“Системтэй мэдлэг бол амжилтын үндэс”
Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач
Би 1980 онд Украин улсын Киев хотын Соёлын дээд сургуульд “Номзүй судлал-номзүйч” мэргэжлээр суралцаж төгссөн. 1980-аад оноос одоог хүртэл соёл урлагийн салбарт номын сан судлал, хэвлэл мэдээллийн чиглэлээр 40 гаруй жил ажиллаж байна.
Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?
Таарч байна. Би багаасаа ном унших дуртай, ном цуглуулдаг хүүхэд байсан. Миний цуглуулсан номыг аав ээж зуслан- хаваржаа -намаржаанд нүүж суухдаа дандаа л тусгайлан ачаад авч явдаг байсан, сүүл тийшээ сургуулийн суурин газар жижиг байшин барьж зөөврийн юмаа хадгалах газартай болж тэнд үлдээдэг болсон. Сургуулийн гэдэг нь Увс аймгийн Тэс сумын 1-р бригадын 4 жилийн сургууль бөгөөд миний өвөө Ган Чанга гэдэг хүн анх суурийг тавьж байгуулсан. Тэгээд дараа нь 8 жилийн сургууль болсон. Гадаадад сургуульд явсны дараа тэр сургуулийн номын санг миний номоор баяжуулж үлдээсэн багавтар түүхтэй. Голлон монголын болон орчуулгын роман, тууж гэх зэрэг утга, уран зохиолын багагүй ном байсан. Багш, сурагч, хэн ч байсан аав ээжээсээ гуйгаад л авч уншина г.м. бас хэрэгцээтэй л байжээ гэж боддог.
Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?
Миний үеийнхэн унших ёстой бүх л номыг ихэнхийг уншсан байхаа. Тэр үед 9-р ангид гадаадын уран зохиолын улсын шалгалт авдаг байхад бид бүгд л бүх роман туужуудыг билетийн дагуу 3-р сарын сүүл гэхэд уншиж бараг дуусчихсан байдаг сан.
Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Номыг нэг өдөр уншиж барахгүй, мөн тэр хэмжээгээр ийм мэдлэгийг хурдан хуримтлуулж чадахгүй. Тиймээс ном унших ажил тасралтгүй, насан турш байж байж л сая, ялангуяа өөрийн мэргэжлийн тогтолцоот мэдлэгтэй болох байхаа. Бараг ч бүгдийг уншиж мэдэж барахгүй дээ. Нэгэн ухаант хүн: “Уншихаа больчихвол сэтгэхээ больчихно шүү” л гээд бидэнд сануулчихсан байгаа.
“Үнэт зүйл” гэж үү? энэ их хэцүү хариулт, Юутай ч эрдэм ухаанд ч, энгийн амьдралд ч “Яахаа мэддэг” чиг баримжаатай, өөрөөр хэлбэл айдас багатай болдог гэхүү дээ. Ийм шинж олон уншигчдад төлөвшвөл нийгэмд баялаг бүтээх эрч хүч салбар бүрээр өсөн нэмэгдэж, жинхэнэ цогц “Үнэт зүйл” –ийн зүй тогтол буй болох юм даа.
Хэзээнээс номын амтанд шимтэх болов. Үүнтэй холбоотой дурсамжаа хуваалцахгүй юу?
