П.Одгэрэл: Ном бол амьдралын тусгал. Төсөөллийн өрөө.
Овог нэр: Пүрэвдоржийн Одгэрэл
Эрхэлж буй ажил, албан тушаал: “Чинсан хөгжлийн академи”-ийн ярих ур чадварын багш
Сошиал хуудас: Fb page Odgerel Purevdorj, FB profile Odko Putevdorj, Instagram Odgereltv
Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв? Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юу?
Ухаан ороход л том өрөө дүүрэн номтой байдаг байсан. Мөн эгч нар маань маш их ном уншдаг. Орой болохоор ном уншуулахгүй гэж гэрт асуудал үүсдэг байсныг санаж байна. Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” хэсэг хэсгээр нь сурах бичигт байдаг байсан нь их таалагдаж, шимтэн уншиж байсан. Д.Нацагдоржийн “Шувуун саарал” монгол бичгээр уншиж байсан. Монгол бичгийн анги байсан учраас мөн л сурах бичгээсээ хэсгийг нь олж уншаад маш гоё сэтгэгдэл төрж байсан.
Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?
Орос ардын үлгэрүүд л их уншдаг байсан. Гэрт ч их байдаг байж. Тэр дундаас хүрэн хатуу хавтастай “Үүлэн бор”, “1001 шөнийн үлгэр” Балтын тэнгис хавийн үлгэр гээд л үлгэрүүд. “Жангар”, “Гэсэр”-ийн тууж.
Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?
Хүүхэд байхдаа жүжигчин болно, зураач болно гэж их мөрөөддөг байсан. Сэтгүүлч мэргэжлийг бүр том болоод 9-р ангидаа л сонгож байсан.
Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?
Аав байнга л ном уншиж харагдана. Эгч нар мөн адил байнга ном уншина. Чэйз гээд цуврал өнгө өнгийн хавтастай гэмт хэргийн тухай цувралыг найзуудтайгаа сольж уншиж байсныг нь санаж байна. Гэрийн номын санд дэлхийн сонгодог зохиолууд бүгд байдаг байсан. Харж , ажиглаж л сурсан байх.
Та ном бичих мотивациа яаж олдог вэ?
Одоогоор ном бичсэн туршлага бага байна. Анх 2005 онд “Хар шилний цаана” нэртэй шүлгийн ном гаргаж байсан. Өдөр шөнөгүй, өглөө оройгүй бичдэг байсан. Бүх хүмүүсийг унтуулчихаад гал тогооны өрөөндөө ганцаараа бичээд л суудаг байснаа санаж байна. Бас шүлэг бичиж буйгаа их нууцладаг байсан юм байна.
Та өдийг хүртэл хичнээн уран бүтээл туурвиж байна вэ?
Том бүтээл туурвиагүй ээ. Эмнести интэрнэшнл олон улсын байгууллагын төслийн дагуу “ Том ах” нэртэй жүжгийн зохиол гэхэд арай л ахдахаар нэг зохиолын хэсэг дээр ажиллаж байсан. Дараа нь Вlackbox театрт уншлага хэлбэрээр үзэхэд сайхан санагдаж байсан. Мөн театрын ойгоор УДЭТ-ын тайзнаа зохиолч гээд гарч байхад их гоё мэдрэмж төрсөн. Зохиолын хамтрагч маань “Үргээлэг-2” киноны зохиолч, Т.Бум-Эрдэнэ гээд мундаг хүн бий. Миний хувьд “Зүрхэнд гэрэлтэх Од”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, Зүрхээр наадагч”, Содура”, “Говийн домог”, “Өртөө”, “Тэнгэрээс буусан Од” гэх мэт хэд хэдэн киноны дуу, “Зүрх чамруу”, “Хунгийн дуулал”, “Найзуудаа санана”, “Зул сар” гэх мэт 30 гаруй дууны шүлэг бичсэн байна.
Сүүлийн үед та зохиол бичиж байгаа юу?
Зохиол бичнэ гэж үргэлж төсөөлдөг. Цаг нь арай болоогүй юм байлгүй. Одоо бол ажлын онцлог, шаардлагаар англи хэлний мэдлэгээ ахиулах зорилгоор Жэймс Виллиамсын “Public Speaking” нэртэй ном орчуулах гэж үзэж тарж байна.
Таны амьдралыг болон хувь хүнийг нь өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?
3-р ангид байхдаа Чингиз Айтматовын “Цаазын тавцан” номыг уншаад маш их бодолд автаж байсан. Үйлийн үрийн тухай, хүн гэдэг ямар зэрлэг юм бэ? гэдгийг ойлгож эхлэсэн үе гэх юм уу. Анх удаа амьтны оронд өөрийгөө тавьж үзээд маш их өрөвдөж хайрлаж байсан.
