Орчлонгийн хов хоосныг мартагнуулан сатааруулагч аугаа хуурмаг этгээд зэрэглээ…

Орчлонгийн хов хоосныг мартагнуулан сатааруулагч аугаа хуурмаг этгээд зэрэглээ…

Яг одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

Нэг уран сайхны киноны зохиол дээр ажиллаж байна. Жинхэнэ монгол ээжийн тухай юм.

Өөрөө уншигчийн хувьд та юу эрдэг вэ?

Номоос уу? Эхлээд адал явдал, дараа нь ухаан, дараа нь сэтгэл эрдэг байлаа. Одоо бол бичлэгийн өвөрмөц арга барил л голдуу эрж байна.

Таныг зохиолч болоход түлхэц өгсөн зүйл? Үзэл санааны хувьд бүрэлдэн     бий болоход нөлөөлсөн хүмүүсийнхээ талаар дурсвал…?

Би мэдээ орохоосоо л аав, ээж болон тэдний үеийн хөгшчүүлийн, авга, нагац нарын орой үдшээр тойрч суугаад ам уралдуулан ярьдаг дуусдаггүй хууч ярианы уран сонин, хачин гайхалтай шидийн далайд умбаж, шумбаж өссөн хүн. Аав маань 1923 оны, ээж 1926 оны хүн. Цээжтэй, аль 1930-аад оны явдлыг өмссөн хувцас, хэлсэн үгтэй нь, үгээ хэлэхдээ царай нь яаж аяглаж байсныг хүртэл тов тодорхой санаж ярьдаг, бүр нүдэнд харагдтал ярьдаг байлаа. Бодвол энэ л миний зохиолчийн замыг эхлүүлсэн байх даа.  

Зохиолч хүн өөрийнхөө уншигчдыг өөрөө  бэлтгэдэг гэдэг энэ талаар таны бодол?

Тийм байх. Санал нэг байна.

Таны бүтээлүүд монголын түүхийн тухай өгүүлсэн байдаг. Яагаад энэ сэдвээр судалгаа хийж ном бичих болсон бэ?

Түүх өөрөө олон хариулттай оньсого шиг үнэхээр сонирхолтой. Тэгээд л…

Таны Цагаан бороо роман уншигчдын дунд их эрэлттэй байсан. Уншихад их хүнд, уншаад дууссан ч санаанаас гарахгүй байнга бодогдоод, ялангуяа хүүхэд иддэг хэсгийг уншиж чадахгүй хэд хоног номоо хааж тавьчихаад арай гэж уншиж байлаа.

Тийм сүрхий эрэлттэй болно гэж би огт төсөөлж байсангүй. Гэхдээ анзаарсан бол, номын эхний хуудсыг сөхөхөөр тухайн зохиол утга зохиолын ямар төрөл жанрынх болохыг тодорхойлсон нэг үг байдаг даа. Роман ч юм уу, тууж, эсвэл шүлэг найраглал гэх мэтээр бичдэг. “Цагаан бороо”-д ямар ч тийм юм байхгүй. Би дуусгачихаад роман гээд тавьчихьяа гэтэл нэг л биш, миний мэддэг романаас өөр, нийтлэл ч биш, түүхэн найруулал ч биш, ер нь юм юм хольж хутгачихсан, юу гэж хэлэхэд хэцүү. Тэгээд бодож бодож, “За энэ миний мэдэх ч, шийдэх ч асуудал биш юм байна” гээд цулгуй орхисон.

Олон хүнд уншихад хэцүү байсан байх. Зарим нь бүр дуусгаж чадаагүй гэсэн. Гэхдээ энэ нэг юм хэлээд байна аа даа. Юу вэ гэхээр, бидний өвөг дээдэс, ялангуяа баруун аймгийнхны маань өвөг дээдэс ямархан хатуу хэцүүг даван туулсныг хэлээд байна. Давж туулаад зогсохгүй, уужраад, ухаараад, түүнээ хууч түүх болгон хүүрнэж үлдээсэн байна. Түүнийг нь сонсож өссөний хувьд би тэр хүнд хэцүүг даван гарч чадсан өвөг дээдсийнхээ өмнө ямар нэгэн хэмжээгээр хийх ёстой байсан зүйлээ л хийжээ. Ингэж бодохоор тэр хүнд хэцүү нь чухал биш, харин ч сэтгэлээс нэлээн ачаа хөнгөрчихсөн, цээжинд тээглэсэн нэг том тээглүүр мултраад уначихсан шиг мэдрэгддэг юм.

