Ном унших тусам өөрийгөө хэр бяцхан гэдгийг мэдрээд байх юм…

Овог нэр: А.Удвал

Эрхэлж буй ажил, албан тушаал: Сошиал медиа маркетер

Сошиал хуудсууд: Instagram: ukasbookclub facebook: Uka Udwal

Номын ертөнцтэй хэрхэн, яаж танилцсан байсан тухайгаа яриагаа эхлье.

   Өмнө нь ном уншдаг байсан ч тогтмол ном уншдаггүй байсан. Цаг нь болохоор ирэх ёстой зүйл ирдэг гэдэг шиг ном бид хоёр маш дотно харилцаатай болсон.  Үүнд нөлөөлсөн хэдэн зүйлс бий.

Өвөөгийн минь эгч Сономын Удвал гуай байсан юм. Түүнийг бурхан болоод удаагүй байхад би төрж өвөө минь надад эгчийнхээ нэрийг өгсөн гэдэг. Намайг дунд сургуульд байхад өвөө минь тэмдэглэлийн дэвтэр авч өгөөд бичихийг хүссэн зүйлээ, эсвэл шүлэг зохиож бичээрэй гэж өгч байсан.Тэр дэвтэр дээрээ анх удаа “Бүжин” гээд шүлэг зохиож бичиж байснаа тод санадаг. Харин дараа нь Сономын Удвал гуайн номыг уншаарай гээд 3 боть ном авч өгсөн ч тухайн үед бүрэн ойлгож чадаагүй. Энэ номыг заавал дахиж уншина гээд өөртөө амласан байгаа.

Book Cafe of Mongolia гээд фэйсбүүкийн групп дээр маш олон номын тэмдэглэл, ном хэрхэн амьдралд нь нөлөөлсөн тухай нийтлэлүүдийг уншаад надад нэг том түлхэц болсон.

Таны хүүхэд  насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

    Хүүхэд байхад олон мэргэжил гоё санагддаг байсан. Энэ жил сургуулиа төгссөн ч сурч байх хугацаандаа сонирхолтой гэж санагдсан мэргэжлүүдийнхээ дагуу дадлага хийж, ажил хийж, сайн дурын хөтөлбөрт хамрагдаж, зарим онлайнаар хийх боломжтой зүйлсийг боломж гарвал хийдэг байсан. Олон ажил мэргэжил туршиж үзээд төгсөхөөсөө өмнө өөрийн дуртай мэргэжлээ олсон. Одоо энэ мэргэжлээрээ ажиллаж байна.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

    Монголын нууц товчоог дунд сургуульд байхдаа уншсан. Чингис хаан Бөртэ үжин хоёрын түүхийг орой хөнжлөн дотроо утасныхаа гэрлийг асаагаад үүрийн 4 5 цаг хүртэл уншиж байснаа мартдаггүй юм.

Та унших номоо яаж сонгодог вэ?

    Номын дэлгүүрт очоод тухайн үеийн мэдрэмжээрээ авдаг. Уулзах ёстой хүмүүс гэж байдаг шиг зарим ном бид 2 яг цагаа олж учирдаг юм шигээ…  Жишээ нь “Тахлын үеийн дурлал” номыг маш удаан харж энд тэндээс номын тэмдэглэл, эшлэлийг нь олж уншсаны дараа авсан. Энэ номд яг тухайн үед надад хэрэгтэй байсан асуултын хариулт гараад ирсэнд одоо ч баярладаг.

Таны амьдралыг болон  хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

     Мишель Де Монтень “Сонгомол эсээнүүд”-ийг уншсаны дараа амьдралыг харах үзэл бодол өөрчлөгдсөн, амьдрал илүү хөнгөн болсон юм шиг л санагдсан. Надад тайвшрал, гуниг, гайхшрал бас өөрийг маань өөрт таниулсан гайхалтай ном байсан даа.

Таны ширээний ном?

    Тухайн үеийн сэтгэл санаанаас шалтгаалаад янз янзын ном байдаг. Тийм болохоор таалагдсан хэсгүүдээ дэвтэрт буулгаж аваад хэрэгтэй үедээ тэр дэвтэрнээсээ харж уншиж, бодож тунгаах дуртай.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

     Үй Хуа “Цусаа худалдсан тэмдэглэл”. Хятадын түүхэн дэх хамгийн үймээн самуунтай үед тохиолдсон доод ангийнхны зовлон зүдгүүр, эелдэг зөөлөн ч гашуун уур амьсгалын тухай бичсэн ном байсан.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

  Би гэртээ өглөө хүмүүс сэрэхээс өмнө, орой унтахын өмнө унших хамгийн дуртай.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

    Анх ном унших дадал зуршилтай болохоор шийдэхдээ өдөрт 3 хуудас уншдаг байсан, түүнээс илүү хуудас уншиж болох ч 3 хуудаснаас бага хуудас уншихгүй гэдэг зорилго тавьж байсан. Одоо бол бүлэг бүлгээр нь хувааж уншаад тэмдэглэл бичдэг.

