Орчуулагч Д.Баярмаа: Ном бол хүний хамгийн үнэнч нөхөр, хамгийн тэвчээртэй багш юм.

Танд энэ өдрийн мэнд хүргэе, Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулна уу.
Юуны өмнө намайг урьж, уншигчидтайгаа уулзах боломж олгосонд баярлалаа. Намайг Доржготовын Баярмаа гэдэг. Би Австралийн зохиолч Лайн Мориартийн шилдэг бүтээлүүдийн нэг болох “Нөхрийн нууц” романыг англи хэлнээс монгол хэлнээ хөрвүүлсэн гаргасан орчуулагч. Миний хувьд орчуулга гэдэг нь зөвхөн нэг хэлнээс нөгөө хэл рүү үг хөрвүүлэх ажил биш, харин соёл, сэтгэлгээ, үзэл санаа, хүний амьдралын туршлагыг уншигчдад хүргэх гүүр болдог гэж боддог. Тиймээс хэл, ном, унших соёл гурвыг миний амьдралын салшгүй хэсэг гэж хэлж болно. Өнөөдөр уншигчидтайгаа номын үнэ цэнэ, уншихын ач холбогдол, мөн өөрийн уншлагын болон орчуулгын туршлагаасаа хуваалцах боломж олдсондоо баяртай байна.
Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү?
Ухаан орсон цагаасаа эхлэн манай гэрт маш гоёмсог хийц, өвөрмөц дизайнтай номын сан байдаг байлаа. Тэр номын сан миний хүүхэд насны хамгийн дотно орчны нэг байсан гэж боддог. Мөн өвөөгийнд маань асар олон ном бий. Сүүлд нь тэр их номыг хэдэн машинаар зөөж байсныг одоо ч тод санаж байна. Номоор хүрээлүүлж өссөн тэр орчин миний номд дурлах, унших сонирхлын эхлэл болсон болов уу гэж боддог.
Багадаа чөлөөт цагаа хаана өнгөрөөдөг байсан бэ? Номын сангаар хэр үйлчлүүлдэг хүүхэд байв.
Би багадаа сургуулийнхаа номын сангаар их үйлчлүүлдэг хүүхэд байсан. Ялангуяа зуны амралтаараа олон төрлийн ном уншиж, ихэнх чөлөөт цагаа номтой нөхөрлөж өнгөрөөдөг байлаа. Тэр үед тог тасрах үе цөөнгүй учраас өдрийн гэрэл сайн байхад аль болох их уншихыг хичээдэг байсан. Заримдаа уншиж буй зохиолдоо хэт автаад орой болсныг ч анзаарахгүй, лааны гэрэлд хүртэл үргэлжлүүлэн уншиж байгаад загнуулах үе ч гарна. Мөн хүүхэд ахуйдаа их идэвхтэй, олон төрлийн дугуйланд хамрагддаг байлаа. Аэробик, дуу, бүжгийн дугуйлан зэрэгт тогтмол оролцоно. Үүнээс гадна найз нөхөдтэйгөө нийлж сагсан бөмбөг тоглох зэргээр чөлөөт цагаа хөгжилтэй, дурсамжтай өнгөрөөдөг байсан.
Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ? Дурсамжаасаа хуваалцахвал?
Тэр үед одоогийнх шиг номын баяр өргөн хүрээнд зохион байгуулагдаж, шинэ номууд элбэг худалдаанд гардаггүй байсан болохоор ном олдоно гэдэг өөрөө их үнэ цэнтэй зүйл байлаа. Магадгүй тэр л үеэс номд бүр илүү дурласан байх. 2 билүү 3 дугаар ангид байхдаа Ж.Барамсай гуайн “Цүнхтэй инээд” номыг анх их шимтэн уншиж байсан минь тод санаанд үлджээ. Тэр номдоо үнэхээр татагдаад, амралтын газрын номын сангаас аваад коридорт нь нуучихдаг байлаа. Коридорт нь нэг том ваартай цэцэг байдаг байсан бөгөөд би номоо тэр цэцгийн ард үлдээгээд, хүн харахгүй үед очиж үргэлжлүүлэн уншдаг байсан. Номоо дуусгах гэж яардаг, тэр ертөнцөөс салмааргүй санагддаг хүүхэд насны нандин дурсамж одоо ч сэтгэлд тод үлджээ.
