Ном уншихад цаг гаргах нь өөрийгөө хөгжүүлэх, ертөнцийг илүү сайн ойлгох алхам

Ном уншихад цаг гаргах нь өөрийгөө хөгжүүлэх, ертөнцийг илүү сайн ойлгох алхам

Овог нэр: З.Маргарита

Эрхэлж буй ажил, албан тушаал: Эрүүл зөв хооллолтын үйлдвэр, SeeZam компанийн үүсгэн байгуулагч

Сошиал хуудсууд: Facebook, instagram: Rita_eruul_life

Сайн  байна уу?  Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу.

Сайн байна уу? Намайг Маргарита гэдэг. Би олон улсын хоол зүйч мэргэжилтэй. Эрүүл зөв хооллолтын үйлдвэр, SeeZam компанийн үүсгэн байгуулагч. Илүүдэл жин хасах мотиватор, эрүүл зөв хоолны тухай хөтөлбөр онлайнаар явуулдаг, 100 гаруй эрүүл хоолны жортой номыг бичсэн. Мөн сошиалаар эрүүл зөв хоолны тухай блог хөтөлдөг нэгэн бүсгүй.

Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн тань эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байна уу?

Бага байхдаа Итали сувгаар хоол хийдэг маш гоё үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг зурагтаар үздэг байсан. Одоо санахаар тэр бүсгүйчүүд home shop гэдэг шиг гал тогооны хэрэгслүүдийг рекламддаг байсан юм байна лээ. Том болохоороо энэ бүсгүйчүүд шиг зурагтаар гарч хоол хийж, хүмүүст багш шиг юм заана аа гэж мөрөөддөг байсан юм. Нэвтрүүлэг дуусхаар урдаа бүх чихмэл тоглоомуудаа суулгаад, өөрийгөө хоол хийдэг багш болсон мэт төсөөлдөг байлаа, “За хэдүүлээ хамтдаа өнөөдөр ийм хоол хийцгээе, анхаарлаа наашаа хандуулаарай” гээд яриад толгойндоо төсөөлдөг байсан юм. Тэгээд одоо бодохоор мөрөөдөл маань биелсэн юм шиг надад санагддаг. Өөрийнхөө сошиал хуудсаар, зурагтаар, олон төрлийн нэвтрүүлгээр хүмүүст эрүүл зөв хоолыг хэрхэн бэлдэх тухай зааж, эрүүл амьдралын хэв маягын тухай яридаг болсон. Миний бага насны мөрөөдөл биелсэн гэж бодож байна.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Багадаа ном унших аягүй дургүй байдаг байсан. Ээж ааваараа ном уншуулах дуртай. Тэгсэн мөртөө яг өөрөө ном уншъя гэхлээрээ нэг их тийм сонирхолгүй санагддаг байсан. Хүн ном уншиж өгөхөөр толгойндоо өнгөтөөр төсөөлөөд, өнгөтэйгөөр кино шиг тэр номыг, тэр зохиолыг сонсдог байж билээ. Янз бүрийн хүүхдийн ном уншдаг л байсан л даа: Доктор Айболит, Улаан малгайт, Гуталт муур, Чук и Гек гээд л. Гэхдээ хамгийн их санаж байгаа ном болбол 5 дүгээр ангидаа Маргарет Миттчелийн “Салхинд туугдагсад” хайрын тухай роман уншиж байсан, тэр романыг одоо болтол зүрхэндээ тээж явж байдаг. Одоо болтол миний хамгийн нандин ном байдаг.

Та унших мотивациа яаж олдог вэ? Таны амьдралыг болон хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Одоо ном маш их унших дуртай. Ихэвчлэн уншиж байгаа номууд маань миний мэргэжилтэй холбоотой – эрүүл зөв хооллолтын тухай, хүний бие физиолог, судалгаа ихтэй, сэтгэл зүй тухай номнууд унших дуртай. Би өөрөө аймаар сониуч хүн болохоор байнга асуулт өөрөөсөө асуудаг. Тэгэхээр тэр асуултад хариу олохын тулд ном уншиж тэндээс шинэ мэдээлэл олж авдаг. Энэ миний хамгийн том мотиваци. Миний амьдралыг өөрчилсөн нэгэн ном байдаг нь Роберт Кийосакигийн “Баян аав Ядуу аав” гэдэг номоос маш их юм сурсан мөн амьдралаа өөрчилж байсан.

Таны ширээний ном?