Хувь хүний хөгжлийн ном гэвэл том эгч оюутан болохын өмнөх жил “Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг” нэртэй номыг унш гээд өгч байсан. Эхлээд уншихдаа нээх юм бодоогүй. Одоо бодоход маш их зүйлийг өгсөн байдаг. Тэр номыг олон удаа уншаад алга болчихсон чинь бага эгч дахиад л авч өгч байсан. Тэгээд нүүдэл суудал хийгээд хожим өөрийн гэсэн номын сантай болох үед бас нэг шинэ хэвлэлтэй болсон. Энэ номыг хааяа гаргаад ямар ч хамаагүй хуудсыг нь сөхөөд үзэхэд их гоё мэдрэмж төрдөг. Яг оюутан байхдаа ажлын байран дээр гарч, маш их ачаалалтай сурч, ажиллаж байсан үеийн хүндрэлүүд, тэдгээрийг тэвчээр гарган даван туулж байсан үеийг минь эргэн сануулдаг.
Таны ширээний ном ?
Аръяабалын бясалгалын жижигхэн ном бий. Миний сэтгэлзүйч шиг л байдаг.
Яг одоо ямар ном уншиж байна вэ?
Сүүлд уншиж дуусгасан гэвэл аавын өгсөн Д.Цэмбэлийн “Галдан Бошгот хаан” номыг уншсан. “Миний нутгийн газраас бурхан гуйсан ч бүү өг” гэсэн үг нь их сэтгэгдэл төрүүлдэг. Мөн аав номон дээр тэмдэглэл хийсэн байсан учраас гүйлгээд л уншаад дуусгасан. Яг одоо бол хэд хэдэн ном зэрэг эхлүүлсэн байгаа. Тогтож уншсан нь Мишель Полерийн “Сайн уу Айдас минь”. Айдас төрөхөөс үхэх хүртэлх хугацаанд бидэнтэй хамт байдаг зүйл. Харин түүнийг ялах зоригийн тухай маш энгийнээр бичсэн. Зохиолч айдсаа хэрхэн даван туулсан түүхээ хуваалцах хэлбэрээр бичигдсэн орчин үеийн ном. Айдастайгаа нүүр тулсаны дараа тэр нь бодож байсан шиг тийм ч хэцүү зүйл биш гэдгийг хүмүүс ойлгож эхлэдэг. Энэ номыг ажилтайгаа холбогдуулан уншсан. Ярих ур чадварын сургалт зохион байгуулдаг болсноор хүн бүрт олон хүний өмнө гарах айдас түгшүүр байдгийг олж мэдээд сургалтын хөтөлбөртөө тусгах, өөрийгөө цэнэглэх үүднээс уншсан номнуудын нэг. Үүний хажуугаар Крис Андерсоны “Ted talks” уншиж байгаа.
Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?
Жэйн Остин “Бахархал ба бардамнал” Элизабетын дүр. Мэдээж Дарси Элизабет хоёрын ойлгомжгүй харилцаа маш их сонирхол татдаг байсан. Хүүхэд байхад олон ангит киног эгч нартайгаа үзээд номыг нь олж уншсан.
Уншихыг төлөвлөж буй ном ?
“Ад үзэгдэх зориг”. Мөн хувь хүнийн хөгжлийн хэд хэдэн ном худалдаж авсан байгаа. Jerry Minchinton “Maximum self-esteem” англи хэл дээр, Икигай, Харизм монгол дээр.
Өөрийгөө ном гэж дүрслэвэл та ямар төрлийн ном бэ?
Би түүхэн цаг үеийг харуулсан маш ээдрээтэй хэрнээ, утга уянгын, тэмцэл зөрчилдөөн ихтэй роман байхыг хүснэ.
Таны унших дуртай зохиолч
Яг нэг зохиолчийг дагнаж уншдаггүй. Гэхдээ Монгол зохиолчдоосоо бол Аюурзанын номыг аваад уншчихдаг. Монголынхоо түүхэн ном, хаад, хатдын тухай зохиолуудыг нэг бүрчлэн авч уншдаг. Нэлээн дээр үеийн яруу найргийн номнуудад дуртай. Сүүлийн үеийн орчуулгын номнуудын найруулга ихэнхдээ их муу байгааг мэдэрсэн. Тиймээс англи хэлний мэдлэгээ дээшлүүлэнгээ гаднаас ном захиж уншиж эхлээд байна.
Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?
Нам гүмхэн орчинд, ганцаараа, эсвэл голын эрэгт, лагерь гэх мэт тайван орон зай, өөрийн хувийн орон зай, тусгаарлагдмал төсөөллийн ертөнцөө бүрдүүлээд хэн нэгэн саад болохгүй байхыг маш ихээр хүсч уншдаг.
Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?
Уран зохиолын номыг барьж аваад таалагдвал өдөр шөнөгүй уншаад дуусгачихдаг. Тэгэхгүй бол дараа нь дахиж унших магадлал бага. Хувь хүний хөгжлийн номыг бүлэг бүлгээр нь уншдаг. Хэрэгтэй ишлэл, сэтгэл татах үгсийн доогуур тэмдэглэл хийдэг. Мөн хуудсыг нь нугалах дуртай. Дараа нь яг тэр хэсгийг олоод уншихад анх удаа уншиж байгаа юм шиг л урам зориг төрдөг.
