“НОМ УНШИХ НЬ ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧУХАЛ ТҮЛХҮҮР”
Монголын Үндэсний музейн Мэргэжил арга зүйн газрын дарга, Соёл судлалын ухааны доктор (PhD) Д.МӨНХТОГОО
Сайн байна уу?
Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, бидний урилгыг хүлээн авч, цаг заваа зориулж буйд талархал илэрхийлье.
Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу.
Мэргэжлийн замнал хувьд: 1996 онд одоогийн СУИС-ийн Соёлын сургуульд “Музейн арга зүйч, аялал жуулчлал зохион байгуулагч” мэргэжлээр суралцаж төгсөөд улмаар Соёл судлал тэр дундаа Музей судлал чиглэлээр магисрт, доктороо хамгаалсан. Музейн салбарт 20-иод жил, Монголын Үндэсний музейд 17 дахь жилдээ ажиллаж арга зүйч, куратор, менежер, Арга зүйн төвийн дарга зэрэг ажлуудыг хийж ирлээ. Судалгааны чиглэлийн хувьд бол Музейн хадгалалт хамгаалалт, нэхмэл цуглуулгын судалгаа хийдэг, 2014 оноос музейн үзүүллэг дэглэлт чиглэлээр мэргэшиж 10 гаруй томоохон музей, үзэсгэлэнгийн төслийн удирдагч, зөвлөх, куратор, багийн ахлахаар ажиллаж байна. Тухайлбал Эрдэнэт үйлдвэрийн музей байгуулах ажлын зөвлөх, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Булган аймгийн музейн үзүүллэг дэглэлтийн шинэчлэх ажлуудыг ахлан хийлцсэн.
Харин хариуцаж буй ажлын онцлог гэвэл: Музейн тухай хуулиар Монголын Үндэсний музей нь бусад музейг мэргэжил арга зүйгээр хангаж ажилладаг. Тэр чиг үүргээ хариуцан хэрэгжүүлдэг нэгж нь манай газар бөгөөд бид Мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийн хүрээнд музей судлалыг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулах, арга зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх үүргүүдийг дараах байдлаар хэрэгжүүлдэг. Ингэхдээ, Мэдээллийн сан бүрдүүлж, Монголын музейн практик үйл ажиллагааг шинжлэх ухааны арга зүй, олон улсын чиг хандлагад нийцүүлэн сайжруулах, эрдэм шинжилгээний хурал, семинар, уулзалт, сургалт зохион байгуулах, Мэдээлэл, мэргэжил арга зүйн сэтгүүл, ном товхимол, гарын авлага эрхлэн хэвлүүлж, мэргэжилтнүүдийн болон нийтийн хүртээл болгох зэрэг ажлуудыг хийдэг
Та ном, бичгийн ертөнцтэй анх хэдэн насандаа танилцаж байв?
Анх 8 настайдаа нэгдүгээр ангид ороод уншиж бичиж сураад эхэндээ Монгол хэл, Унших бичгийн номноос үлгэр уншиж, шүлэг цээжилдэг байсан. 2, 3-р ангиасаа Орос үлгэрүүдийг уншиж дүү нартаа ярьж өгдөг болсон. Тэр үед шүлэг, яруу найраг их цээжлүүлээд “Уран уншигч”, “Цэвэр бичигтэн” гэж шалгаруулаад л самбарт гаргаад тухайн үедээ хүүхдүүдийн сурах идэвхийг их дэмждэг байлаа. Дунд ангид ороод эрүүл мэндийн болон харилцааны чиглэлийн зөвлөмж маягийн номнууд олж аваад уншдаг болсон. Тухайлбал охидод өгөх зөвлөмж, биеэ зөв авч явах, хүмүүстэй зөв харилцах зэрэг зөвлөмжүүдийг олж авч хадгалаад байн байн уншиж мөрддөг байсан. Биднийг хүүхэд байхад уншсан номныхоо тэмдэглэлийг хөтлөөд хэн хамгийн олон ном уншсаныг нь шалгаруулдаг бас уншсан номоо ангийнхандаа ярьж өгдөг байсан.
Таны ертөнцийг үзэх үзэл, мэргэжлийн сонголтод бодитой нөлөө үзүүлсэн, амьдралын тань чиглэлийг өөрчилсөн ном гэвэл аль нь вэ?
