Ном уншдаггүй хүн нэг хүний амьдралаар амьдардаг бол ном уншдаг хүн мянган хүний амьдралаар амьдардаг гэж. Ном уншихын ашиг тус асар их…

Ном уншдаггүй хүн нэг хүний амьдралаар амьдардаг бол ном уншдаг хүн мянган хүний амьдралаар амьдардаг гэж. Ном уншихын ашиг тус асар их…

Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та  бидэнд  өөрийгөө товч  танилцуулаач.

Төв аймаг, Зуунмод суманд төрж өссөн. Арван настайгаасаа эхэлж шүлэг бичиж, утга зохиолын дугуйланд явж байв. Багаасаа шүлэг яруу найрагт дуртай тийм л хүүхэд байсан. Зуунмод хотод дунд сургуулиа төгсөж, Кино урлагийн дээд сургуулийг Кино жүжгийн зохиолч сэтгүүлч мэргэжлээр төгсөв. Сэтгүүлчээрээ долоо найман жил ажиллаад солонгос явж тэндээ хэл сураад эмнэлгийн орчуулагчаар нэлээд хэдэн жил ажилласан түүхтэй. Сүүлд 2022 онд Москва хотын М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд яруу найраг, хүүхдийн зохиол, үргэлжилсэн үгийн төрлөөр диплом хамгаалж дээд курссэд нь хоёр жил сурч төгссөн. Үнэндээ хоёр жил сурах ёстой байсан ч ковидоос болоод дөрвөн жил сурсан юм байна. 2018 оноос хойш гээд бодохоор, анхны яруу найргийн номоо 2002 онд, анхны романаа 2015 онд хэвлүүлж байлаа. Одоогийн байдлаар роман, тууж, яруу найраг нийлсэн арван есөн ном бичиж хэвлүүлжээ. Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн. Нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг. Товчхондоо ийм л байна.

Номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юу?

Бидний багад гар утас, интернэт гэж байсангүй. Бичиг үсэг сурсан цагаасаа л ном зохиолд дурлаж эхэлсэн. Анхны номнууд маань Орос ардын үлгэрүүд, Алтан түлхүүр гэх зэрэг үлгэрийн номоор эхлэж байв. Тэгээд дунд ахлах ангид ороод Александр Дюма “Монте Кристо Гүн”, “Шадар гурван цэрэг”, Майн рид “Морь унасан толгойгүй хүн”, Жюль Верн “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” гээд л урсаж өгөх байхдаа одоо бодоод байхад бүх л сонгодог гэх зохиолуудыг хүүхэд байхдаа л их уншсан байдаг юм. Гэхдээ яг одооных шигээ ойлгож хүлээж авах нь юу л бол одоо тэр номнуудаа эргээд уншихад огт өөр өнцөг, өөр мэдрэмж төрдөг. Монгол зохиолчдын бүтээл гэвэл Ж.Бямба “Хорвоогийн өнгө”, Д.Маам “Газар шороо” гээд номтой танилцсан дурсамж түүх зөндөө. Уншсан номын нэрийг бүгдийг нэрлэвэл барагдахгүй. Дал наян оны хүүхдүүд бүгд л номонд дуртай, ном их уншдаг байв. Тэр үед өдөр бүр номын санд сууж ном уншиж номын сайн нөхөр тэмдгээр ихэнх нь  шагнуулдаг байлаа. Ингээд номтой анх танилцаж ном уншдаг байсан бага насаа дурссан чинь нэг л хөгшин хүн шиг санагдаад, олон жилийн өмнөх дурсамжхөврөв кк.

Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байна уу?

Хүүхэд байхдаа өөрийгөө зохиолч болно гэж бодож байсангүй. Хүсэл мөрөөдөл нас насандаа, үе үедээ өөр байлаа. Бага ангид байхдаа сансрын нисгэгч болно. Бүр монголын анхны эмэгтэй сансрын нисгэгч болно гэж мөрөөдөж сансар судлалтай холбоотой ном зохиолууд цуглуулж мөрөөдөлдөө умбадаг байв. Дунд сургуульд ороод мөрдөн байцаагч болно гэж боддог байлаа. Харин ахлах сургуульд элсээд сэтгэл судлаач болно гэж шийдсэн ч болоогүй. Зохиолч гэсэн амаргүй адармаатай мэргэжлийг сонгов. Гэхдээ зохиолч хүн хүний тухай бичдэг хүний тухай бичнэ гэдэг хүний сэтгэлийн тухай бичнэ гэсэн үг. Тэгэхээр би өөрийгөө сэтгэл судлаач гэж бодож байна. Бас зохиолынхоо үйл явдлыг яг л хувийн мөрдөгч шиг хөөж эрж хайж, аргыг нь олж, учир зангилааг нь тайлж бичдэг болохоор мөрдөн байцаагч юм. Хязгааргүй хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн сансар огторгуй байтугай орчноосоо тасарч огт өөр ертөнцөд өөрийн гэсэн орон зайг үүсгэн уран бүтээлээ туурвидаг болохоор үгийн шидээр аль хэдийн сансарт ниссэн. Тэгэхээр, энэ өнцгөөс нь харахад хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж, эзэмшсэн мэргэжил минь бодож явсан бодол санаатай минь таарч  байх шиг байна.  