Бага сургуулийн 2-р ангиас манай сургуульд орос хэлний Мишиг хэмээх өндөр багш ирсэн юм. Гадаад хэлээр гоё яриад, алхаж гишгэж, нүднийхээ шилний дээгүүр хараад, сүрдмээр, бүх хүүхэд гайхширсан маягтай л байдаг байлаа, яаж ийм хүн болоов л гэж бодож байсан, багаасаа л хэрэндээ хичээж л байлаа. Үүний дараа миний монгол хэл, уран зохиолын багш нар үлгэр жишээч байжээ гэж боддог, даалгавраар гүйцэтгэсэн миний хэд хэдэн зохион бичлэг, романы гол баатрыг дүрслэн харуулах ярилцлага, жижиг хэмжээний толгой сүүл холбож бичсэн яруу найргахуун зүйлийг маань уншиж эхлээд намайг “тун сайн” магтаж өгсөн санагдана. Гомбожав, Цээзмаа багшийг дурсаж байна. Энэ мэт хичээл, шалгалт бүр дээр сонин хачин дурсамжууд их бий. Тэгээд ном уншихад хүүхдийг урмаар хөгжүүлэх чухалтайг зөв байж гэж одоо л боддог юм.
Та хамгийн сүүлд ямар ном эрхлэн гаргасан бэ?
“Дэлхийн соёл”- нэвтэрхий толь. /Эртний Грек, Ром, Эллин, Дундад зууны соёл/, “Номын сан судлал”-тайлбар толь /хамтын/, “Монголын ном судлалын нэвтэрхий толь” /кирилл, худам монгол, хятад, англи хадмалт/ Монгол бичгээр г.м.
Манай улсын номын сангийн хөгжил, номын санчийн ур чадвар ямар түвшинд явж байна, номын санч хүн ямар байх ёстой вэ? Таны бодлоор
Номын санч-мэдээллийн ажилтан хүн номын сан судлалын суурь онолд тулгуурлаж, өөрчлөгдөж буй цагийн аясыг мэдэрч ажиллах ёстой. Тасралтгүй боловсролд суралцаж өөрийгөө тал бүрээр хөгжүүлэх, бас мэргэших, хамтарч ажиллах, нэгнээсээ суралцах хэрэгцээ шаардлага үгүйлэгддэг.
Монгол улсын номын сангийн хөгжлийн төлөв байдал нь:
1.Өнөөдөр бидний үзэхээр “болж байгаа” мэт боловч гадаадын жишгээс хол хоцорч байна.
2. Хот хөдөөгийн аль ч номын сан улсын төсвөөс тогтмол цалинтай байх жишгийн дагуу голлон мэргэжлийн бус (60/40) алба залгуулагчидтай болсон нь дутагдалтай.
3. “Номын санч” мэргэжилтэн бэлдээд 70 шахам жил болж байхад номын сангийн удирдлагад мэргэжлийн хүн ажиллуулахгүй байгаа нь тун буруу сонголт. Уул шугамдаа бол номын сан нь нарийн мэргэжлээр удирдах шаардлагатай олон салбар шинжлэх ухааны уулзвар зааг дээр, нийгмийн хөгжлийн төлөөх үүрэгтэй байгууллага юм.
4. Монголд номын санг бүх салбарын хамгийн сүүлд жагсааж, хуваарилж, “ном унших” зүй тогтлыг жинхэнэ утгаар нь анхаардаггүй учир цензургүй менежменттэй байгууллагад ордог нь үнэн билээ.
5. “Монгол номын стандарт” гэж зүйл байхгүй, /үүнд сурах бичиг, хүүхдийн ном нэн тэргүүнд орно/
6. Номын сангийн статус, мэргэжилтний зэрэг дэв, онол аргазүйн нэр хүнд бүхий тогтмол хэвлэл, байшин барилга гээд олон зүйлийг нэрлэж болохоор билээ. Саяхан нээгдсэн Хятад хөршийн үндэсний номын сан, франц, англи, америк, герман г.м бусад улс номын сангаараа дэлхийд нэр хаягаа тодотгож байна.
7. Ядаж л нэг ангилал, кодтой, нэгдсэн цахим тогтолцоотой байх бодлогын баримт ч алга, монгол номын ангиллын буруу хуваарилалд гадаад, дотоодод гологдож байна.
Би энэ асуудалд шүүмжлэлтэй ханддаг, хүмүүс ч тэр бүр ойлгодоггүй, ойлгох шаардлагагүй гэж үздэг байх. Улс бодлогоор хөгжүүлэх шаардлагатай болсон.