Дейл Карнегийн цуврал номнууд их нөлөөлсөн гэж боддог. Карнегийн номнууд өдөр тутмын энгийн ойлгомжтой түүх, шууд амьдралд хэрэгжүүлж болохуйц зөвлөгөөг сонирхолтой байдлаар бичсэн байдаг. Карнегийн ном уншигчиддаа бусдыг ойлгож сонсох, итгэл төрүүлэх, зөрчилдөөн багасгах, эерэг харилцаа бий болгох, ажил, гэр бүл, найз нөхдийн харилцаанд эерөг үр дүн өгсөн байдаг байх. Оюутан болсон анхны жил манай сургуулийн Ц.Цэндсүрэн багш маань бидэнд музей судлал гэж мэргэжлийн хичээл заахаас гадна, хувь хүний хөгжилд их анхаардаг сайн багш байсан. Дейл Карнегийн цуврал номнуудыг уншуулна, яриулна, өдөр тутмын сонин уншаад хичээл эхлэхийн өмнө яриулах зэргээр илтгэх урлаг, ярих чадварыг хөгжүүлэхэд анхаардаг байсан нь надад болон манай ангийнханд сайнаар нөлөөлсөн гэж бодож талархаж явдаг. Ер нь ямар ч багш өөрийн заадаг хичээлээс гадна шавь нарынхаа хувь хүний төлөвшилд анхаарч, биеэ зөв авч явах, аминдаа арчаатай байх, харилцааны ёс зүйтэй, зөв хандлагатай болгох тал дээр үлгэр дуурайлал үзүүлж, зааж зөвлөж байх нь чухал гэж бодон хичээж явдаг даа.
Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил, судалгааны чиглэлтэй хэр зэрэг нийцэж байна вэ?
Би бага ангид байхдаа тооны багш болно гэж боддог байсан ахлах ангид ороод арай өөр болсон. Үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч нар болон аав ээж, ах, эгч нарынхаа тусламж дэмжлэгээр ахлах ангиасаа мөрөөдөж, хүсэж байсан газраа ажиллаж байгаадаа баяртай талархалтай явдаг. Яг музей судлал, соёл судлалын хүн болно гэж бодож байгаагүй харин музей, галерей их гоё эмэгтэй хүний ажиллах ёстой тансаг цэвэрхэн, орчин бөгөөд ийм л газар ажиллах юмсан гэсэн мөрөөдөл бол байсан. Тэр мөрөөдөлдөө хөтлөгдөөд музей судлалаар суралцаж баклавр, магистр доктороо яг энэ сэдвээрээ хамгаалж одоо энэ салбартаа 20 орчим жил ажиллаад явж байна.
Арван жилийн сурагч байхдаа та номын сангаар хэр идэвхтэй үйлчлүүлдэг хүүхэд байсан бэ?
10 жилд байхдаа 4-р ангидаа анх Горькийн нэрэмжит номын сан гэж байсан тэнд уншигчийн үнэмлэх нээлгэж байсан. Тухайн үед бид нар уншсан номынхоо тэмдэглэл хөтөлдөг тэрийг нь багш нар үзээд дүгнэж шалгаруулдаг байсан болохоор бусдын жишгээр номын санд суудаг байсан. Тэгээд хоорондоо чиний уншсан ном хэд болсон минийх тэд байна гээд л өрсөлддөг байлаа. Сүүлд оюутан болоод Төв номын сан болон Улаанбаатар хотын номын сан, сургуулийнхаа номын санд маш их суудаг болсон. Сургууль дээр байхад өөрийн ангидаа эсвэл номын санд л байж байдаг байсан.
Ном унших дадал таньд хэрхэн, ямар орчинд тогтсон гэж боддог вэ?
Сургуулийн орчинд, сайн багш нарын ачаар, мөн манай эгч их ном уншдаг байсан нь нөлөөлсөн. Үлгэр уншаад 2 дүүдээ болон хавь ойрын хүүхдүүдэд ярьж өгөх дуртай байсан тэр үеэс л дадал эзэмшсэн.
Та номыг хэрхэн уншдаг вэ?