Та номынхоо гол дүрүүдтэйгээ хэрхэн учирсан вэ? 

Номынхоо гол дүрүүдтэй ерөөлөөр учирдаг. Бүх зүйл учир холбогдолтой гэдэг итгэдэг. Энэ хорвоод учир холбогдолгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй. Тиймээс зохиолын маань гол дүр болох хүмүүс бүгд миний эргэн тойронд найз нөхөд, танилууд, тэдний дурсамжаас бүрэн бүтэн болж амилдаг гэх юм уу даа.

Уран бүтээлээ туурвихдаа хэр  хугацаа  зарцуулдаг вэ?

Янз бүр, заримыг нь нэг жил, есөн сар бичсэн байхад зарим номоо ганц сарын дотор ч бичих тохиолдол бий. Онгод ороод цаг нь ирсэн бол бүтээл хэдийд ч төрж болно.

Танд хамгийн их нөлөөлсөн, өөрчлөлт авчирсан зүйл юу вэ?

Яг юуны тухайд, хайр сэтгэл үү, уран бүтээл үү, ажил төрөл, амьдрал ахуй юу?

Миний амьдралд огцом өөрчлөлт гэж байхгүй. Бүх зүйл уйгагүй хөдөлмөр тууштай байдлаас өнөөдрийг олж авсан. Ямар нэгэн асуудал шийдэхдээ хэнээс ч асуудаггүй. Зөвхөн өөрөөрөө байдаг, зоримог, өөртөө итгэлтэй зан маань ямар ч үед нөлөөлж огцом хурдтай шийдвэр гаргасан маань ихэнх зүйл дээр оносон байдаг юм.

Та хэр их сэтгэл хөдлөлтэй хүн бэ?

Маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй. Хөөрүү, ямар нэгэн зүйлд хар буруу санахаасаа илүүтэй гэгээтэй талыг нь олж харахыг хичээдэг. Байгаагаараа энгийн, нээлттэй.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

Коллин Хүүвэр “Ясан зүрх” номыг аваад нэг уншчих юмсан гэж бодоод л явна.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном байх байсан бол?

Эхнээсээ дуустал адал явдалтай гал шиг дүрэлзсэн ном. Миний амьдрал өдөр бүр асаж байгаа гал шиг дүрэлзэж, адал явдлаар дүүрэн өнгөрдөг болохоор мэдээж тийм л ном байх болов уу.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ? 

Ном уншихын ашиг тус асар их. Бичээд барамгүй. Зүгээр л хамгийн энгийн өгүүлбэр байдаг шүү дээ. Ном уншдаггүй хүн нэг хүний амьдралаар амьдардаг бол ном уншдаг хүн мянган хүний амьдралаар амьдардаг гэж.

Таны  ширээний  ном

Б.Лхагвасүрэн “Хүнд манан”, “Морин зэргэлээ” Хасар ах бурханы оронд одохоосоо өмнөхөн гарын үсэг зураад өгч байлаа. Би Хасар ах гэдэг байсан болохоос насаар ойролцоо байсан юм билээ. Расул Гамзатов “Миний Дагестан”, Б.Батрэгзэдмаа эгчийн “Хайр” яруу найргийн түүвэр гэх зэрэг номууд ажлын ширээн дээр минь байнга байж байдаг даа.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтаж хэлбэл

Зүрх сэтгэл, оюун бодлоо дүүргэхийг хүсвэл хамгийн түрүүнд ном л унш.

Танд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.

Маш олон сар хүсэлт явуулсан. Өнөөдөр л зав гаргаж асуултуудад тань товчхон хариуллаа. Уйгагүй байсанд тань талархая.

Танд ч бас ажлын амжилт хүсье, баярлалаа. 

 

Munkhzul.B