Ном уншиж суухад тухайн хүний төрмөл өгөгдөл темперамент маш чухал байдаг

Ном уншиж суухад тухайн хүний төрмөл өгөгдөл темперамент маш чухал байдаг

 

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулана уу?

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Шаравсамбуу овогтой Хонгорзул гэдэг Багш мэргэжилтэй сэтгэл судлаач, докторант

 Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ЕБС-аа төгссөн.

-Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

6-р ангиас эхлээд миний нүүр нь дээр өсвөр насны батга маш их гарч ирсэн, бас би шүдний асуудалтай байсан учраас хүүхэд байхдаа арьс гоо заслын эмч эсвэл шүдний эмч болно гэж боддог байсан. Миний үед сэтгэлзүйч мэргэжлийн талаар ойлголт байтугай сонсож ч байгаагүй магадгүй хөдөө суманд суралцдаг байсан болохор сэтгэлзүйч мэргэжлийн талаар мэдээлэл бага байдаг байсан байх.

-Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

Би бага байхдаа ном их уншдаггүй байсан. Манай гэрт номын сан, номын булан гэж байдаггүй байсан учраас унших нь бага байсан. Харин оюутан болоод МУБИС-ийн түүх нийгмийн багшийн ангид орж суралцаад анх удаа их сургуулийн номын сантай танилцаж тэр үеэс ном унших эхлэл тавигдсан.

-Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

2009 онд оюутан болоод Намдагийн цаг төрийн үймээн романыг уншиж дуусгаад тэр үеэс хойш ном уншвал өөрийгөө таньж мэдэхэд, өөртэйгөө ажиллахад их тус болох юм байна гэж бодож эхэлсэн.

-Хэзээнээс номын амтанд шимтэх болов. Үүнтэй холбоотой дурсамжаа хуваалцахгүй юу?

Би 2009 онд оюутан МУБИС-ийн түүх нийгмийн багшаар суралцаж байх үедээ мэргэжилдээ дуртай байгаагүй, манай ээж намайг багшийн мэргэжил хаана ч очсон ажил олдоно, хөдөө сумандаа буцаад ирсэн ч сургуульд ажиллана, яаж ийж байгаад сур гээд өөрөөр хэлбэл хүчээр сурсан. Суралцаж байх хугацаандаа би байнга өөрөөсөө ЯАГААД гэдэг асуултыг маш их асуудаг байсан. Би яагаад ийм өөртөө итгэлгүй юм бол, би үнэхээр насаараа сургуулийн багш хийж амьдрах уу, би үнэхээр дуртай юу, би юуг хамгийн сайн хийж чаддаг юм бол гээд байнга өөрөөсөө асуудаг, өдөр шөнөгүй л ЯАГААД гэдэг бодол маш их эргэлддэг байсан. Энэ үед анх удаа Намдаг-н цаг төрийн романыг уншиж дуусгаад тэрнээс хойш ном уншвал өөрийгөө олох юм шиг мэдрэмж төрөөд уран зохиолын номнуудыг нилээн уншсан тэгэж явж байгаад хувь хүний хөгжлийн номнуудыг уншдаг болоод өөртөө төлөвлөгөө гаргаад өөртэйгөө ажиллаж эхэлсэн. Хувь хүний хөгжлийн номнуудыг уншиж явж байгаад хувийн бизнестэй болно гэдэг зорилго тавиад тэгэхийн тулд бизнесийн мэдлэгтэй болох хэрэгтэй гэж бодоод Тайвань улсад Бизнесийн Удирдлагын магистрын зэрэг хамгаалахаар явсан тэр үеээрээ монголд очоод сэтгэлзүйчээр сурна би өөрөө унших, судлах, зөвлөх дуртай юм чинь боловсролын салбартай ойр ажиллана мөн над шиг өөрийгөө таньж мэдэх гэж яваа хүмүүст зөвлөж чиглүүлнэ гэдэг сэдлээр сэтгэлзүйчийг хоёрдахь мэргэжлээ болгож суралцаад МУИС-ийг сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн.

 -Таны унших дуртай ширээний ном?

Бие хүний сэтгэл судлалын онолууд, хөгжлийн сэтгэл судлал гэх мэт мэргэжилтэй холбоотой номнууд байна.

-Ямар төрлийн ном уншдаг вэ? Одоо уншиж буй ном.

Одоо бол ихэнхдээ мэргэжилтэйгээ холбоотой номнууд уншиж байна. Яг одоо уншиж байгаа бол Отгонтэнгэр их сургуулийн багш Энхбаярын хавар 4 сард шинэ гарсан ЭЕРЭГ СЭТГЭЛЗҮЙ НОМЫГ уншиж байна.

-Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Саяхан гэртээ тусдаа ажлын өрөөтэй болоод номын сантай болсон гэртээ унших дуртай, бас сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг өрөөндөө унших дуртай.

-Та ихэвчлэн ямар хэлбэрээр ном уншдаг вэ? (Цахим болон хэвлэмэл гэх мэт)

Дандаа хэвлэмэл хэлбэрээр уншдаг. Цахим ном уншихаар нүд өвдөөд амархан ядраад байдаг.

-Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?

Хүн бүрийн сонирхол, хобби өөр өөр байдаг учраас өөрийнхөө сонирхол хоббид тулгуурласан номыг сонгож уншаарай л гэж хэлмээр байна.

-Бусад хүмүүсийг уншаасай, мэдээсэй гэж хүсдэг ном?

Даниел Гоулманий Сэтгэл хөдлөлийн чадамж номыг уншаад сэтгэлзүйн боловсролдоо хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хүсэж байна.

-Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Еврей хүмүүсийн боловсрол болон амжилтын нууц

– Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Би нэг доор олон цагаар сууж уншдаггүй. Нэг ном унших зорилго тавиад тэр номоо сарын дотор уншиж дуусгана өдөрт унших хуудсын тоогоо гаргаад өдөрт сууж унших цаг 30-60 минут байхаар тооцоод богино хугацаанд анхаарлаа төвлөрүүлж урт хугацаандаа үр дүн өгөх хэлбэрээр уншдаг. Ном уншиж суухад тухайн хүний төрмөл өгөгдөл темперамент маш чухал байдаг.

-Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

Хамгийн түрүүнд эцэг эхийн сэтгэлзүйн байдал маш чухал. Эцэг эх эрүүл сэтгэлзүйтэй, хүүхддээ цаг гаргадаг, ойлгодог, хайрладаг, хүчирхийлэлгүй байвал хүүхдийн сэтгэлзүй ч гэсэн эрүүл, тогтвортой байна. Энэ нь хүүхдийн суурь боловсролын үндэс нь болно.

 -Унших дуртай зохиолч

Сэтгэл судлалын сор болсон судлаачдын номыг унших дуртай. Зигмун Фрейд, Альфред Адлер, Виктор Франкл

-Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Өөрийгөө танин мэдэж, сэтгэлзүйн хувьд хүчирхэг болдог.

-Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж юу вэ? Цөөн үгэнд багтааж хэлбэл…

Өөрийгөө хайрлаж, амар амгалан тайван мэдрэмжийг өгдөг.

No votes yet.
Please wait...
Voting is currently disabled, data maintenance in progress.
 

Shurenchimeg Ganbat