Таны хүүхэд насны мөрөөдөл
Тэр үед миний хамгийн их мөрөөддөг зүйл бол онгоцоор нисэж, гадаад орнуудаар аялж үзэх байлаа. Социалист нийгмийн үе байсан болохоор бусад улс орнуудтай харилцах харилцаа нэлээд хязгаарлагдмал, гадагшаа явах боломж ч ховор байсан. Тиймээс гадаад ертөнц гэдэг бидний хувьд их сонин, хүрч боломгүй мэт санагддаг байсан. Тэр үеийн ойлголтоор орос хэлтэй хүн их мэдлэгтэй, мундаг хүн мэт харагддаг байлаа. Тийм хүмүүсийг биширч, “би ч бас тийм болно” гэж бодон өссөн дөө.
Багадаа хэр их ном уншдаг хүүхэд байсан бэ?
Би багадаа ном л олдвол уншчихдаг хүүхэд байлаа. Ямар ч төрлийн ном байсан сонирхон уншиж, нэг эхэлсэн номоо дуусгах хүртлээ их шимтдэг байсан. Нэг удаа зуны амралтаараа “Далдын хар малгай” номыг ээжийнхээ найзынд очихдоо олж уншсан юм. Ном нь тийм сонирхолтой санагдаад, орных нь ард нуучхаад зав л гарвал очиж үргэлжлүүлэн уншдаг байлаа. Гэхдээ мэдээж гэрээс нь авч явалгүй, байсан газарт нь үлдээгээд уншиж дуусгасан. Тэр үеийнхээ номд дурлаж, зохиолын ертөнцөд бүрэн автаж чаддаг байсан хүүхэд нас одоо ч их нандин дурсамж болж үлджээ.
Ном унших дадлаа хэрхэн бий болгосон бэ?
Магадгүй тэр үед одоогийнх шиг интернэт орчин байгаагүй нь ч нөлөөлсөн байх. Аав, ээж хоёр маань өөрсдөө их ном уншдаг, уншсан зүйлсийнхээ талаар надтай ярилцдаг байсан нь номд дурлахад минь их нөлөө үзүүлжээ. Мөн өвөөгийнд очихоор ээжийн минь арван дүү дундаас номын хорхойтой хүмүүс олон байдаг байлаа. Тэдний уншиж буй ном, ярьж байгаа яриаг сонсохоор өөрийн эрхгүй сонирхол төрдөг байсан. Одоо эргээд бодоход тухайн үедээ их ховор, үнэ цэнтэй сайхан зохиолуудыг уншиж өссөн нь миний хувьд том аз завшаан байжээ.
Таны амьдралд хамгийн нөлөөлсөн 1–2 номыг нэрлээд, яагаад гэдгийг нь хэлбэл?
Надад хамгийн их нөлөөлсөн зохиолуудын нэг бол ‘’Монте Кристо Гүн’’юм. Хэдий олон жил хилсээр шоронд хоригдож, амьдралын маш хүнд сорилтыг туулсан ч гол дүр нь аливааг зөвхөн өш хонзонгийн өнцгөөс бус, илүү ухаалгаар харж чаддаг нь их гүн сэтгэгдэл төрүүлсэн. Уучлал, тэвчээр, амьдралаа өөрийн оюун ухаан, сонголтоор удирдах чадвар нь хүн болж төрсний нэг давуу тал юм байна гэдгийг ойлгуулсан зохиол гэж боддог. Мөн ‘’Морь унасан толгойгүй хүн’’ (роман) зохиол надад их нөлөөлсөн. Энэ зохиолоор дамжуулан эрх мэдэлдээ хэт эрдсэн хүмүүс, бусдыг дарангуйлдаг үзэл бодол ямар ч нийгэм, ямар ч цаг үед байсаар ирснийг ойлгож харсан. Өнөөдрийн нийгэмтэй ч холбон бодох олон санаа төрүүлдэг, үнэхээр гүн утгатай сайхан зохиолуудын нэг гэж боддог.
