НЭР ТӨРТЭЙ ЯВАА ХҮН БҮХЭН НОМОНД ДУРТАЙ БАЙДАГ…

НЭР ТӨРТЭЙ ЯВАА ХҮН БҮХЭН НОМОНД ДУРТАЙ БАЙДАГ…

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач

Намайг Санжаажавын Оюун гэдэг. Би Булган аймгийн Могод сумын уугуул иргэн. Хүн эмнэлгийн дунд сургууль, Анагаах ухааны дээд сургууль төгссөн их эмч мэргэжилтэй. 1987 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курс төгссөн. 2016 онд Соёл судлалын доктор болжээ.

Таны хүүхэд  насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Хөдөөгийн хүүхэд бидний хүсэл мөрөөдөл гэж юу байхав. Дуулсан мэдсэн, үзсэн бага. Эцэг эх минь биднийг ахмадын үгийг сонс, тэднийг хүндэл, санаа зөв бол заяа зөв гэж сургасан тул зөв хүн болох ёстой юм байна гэсэн нэг ойлголттой л явсан байх. Манайх намайг дөрөвдүгээр ангид ордог жил нийслэлд шилжин ирсэн юм. Одоогийн нэгдүгээр эмнэлгийн урд 16-р сургууль гэж галладаг пийшинтэй сургуульд орсон юм даг. Манай сургуулийн пионерын удирдагч Мандахсан гэж залуухан багш уран зохиолын дугуйлан ажиллуулна. Би тэр дугуйланд явснаар уран зохиолд шимтэн дурлаж билээ. Дугуйлангийн багш маань одоо гавьяат багш болсон Д.Мандахсан. Эрдэнэт хотод амьдарч байна. Сансрын нисгэгч Гүррагчаагийн ангийн багш шүү дээ 

Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ? Хэзээнээс номын амтанд шимтэх болов. Үүнтэй холбоотой дурсамжаа хуваалцахгүй юу?

Номын хорхойтноор барах уу. Хичээлийн завсарлагаар хүүхдүүд тоглож байхад би ном уншиж байна. Гэртээ хариад хүүхдүүд тоглож байхад би түлээн дээр суугаад номоо л уншиж байдаг байлаа. Шөнө хөнжил дотроо лаа бариад ном унших гэж байгаад ээждээ баригдаж, ямар сайндаа ээж минь “Энэ бага наслах байх шүү. Хэдэн ном уншиж аваад үхэх гэсэн юм шиг л ном уншина” гэж загнаж байхав дээ. Тэр үед гарсан монголын болоод сонгодог бүх зохиолыг уншсан. Сонин их уншина. Анагаахын сургуульд Шестокоюич гэж хэн бэ гэж асуухад би л ганцаараа гараа өргөж байсан даа. Ном уншсанаараа би ангийнхнаасаа цойлон гарсан хүүхэд байж. Өдий зэрэгтэй яваа маань оюуны их шимийг хүртсэний буян шүү  

Та хамгийн анхны бүтээлийнхээ тухай, тэр үеийн дурсамжаа хуваалцаач

Дунд сургуулийн сурагч байхдаа ганцхан шүлэг бичсэн нь одоо миний багшид хадгалагдаж байдаг юм. Тэр нь “Би онц сурна” гэдэг шүлэг. Гар бичмэлээрээ багшид минь бий. Багш хүн гэдэг насаараа л багш нь байдаг. Одоо тийм багш цөөрчээ.

Та уран зохиолын олон төрлөөр туурвидаг. Уран бүтээлийн сэдвээ хэрхэн сонгодог вэ?

