Оюун санаагаа эрүүл байлгах, дархлаа тогтох эдгэрэх боломжийг ном бидэнд олгодог унших бичихийн утга учир нь үүнд оршдог болов уу даа…
Урилга хүлээн авч, ярилцаж байгаа танд баярлалаа. Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юу?
Анх дөрвөн настайдаа номтой танилцаж байлаа. Би малчин айлын бага хүү л дээ. Аав минь жолооч, хувиараа тээвэрт явдаг байсан цаг. Ээж, эгч бид гурав ар дааж үлддэг байсан гэх юм уу даа. Хотоос ирэх болгондоо аав минь бидэнд тоглоом, амттан, олон янзын, хөдөөд ховор юм авчирч өгнө. Нэг удаа аав минь эгч бид хоёрт хэд, хэдэн үлгэрийн ном авчирч өглөө. Тэр дундаас хамгийн тод санаанд үлдсэн нь А.С.Пушкины “Алтан загасны үлгэр” юм. Тухайн үед би сургуульд ороогүй үсэг мэдэхгүй учраас эгч минь надад уншиж өгнө. Унтах болохоор эгч минь ахиад л уншиж өгнө. Сүүлдээ бараг цээжлэх шахуу юм болсон байх.
Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?
Хүүхэд байхдаа “Урлагийн хүн болно” хэмээн мөрөөддөг байсан. Сүүлд эргээд харсан утга зохиол, урлаг судлалын мэргэжил эзэмшсэн гэхлээр таарч буй бололтой.
Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?
Уншина. Олдсон хэрээр л уншдаг байсан санагддаг.
Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?
Мэдээж үсэг нүдэлж гүйцээд л уншаад эхлэв дээ. Гэхдээ сонголт тийм ч сайн байгаагүй нь мэдээж, номын санд суух тухай мэдэх ч үгүй, сургуулийн номын сан чинь тэгэхэд хэдэн орос хэл дээрх хатуу хавтастай ном, сурах бичиг, монголын уран зохиолын дээжис 108 боть зэрэг номнууд л харагддаг байсан үе. Харин дунд ангид ормогц Завхан аймгийн төв Улиастай руу шилжсэн. Тэнд Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн төв номын санд уншигчийн үнэмлэх нээлгэж, эрх чөлөө тэндээс үүдсэн дээ.
Хэзээнээс номын амтанд шимтэх болов. Үүнтэй холбоотой дурсамжаа хуваалцахгүй юу?
Дунд сургуулийн маань хэл уран зохиолын багш н.Тунгалаг гэж үзэсгэлэнтэй, дэгжин, өндөр боловсролтой багш надад ном зохиолд ойртох, цаашлаад уншиж дадах, шүлэг зохиол оролдох зэрэгт урам хайрлаж, өөрийн үр хүүхэд шиг ээ тэтгэн, халамжилж явсан сан. Багш минь нэг өдөр миний талаар бөөн эрэл сурал болсоор сургуулийн үүдний хэсэгт бидэн таарлаа. Тэр үед багш “Л.Ванган зохиолчийн нэрэмжит “Дүр бүтээх” жүжгийн уралдаан зарлагдсан сургуулиас баг бүрдүүлж орно чи голлоно” гэв ээ. Ингээд анги ангиас урлагийн үзлэгийн нүүр тахлагчидыг цуглуулан баг бүрдүүлж, бид Л.Ванганы зохиол “Жож сэрээнэн” бүтээл дээр ажиллаж эхлэв. Мэдээж бидэнд бол уйтгартай зохиол санагдана шүү дээ, хүүхдүүд учраас. Тэгэхэд багш маань биднийг овоо олон дахиулан уншуулж өөр хоорондоо зохиолын талаар ярилцлага хийлгэж эцэст нь бидний гүйцэж ойлгоогүйг өмнөх цаг үеийн нөхцөл, дүрийн онцлог зэргийг задлан тайлбарлаж өгч бид ч урам аваад тэмцээндээ чамгүй сайн амжилт үзүүлсэн юм даг. Энэ үеэс л номыг унших ойлгох зэрэгт ахиц гарч цаашлаад өөрөө сонгох, унших дадал сууж байсан байх даа.
Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?
Хоёр.
Таны унших дуртай ширээний ном?
Өвөрмөц хэлцийн тайлбар, монгол хэлний толиуд л инхэнхдээ сөхдөг.
Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?
Сонирхолтой асуулт байна. Хэл шинжлэлийн ном байх болов уу?
Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?
Миний хувьд хаана чиг л тухтай байдаг даа. Жоохон төвлөрөөд ирсэн үед бол хажуу айл, манайх хоёрыг зааглаж буй хана нурсан ч тоохгүй байх. Гэхдээ хамгийн тухтай газар гэвэл гэртээ.
Та ихэвчлэн ямар хэлбэрээр ном уншдаг вэ? (Цахим болон хэвлэмэл гэх мэт)
Аль ч хэлбэрээр унших шаардлага гарна. Гэхдээ хэвлэмэл байдлаар нь надад илүү дөхөм шүү.
Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?
