Ном хүнд төлөвшил олгодог, бас ухаарал хайрладаг. Нэг үгээр хэлбэл амьдралын багш гэж хэлж болох байх…
Сайн байна уу? Манай номын сангийн “Номын сангийн зочин” ярилцлагын буланд маань оролцож байгаад тань баярлалаа.
Сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу ? Урьсанд Баярлалаа.
Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?
Яг таарч байгаа. Багадаа жүжигчин болноо л гэж ярьдаг байсан.Энэ мэргэжилдээ бүр багаасаа дурласан.
Бага байхдаа хэр их ном уншдаг байсан бэ?
Уншдаг байсаан. Ер нь нийгмийн идэвхи сайтай юм юмыг сонирхож хийж оролддог хүүхэд байсан. Уншихаас гадна бас их бичдэг хүүхэд байсан.
Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?
Хамгийн анх гэхээр…сайн санахгүй л байна.Уран зохиолын номонд дуртай богино өгүүллэг их уншдаг байсан.
Таны унших дуртай ширээний ном?
Зохиолч Аюурзана гуайн зохиолыг унших дуртай. Яг тэр ертөнцөөр аялах боломж өгдөг гэж боддог. Ширээний ном гэхээр сүүлийн үед хувь хүний хөгжлийн ном бас их сонирхож уншиж байгаа. Солонгосын нэг зохиолчийн “Би өөрөөрөө амьдрахаар шийдсэн” гэдэг номыг ер нь авч явдаг . Зав гарвал уншдаг даа
Номыг хаана уншвал илүү их тав тухтай санагддаг вэ?
Унтахынхаа өмнө яг төвлөрөөд жаахан бүүдгэр гэрэлтэй орчинд унших дуртай. Бас агаарт, шувуу дугараад үе үе салхи сэвэлзээд модны доор сууж байгаад ном унших бас таатай тухтай санагддаг.
Хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн номыг нэрлэвэл?
Амжилтын 7 алхам гэдэг номыг анх дөнгөж их сургуульд оюутан болж ороод уншиж байсан. Тэр ном надад маш том сэтгэгдэл үлдээсэн. Бас өөртөө дүгнэлт хийх боломжийг олгосон гэхиймүү. Номыг уншиж байхдаа хийсэн тэмдэглэл минь одоо ч байгаа. Зорилгуудаа бичээд өөрт таалагдсан амьдралд хэрэгтэй зүйлүүдийг товчлож бичиж байсан. Одоо эргээд харахаар тэр зорилгууд маань бүгд биелсэн. Саяхан дахиж уншиж тэмдэглэл хийсэн.
Зарим хүмүүс ном уншихдаа номон дээрээ тэмдэглэл хөтөлж, өөртөө хэрэгтэй зүйлсийг тодруулж, зурж ишлэл бичдэг. Нөгөө хэсэг нь маш цэвэрхэн тодруулж , зурж ишлэл бичдэг. Энэ 2 үйлдлийн алийг нь илүүд үздэг вэ?
Номоо маш цэвэрхэн хэрэглэхийг илүүд үздэг. Тэгээд тусдаа дэвтэр гаргаад тэмдэглэл хөтөлдөг. Харин дэвтэр дээрээ бол зурна, бичнэ, наана гээд илүү сонирхолтой болгохын тулд өөрийнхөө дураар тэмдэглэдэг дээ. Хүүхдүүддээ ч номон дээр заавал тэмдэглэл хөтлөхөөр бол харандаа хэрэглээрэй гэж захидаг.
Урлагийн хүний хувьд өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийн хөгөлдөг зүйлс юу байна.
Миний гэр бүл, үр хүүхдүүд минь бүгд намайг сэтгэлийг минь хөглөж дэмжиж өгдөг. Урлагийн хүн гэдэг өөрөө маш том аз жаргал гэж боддог. Өөрийнхөө мэдэхгүй ертөнцөөр нэгэн дүрийг бүтээж тэр л амьдралыг мэдэрнэ. Тэр дүрүүдээрээ ухаарна, ойлгоно, хайрлана, хамгаална , зовно жаргана гээд амьдралд авч болох мэдрэмжүүдийг жаахан хэсгийг ч болов мэдэрдэгээрээ онцлогтой. Жүжигчин хүн өөр олон хүмүүст амьдралд нь хөг нэмж чаддаг болохоор. Энэ бүх зүйлээс л харж кайф мэдрэмжүүдийг авч хөглөгдөж явдаг даа.
Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?
Маш сонирхолтой бас үр өгөөжтэй тайлагдашгүй ном байх байсан байх.
Хүн бүр ном унших, унших номоо сонгох арга барилтай байдаг. Таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?
Амьдралд болоод ажилд минь хэрэглэгдэх шаардлагатай номнуудаа хайж олж уншдаг. Жүжигчин хүн болохоор судалгааны ажил их хийнэ л дээ. Заримдаа бүр огт мэдэхгүй сонсоогүй номыг зүгээр л барьж аваад уншдаг.
Сүүлд ямар төрлийн ном зохиол уншсан бэ?
Зохиолч Аюурзана “Бөөгийн Домог”, “Сахиуст хангайн нууц”, “Ногоон нүдэн лам”, Марко Пологийн тэмдэглэл “Орчлонгийн элдэв сонин” г.м номуудыг уншсан юм байна.
Ном уншихын үнэ цэнэ утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Ном хүнд төлөвшил олгодог, бас ухаарал хайрладаг. Нэг үгээр хэлбэл амьдралын багш гэж хэлж болох байх. Амьдралд байдаг олон өнгөнүүдийг нэг хүн туулж үзэж барахгүй шүү дээ. Номноос маш олон мэдрэмжүүдийг зэрэг авч болно. Бас өөрийгөө таних, өөртөө дүгнэлт хийх боломж олгодог. Номтой нөхөрлөсөн хүнээс ер нь буруу үйлдэл гарахгүй байх гэж бодож байна.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд танд нэмж хэлэх зүйл байна уу? Баярлалаа.Сонирхолтой байлаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсэе.
Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.