Бас нэг зүйлийг нэмэхэд хүнд хэцүү гэсэн хүмүүсээс хэд дахин олон хүн “Энэ номыг монголчуудад бүгдэд нь уншуулахсан” гэсэн огт өөр зүйлийг байнга давтдаг.

Өөрийнхөө тухай хамгийн их онцгой мэдрэмж төрүүлсэн магтаал, шүүмжийн аль алинаас нь бидэнтэй хуваалцвал?

“Магтаал зэмлэл хоёрт адилхан түвшин ханд, Маргаад хэрэггүй тэнэгтэй үг сөрөөд хэрэггүй” гэж О. Дашбалбар багш маань захисан. Р. Киплинг “Амжилт, зэмлэл хоёрыг адилхан угт. Аль, алины нь өнгө хуурамч гэдгийг бүү март” гэж сургасан. Эдгээрийг хэдий санахын дээдээр санавч, магтаалд баярлаж, шүүмжид эмзэглэхгүй байж чаддаггүй. Гэхдээ учиргүй хөөрч, эсвэл учиргүй хямрахгүй л дээ. Яг одоо ямар нэгэн онцгойлох магтаалыг ч, шүүмжийг ч санаж буй юм алга. Гэхдээ эхлээд баярлаж хөөрөх ч эргээд бодоход “Дэмий юманд дэгэлзээд” гэж бодогдуулдаг хоосон хуурай магтаалаас эхлээд эмзэглэн гуниглуулах ч эргээд анзаарвал баярлан залбирмаар шүүмж мянгантаа үнэтэй байдаг. Ер нь бол шүүмжлүүлээд бөхсөн уран бүтээлчээс магтуулаад бөхөж, мөхсөн нь олон байх шүү. Магтаал бол арыг нь дааж чадахгүй нэгэнд алах хор болдог аюултай.

“Бүтэшгүйг ч мөрөөд. Долгис нь ч болов шүргэг” гэж  Хүрэлбаатар гуай хэлсэн байдаг. Таны мөрөөдөл?

Тийм, долгис ч болов шүргэж л таарна, гарцаагүй. “Санаа зориг хүрсэн газар чадал ч хүрдэг” гэсэн нэг үг ч бас бий. Ер нь том зорилго хүнийг хүчтэй, эрхэмсэг болгодог. Миний хувьд “За би чадлаа” гэж өөртөө бардам итгэлтэй хэлж чадах тийм л бүтээл бүтээхсэн гэсэн мөрөөдөл байна. Хэрвээ тэгэж чадвал тэр даруйд үзгээ тавьж, өөртөө мөнхийн амралтыг амална.

Өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс юу байна?

Үр хүүхдүүд маань, бас ном. Хааяа таардаг сайхан хүмүүс. Зэлүүд онгон уул тал. Алсыг зорьсон харгуй замын үзүүрт босох тоос.

Таны багадаа болохыг хүсэж байсан мэргэжил, өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Яаг сайхан таарч байгаа. Мэргэжлийн тухай бодож эхэлсэн үеэс л зохиолч гэсэн юм толгойд орсон. Зам зууртаа нэг ч өөрчлөгдсөнгүй. Бас өөртөө хэзээ ч эргэлзэж байсангүй. Хувийн хэрэг гэж байдаг байлаа, бидний үед. 5р ангид байхад багш маань “Зохиолч болох хүсэл эрмэлзэлтэй” гэж тэр хувийн хэрэгт тэмдэглэсэн байдаг. Юутай ч тэр үед багшдаа хэлж ярьж байсан шиг байгаа юм.

Олон сайхан газраар аялж, ховор нандин номын сантай айлд зочилж байсан байх. Өөрийн эрхгүй уулга алдмаар тийм номын сантай хаана таарч байв?

Отгонтэнгэр их сургуулийн багш, хуучин МАХН-ын ажлын албанд хамтран зүтгэж явсан С. Одхүү докторын гэрийн номын санг үзээд уулга алдсан даа. Тийм өргөн дэлгэр агуулга бүхий номын сантай айл ер нь монголд бий эсэхийг мэдэхгүй байна. Бас эртний зоос судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Б. Нямаа гуайн номын санд бүр Шекспирийн зохиол тэр үеийнхээ хэвлэлтээр байсан шүү дээ. Гайхмаар…   