Энэ их чухал асуулт байна. Уран зохиолын сэдэв гэдэг тэр зохиолын амин сүнс нь юм. Олон бүтээл гарч буй энэ үед сэдвийн хомсдол гэдэг юм бий болчихлоо. Гэвч үнэндээ амьдрал баян. Хүний амьдрал л зохиолын сэдэв байдаг. Хүний тухай хүнд нь л уншуулдаг. Олон хүн сүнс, хажуу дахь амьдрал гээд бичээд л байна. Тийм ч их сонин биш сэдэв. Туулсан цаг хугацаа, үзсэн, сонссон, уулзан учир явсан хүмүүсээсээ л сэдвээ олдог. Түүхэн сэдэв шинэхэн байсан, олон зохиолч бичээд хуучирчихлаа. Шинэ юм гэж мартагдсан хуучин юм гэсэн үг байдаг. Тодорхой хугацааны дараа түүхэн сэдэв шинэ болоод л гараад ирнэ. Хувцасны загвар шиг…

Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан

Энэ 2024 онд би гурван тууж, зургаан ч байна уу дуу амьдруулчихлаа. Шинэ туужийн сэдэв маань гэхэд 1940 хэдэн онд хятад монголын хилийн зурвас татахад ар монголд охинтойгоо үлдчихсэн хүний тухай “Ээжээ дээлээ өмсөөрэй”, түүхэн сэдвээр “Гаслант жил”, “Тань руу нүүж явна” киногоо тууж болгосон. “Намнан хангай уул минь”, “Өлзийжаргалангийн орон минь”, “Дондоо юу даа”, “Арбулагийн цагаан манан”, “Булганы бөхчүүд” зэрэг дуу бичигдээд нийтэд хүрч байна. “Мянган уулын цэцэг” жүжгээ Булганы театрт тоглууллаа. “Сарны туулайхан” хүүхдийн хөгжимт жүжиг бас бичсэн. Их бүтээлтэй жил боллоо. Туужуудаасаа шилээд “Тань руу нүүж явна” ном гаргалаа. 

Та Үгүйлэн санана шүлгээ хэзээ зохиосон бэ?

Энэ шүлгийг Москвад сурч байхдаа бичсэн юм. Анх утга зохиол, урлаг сонинд нийтлэгдсэн юм. Хөгжмийн зохиолч Чулуунбат сонины тасархай олсон нь энэ шүлэг байж. Тэгээд ая хийчхэж. Хэний шүлгийг нь надтай уулзахдаа л мэдсэн хүн. “Хилийн дээс” гэдэг үг амь үг нь. Би Харанга хамтлагтай хамт энэ дуугаараа төрийн шагнал хүртсэн азтай хүн.  

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Ном уншвал юунд хүрдгийг надаас харж болно. Төрийн ийм том алдар шагнал зүгээр ирээгүй, маш их мэдлэг, мэдээлэл цуглуулсандаа л би олонд хүрсэн бүтээл туурвисан гэж боддог. Хүмүүс намайг хүндэлж байна. Зөв явах гэж хичээснийх. Амьдрал минь дардан шулуун байгаагүй ч би тэр дунд зөв хүнээрээ үлдсэн юм болов уу гэж боддог. Ийм зүйлд хүргэж буй нь номын үнэт зүйл шүү дээ.   

Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юу?

Хархорумын товчоон гэдэг судалгааны ном, архитехторч Эрдэнэбатын Хархорум ном, Завадамдин ринбүүчийн “Томьёолшгүй”, Батжаргалын “Охин хуньайж”, Мягмаржавын “Зүггүй насны дэггүй тууж” гээд олон гом байна. Одоо ширээн дээр минь Пүрэвсүрэнгийн “Хүн уулын нөмөр”, Батжаргалын “Их хайрын домог” ном намайг уншихыг хүлээгээд байж байна даа  

Одоогоор та хэдэн уран бүтээл гаргасан бэ?

Тоолсноос төрлөөр нь хэлсэн нь амар. Кино, дуурь, хөгжимт драм, роман, тууж, өгүүлэг, дуу, хүүхдийн зохиол, дуу гээд байна байна

Таны бичсэн Тань руу нүүж явна киног үзээгүй хүн гэж үгүй байх. Энэ зохиолоо хэдэн онд бичсэн бэ? Энэ талаар…

1984 онд бичээд тэр жилдээ кино болсон. Арав хоногт зардлаа нөхсөн кино. Хүүдийн оюун ухааныг нээе, хүн шиг хүн болгоё гэвэл тэднийг ном уншуул л гэж хэлье. Нэр төртэй яваа хүн бүхэн номонд дуртай байдаг

 

Shurenchimeg Ganbat