Ном уншсаны хэрээр хүний мэдлэгийн хүрээ, аливаа зүйлийг харах, ойлгох өнцөг нь нээгдэж, өргөн болдог…
Та өөрийгөө танилцуулна уу?
Би доктор Алтангэрэлийн Ганчимэг байна. Би Герман улсын нийслэл Берлин хот дахь Хумболтын Их сургуулийн Ази, Африк судлалын хүрээлэнд Монгол судлалын салбарын эрхлэгч, багш судлаачаар ажилладаг.
Таны хүүхэд насандаа эзэмшихийг мөрөөдөж байсан мэргэжил одоогийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?
Үгүй. Би хүүхэд байхдаа хамгийн эхлээд төгөлдөр хуурч болохыг мөрөөддөг байсан. Дараа нь геологич болж ажиллахыг их хүсдэг байсан.
Таны бодлоор ном гэж юу вэ?
Сайн ном бол хүнд асар их мэдлэгийг түгээдэг. Хүнд уншиж харж үзэж буй номын сэдвийн хүрээнд шинэ ертөнцийг нээдэг гэж би боддог.
Та хэр ном уншдаг хүүхэд байсан бэ? Ном уншихын ач холбогдол юу гэж боддог вэ?
Би хүүхэд байхдаа ном их уншдаг байсан. Заримдаа аав ээжээсээ нууж шөнө орондоо ном уншдаг байсан. Манайх маш их номтой айл байсан. Том өрөөний нэг хана нь битүү номын тавиураар дүүрэн байдаг байсан. Ном уншсаны хирээр хүний мэдлэгийн хүрээ, аливаа зүйлийг харах, ойлгох өнцөг нь нээгдэж, өргөн болдог гэж би боддог.
Таны ширээний ном?
Яг одоо би нэг судалгааны ном бичиж буй тул “Central Asia” нэртэй нэг судалгааны зузаан ном миний ширээний ном болоод байна.
Таны бичсэн гадаад оюутан залууст зориулан гаргасан үндэсний бичиг сурах “Classical Mongolian: A Textbook for Students, Scholars, and Everyone Interested in Mongolian” номынхоо талаар ярьвал? Анх ном бичих санаа хэрхэн төрсөн бэ? Яагаад энэ номыг бичиж эхэлсэн бэ?
Номыг би 4 шалтгаанаас үүдэн бичих санаа төрсөн.
a. Хумболтын Их сургууль дээр уйгаржин монгол бичиг заахад орчин цаг үетэй тохирсон, гадаадын залуусд зориулсан, хэл шинжлэлийн төвөгтэй нэр томъёо хэрэглээгүй, энгийн аргаар тайлбарлаж бичсэн, бэлэн сурах бичиг байхгүй байсан.
b. Хичээл заахдаа Дашцэдэн багшийн “Миний монгол бичиг” номыг голчлон хэрэглэж, бусад номуудаас хэрэгтэй, сонирхолтой материалуудыг скандэн оюутнууддаа тарааж өгдөг байв. Энэ их олон янзын тусдаа хуудас цааснууд манай оюутнуудад бас надад их төвөгтэй, замбараагүй байдаг байсан.
c. 2020 оны найм, есөн сард Өвөр монголчууд Хятадын засгийн газраас хэрэгжүүлсэн боловсролын шинэ бодлогыг эсэргүүцэн төрөлх монгол хэл, монгол бичгийг хамгаалан өргөнөөр жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ эсэргүүцлийг дэлхийн олон оронд амьдарч буй монголчууд мөн гадаадын эрдэмтэн судлаачид дэмжин дуу хоолойгоо илэрхийлсэн.
d. Эцэст нь 2025 оноос Монгол улс албаны бүх бичиг баримтыг хоёр бичгээр явуулна гэж төлөвлөсөн. Тэгэхлээр зөвхөн монголчууд бус Монгол улс, монголчуудын талаар сурч судалж буй бүх гадаадын оюутан, судлаачид монгол бичгийг сурч эзэмших шаарлагатай болж байна.
Энэ бүх шалтгаануудын үүднээс би анх 2020 оны 11 сард номын анхны бүтцийг боловсруулж, бичиж эхэлсэн.
Энэ номыг монгол хүн хэрхэн сурч судлаж болох вэ? Мөн Монголчууд маань энэ номноос юу сурч мэдэх ач холбогдолтой байна вэ?
Бүх жишээ үг, өгүүлбэр монгол бичгээр босоо хэлбэрээр бичигдсэн. Хажууд нь эрдэм шинжилгээний галиг, кирилл хөрвүүлэг, англи орчуулга дагалдсан байгаа. Иймээс:
– Кирилл хөрвүүлэг хараад монгол хүүхэд, залуучууд уйгаржин монгол бичгийн мэдлэгээ гүнзгийрүүлэн сурч болно.
– Орчин цагийн үг, хэллэгийг бичиж сурна.
– Англи орчуулга ашиглан англи хэлний мэдлэгээ гүнзгийрүүлж болно.
– Монгол улс, БНХАУ, ОХУ-д амьдарч буй монголчууд, монгол угсаатнууд буюу буриад, халимаг, ойрад, барга, өвөр, халх, дээд монголчуудын хэл, соёл, түүхийн онцлогийг харуулсан сонирхолтой жишээ, өгүүлбэр, текстүүдтэй танилцана.
– Нэмэлт хичээлд буй олон цахим хуудасыг үзэж хичээл, судалгааны ажилдаа ашиглаж болно.
Шинжлэх ухаанд оруулж буй энэ номын хувь нэмэр, хандив нь юу гэж та бодож байна?