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Сайн хэлж мэдэхгүй байна. Нэг л мэдэхэд унших нь амьдралын минь салшгүй нэг хэсэг болчихсон байсан. Хоол идэж байхдаа ч ном дэлгээд суудаг, тиймгүй бол хоол хоол биш санагддаг байлаа. Гэр бүл болоод, эхнэр миний тэр муу зуршлийг халж чадсан. Уншихгүй өнгөрөөсөн өдрүүд хоосон мэт санагдаж, сэтгэлд хөндүүр байдаг. Хаана ч явсан ямар нэгэн ном заавал чирч явдаг.
Дурсамж хөөвөл 2р ангидаа номын сайн нөхөр болсон. Тэгэхэд уншсан ном бүхэндээ тэмдэглэл хөтөлдөг байсан. 300 орчим ном уншсан байв уу даа. 3р анги төгстлөө 800 гаруй номын тэмдэглэл хөтөлсөн. Нэг нооройсон дэвтэрүүд явдаг байлаа. Тэрнээс хойш тэмдэглэж бичихээ больсон. Мэдээж хэрэг тэр тэмдэглэлүүд олигтой юм байгаагүй нь тодорхой. Зохиол, зохиолчийн нэр, хэвлэлийн хуудас, агуулга гэх мэт зүйлс л голдуу бичдэг байсан санагдана.

Танд хамгийн их нөлөөлсөн, өөрчлөлт авчирсан ямар ном байна вэ?

Ер нь ном болгон, учрал болгон ямар нэгэн хэмжээгээр өөрчлөлтөд хөтөлдөг. Гэхдээ оюун санааны эрлийн зүг чигийн өөрчлөлт л хамгийн чухал өөрчлөлт. Хориод насанд уншсан Александр Герцений “Туулсан замд төрсөн бодол” гурван боть эргэцүүлэн бодоход сургасан, бас эрлийн зүг чигийг цоо шинээр тодруулсан. Гөте-гийн “Залуу Вертерийн шаналан” бол ер уран бүтээлчдийн гарцаагүй туулдаг шаналан, босго, даваа юм. Хүн хүнд харилцан адилгүй ирдэг байх. Миний хувьд цохилт маш хүнд байсан. Босож ирэх гэж бараг арван жилийг манарч үрсэн. Тэр бүх хугацаанд Герцен хажууд байлаа.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

За даа, сайн хэлж мэдэхгүй нь. Хэрвээ туулж өнгөрүүлснээ харвал уулчны, магад бүр Сизиф шиг дахин дахин оргил өөд зүтгэх л тавилантай, түүнээ ч мэддэг, тэгээд тэсэн тэвчин, шүд зуугаад дахиад л оргил өөд босоод зүтгэдэг уулчны тухай ном хэрвээ байдаг бол түүнтэй төстэй гэмээр. Эсвэл хаяа захгүй далайд хаашаа ч юм тэнүүчлэн одох өнчин ганц завины цайран харагдах далбааны тухай бичсэн Лерментовын бяцхан шүлэг шиг ч юм уу даа.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Винни Пүүх /Зохиолч нь Александр Милн/

Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юу?

Найрагч дүү Б.Алтанхуягын “Арван өвлийн хойно” шүлгийн түүвэр, бас Анни Эрногийн “Эмэгтэй”… Алтанхуяг аавдаа олон шүлэг бичжээ. Заримыг нь нулимстай уншлаа. Гэтэл аавын тухай огт байхгүй, Эрногийн “Эмэгтэй”-г уншихаар бас л аав бодогдоод, дотор шимшрээд болдоггүй.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

Сая болдог номын баяраар хэдэн ном авчирсан, өмнө авчирсан нь сөхөж ч амжаагүй арваад ном байгаад байдаг. Том нь Юань Улсын судар 4 боть.

Унших дуртай зохиолч?

Хюго. Унших бүр өөрийгөө олж хардаг.

Таны ширээний ном?

Мэдэхгүй, үргэлж л өөрчлөгдөж байх юм байна шүү дээ.

Номыг ямар орчинд уншвал хамгийн амттай вэ?

Байгалд, болжморын шулганаан дунд унших сайхан. Эсвэл том цэлгэр цонхны дэргэд суугаад, хажууд зууханд гал шүжигнэн, амьд халуун илчийг нь мэдрэнгээ, үе үе номноосоо хараа салган, тэр цэлгэр цонхоор тэртээ алсыг ширтэн бодлогоширч, шүүрс алдан алдан унших ч сайхан.

Ер нь байна аа, амьдралын хүнд хэцүү шалгуур сорилтой тулгарсан үедээ уншсан ном л, ямраас үл хамааран хамгийн сайн нь байдаг.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Орчлонгийн хов хоосныг мартагнуулан сатааруулагч аугаа хуурмаг этгээд зэрэглээ.

Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

 

Munkhzul.B