“Ном нэг талаасаа соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх нөгөө талаасаа сэтгэл зүйг удирдах, ид шидтэй зүйл”

“Ном нэг талаасаа соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх  нөгөө талаасаа сэтгэл зүйг удирдах, ид шидтэй зүйл”

Таны хүүхэд насны мөрөөдөл юу байв? Өнөөдрийн эзэмшсэн мэргэжил тань мөрөөдөлтэй чинь таарч байгаа юу?

Таарч байгаа. Би Өвөрхангай аймгийн хайрхан дулаан суманд 10 жилээ төгссөн. Арван жилд байхдаа шүлэг бичдэг, уран уншдаг байлаа. “Хүрэл тулга” яруу найргийн уралдаан, ”Уран жиргээ” гээд сум болон аймгаас зохион байгуулдаг тэмцээн уралдаанд тасралтгүй оролцдог байсан. Тэгээд аймгийн сум дундын шилдгүүдтэй бас ирж өрсөлдөж байсан түүхтэй. Манайх ном ихтэй айл байсан. Аав маань ном их цуглуулдаг, ном уншдаг, номын сантай айл байсан болохоор би номтой их ойр өссөн. Уран зохиолын хичээлд их дуртай байлаа. Гэхдээ их сургуульд орохдоо яг уран зохиолоороо явж чадаагүй  телевиз радиогийн найруулагч мэргэжилээр төгссөн. Тэр мэргэжил маань энэ уран зохиолтой ойрхон, яагаад гэхээр найруулагч хүн бол зохиолоо сайн мэдрэх ёстой, зохиолын задаргааг хийх ёстой, зохиолыг уншаад сайн муу ямар кино болох, ямар бүтээл болох зэргийг ялгаж салгаж чаддаг байх учиртай. Тийм болохоор уран зохиолоос нээх халиагүй гэж бодож байна. Дараа нь багшийн их сургуулийн утга зохиолын ангийг төгсөж жинхэнээсээ тэнд монголын уран зохиол, орчин үеийн уран зохиол, эртний уран зохиол, өрнө ба дорнын уран зохиолуудыг бүгдийг маш сайн судалж уншиж, тэндээс уран бүтээлч болох гараагаа эхэлсэн юм. Би багаасаа л уран зохиолтой холбогдсон болохоор энэ бол миний  явах зам туулах  тавилан маань надад бурханаас өгсөн авьяас билэг гэж хүлээж авсан. Яагаад гэвэл энэ ажилаа хийхдээ хэнээс ч илүү жаргалтай байдаг. Өөрийнхөө дуртай зүйлийг хийхээр хүн ажил нь ажил биш хобби болчихдог. Хоббигоороо амьдраад байгаа юм шиг тийм сайхан мэдрэмж төрдөг дөө.

Хамгийн анх ямар ном уншиж байсан бэ?

Хамгийн анхны ном бол хүүхдийн үлгэрүүд мөн Андерсоны үлгэрүүдийг уншдаг байсан. Тэгээд өөрийнхөө насанд тохирсон уран зохиолын номнуудыг олоод уншчихдаг байсан. Ном уншсанаар ганцаардалд ордоггүй ханьтай байдаг.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Гоё гоё зохиолуудыг уншаад уйлна, шанална, түгшинэ бас ухаарна, урам зориг авна гээд л янз янзын мэдрэмж авна. Уран зохиол гэдэг бол киноноос өөр нь уншиж байхдаа тархи оюун санаандаа дүрүүдийг төсөөлж, дүрүүддээ таарсан хувцас хунар, царай зүсийг өөрөө зохиож боддог учраас хүний тархи оюун төсөөллийг хөгжүүлэхэд маш чухал үүрэгтэй. Надад их нөлөөлсөн ном бол “Дээврийн өрөөн дэхь миний мөрөөдөл” гэдэг ном надад өөр гаргалгаа гаргаж өгсөн. Тагтаагийн “Амьрахуй”, уншаад бүр 2 хоног бодолд орох ном, мөн “Амьсгал агаар болохуйд”. Ер нь тэгээд өгөөжтэй, уншаад бас ухаарал авчихдаг сэтгэлээ засчих, буруугаа ухаарчих, зөвөө бодчих тийм зүг чиг өгдөг номууд