Зорилгоосоо хамаараад янз бүр байдаг, голдуу судалгааны номыг бол гарчиглаж байгаад хэрэгтэй хэсгээ уншдаг, мэргэжлийн номыг нэгд нэгэнгүй уншина, сүүлийн үед уран зохиолын ном бараг уншихаа байсан тэрнээс илүү эрүүл амьдрах хэв маяг, эрүүл хооллолт, эмийн ургамлын тухай, хүний биед ашиг тустай зөвлөгөө зэргийг цаг гаргаж байгаад сайн анхаарч дахин дахин уншдаг. Ажлын онцлогоос шалтгаалаад миний уншдаг зүйл их болсон тул уран зохиолын ном унших цаг, боломж гардаггүй болсон. Монголын Үндэсний музейгээс жил бүр тогтмол Музей судлал, Нүүдэлчдийн өв судлал гээд 2 эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн шинэ дугаарыг эрхлэн гаргадаг, мөн музейн мэдээлэл сэтгүүл, арга зүйн цуврал зөвлөмж, олон нийтэд зориулсан үзмэр цуглуулгын судалгаа бүхий каталогийг тодорхой сэдвээр үе шаттай эрхлэн гаргадаг болохоор тэр болгонд оролцоно заримынх нь хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, хамтран болон дангаар зохиогч, редактор хийнэ. Би музейд ажиллахын зэрэгцээ СУИС-ийн Соёлын өв, музей судлалын ангид мэргэжлийн хичээлүүд ордог тул шавь нарын баклавр, магистрын ажлын удирдагч, шүүмжлэгч хийнэ, судалгааны ажил хийхэд зөвлөнө, ажлыг нь уншина, шавь нартаа болон салбарын мэргэжилтнүүддээ арга зүйн заавар, зөвлөгөө өгдөг учир унших ажлын ачаалал ихтэй байдаг. Хамгийн сүүлд гэвэл, одоо Сити их сургуульд Соёл судлалаар суралцаж буй докторантын эрдэм шинжилгээний удирдагчаар ажиллаж шавийнхаа судалгааг уншиж байна.
Судлаач хүний хувьд танд хамгийн гүн нөлөө үзүүлж, шинжлэх ухааны сэтгэлгээнд тань том өөрчлөлт авчирсан бүтээл юу байсан бэ?
Миний докторын ажлын нэг удирдагч ШУТИС-ийн Салбарын эрхлэгч доктор Д.Батбаяр багшийн “Монгол хонины ноосноос ноолуур ялгах судалгаа, боловсруулалт” гэсэн техникийн ухааны докторын зэрэг горилсон диссертац байсан. Тухайн үед багшийн судалгааны ажлыг үзэхэд доктор хамгаалахаасаа өмнө 5 шинэ бүтээлийн патентийн эрхийн гэрчилгээ авчихсан байсныг хараад бүүр биширсэн. Миний докторын судалгааны ажлын соёл судлал талыг доктор, профессор Ж.Долгорсүрэн багш маань, харин текстил буюу нэхмэл эд өлгийн зүйлийн онцлог, шинж, чанар, даавууны төрөл, хадгалалтын горим хангах арга зүй талаас доктор Д.Батбаяр багш маань чиглүүлж байсан. Батбаяр багшийн диссертац нь миний судалгааны ажлын нэхмэл цуглуулгын судалгаа хэсэгт хамаарч байгаа юм.
Хэрэв та өөрийгөө нэгэн номоор дүрсэлбэл, ямар төрлийн ном байх вэ? Яагаад?
Музей судлалын мэргэжил арга зүйн зөвлөмж ном эсвэл гарын авлага байх болов уу, яагаад гэвэл нэгдүгээрт ажил мэргэжилдээ дуртай, хоёрдугаарт хамаг ухамсарт амьдралынхаа идэвхтэй цагийг музейн салбарт мэргэжлийн ажлаа хийж өнгөрөөсөн болохоор хаанаас нь бол хаанаас нь ярьдаг болчихсон.
Таны унших дуртай, байнга эргэж хардаг зохиолчид хэн хэн байна вэ?
Байнга эргэн харж, дахин дахин уншдаг гэвэл Ноён хутагт Д.Данзанравжаагийн “Гурамсан сургааль”, Тус сургаал нь гүн ухаан, ёс суртахууны үзэл, хүний амьдралын утга учрыг нэгтгэсэн хэрэгжүүлж болохуйц энгийн ойлгомжтой тайлбарлаж зааж сургасан бүтээл, бас яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла”, “Тэнгэр шиг бай” зэрэг шүлгүүд гайхалтай, дахин дахин уншиж, хүүхэд залуучууддаа унш, цээжил мөрдөж, баримталж явах хэрэгтэй гэж захимаар санагддаг.
Мөн Германы зохиолч, гүн ухаантан Эрих Фром (Erich Fromm)-ын “Хайрлах урлаг” гэдэг ном их сайн, өгөөжтэй, байн байн хармаар санагддаг, хүүхэд залуучуудыгаа уншаарай гэж уриалмаар байна. Уг номонд хайр гэдэг нь зүгээр нэг ирдэг мэдрэмж биш, сурч эзэмшдэг ур чадвар, ухамсарт үйл явц гэж тайлбарласан байдаг ба “Хайрлана гэдэг нь өгөх тухай ойлголт юм” Хүн бусдад өөрийнхөө эзэмшиж буй хамгийн үнэтэйг буюу өөрийнхөө амьдралаас өгдөг. Өөрийнхөө баяр баясал, инээмсэглэл, сонирхол, ойлгоц, мэдлэг, алиа хошноос өгдөг, мөн өөрийгөө хайрлаж чаддаг хүн бусдыг хайрладаг, бүх хайрын үндэс суурь нь бусдыг хайрлах хайр гэсэн агуулга нь чухал бөгөөд үүнийг хүмүүс ойлгож, ухаарч яваасай хэмээн бодогддог.
