт)

Би цаасан ном уншдаг. Түүндээ ч дассан, бас дуртай. Цаасан номыг нухаж төнхөж, илж, эрээчиж, эргүүлж суухад сайхан байдаг.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?

Бид бол нэг талаараа: “Ганц дайчин ганцаардахгүй”, “Овод”, “Болд хэрхэн хатаагдсан”-ыг заавал унших ёстой хэмээсэн тэр үед залуу нас маань өнгөрсөн ч гэсэн, нөгөө талаараа: дэлхийн сонгодгуудыг голчлон уншиж өссөн үеийнхэн. Одоо залууст Б.Баабар “Дори дүүдээ…” ямар ном уншихыг бас хэлсэн байгаа. Миний хувьд залуу хүн эрч хүчтэй үедээ зөв, эерэг, дээр нь танин мэдэхүйн номуудыг уншвал дээр л гэж зөвлөмөөр санагддаг. Тэгвэл, тэр их эрч хүчтэй сайхан үедээ олж уншиж тогтоосон нь ирээдүйд өөрт нь болоод нийгэмд хэрэгтэй л гэж боддог. Сайн сайхан ном дүүрэн байна, сонголт, хувь хүн л өөрөө сонгох цаг гэж бодоод байна. Одоо залуус сонголтоо өөрөө хийдэг болсон болохоор нэр заагаад хэрэггүй л болов уу гэж бодож байна. Одоо цоо шинэ үе ирж байгаа, бид тэдэнд зөвлөхөд бараг ойлгоход хэцүү болохоор би энэ асуултанд тодорхой хариулж чадахгүй л болов уу.

Бусад хүмүүсийг уншаасай, мэдээсэй гэж хүсдэг ном?

Олон сайхан ном байна. Хүн хувь тавилангаа өөрөө л мэддэг болохоор хүн бүрт өөрийн дуртай унших ном гэж байдаг байх. Би монгол зохиолчдоосоо эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэв гуайн бүтээлийг уншаасай гэж дотроо бодож явдаг.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Уучлаарай, яг ганц ном миний амьдралд шууд нөлөөлсөн гэж хэлж чадахгүй байна. Би үе үеийн ном бичиг дотроос өөрт хэрэгтэй гэсэн болгоныг бичиж тэмдэглэхийг хичээдэг. Тэгхээр надад өөрт хэрэгтэй гэсэн олон ном миний амьдралд ач тусаа өгсөн гэж хэлэх гээд байна. Олон арав, зуун хуудастай номноос ганц сайхан мөр л их зүйлийг ойлгуулж сануулдаг гэж хувьдаа боддог.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Бага байхдаа үг үсэггүй, нарийн нягт уншдаг байсан, арай том болоод сонгож уншдаг, бас тэмдэглэл хөтөлдөг болсон, одоо бол хэрэгтэй номоос хэрэгтэй мөрийг олж ялгаж уншиж, тэмдэглэдэг болсон. Би ер нь багаасаа их түргэн уншдаг байсан, сүүлд хэвлэлийн газарт 10-аад жил эх бэлтгэлийн редактор хийхдээ бүр түргэн, хуудас хуудсаар нь харж, уншдаг болсон байсан. Би тааралдсан болгоноо бас уншаад байдаггүй, нилээд сонгож уншдаг. Ерөнхийдөө: Танин мэдэхүйн ном, түүх, технологи, толь бичгүүд ихэд сонирхдог. Сонгож чаддаг, фокуслаж түүнээ ашиглаж чаддаг байх хэрэгтэй л гэх гээд.

Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

Их олон зүйл хэрэгтэй байх. Энэ дотроос хамгийн гол чадвар бол зөвийг олж хардаг, эерэг сэтгэлтэй, зөв боловсролтой хүн болох чадварыг л эзэмшүүлж чадвал цаашдаа бүр улс нийгмийн хөгжилд ч хэрэг болно гэж бодох юм.

Унших дуртай зохиолч?

Дээр нэгэнтээ дурдсанаар би Л.Түдэв гуайг унших дуртай.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Бид бол: ном судраа хүнээсээ ч илүү торгоор “хувцаслаж”, өөрөөсөө ч илүү эрдэнээр бүтээж, хоймроо залж ирсэн Номт ард түмэн. Номын ач тусыг үгээр хэлшгүй, үзгээр бичишгүй агууг мэдэрсэн ард түмний төлөөлөгч нь чи. Тиймээс хичээн сурч, номоо дээдэлж, номтой нөхөрлөхийг хичээгээрэй. Ном чамайг хавтсаа дэлгэн, хуудсаа сөхөн хүлээн авна, харин чи түүний үг үсэг бүрийг нягтлан уншиж, өөртөө шингээж, өөрөө дэлгэрэгтүн. Нэгэн биеэ эмтэлж бичсэн мэргэдийн номыг шүтэж өөдрөг явахыг хичээгтүн гэж хэлье.

Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж юу вэ? Цөөн үгэнд багтааж хэлбэл…

Наран мэт дэлгэрч илчит энергиэр нь өөрийгөө үргэлж цэнэглэж явагтун. Номын утга учир ч үүнд оршдог, нөхөрлөгтүн, хайрлагтун гэж хэлье. Номтой ард түмэн нартай сайхан, үргэлж зунаараа жаргаж явах ёстой гэж боддог шүү. Тийм ч байх. Тэгэхээр ирээдүйдээ сайн сайхан амьдрахын үндэс ном хэмээн бодож хүүхэд та бүхэн номын ач тусыг үргэлж хүртэж яваасай гэж хүсье. Ном бол бүгд юм, түүнээс сайнаар хүртэж, номын сав ихтэй сайн хүн болцгоогоорой хүүхдүүдээ.

 

Munkhzul.B