Таны ширээний ном

Ерөнхийдөө ширээний ном гээд байхыг хүсдэггүй. Би бас өөрөө хүн амьтан дуурайж, хүн амьтаны жаанарыг адилтгаж бичихийг хүсдэггүй. Угаасаа хүн болгоныг хурууны хээ өөр байдаг шиг өөрөөр сэтгэж өөр өөр бодох ёстой. Тэгж байж энэ ертөнц өөрөө хөгждөг гэж боддог. Яг л нэг нэгийгээ дуурайгаад давтаад байх юм бол ер нь хорвоо ертөнц хөгжихгүй шүү дээ тийм болохоор би ч гэсэн өөр зүйлийг бичихийг эрмэлздэг. Учиргүй ширээн дээрээ тавиад л байнга уншаад л байдаггүй. Шинээр гарч ирсэн монгол болон гадаадын номыг хэн, юу, яаж, гоё сэтгэж байна вэ гэдгийг уншдаг. Зохиолч хүний нэг ажил бол унших байдаг. Маш сайн уншиж байж маш сайн зохиолч болно гэж үздэг. Хэтэрхий их уншаад хүний харизмд орж болохгүй өөрийнхөө харизм өөрийнхөө төрөлх өгөгдөлийг ганхуулахгүйн тулд аль болох өөрийгөө эвдэхийн тулд өөрөө л сэтгэх ёстой. Хүнийг дуурайж биш. Тийм учраас надад одоо өөрийн ном болоод хүүхдийн номтой нийлээд арав гаран ном байна. Яг одоо уншигчдын гар дээр бол 6 ном байна. Эд нар бол бүгд өөр өөрийн сэдвийн бөгөөд зарим нь бүр 2050 оны тухай зөгнөж бичсэн, судалгаан дээр үндэслэгдэж бичсэн, техник технологитой холилдож бичсэн номууд юм.

Номыг хаана уншвал тав тухтай санагддаг вэ?

Номыг хаана ч уншиж болно. Хамгийн гол нь номон дотроо өөрийн оюун бодол, төвлөрөл ухаан санаагаа маш сайн төвлөрүүлэх. Тэгэхгүй л бол номыг гүйцэд сайн ойлгож чадахгүй. Хамгийн гол нь номондоо өөрөө итгэл үнэмшилээ өгч, оюун бодолоороо уусан шингэж, тухайн дүрүүдтэй амьдрах хэрэгтэй гэж боддог. Ном өөрөө амьтай гэж үздэг. Номтой та яаж харицана ном таньтай тэгж харицана гэдэг үгэнд итгэдэг. Яагаад хүмүүс ном дор мөргөмүй гэж номыг дээдлэн шүтдэг юм. Ном бол үнэхээр гайхалтай зүйл. Чи тэндээс гайхамшигийг харж чадах юм бол хязгааргүй гайхамшиг, баяр хөөр, амьдралын үнэт зүйлийг өгч чадна гэж итгэдэг. 

Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

Хүүхдийг багаас нь номтой нөхөрлүүлбэл аймар харгис хэрцгий хүнд төвөг удсан хатуу сэтгэлтэй тийм хүн болохгүй гэж боддог. Ном нэг талаасаа соён гэгээрүүлэх хүмүүжүүлэх нөгөө талаасаа сэтгэл зүйг удирдах, ид шидтэй зүйл гэж боддог.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Тийм ном унш гэж тулгаж хэлмээргүй байна. Мэдээж сайн муу гэж ярьдаг. Гэхдээ л бүгдээрээ тухайн зохиолчийн хүч хөдөлмөр, мэдлэг оюун шалгасан бүтээл байгаа.  Өөрт таалангдсан номоо олж уншаарай. Мэдээж хувь хүний хөгжлийн ном унших нь зөв л дөө, гэхдээ уран зохиолын ном уншаарай гэж хэлмээр байна. Уран зохиолын ном гэдэг бол хүний амьдралд маш ойроор тусдаг. Хэцүү үед бараг хажуунаас нь сугдаад аваад явах дүрүүд ч байдаг. Гаргалгаа гаргаж чадахгүй, шийдвэр гаргаж чадахгүй  мухардалд орсон үед ч гэсэн тэднээс гаргах дүрүүд гэж байдаг. Тийм учраас ном өөрөө амьдралын нэг хань гэж хэлнэ.

Унших дуртай зохиолч?

Яг тэр зохиолчид дуртай энэ зохиолчид дуртай гэж хувьчилаад байдаггүй, ерөнхийдөө монголын зах зээлд байгаа нийт зохиолчдын номыг унших дуртай. Шинээр хаана ямар ном гарсан байна, тэр болгоныг уншаад, хараад, би хаана явж байна гэдгээ баримжаалах зүйлүүд байлгүй яахав.

Таны зохиол бүтээлүүд эмэгтэй хүнд эрч хүч, ухаарал, урам зориг өгсөн сайхан бүтээлүүд байдаг. Ямар үед зохиолын шинэ санаа урган гардаг вэ?

Зохиолын санаа бол амьдралаас урган гарна. Хүн амьдралынхаа турш 10 мянган хүнд нөлөөлдөг гэсэн судалгаа байдаг. Ийм олон хүнтэй уулзаж учирч, сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөж, нийгмийн харилцаанд орж байгаа хүмүүс 10 мянгаас илүү олон хүмүүст нөлөөлж амьдардаг. Тэдгээр хүмүүсийн бодит амьдралаас сэдэв урган гарна эсвэл сэдэв өгнө, тэрийг нь би хөгжүүлж бичих, эсвэл ор тас зохиож бичнэ. Эдгээр санаа хаанаас л бол хаанаас гарна.

Бидний урилгыг хүлээн авч зав гарган ярилцсан танд баярлалаа

Ярилцсан: Ө.Бадамсэд

 

Shurenchimeg Ganbat