Орчин үеийн зохиолчдын бүтээлд монгол хэлний яруу тансаг, уламжлалт хэллэгийн хэрэглээ багасч буй талаар та судлаач хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
Энэ байдлыг засаж сайжруулахын тулд боловсролын тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй гэж боддог, тухайлбал, багш нараа сайн бэлтгэх, мэргэшүүлэх, Унших бичиг хичээлийг сургалтын хөтөлбөрт заавал оруулах, Монгол хэл, унших бичиг хичээлийн кредит цагийг нэмэх, Монголын болон дэлхийн шилдэг, сонгодог, сургамжит өгүүлэл, шүлэг, яруу найргийг цээжлүүлэх, хүүхдүүдэд хооронд нь харилцан ярилцуулах зэрэг хичээлийн арга барилыг өөрчлөх хэрэгтэй гэж хардаг.
Өдөр тутмын амьдралд таньд урам өгч, сэтгэлийг тань хөдөлгөж, бүтээлч байхад нөлөөлдөг зүйлс юу байна вэ?
Дуу дуулах, сонсох дуртай, ажлаа хийж байхдаа байнга дуу сонсдог, дуртай дуугаа намуухан сонсоод ажлаа хийх гоё бөгөөд илүү сайн төвлөрч чаддаг.
Таны тухай сонсож байсан магтаал, мөн шүүмжээс таньд хамгийн их бодогдож, сургамж болсон аль алинаас нь хуваалцвал?
Бага байхад зарим багш, хамаатнууд буруу сэргэлэн болчих вий дээ, энэ хүүхэд буруу тийшээ болвол юунд ч дийлдэхгүй аюултай гэж их шүүмжилдэг байсанд би их дургүй байсан. Гэхдээ буруу юм хийчихгүй юмсан, буруу хүнтэй нөхөрлөхгүй гэж хичээж явахад нэмэр болсон гэж боддог. Ээж, аавын минь миний охин л чадна, миний охин л шударга, миний охин л мэднэ дээ гэж хөөрөгдөг байсан нь хичээл номондоо шамдах, зөв, сайн хүүхэд байх, ээж аавдаа миний талаар сайныг сонсгох гэж өдөр бүр хичээх урам дэм, чиг баримжаа болж ирсэн.
Соёл судлалын ухааны доктор, музейн бодлого, арга зүйн түвшинд ажиллаж буй хүний хувьд ном, бичгийн өвийг соёлын өвтэй хэрхэн холбон авч үздэг вэ?
Ном, бичгийн өв нь ялгаагүй соёлын үнэт өвд ордог ЮНЕСКО-ийн ангиллаар Соёлын өв дотроо баримтат өвийн төрөлд багтах нэг гол төлөөлөл юм. Баримтат өв нь бусад төрөл хэлбэрийн бүх өвийн дотроос илүү тодорхой, дэлгэрэнгүй, асар их мэдээллийг багтаасан байх учир хүн төрөлхтний дурсамжийг хадгалах, хойч үед өвлүүлэн эзэмшүүлэх, өнгөрсөн үеийн түүхийг илүү үнэн бодитойгоор гэрчлэн нотлоход юугаар ч орлуулашгүй бөгөөд үнэлж баршгүй ач холбогдолтой бөгөөд нэг талаасаа биет өв, хөдлөх дурсгал боловч нөгөө талаасаа биет бус өвийн утга агуулгыг багтаасан өвөрмөц өв гэж боддог.
Музейн сан хөмрөг, номын сан, архивын уялдаа холбоо өнөөдөр ямар түвшинд байна гэж та үздэг вэ?
Миний харж байгаагаар одоогийн байгаа түвшин нь музей, номын сан, архив хамтраад үзэсгэлэн гаргаж байна, цаасан өвийн хадгалалт хамгаалалтын чиглэлийн сургалтанд хамтдаа хамрагдаж байна. Музейнхэн өөрсдийн гаргасан ном бүтээлээ Үндэсний, Улаанбаатар хотын, их дээд сургуулийн номын сангуудад аль болох өгдөг. Мөн ном бүтээл гаргахдаа архивын баримт, эх сурвалжийн судалгаа их хийдэг зэргээр хязгаарлагдаж байна.
