Д.Заяабаатар: Сургууль боловсролоос хол хөндий жирийн малчин аавын минь зөн намайг ном эрдмийн замд оруулсан гэж боддог.
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн зочин
Иргэншил: Монгол
Овог нэр: Далайн Заяабаатар
Эрхэлж буй ажил, албан тушаал: МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал
Сошиал хуудсууд: facebook: zayabaatar dalai
- Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?
Багш мэргэжил бол мөн. Аав минь хар багаас хөдөө хээр хамт явахдаа “Миний хүү багш болоорой” гэж захидаг байсан. Сургууль боловсролоос хол хөндий жирийн малчин аавын минь зөн намайг ном эрдмийн замд оруулсан гэж боддог. Харин их сургуульд анх түүхийн ангийн хуваарь авч ирээд тэндээ суралгүй монгол хэл-уран зохиолын ангид шилжиж сурсан. Гэхдээ судалгааны нэг чиглэл маань дурсгалт бичгийн хэлний судалгаа. Номын сангийн гол бүрдэл түүх, түүхэн сурвалжийн холбоотой ном байдаг.
- Таны хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?
За ёстой худлаа хэлээд яахав. Хамгийн анхны ном юу байсан гэдгийг санахгүй байна. Бага ангид сурч байхдаа сумын дотуур байранд байхдаа сургуулийнхаа номын санд өдөр бүр сууж, уншсан номынхоо тоогоор тэргүүлж “Номын сайн нөхөр” тэмдгээр шагнуулж байсан юм шүү. Номын сангийн эрхлэгч Халтар гээд эгчид уншсан номынхоо агуулгыг ярьж, тооцуулсан тэмдэглэл даруулдаг байлаа. Тэр тэмдэглэлийг үндэслэж, дээрх тэмдгээр шагнасан хэрэг. Ганц үнэн юм бол багаасаа үнэхээр номын сайн нөхөр байсан шүү.
- Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?
“Монголын нууц товчоо”. Зургадугаар ангид байхдаа Да багшийн нууц товчооны хөрвүүлгийг олж, хэд дахин уншсан юм даг. Тэгээд хүүхдүүдэд кино шиг ярьж өгдөг байлаа. Тэгж түүх соёлын амтыг сэтгэлд хоногштол мэдэрсэн минь энэ чиглэлээр мэргэжил эзэмшиж, судлаач болох хүслийг өдөөсөн хэрэг байх.
- Таны ширээний ном?
Ширээн дээр дандаа байдаг цор ганц ном гэдэг талаас харвал тийм зүйл байхгүй. Хамгийн их хүрч ашигладаг ном талаас гэвэл хэл шинжлэлийн толь бичгүүд илүү их давтамжтай.
- Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?
Эрдэмтэн нэр зүүж эх хэл, соёлын талбарт хэдэн жил зүтгэж байгаагийн хувьд дагнан бичсэн “XIII-XVI зууны монгол бичгийн дурсгалын авиазүй, үгзүйн тогтолцоо”, “Асрагч нэртийн түүх”-ийн бүрэн судалгаа” хэмээх хоёр гол бүтээл бий. Бие даан гаргасан, бас нүүр улайлгахгүй гэдэг талаас эдгээр нэг сэдэвт бүтээлүүдээ нэн түрүүнд нэрлэнэ. “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоо”, “Монгол хэл судлалын түүх” 3 боть, “Сурагчийн тайлбар толь”, “Нийтээр эзэмших монгол хэл” гээд 20 гаруй хамтын бүтээл бий.
- Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
Ажил мэргэжлийн талаас сүүлийн үед нийгэм хэл шинжлэлийн холбоотой номууд харж байна. Амрахын өмнө орондоо ном бариад хэсэг хэвтдэг зуршилтай. Ийм үед дурсамж болон уран зохиолын ном голдуу уншдаг. Яг одоо Өлзийтөгсийн “Хараацай зогсолт” миний сонголт байна даа.
- Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?
Ганцаараа, чөлөөтэй байх газар л хамгийн тав тухтай байдаг.
- Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?
Судалгааны чиглэлийн ном уншихад чухал санааг тэр дор нь тэмдэглэж авдаг. Хийж буй ажлын зорилгоос хамаарч яг тэр чиглэлээр гарсан бүтээлүүдийг сонгож хардаг. Шинэ сонин мэдээлэл гарсан нөхцөлд адил агуулгатай бусад бүтээлээс даруйд нь гарчиг хөөж хараад санаагаа тэмдэглэчихдэг юм. Энэ арга судалгааны юм бичихэд чухал сэдэл болдог талтай.
- Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?
Тухайн салбарын хамгийн шилдэг бүтээлийг уншиж байгаарай гэж л зөвлөнө. Ялангуяа уран зохиолын тал дээр сонголтоо зөв хийх нь одоогийн залууст маш чухал. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Д.Цэнджав нарын түүчээлэгчдийн бүтээлээр тархиа цэнэглээрэй.
- Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?
Ажиллаж байсан, хэсэг хугацаанд судалгааны зорилгоор сууж байсан Японы Осака их сургууль, БНСУ-ын Тангүг их сургууль, АНУ-ын Баруун Вашингтоны их сургуулийн үнэмлэх лав байна.
- Өөрийгөө ном гэж дүрсэлвэл та ямар төрлийн ном бэ?
Ёстой хэцүү асуулт байна даа. Алдаа оноотой баатраар чиг шугам хийсэн адал явдлын ном л байх.
- Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Шог зураач С.Цогтбаяр ах “Ном унших бол тархины фитнесс” гэж гоё хэлсэн байдаг. Тэр үгийг даган баясъя.
- Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?
Цаасаар уншдаг. Судалгааны өгүүлэл энэ тэр богино бичвэрийг цахимаар харна аа.
- Унших дуртай зохиолч
Г.Аюурзана
- Уншихыг төлөвлөж буй ном?
Дээр дурдсан нийгэм хэл шинжлэлийн хэдэн ном бий.
- Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?
Павел Корчагин