Хэрэгтэй гэж үзвэл зорилго тавиад номын тэмдэглэл, өөрт хэрэгтэй, таалагдсан хэсгээс бичиж тэмдэглэвэл дараа нь хоногшилт, сэтгэгдэл илүү төрж болох юм. Ядаж өөр хэн нэгэнд номныхоо тухай ярьж, төрсөн сэтгэгдэлээ хуваалцаж болно. Би ном уншихдаа хамгийн сэтгэл хөдөлгөсөн хэсгүүдэд таних тэмдэг үлдээдэг.
Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болго гэвэл ямар номыг нэрлэх вэ?
Хүн болгоны сонирхол өөр. Сайн ном, сайхан бүтээл он цаг өнгөрсөн ч чанар чансаагаа харуулдаг. Монгол зохиолчдынхоо номнуудаас сайн уншаарай. Ялангуяа нэлээн дээр үеийн номнууд. Цаанаа нүнжигтэй хатуу хавтастай хэвлэлүүд байдаг даа. Монголынхоо үзэсгэлэнт байгаль, ахуй амьдрал, ёс уламжлал, дүр дүрслэл, түүхэн цагийн үеийн онцлог, зөрчил тэмцлийг харуулсан утга найруулга сайтай ном амттай. Эхний ээлжинд номын дэлгүүр орох юм уу, сошиалаар сонирхол татах номнууд юу байгааг нэг харчих хэрэгтэй. Дараа нь номын дэлгүүр ороод өөрөө барьж, үзэж, магадгүй хэсгээс нь уншиж үзээд сонголтоо хийвэл зүгээр. Мөн номын подкаст, тэмдэглэл маш их байгаа. Тэдгээрийг сонсоод сонголтоо хийвэл илүү өгөөжтэй байх. Эхнээсээ том ном барьж аваад ойлгохгүй бол шантарчихаж мэднэ. Би хүүхэд байхдаа олон зохиол уншсан ч заримаас нь юу ч үлдээгүй. Жишээ нь 5 дугаар ангид байхдаа гэрт байсан “Дөлгөөн Дон”, “Арбатын гудамж”, “Халуун салхи” зэрэг номыг уншсан атлаа одоо бодоход сайн ойлгоогүй санагддаг. Харин “Шадар 3 цэрэг”, “Хорин жилийн хойно” гээд номнуудыг эгч нараа дагаж их амтархан уншиж байсан. Дүү нартаа хэлэхэд зүгээр л ном унш. Уншаад эхлэхээр аяандаа ямар ном унших хүсэлтэй байгаагаа өөрөө мэддэг болно. Эрж хайдаг.
Таны хувьд ном уншдаг хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
Уншсан номоо ойлгодог, тэндээс ухаарал олж авч чаддаг, эргэцүүлдэг, дүрд нь орж шаналдаг догдолдог уншигчид байдаг даа. Мөн уншсан бүхнээ бусадтай хуваалцдаг хүнийг л хэлэх байх. Зүгээр л ном цуглуулдаг хүмүүс бий. Энэ ч бас үнэ цэнтэй. Би бол алтан дундаж. Эцэг эхчүүд үр хүүхдэдээ ном уншиж харагдаасай. Өөрсдөө үлгэрлэхгүй байж ном унш гэж үр хүүхдээсээ нэхээд нэмэргүй.
Ном уншихын утга учир нь юунд оршдог вэ?
Хэрвээ та өөрөө л хүсэх юм бол номоор дамжуулж бүх л түүхэн цаг үеэр аялах боломжтой. Амьдралын сайн муу, сайхан муухай бүр дүрх төрхийг олж харах боломжтой. Өөрийгөө бие даан хөгжүүлэх, мэдлэгээ тэлэх, ертөнцийг илүү өргөнөөр харах боломж нээгддэг. Бидний харж буй цонхыг улам гэрэлтэй бас том болгож өгдөг. Орон зай, цаг хугацаагаар аялуулдаг ид шидийн хэрэгсэл.
Номоо цаасаар уншиж байна уу, Цахимаар уншиж байна уу?
Би хэвлэсэн номонд дуртай. Үнэр нь хүртэл өөр, цаасны өнгө, хэвлэлийн чанар уншихад нөлөөлдөг. Гэвч цаг үеийн өөрчлөлт биднийг хүссэн хүсээгүй цахим номын сангаар аялуулж байна. Төрсний дараа гэртээ байх хугацаанд хувь хүний хөгжлийн хэд хэдэн сонсдог номыг Amazon-аас том эгч авч өгч байсан. Тэрийг эс тооцвол цаасан хэвлэлийн номоо л уншдаг даа.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?
Ном бол амьдралын тусгал. Төсөөллийн өрөө. Зөв номоо олж уншсан хүн гайхамшигт аялалыг хийж чаддаг.
Баярлалаа, таньд ажлын өндөр амжилт хүсье
Ярилцсан: Номын санч И.Энхтуяа