Олон ном байгаа даа. Ном чинь дээд зэргийн оюуны хөдөлмөр учир уншигч хэр бэлтгэгдсэн гэдгээс л сонголт нь өсөөд явдаг шиг ээ, чи ийм ном унш, тэр зохиолчийг шүт гэх нь утгагүй зүйл шүү дээ. Миний бодлоор дэлхийн суутан хэмээн нэрлэгдэж буй хүмүүсийн намтар өгөөжтэй байж мэднэ. Жишээ нь манай уран зохиолын салбарт Жеральд Мартин “Габриэль Гарсиа Маркес”(намтар) эл ном маш сонирхол татаж байна. Бод л доо, “Зуун жилийн ганцаардал” ном яаж борлогддог билээ. Гэтэл түүнийг уншаад ойлгодог нь хэд билээ. Сонирхолтой шүү.
Бусад хүмүүсийг уншаасай, мэдээсэй гэж хүсдэг ном?
Ний нуугүй хэлэхэд ийм ном уншаасай тийм ном уншаасай гэхээс илүү төрийн албан хаагчид, төр захиргааны байгууллагад ажиллаж буй ажиллагсад бүгдээрээ л уншдаг байгаасай. Үсэг мэддэг хүн олон ч, ном уншдаг нь хуруу дарам цөөн байгаад байна. Сүүлийн гурав, дөрвөн жил хот нийслэл, аймаг, сум, дамжин төрийн байгууллага, хувийн хэвшилд ажиллаа. Ном уншдаг хүн алга үнэхээр шүү. Энэ бол эмгэнэл, жинхэнэ эмгэнэл байхгүй юу, багш мэргэжлээр төгсөөд ирж буй шинэ боловсон хүчний ихэнх нь оюутан байхдаа ном унших дадал суугаагүй төгсөж ирдэг юм байна шүү дээ. Тэд уншаад судлаад ирсэн бол сайн мууг нь ялгадаг болоод л ирнэ. Гэтэл тйим биш байгаа нь маш хачирхалтай санагддаг. Түүнээс бусдаар бол “Монголын нууц товчоо” , “Гэсэр”, “Жангар”, “Лу.Алтан товч , А.Амар “Монгол улсын товч түүх”, “Монгол улсын түүх I, II, III боть, “Илиада”,”Одиссей” /туульс/ , “Монголын уран зохиолын дээжис-108” боть, “Дэлхийн сонгодог утга зохиолын 50 боть” гээд нэрлээд гүйцэмгүй билээ.
Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?
Сонгодог бүрэн зохиолууд, Тэр дундаа жүжгийн зохиол болов уу. Мэдээж эрдэмт багш нарын минь нөлөө их бий. Н.Ганхуяг, Д.Чинзориг, П.Батхуяг агсан энэ гурван хүн намайг цэх шулуун, даруу төлөв, бат итгэлтэй, чин үнэнч байхад сургаж орхижээ хэмээн дотуур боддог юм. Өөрчлөгдөх боломж олгосон гэвэл олон ном бий. Жишээ нь: П.Батхуяг “Хүрэл зүрх”, Д.Батбаяр “Цахилж яваа гөрөөс”, А.Чехов “Зургаадугаар тасаг, Б.Брехт “Эхийн сэтгэл”, Д.Намдаг “Хярааны хонхорт”, Г.Баяр “Танихгүй цэцгийн үр” , Д.Баттогтох “Шилдэг шүлгүүд I,II” гээд бүтээлүүд хамгийн эхэнд санаанд буулаа.
Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?
Үргэлжилсэн үгийн зохиолыг барьж авсан даруйдаа дуусгах гэж мэрийдэг, дийлэхгүй бол хоёр, гурав хоногт хуваан уншиж гүйцээнэ. Харин шүлгийн ном, судалгааны бүтээлүүд зэргийг барин тавин уншиж гүйцээдэг зуршилтай гэх юм уу даа.
Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?
Хүүхдэд заах гэж түрэгдэхээс илүүтэй эхлээд сайн сонсох чухал санагддаг. Тэр үед сурагч багш, асран хамгаалагч аль байсан ч өөрийгөө барих хэрэгтэй. Хүний ялангуяа хүүхдийн хөгжлийн түлхүүр нь өөрт нь явдаг гэж ойлгогддог шүү. Тэрийг л сайн чагнаад, мэдээд авбал дуртай зүйлээр нь дамжуулан боловсрол төлөвшил, мэдлэг олгоод байж болмоор санагддаг.
Унших дуртай зохиолч?
А.Чехов, Сабахаттин Али, Уильям Шекспир, Д.Энхболд, П.Баярсайхан, Г.Аюурзана, П.Батхуяг, Б.Батрэгзэдмаа
Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Маш энгийнээр тайлбарлах юм бол хооллохтой л ижилхэн үйл л дээ. Өглөө бослоо өглөөний цайгаа ууна, өдөр тэжээллэг хүнс, үдэш хөнгөхөн зоог барьдаг шиг сэтгэл, оюун санаагаа эрүүл байлгах, дархлаа тогтох эдгэрэх боломжийг ном бидэнд олгодог унших бичихийн утга учир нь үүнд оршдог болов уу даа.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?
Ном бол өнөөдөр, өчигдөр, маргааш мэндэлж амжаагүй атал харин уржигдар аль хэдийн бичигдсэн байдаг.