Та ном сонгохдоо юуг хамгийн түрүүнд хардаг вэ?
Ном сонгохдоо би хамгийн түрүүнд “Энэ номыг ямар зорилгоор унших гэж байна вэ?” гэж өөрөөсөө асуудаг. Учир нь танин мэдэхүйн ном, уран зохиол, романтик болон түүхэн бүтээл зэрэг төрөл жанр бүр өөрийн гэсэн онцлог, үнэ цэнтэй байдаг. Тухайн цаг үед ямар мэдээлэл авах, ямар мэдрэмж мэдрэх, эсвэл ямар зүйл ойлгож ухаарахыг хүсэж байгаагаас миний номын сонголт ихээхэн шалтгаалдаг. Заримдаа номоор дамжуулан өнгөрсөн цаг үе рүү аялж, өөр эрин үеийн хүмүүсийн амьдрал ахуй, үзэл бодлыг танин мэдэхийг хүсдэг. Харин зарим үед ажил мэргэжил, хувь хүний хөгжилд хэрэгтэй мэдлэг мэдээлэл олж авахыг зорьдог. Мөн түүхэн үйл явдал, нэрт хүмүүсийн амьдрал замналтай танилцаж, тэдний туршлагаас суралцахыг эрмэлздэг. Тиймээс миний хувьд ном бүр өөр өөрийн гэсэн зорилго, өгөөж, үнэ цэнийг агуулдаг. Иймээс би унших зорилго, хэрэгцээтэйгээ уялдуулан номоо сонгож уншихыг илүүд үздэг.
Энэ их ажлын хажуугаар ямар ном уншиж байна вэ?
Мэй Маскийн “Төлөвлөгөөтэй эмэгтэй”, С. Начин “Он цагийн хээ”, Лайн Мориартигийн “Ховсдуулсан хайр”, Мэл Гибсоны “Зөнд нь орхи” зэрэг олон номыг би нэгэн зэрэг эхлүүлэн унших дуртай. Зарим номын санаа, дүрүүд, эсвэл онцгой эшлэлүүд нь сэтгэлд хүчтэй хоногдож, соронз мэт татсаар дахин дахин сөхөж уншихад хүргэдэг. Тэр дундаа зарим хэсгийг олон удаа унших тусам шинэ өнцгөөс ойлгож, өмнө нь анзаараагүй утга санааг олж хардаг нь номын хамгийн гайхамшигтай чанар гэж боддог. Тиймээс надад уншиж дуусгаад орхих биш, үе үе эргэн сөхөж, дахин уулзахыг хүсдэг номууд цөөнгүй бий.
Таны ширээний ном
Миний ширээний ном бол Дэн Брауны “Да Винчигийн код” англи эхээрээ байдаг энэ ном олон жилийн турш миний ширээн дээр байсаар ирсэн. Хэдийгээр хэд хэдэн удаа уншсан ч сөхөх бүртээ шинэ зүйл анзаарч, дахин шимтэн унших хүсэл төрдөг. Тийм болохоор энэ ном миний хамгийн ойр байдаг номуудын нэг болсон доо.
Та өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном байх байсан бол
Хэрэв би өөрийгөө номтой зүйрлэвэл олон хэл, олон өнгө аяс хосолсон шүлгийн ном байх байсан болов уу. Эхний хуудаснууд нь монгол хэлээр эхэлж, дундаа орос хэлтэй нөхөрлөж, төгсгөл хэсэг нь англи хэлээр үргэлжлэх бөгөөд хааяа нэг герман үг, хэллэг ч үзэгдэнэ. Учир нь миний амьдрал, сонирхол, суралцсан зүйлс өөр өөр соёл, хэл, цаг үеийн нөлөөг агуулж ирсэн. Тиймээс нэгэн хэвийн биш, сөхөх тусам шинэ өнгө аяс, шинэ утга санаа мэдрэгддэг шүлгийн ном байх болов уу гэж боддог.
