Ном эрдмийг өндөр их оргил-уулс гэж үзвэл тэр их уулсын ядаж хормойд нь хүрээд үхэх сэн…
Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулана уу?
Миний бие 1976 онд Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн. Эдүгээ Улаанбаатар хотын ХУД-ийн 23 дугаар хороонд нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Улсад мэргэжлээрээ тасралтгүй 30 шахам жил ажиллаж байгаа МХУЗ-ын багш, судлаач хүн (Ph.D).
Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?
Аливаа хүний сэтгэлийн гүнд уудалж дурсахгүй байхын аргагүй чандмань эрдэнэ мэт нандин дурсамжууд хадгалагдаж байдаг. Малчин ардын гэрт өссөн би ижий аавынхаа “гар хөлийн үзүүр” нь байлаа. Хонь хариулж, үнээ сааж, цагаан идээ боловсруулан, аргал хоргол түүн, насандаа тохирсон хөдөлмөр хийж өссөн монгол ахуй намайг хүн болгосон төдийгүй уран зохиолд шунан дурлуулсан гэж боддог. Ээж минь аргал түүхдээ үлгэр ярьж өгнө, нутгийн хөгшчүүд үдэш цуглан хууч хөөрөн, домог хүүрнэнэ. Ингэж чих нээгдсэн цагаасаа би уран зохиолд дуртай болсон төдийгүй багш болох чин хүсэл мөрөөдөлтэй болсон. Эдүгээ би өөрийн хүсэж мөрөөдсөн ажлаа дэндүү бахархалтай хийж явна даа. Хүсэл биелэх агшинд хүн аз жаргалтай болдог гэдэг. 1998 онд МУИС-ийг амжилттай төгсөж диплом дээрээ “МХУЗ-ын багш, судлаач” гэж бичүүлсэн цагаас эдүгээ хүртэл багш хэмээх эрхэм алдар, мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөж, жинхэнэ аз жаргалтайгаар ажиллаж амьдарч явнаа.
Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?
Хүүхэд ахуу цагт аав минь Булган аймгийн Дашинчилэн сумын Туяа нэгдлийн төллөх 650 хонийг малладаг байсан бөгөөд сар бүрийн 25-ны өдөр МАХН хуралд суухаар явдаг байлаа. Намдаа үнэнч аав минь намын батлахаа жижигхэн товчтой, гараар хийсэн, уутанд хийгээд цээжиндээ зүүчихсэн явдагсан. Намын хурал дээр гишүүдээс их зүйл асуудаг бололтой. Сумын сонин хэвлэл тараагч өвгөн ирж “Намын амьдрал”, “Октъябрийн туяа”, “Дэвшилт” гээд сонин сэтгүүл тараана. Хүн хүч муутай, нэгдлийн олон малтай аавд минь сонин сэтгүүлээ уншаад намын хурал дээр асуух зүйлд бэлдэх зав өчүүхэн ч олдохгүй. Би тэр сонинг уншиж үдэш аавдаа ярьж өгдөг байсан. МАХН-ын XIX дүгээр хурлын шийдвэр: Үүнд нэгдүгээрт… хоёрдугаарт… гээд л дуржигнуулна. Миний цээжлэх чадвар сайн, аливаа мэдээллийг үнэн зөвөөр дамжуулдаг чадвар энэ үеэс хөгжсөн төдийгүй хожим багшийн ажилд ч их дэм болсон. Ном унших уртын урт аян сонин сэтгүүл уншихаас л эхэлсэн…
Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?
Ч. Лодойдамба “Тунгалаг тамир” романыг уншиж байсан
Уран бүтээлч хүний сайхан хийгээд сөрөг тал юу байдаг вэ?
Аливаа бүтээлийг туурвих ажил эхлээд толгойд төлөвлөгдөн бүрэн боловсорно. Түүнийг бодож сэрэх, бодож алхах, түүнийгээ баталсан баримт олох, олон олон шинэ санаа ар араасаа урсах, үзэгээ шүүрч аваад санаагаа онцлон тэмдэглэх, өглөө эрт босох… гээд л уран бүтээлч хүний сайхныг дурдвал мөн ч олон. Миний хувьд сөрөг гэж онцлох зүйл бол ЕБС-ийн багшийн ажилтай болохоор судалгаа шинжилгээний талбараасаа их хол байдаг. Заримдаа бүтээлээс минь эш авалгүй шууд ашиглах, оюуны өмчийн хулгайд өртөх, ОУ-ын томоохон ЭШ-ний хурлуудад орох гэхээр дээд сургуулийн багш биш гээд хасагдах… гм жижигхэн бэрхшээл сорилтууд тулгардаг л юм. Гэвч үүрийн цагаан гэгээ хаяархаас үдшийн бүрий тасарч нүх шиг харанхуй залгатал зөвхөн хийж бүтээхээр төлөвшсөн араншин, бэрхшээлийн өмнө сөхөрдөггүй тэвчээр хоёр намайг үргэлж ирлэж, өнгөлөн гялтгануулж байдаг.
Таны унших дуртай ширээний ном?
Ж.Ж.Фрэйзер “Алтан гишүү”, Э.Кассирер “Хүний тухай философи”, Ц.Гомбосүрэн “Философи” зэрэг номыг нэрлэж болно. Агуу агуу. Өдөр бүр унших тоолондоо номон дотор зам бий гэдгээр шинэ мөрөө олдог юм.
Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?
Эхлэхдээ нэг их гоё эхлээд бөөн мөрөөдөл, баясал, хайр, гэгээн бүхнийг дагуулж сэтгэл хөглөж байгаад төгсгөл рүүгээ гунигтайхан дуусчихдаг хармсаад халаглаад барахгүй, бүр их юм бодуулдаг ном байдаг даа. Би тийм л ном.
Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?
Номын сан, гэртээ, ер нь хаана л бол хаана уншиж болно доо… Хамгийн тухтай нь өөрийн бүтээл туурвилаа хийдэг бичгийн ширээний ард юм байна даа…
Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?
Жек Лондон “Адамаас өмнө”, Франц Боас “Балар эртний хүний оюун ухаан”, Альберт Камью “Сизифийн тухай домог” зэрэг шинжлэх ухааны онолын суурьтай, гүн бат мэдлэг олгох, бас сонирхолтой, энгийн ойлгомжтой бичвэр бүхий номуудыг уншаасай…
Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?
Түүх угсаатны зүй, соёл, хүн судлалын номууд
Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?
Би өдөр бүр тодорхой зорилготой уншдаг. Уншсан номоо маш сайн тэмдэглэдэг.
Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?
Хүүхдийн үндсэн чадвар ярих, сонсох, унших, бичих чадварыг түлхүү хөгжүүлбэл тусгай чадварууд аяндаа дагаад хөгжинө гэж боддог
Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Өөрөө өөрийгөө таньж мэдэх, өрөөлийг бас дүгнэж бодох, нийгмийг шүүн тунгаах бүхий л зам номоос эхтэй.
Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж юу вэ? Цөөн үгэнд багтааж хэлбэл…
Ном эрдмийг өндөр их оргил-уулс гэж үзвэл тэр их уулсын ядаж хормойд нь хүрээд үхэх сэн…
Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.