Номын сан судлал нь хэр эрэлттэй мэргэжил вэ? Энэ мэргэжлийн ирээдүйн талаар хуваалцахгүй юу?
“Робот” ном ангилагч, агуулгыг шууд илрүүлэгч технологи хэрэгжээгүй тохиолдолд номын сангийн мэргэжил наанадаж 100 жил байх болов уу? би биш гадаадынхан тэгж үзэж байгаа. Ширээн дээр байгаа номыг очиж аваад, хүнд хүргэж өгөх робот байж болох ч, номын агуулгыг амьд хүн шиг онож олох нь ямар бол.
Монгол улсаа шинжлэх ухаанчаар хөгжүүлье гэвэл нийгмийн төлөөх “Номын сан, уншлага”-ийн байгууллагаа цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай, эрэлт хэрэгцээтэй салбар гэдгийг хөгжиж буй улс орноос ажиглаж, судлаад хариуг олох нь зөв.
Энэ мэргэжлийг эзэмшсэнээр өөр ямар салбар шинжлэх ухаан руу хөрвөж ажиллах боломжтой вэ?
Хөрвөөд байх шаардлагагүй, хийе гэвэл барагдашгүй мэргэжлийн ажлууд байна. Харин номын сангийн байгууллага дотроо бичиг хэрэг, архив, номын үзүүлэнгийн мэргэжлээр мэргэшиж ажиллах боломжтой. Номын сан судлалын онолоор бол ном судлал, номын сан судлал, номзүй судлалын гурван том ай савын зэрэгцээ эх хэрэглэгдэхүүн, сурвалж судлал бичвэрзүйгээр хос мэргэжилтэн байж болох юм.
Номын сан судлалыг хөгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ? Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд бид яах ёстой вэ?
МҮНС-ийн дэргэд “номын сан-номзүй судлал”-ийн эрдэм шинжилгээний тасаг, хэлтэс, байгууллага ажиллах нь зүйтэй юм. Гадаад улс орнууд бүүр эртнээс ийм байгууллагыг ажиллуулсан. Мэргэжлийн удирдлагаар хангаж, цахим технологийн баг бүрдүүлэх, хөгжлийн тогтолцоот стратегитай байх чухал.
Залуус, шинэ үеийн номын сан судлаач нартаа хандаж та юу хэлмээр байна.
Номын сан судлалын онол аргазүйн мэдлэгийг сууриар нь эзэмшээрэй. Бага судлагдсан салбар тул /Хэл, ХАА, АУ, Түүхийн г.м. салбарын судлал тус бүр 500 гаруй эрдэмтэнтэй, Номын сан судлал 3 эрдэмтэнтэй/ аль болох мэргэжлийн судалгааг түлхүү хийх шаардлагатай. Энэ нь хөгжлийн зүй зохистой үндэс болно.
Харин зарим нь чадвартай мэргэжилтэн, удирдагч, ажил мэргэжилдээ үнэнч, дадлага туршлагатай, тогтвортой арга ажиллагаатай шилдэг ажилтанд тасралтгүй суралцах шаардлагатай болов уу.
“Номын санч” мэргэжилтэн эрэлт хэрэгцээтэй, нийгмийн төлөөх үйл ажиллагаа эрхэлдэг нарийн мэргэжилтэн болох шалгуур үзүүлэлтээр бэлтгэж хүлээж авах хэрэгтэй.
Гадаад улс орны бодит туршлагыг судалж мэддэг байх хэрэгтэй.
Мэргэжилтэн нар мэргэжлийн чиг үүрэг, хандлагаар үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо нэгтгэх, зөв зүйтэй асуудлыг хөгжлийн төлөө боловсруулж гаргах нэгдмэл арга ажиллагаатай байх шаардлагатай.
“Системтэй мэдлэг бол амжилтын үндэс”
Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.