Тус ном нь дэлхийн монгол судлалд хувь нэмэр оруулахаас гадна би номоороо олон орны хэл соёлын бодлогын талаарх эрдэм шинжилгээ судалгааны хэлэлцүүлэгт, цаашилбал нийгэм дэх үндэсний цөөнхийн хэлний бодлогын талаарх яриа хэлэлцүүлэгт нэгэн сэдэл өгөхийг зорьсон.
Гадаад улсад босоо монгол бичиг орсон ном хэвлүүлэх ямар байв? Ямар нэгэн бэрхшээл гарч байв уу?
Герман улсын Reichert Хэвлэлийн газар бараг анх удаа Герман улсад босоо монгол бичигтэй ном хэвлэсэн. Тус хэвлэлийн газрын ажилчдад миний ном маш их хүндрэл учруулсан. Тухайлбал, тэдний хэвлэлтийн системд монгол бичгийн тиг, хэв маяг огт байхгүй байсан. Мөн монгол бичгийн дээрээс доош бичдэг зүг чиглэл их хүндрэл учруулсан. Үүн дээр галиг, кирил хөрвүүлэг, англи үсэг үг нэмэгдэж орсноор энэхүү олон янзын бичгийн фондын чиглэл, олон янзын тигний хэлбэрүүд тус хэвлэлийн газарт маш их асуудал үүсгэж байсан. Гэсэн ч хэвлэлийн газрын өрөгч, график дизайнер болон миний бие маш олон удаа имайл-р хоорондоо номын эх нооргийг бие бие рүүгээ илгээж, тухай бүрд миний бие шивсэн эхийг дахин, дахин нарийн шалгаж байсан. Энэ бүх явц бүтэн хоёр сар гаруй үргэлжилсэн.
Номын үнэ хэд вэ? Хаана зарагдаж байгаа вэ?
Ном цаасан ба цахим ном гэж хоёр хэлбэрээр гарсан. Номын хэвлэлийн газрын үнэ 40 евро. Барууны бусад цахим дэлгүүрүүд илүү их үнэтэй зарж байгаа харагдаж байна. Тус номыг Reichert хэвлэлийн газрын цахим хуудас руу нэвтрэн орж цаасан эсвэл цахим номын аль нэг хэлбэрийг сонгон худалдан авч болно.
Ном хэвлэгдэж гарснаас хойш хүмүүсийн сэтгэгдэл ямар байгаа вэ?
Хүмүүс номыг минь их сайнаар үнэлж хүлээж авч байгаа. “Энгийн ойлгомжтой бүтэцтэй, маш сонирхолтой ном болсон байна” гэж сэтгэгдэлүүдээ илэрхийлж байгаа. Amazon дээр ном худалдан авсан нэг америк хүн “Энэ ном нь англи хэлтэй хүмүүст зориулагдсан миний өмнө олж авсан монгол уламжлалт бичгийн сурах бичгийн номнуудаас хамгийн сайн нь байна. Хэрэв уншигч кирилл бичиг мэддэг бол тус ном нь олон бичгийн системийг гүнзгийрүүлэн сурахад их тус нэмэр болох юм байна. Мөн дүрэмийн тайлбар нь их амархан” гэх мэт сэтгэгдэлээ илэрхийлж бичсэн байсан.
Та өөрийгөө ном гэж төсөөлвөл ямар төрлийн ном байх байсан бэ?
Их сонирхолтой асуулт байна. Гаднах хавтас нь олон гоё өнгөнүүдтэй, сонирхолтой дизайнтай ном байх байсан. Номын доторх агуулга нь ч гэсэн сонирхолтой, уншигчдад алдаагүй, үнэн зөв мэдээлэл өгөхийг хичээсэн ном байх болов уу.
Гадаад оюутнууд залуус үндэсний бичгийг маань хэр сонирхон судалж байна вэ? Үндэсний бичгийг монголдоо төдийгүй гадаадад сурталчилан таниулах талаар таны бодол?
Их сонирхон сурдаг. Гэхдээ зарим нь дундаас нь чадахгүй, шантраад болидог. Олон хүмүүс калиграфи сонирхдог. Монгол улсад их суртчилгаа явдаг байх. Харин олон улсад бол зөвхөн монгол бичгээр бичсэн плакат, постер үзүүлж, калиграфи бичиж харуулахаас гадна монгол бичгийн түүх, түүхийн явц дахь хөгжил, хэрэглээ нь монголчуудын дунд хэрхэн өөрчлөгдөж байсан мөн өнөөгийн монгол бичгийн асуудлыг хамруулж, цогцоор нь хэлэлцэж, сурталчлах хэрэгтэй байх.
Манай улсад “Номын баяр”-ыг хавар намарт тэмдэглэж байгаа. Та “Номын баяр”-ын үйл ажиллагаанд оролцож байв уу? Тэгвэл Берлинд Дэлхийн номын баярыг яаж тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?
Улаанбаатарт би өчигдөр “Номын баяр”-ын үйл ажиллагаанд оролцсон. Берлинд “Номын баяр” зун болдог. Манай Хумболтын Их сургуулийн төв байртай их ойрхон Берлин хотын түүхт газруудын нэг болох нэг алдартай том талбай дээр энэ баяр болдог. Олон хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд шинэ номнуудаа дэлгэж харуулдаг. Урилгаар шинэ номын зохиогч нар ирж номоо танилцуулах, хүүхдүүдэд үлгэр унших г.м. арга хэмжээнүүд бас болдог. Дагалдаад хөгжим, концерт тэр талбай дээр болдог.
Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл байна уу?
Байхгүй. Зочны ярилцлага буландаа урьж оролцуулсанд мөн Улаанбатар хотын нийтийн номын сан дээр миний номыг танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулсан танай хамт олонд их баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.