Уншихыг төлөвлөж буй ном байгаа юу нэрлэвэл?
Уншихаар төлөвлөж буй ном маш олон бий, нэрлээд барагдахгүй болов уу. Гэхдээ миний нэг хүсэл бол Монголын шилдэг зохиол бүтээлүүдийг англи хэл дээр болон дэлхийн уншигчдад хүрсэн орчуулгаар нь уншиж үзэх юм. Эх хэлээрээ уншихад нэг мэдрэмж төрдөг бол өөр хэл дээр орчуулагдсан хувилбарыг нь уншихад тухайн бүтээл дэлхийн уншигчдад хэрхэн хүрч, ямар өнгө аясаар хөрвүүлэгдсэнийг мэдрэх сонирхолтой санагддаг. Монгол зохиолчдын бүтээлүүд дэлхийн тавцанд үнэлэгдэж, олон улсын уншигчдын хүртээл болж байгааг харах сайхан байдаг болохоор тэдгээрийг өөр хэл дээр дахин уншиж үзэх хүсэл надад бий.
Хэдхэн хоногийн өмнө өөрийн орчуулсан “НӨХРИЙН НУУЦ” номын нээлтээ хийсэн энэ номынхоо талаар товчхон уншигчдад танилцуулаач
Австралийн Лайн Мориарити хэмээх зохиолч эмэгтэйн бүтээл удахгүй дэлгэцийнх ч болох гэж байгаа тул номоор нь уншчихаад харьцуулах сайхан боломж гэж бодож байна. Амьд ахуйд маань бүү задлаарай гэсэн өөрт нь хаягласан захидлыг эхнэр нь олсноор тухай зохиолын үйл явдал өрнөдөг…
Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?
Хэрэв залуучуудад урам зориг, ухаарал өгөх нэг ном санал болгох боломж олдвол Ф.М.Достоевскийн “Гэм зэм ба ял шийтгэл” романыг нэрлэх байна. Энэ зохиол нь зөвхөн гэмт хэрэг, шийтгэлийн тухай өгүүлэхээс гадна хүний мөс чанар, ёс суртахуун, хариуцлага, сонголтын үнэ цэнийн талаар гүн гүнзгий эргэцүүлэх боломж олгодог. Залуу насанд хүн өөрийгөө таньж мэдэх, зөв буруугийн талаар бодож тунгаах, амьдралын утга учрыг эрэлхийлэх үе их тохиолддог. Тиймээс энэхүү бүтээл нь уншигчдыг зөвхөн үйл явдлаараа татахаас гадна дотоод ертөнц рүү нь өнгийлгөж, өөртэйгөө ярилцах боломжийг олгодог онцгой зохиол гэж боддог.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ”Ном” гэж юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?
Миний бодлоор ном бол хүний хамгийн үнэнч нөхөр, хамгийн тэвчээртэй багш юм. Ном бидэнд өөр цаг үе, өөр ертөнц, өөр хүний амьдралаар аялж үзэх боломжийг олгодог. Мөн заавал өөрсдөө бүхнийг туулж, алдаж байж сурах бус, бусдын туршлага, ухаарлаас суралцах боломжийг өгдөг. Товчхондоо, ном бол мэдлэг, ухаарал, төсөөлөл, мөрөөдөл рүү хөтөлдөг хязгааргүй боломжийн хаалга бөгөөд хүнийг гэгээрүүлж, төлөвшүүлж, амьдралыг илүү өргөн хүрээнд харахад тусалдаг гайхалтай нөхөр гэж боддог. Эцэст нь хэлэхэд, номтой нөхөрлөсөн хүн хэзээ ч ганцаарддаггүй. Тиймээс уншигчдадаа өдөр бүр хэдхэн хуудас ч болов ном уншиж, өөрийн оюуны ертөнцдөө хөрөнгө оруулж байгаарай гэж хүсье.
Бидний урилгыг хүлээн авч, халуун дотно яриа өрнүүлсэнд баярлалаа.