Цаашид энэ гурван байгууллагын хамтын ажиллагааг илүү сайжруулж харилцан бие биенээсээ суралцах боломжийг тэлэх учиртай гэж бодож явдаг. Тухайлбал, судлаачдаар хамтарсан судалгаа хийлгэх, музейн номын сан, архивын ажилтанд нөгөө 2 байгууллагаас мэргэжлийн зөвлөгөө туслалцаа үзүүлэх, мэргэжилтнүүдийг харилцан туршлага судлуулах, баримтат өв, цаасан эдлэлийн хадгалалт хамгаалалтын чиглэлээр нэгдсэн сургалт, эрдэм шинжилгээний хурал хийх зэрэг байж болно.
Дэлхийн музейн туршлагаас харахад, номын сан нь судалгаа, боловсролын чухал төв болдог. Монголын музейн салбарт энэ чиглэлд цаашид анхаарах ёстой ямар бодлого, шинэчлэл байна вэ?
Музейд номын сан чухал гэхдээ манай улсын хувьд одоогоор Монголын Үндэсний музей, Чингис хаан Үндэсний музей хоёр л номын сантай бөгөөд үйл ажиллагаа нь музейн ажилтнууд болон судлаачдын хүрээнд байгаад байна. Музейн номын сангийн ашиглалт, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд номын баяжилт хийх, үйл ажиллагааг нь өргөтгөх, байр танхимыг өргөтгөх, тохижуулах, орон тооны ажилтан байлгах зэрэг бодлого, төсөв санхүүгийн дэмжлэг л хэрэгтэй дээ. Тэгж байж үйл ажиллагааг нь өргөтгөх боломжтой.
Та олон улс, ховор нандин номын сантай музей, байгууллагуудаар зочилж байсан байх. Өөрийн эрхгүй уулга алдахад хүргэсэн, хамгийн сэтгэгдэл төрүүлсэн номын сан хаана байв?
АНУ-ын конгрессийн номын сан маш олон номтой, бас дотоод тохижилт, эмх цэгц, барилгын интерьер, ажилтнуудынх нь мэдлэг, ур чадвар гайхалтай санагдаж байсан.
Танд ховор, үнэ цэнтэй номын цуглуулга бий гэж сонссон. Хувийн номын сангаа уншигчдад маань товч танилцуулбал?
Хувийн ч юу байхав гэрийн номын шүүгээнд музейн мэргэжлийн номнууд, бас энэ тэндхийн томоохон музей, галерейн үзмэр цуглуулгын каталог, манай нөхрийн хэрэгцээний нисэх хүчин, нисэхийн холбоо, навигац, механик инженерийн номнууд мөн хүүхдүүдийн хэрэгцээний компьютер, англи, япон хэлний ном, толь бичиг зэрэг байгаа. Ажлын өрөөний номын шүүгээнд мөн л музейн мэргэжлийн ном, гарын авлага, өөрийн болон манай музейн судлаачдын эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл, номнууд иж бүрнээрээ, мөн соёлын салбар, Монгол орны байгалийн болон соёлын өвийн чиглэлийн ном, улс, аймгийн бүх музейн танилцуулга, каталогууд Монгол, Англи хэл дээрх номнууд байдаг.
Орчин үеийн дижитал орчин, цахим эх сурвалжууд музей, номын сангийн уламжлалт үүрэгт хэрхэн нөлөөлж байна гэж та үздэг вэ?
Нэг талаараа уламжлалт үүргээ биелүүлэхэд хүндрэл гарч хүмүүс илүү амар хялбар аргаар, явдал чирэгдэл багатайгаар, гэрээсээ танин мэдэхүйн мэдлэг, мэдээллийг сонирхолтой хэлбэрээр авахыг эрмэлзэж байгаа боловч нөгөө талаараа Музей, номын сан үйл ажиллагаагаа сайжруулж орчин үеийн техник, технолог, дижитал орчинтой хөл нийлүүлж алхах ёстой гэдгийг сануулж, шахаж байна.
Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “ном” гэж юу вэ?
Цөөн үгэнд багтаан илэрхийлбэл…
“НОМ УНШИХ НЬ ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧУХАЛ ТҮЛХҮҮР”
Бидний ярилцлага ийнхүү өндөрлөж байна.
Урилгыг минь хүлээн авч, цаг заваа гарган бидэнтэй сонирхолтой, утга төгөлдөр яриа өрнүүлсэнд гүн талархал илэрхийлье.