Миний ширээний ном бол Жулиа Эндэрсийн “Гэдэс” гэж монголоор орчуулсан GUT гэдэг ном байдаг. Тархины дараа хүний биед гэдэс бол 2 дахь том эрхтэн, гэдэс бол организмыг удирдаж явдаг эрхтэн. Өөрийн гэсэн мэдрэлийн системтэй. Бие организмыг яаж эрч хүчтэй болгох уу, яаж хоргүйжүүлэх вэ гэдэг шийдвэрийг гаргадаг эрхтэний тухай ном.

Одоогоор ямар ном уншиж байгаа вэ?

Одоо уншиж байгаа ном бол “Биохакинг” гэсэн нэртэй анагаах ухааны доктор Кирилл Маслиев ном.

Хэзээнээс номын амтанд шимтэх болов. Үүнтэй холбоотой дурсамжаа хуваалцахгүй юу? 

7 дугаар ангидаа нэг цуврал детектив уншиж байсан. Тэгээд дектив уншсаны дараа зурагтаар тэр дективийг үзсэн юм. Гэтэл кино нь ном шигээ гоё өнгөтэй, амттай, сонирхолтой, олон үйл явдалтай байгаагүй. Их товч, сонирхолгүй байсан. Дараад нь Харри Потерын цувралыг уншсан мөн дараад нь киног нь үзсэн бас сэтгэлд хүрээгүй. Тэгээд тэрнээс хойш ер нь ном хамаагүй сонирхолтой, илүү амьд юм шиг санагдсан.

Номоо хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ? 

Багадаа Орос руу жилд 2 удаа явдаг байсан тэгээд вагонд аягүй их цаг хугацаа өнгөрүүлдэг байсан болохоор вагонд ном унших аймаар дуртай. Тэр үед утас байдаггүй, өөрийгөө завгүй байлгах нэгэн арга бол ном унших байсан. Нэмээд номыг уншихдаа гоё нартай өдөр ном унших дуртай, сэтгэл дүүрдэг юм шиг санагддаг.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу? 

Номоо уншихдаа хамгийн багадаа 10 минут заавал уншдаг, тэгээд өдөртөө аль болох 3 удаа 10 минутаар уншихыг маш их хичээдэг.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ? 

Richard Branson – Screw it let’s do (Бэрхшээлийг хая, хийж бүтээцгээе) номын санал болгомоор байна.

Ном уншихын утга учир юунд оршдог вэ? 

Ном уншихаар тархи маш сайн ажилладаг. Олон төрлийн шинэ санаа төрдөг. Дээрээс нь бүтээлч сэтгэхүй маш хүчтэй ажиллаж эхэлдэг. За тэгээд imagination буюу төсөөлөх чадвар сайжирдаг.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу? 

Цаасаар унших дуртай, хэвлэлийн тэр үнэр үнэхээр гоё байдаг.

Унших дуртай зохиолчуудаа нэрлэвэл. 

Александар Пушкин, Лев Толстой, Пауло Коельйо, Джоджо Мойес

Уншихыг төлөвлөж буй ном? 

The 7 Habits of Highly Effective People – Stephen Covey ( Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал) 

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ? 

Маргарет Миттчелийн Салхинд туугдагсад  романы Ретт Батлерийн дүр.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ? 

Шинжлэх ухаан дээр суурилсан инээдмийн маягийн романтик ном юм болов уу?

Бусад хүмүүсийг заавал уншаасай, мэдээсэй гэж хүсдэг номоо нэрлэвэл.

Жулиа Эндэрсийн бичсэн “Гэдэс” (GUT) ном. Энэ номыг хүн болгон уншаасай .

Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж юу вэ? Цөөн үгэнд багтааж хэлбэл…

Ном бол мэдлэг, мэргэн ухааны эх үүсвэр. Ном бол хүний сэтгэхүйг тэлж, ертөнцийг илүү гүнзгий ойлгоход тусалдаг гайхамшигт зүйл юм. Энэ нь цаг хугацаа, зайнаас үл хамааран уншигчид шинэ санаа, мэдээлэл, дурсамжийг дамжуулдаг мэдлэгийн эх үүсвэр юм. Ном нь зөвхөн мэдлэгийн эх үүсвэр биш, хүний сэтгэл зүй, хүмүүнлэгийг хөгжүүлэх хүчирхэг хэрэгсэл юм. Унших нь хүний төсөөллийг идэвхжүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг. Ном уншихад цаг гаргах нь өөрийгөө хөгжүүлэх, ертөнцийг илүү сайн ойлгох алхам юм.

No votes yet.
Please wait...
Voting is currently disabled, data maintenance in progress.
 

Rayya Jakhinbyek