Ном унших үедээ би маш их тайвшрал ухаарал аз жаргалыг мэдэрдэг.

Ном унших үедээ би маш их тайвшрал ухаарал аз жаргалыг мэдэрдэг.

Овог нэр: Эрхэмбаяр Ганцэцэг

Эрхэлж буй, албан тушаал: Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн статистик хариуцсан референт

Сошиал хуудсууд: https://www.facebook.com/

Сайн байна уу Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу. Таньд мөн энэ өдрийн мэндийг хүргэе.

Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү?

Би анх 7 настай уншиж сураад номтой танилцсан гэх үү дээ. Сургуульд орохоосоо өмнө уншиж бичиж сурсан бөгөөд ээж минь надад хамгийн анх шувуудын зурагтай, танилцуулга ном авч өгч байсан юм. Тэр номоо өглөө босоод л уншдаг. Орой орондоо ч уншдаг. Сүүлдээ ямар их уншдаг юм бэ гээд загнуулан барин маш олон дахин уншсан даа.

Та ямар мэргэжлээр сурч төгссөн бэ?

Би Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр сурч төгссөн. Мөн эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан.

Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Хүүхэд байхаасаа хуульч, хуулийн хүн болно гэдэг байсан мөрөөдлөө биелүүлсэн. Хуулийн сургуульд харин мэргэжлийн ном, хууль хараад одоо ч харсаар л явна даа.

Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

Маш их уншдаг байсан. Сонирхолтой уран зохиолын ном, өгүүллэг тууж, роман уншаад, уншсан зохиолынхоо гол дүрд нь орж өөрийгөө төсөөлөн бодож уншдаг байсан. Монгол хэл уран зохиолын хичээлийн даалгаварт өгсөн унших зохиол, номыг номын санд очоод уншаад суудаг хүүхэд байсан.

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Анги удирдсан багш нар минь Монгол хэл уран зохиолын багш байсан бөгөөд уншсан зохиолын агуулгыг бичүүлж яриулдаг байснаас анх унших, уншсанаа зөв найруулан бичиж ярих дадал тогтсон болов уу гэж бодож байна. Энэ дашрамд Долгор багшдаа, Цацрал багшдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Та нарын унших хүсэл сэдэл төрүүлж, унших дадал ухаарлыг төлөвшүүлсний үр дүнд маш олон номыг шимтэн уншсан даа.

Та номыг хэрхэн уншдаг вэ?

Нэг бариад авсан номоо дуусгаж байж санаа амардаг төрлийн хүн. Үнэхээр сонирхлыг минь татаж чадсан номыг нойр хоолоо үл тоон уншаад дуусгадаг. Уншаад дуусгасны дараа нэг тийм дүүрэн мэдрэмж, бас чиг хөнгөн гунигийг мэдрэх надад өөрт минь их таалагддаг.

Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?

Уншсан бүх номнууд минь надад ухаарал бодол ямарваа нэг зүйлийг мэдрүүлдэг. Надтай хамгийн олон жил хамт байгаа номыг онцлоод хэлмээр байна. Туркийн зохиолч Боздаг Мухаммед “Сэтгэ, амжилтад хүр” ном надтай бараг 20 орчим жил хамт явж байгаа. Хавтас нь салбайсан ч хамтдаа хайрлаад уншаад явдаг ном минь. 10 жилийн жаахан охин байхаас надаас салаагүй ганц ном.

Та хэр их сэтгэл хөдлөлтэй хүн бэ?

Маш их сэтгэл хөдлөл өндөртэй хүн дээ. Тийм дээ ч уншсан зохиол бүрийнхээ дүрд орж өөрийгөө төсөөлдөг хүн шүү дээ.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

Сүүлийн үед шинээр гарсан зарим нэг зохиолуудыг уншиж амжихгүй л яваад байна. Унших сонирхох номын төрөл маань арай эрүүл мэнд тал руу сонирхолтой болсон. Гэдэс, Сахар гэсэн 2 номыг унших төлөвлөгөөтэй байна даа ойрын үед унших номын жагсаалтад байна даа.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном байх байсан бол?

Милан Кундерра “Тэвчихийн аргаггүй хөнгөн оршихуй” гэж хэлэх байсан. Энэ номыг уншихаараа л би өөрийгөө олсон мэт, хэсэгтээ маш гоё мэдрэмжтэй явдаг.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Номыг маш их уншдаг хүмүүсийн дэргэд бол би өөрийгөө бага уншдаг гэж хэлнэ. Харин бараг уншдаггүй хүний дэргэд би овоо хэдэн ном уншсан, уншаад явдаг гэж өөрийгөө тодорхойлно доо. Ном унших үедээ би маш их тайвшрал ухаарал аз жаргалыг мэдэрдэг. Тэр л мэдрэмжийг мэдрэх нь миний ном унших хүслийг өдөөж өгдөг болов уу гэж бодож байна. Очиж үзээгүй газар, харж үзээгүй юмс үзэгдэл, төсөөлж боломгүй зүйлсийг би номноос л харж мэдэрч үздэг болохоор би номыг шимтэн уншдаг даа. 

Арван жилд байхдаа хэр номын сангаар үйлчлүүлдэг хүүхэд байв. Дурсамжаа хуваалцахгүй юу?             

Аймгийнхаа номын сангийн байнгын үйлчлүүлэгч хүүхэд байсан. Номын сан чимээгүй орчин байх ёстой гэдгийг хэн хүнгүй мэднэ дээ. Гэтэл би нэг удаа уншсан номондоо хэт автаад номын сан дотор уйлаад, эргэж нэг инээгээд хөгөө чирч байсан. Аз болж таних хүүхэд ховорхон байсан тулдаа онигоо болоогүй ээ хэхэ. Харин одоо бол номын сангаар орох завдалгүй, худалдаж аваад эсхүл сонсдог болжээ. Подкаст сонсох, аудио хэлбэрээр сонсох нь завгүй хүмүүст маш их хэрэгтэй хувилбар юм даа. Гэхдээ л өөрөө бариад мэдрээд цаасаар нь унших мэдрэмж үнэхээр өөр шүү.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Монголоос өөр орны номын сангийн үнэмлэх байхгүй ээ. Гэхдээ аймаг орон нутаг, эсхүл гаднын улс руу явахдаа тухайн улсын онцлог соёл уламжлалыг танин мэдэхийн тулд хамгийн түрүүн музей, номын сангаар нь орж танилцдаг. 3 улсын музей, номын сангаар орж танилцаад өөрийн орны номын сан, музейг ийм болоосой гэж атаархсан даа.

Канзасын их сургуулийн хуулийн сургуулийн ховор нандин номоо хадгалж хайрладаг номын сангийн өрөө.  Зууны тэртээх үнэт ховор номын өрөө.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж яг юу вэ? гэдгийг цөөн үгэнд багтаж хэлбэл?

Ном миний хамгийн амттай үргэлж өөр өөр мэдрэмж өгдөг найз юм уу даа.

Танд ажлын өндөр амжилтыг хүсье.  Баярлалаа.

No votes yet.
Please wait...
Voting is currently disabled, data maintenance in progress.
 

Rayya Jakhinbyek