Уншигчдад  урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

   “Номын жор”-ыг хүн болгон уншиж, өөрсдийн өв соёл, эх хэл, түүх, өөрийгөө таньж мэдээсэй гэж хүсдэг.

Таны хувьд ном уншдаг хүн гэж яг ямар хүнийг хэлдэг бол?

    Төсөөлөн бодох чадвараа ашиглан таашаал авч чаддаг хүмүүс, суралцах болон илүү мэдлэг олж авахыг хүссэн хүмүүс, эсвэл зүгээр л цагийг чимээгүй өнгөрөөж уншиж амарч чаддаг хүмүүсийг бүгдийг хэлнэ гэж бодож байна.

Өөрийгөө ном гэж дүрсэлвэл та ямар төрлийн ном бэ?

   “Educated” ном хамгийн түрүүнд санаанд орж ирлээ. Зохиолч нь өөрийн бодит түүхийг бичсэн. Олон хүний сэтгэлийг хөдөлгөж, цочирдуулсан үйл явдал болсон ч тэрээр үүнийг маш тайвнаар, цэгцтэй эргэцүүлэн бодсон байдалтайгаар бичсэн байдаг. Хэнд  ч буруу өгөхгүй, хэнийг ч үзэн ядахгүй хэрнээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө тэмцэж чадсан гайхалтай бөгөөд сэтгэл өвтгөм түүх…

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

   Өөрөө өөрийнхөө нуугдсан тэр нэг хүнийг нээж илрүүлэх, бусдыг ойлгох, хайрлан энэрч чаддаг болох тухай гэж боддог.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

   Цаасаар уншдаг. Номыг барьж хуудас бүрийг мэдрэх, үнэрлэх, номын нүүр зургийг, эх хэвлэлийг нь харах, тунгаах зэрэг нь надад дээд зэргийн таашаал авчирдаг.

Унших дуртай зохиолч?

    Одоогоор Үй Хуа-гийн зохиолуудад дурласан. Түүний тухай мэдээлэл, нийтлэлүүдийг унших үнэхээр сонирхолтой санагдаж байгаа. Xүн төрөлхтний амьдралын нөхцөл байдлын талаар оновчтой тусгалыг роман хэлбэрээр гүнзгийрүүлэн бичсэн нь таалагддаг.

Уншихыг төлөвлөж буй ном?

     Ёко Огава– Төгс тоо. Номын клубын маань уулзалтаар бөөнөөрөө ярилцаж байгаад хамгийн их сэтгэлд хүрсэн ном энэ байсан болохоор уншихыг тэсэн ядан хүлээж байна.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ? Ямар учираас

    “Цагаан бороо” номын Засагт ханы Долоон хөх чоно гэгддэг Цоохор Ананд, Хялуу Сүх, Гоорин Даш, Халзан Дамба, Хөрзгий Жанчив, Занаг Базар, Гоо Лувсан гэх дүрүүд байдаг. Эдгээр дүрүүд монголын түүх, соёл, ард иргэд, газар нутаг минь хэр үнэ цэнтэйг харуулж чадсан.

   “Ногоон нүдэн лам” Баасан ламын эрэлхэг хүчирхэг байдал, түүний тэвчээр, үнэнч байдал зэрэг нь үнэхээр хайрлахгүй байхын аргагүй.

  “Шөнө” Эли Визелийн аавыгаа эцсийн мөч хүртэл хайрлах хайр, өөрөө өөртэйгөө эцсээ хүртэл тэмцэлдэх дүр зураг нь мөн маш их анхааралт татсан. Ингээд харахаад түүхэн хүмүүст их дуртай гэдгээ мэдлээ.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн хэдэн  үгэнд багтааж хэлбэл?

Таниас асуулт асуухгүйгээр хариултыг хэлээд өгдөг, хэцүү үед хэзээд аргадахад бэлэн байдаг, жаргалтай үеийг ч хамт өнгөрөөдөг, хэзээ ч ганцаардуулахгүй нэгэн бол ном гэж би боддог.

Ярилцлага өгсөнд баярлалаа Ж. Рааяа