Тухайн номноос өөрт хэрэгтэй бага ч болтугай мэдлэг олж авч чадаж байх юм бол тэр хүн жинхэнэ уншигч юм.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Баярлалаа. Танд болон танай уншигчдад ч бас энэ өдрийн мэндийг хүргэе.
Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Багадаа хэр ном уншдаг хүүхэд байсан бэ? Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юу?
Би багадаа ном сонин харагдвал хаана ч хамаагүй барьж аваад уншаад суучихдаг хүүхэд байсан юм. Надаар зогсохгүй манай гэрийнхэн бүгдээрээ л ном унших дуртай хүмүүс байлаа. Тэр үед Монгол орон зах зээлийн нийгэм рүү ид шилжиж байсан үе болохоор ч тэр үү? ном сонин их ховор ямар сайндаа л нутгийн айлуудад ямар ч хамаагүй ном харагдал уншчихаад буцаагаад өгье гээд гуйж авна. Тэгээд тэр номоо гараасаа салгалгүй уншсаар нойрондоо дийлдэн унтсан хойгуур минь ах нар өнөө номыг шумарны гэрэлд унших гэж бараг л багахан хэмжээний дайн болдог байсан гэдэг юм. Тухайн үед хөдөөний айлуудад тэр бүр зурагт байдаггүй байлаа. Тэгээд ч манайх тийм ч боломжтой айл байгаагүй. Тиймдээ ч ном бүү хэл сонины тасархай олдсон ч голохгүй уншдаг байж билээ.
Та ямар мэргэжлээр аль сургуульд суралцаж төгссөн юм бэ?
Дунд сургуулиас гадна Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Сургуулийг “Уран баримал”-ийн чиглэлээр, Их Монгол Дээд сургуулийг “Утга зохиолын чиглэлээр суралцаж төгссөн.
Та номыг хэрхэн уншдаг вэ? Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?
Миний хувьд унших номуудаа бусад номынхоо өрөөнд номуудаасаа тусад нь ялгаж тавьчихаад аль болох дэс дараалалтай уншихыг хичээдэг л дээ. Тав тухын хувьд гэвэл мэдээж хэрэг номын сангийн нам гүм орчинд суугаад унших нь өөр хаана ч уншсанаас илүү тав тухтай, үр өгөөжтэй байдаг юм.
Та хэдэн настайгаасаа шүлэг, зохиол бичиж эхлэв?
Би хамгийн анхны шүлгээ оюутан насандаа бичиж байсан юм. Өмнө нь бол хааяа толгой холбохыг оролддог байсан ч бичих эвээ нэг л олдоггүй байсан. Харин оюутан болсоныхоо дараахнаас яруу найргийн олон дугуйлан, наадмуудаас шүлэг, яруу найраг, утга уран зохиолд зүрх сэтгэлээ зориулсан үеийн олон нөхдөө олж гэмгүй сайхан нөхөрлөж эхлэсэн цагаасаа өнөөг хүртэл тасралтгүй бичсээр явна.
Таны багшийг зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгч Пүрэвхүүгийн Батхуяг агсан гэдгийг хүмүүс сайн мэднэ. Багштайгаа хэрхэн танилцаж, багш шавийн барилдлага тогтоож байв?
Миний хувьд хадаг энэ тэр барьж сүр болоогүй ч багшийнхаа үргэлжилсэн үгийнх нь анхны шавь нь болсондоо баярлаж явдаг юм. Багш маань ганц надаар зогсохгүй манай үеийн олон залуусын чиглүүлэгч нь байсан юм. Тухайн үед багш эрдэмтэн, зохиолч Сүхбаатарын Батмөнх гуайн нэрэмжит “Их Монгол” дээд сургуульд багшилдаг байсан. Багштайгаа ойрхон байхын тулд тухайн сургуулийн оюутан болж тэгэхдээ бүр Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дарма Батбаяр багшийн даасан ангид очиж байлаа. Багш маань миний хэдэн халтар шүлгээс нэгийг нь сонгож аван долоо хонгийн дотор өгүүллэг бичих даалгавар өгсөнөөр би анхныхаа өгүүллэгийг бичсэн юм. Багш тэр өгүүллэгийг минь ихэд тоож урам хайрласнаар үргэлжилсэн үг рүү эргэлт буцалтгүй уравчихсан даа. Энэ мэтчилэн багшийнхаа тухай яриад байвал маш их зүйлийн тухай ярих хэрэгтэй болно л доо.
Зохиолоо бичсэний дараа таньд ямар мэдрэмж үлддэг вэ? Ер нь та хэр их сэтгэл хөдлөлтэй хүн бэ?
Зохиол бүтээл бүхэн л өөр, өөрийн гэсэн онцлогтой, хувь тавилантай байдаг шүү дээ. Бүтээгчээ зовоогоогүй, хүнд бодолд автуулаагүй бол тэр зохиолыг ямар зохиол гэх юм. Тийм болохоор бодол санаагаа ээдтэл, нойр хоолоо умартан байж бичиж дууссан зохиолынхоо ард гарсаны дараа сэтгэл нэг л сонин хоосроод явчих шиг болдог л доо. Тэгээд ирмэгц л бушуухан шиг дараагийнхаа зохиол бүтээлийн санаагаа бодож эхэлдэг. Мөнхийн тийм уран бүтээлийн шаналанг эрж яваа юм шиг гэх үү дээ.
2022 оны Утгын чимэг наадмын тэргүүн байр эзэлсэн “ Тэнгэр үр” өгүүллэгийнхээ санааг хэрхэн олсон бэ?
“Тэнгэр үр” өгүүллэгийн хувьд гэвэл дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеийн хүнд хэцүү байдлыг далд санаагаар шингээж үлдээхийг хүссэн бүтээл л дээ. Ер нь миний өгүүллэгүүдэд хүүхдийн дүр зонхилсон байдаг л даа. Хүүхэд бол маш гэгээн, бурханлаг ертөнцийг бүтээгсэд, тийм болохоор ч тэр үү? би өгүүлэгүүддээ хүүхдийн дүрийг голчлон бүтээсэн байдаг юм. “Тэнгэр үр” өгүүллэг маань ч ийм байдлаар бичигдсэн л дээ.
Сүүлийн үед ямар зохиол бичиж байна вэ?
Улаан урлангаасаа хойш бичиж эхэлсэн нэг романаа дуусгаад хэвлэлтэнд шилжүүлчих санаатай байна. Хажуугаар нь ганц, хоёр кино зохиол оролдож л сууна.
Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юү?
Сүүлийн үед голчлон түүхийн болон судалгааны чиглэлийн номуудыг л голчлон уншиж байна даа.
Таны ширээний ном?
Расул Гамзатовын “Миний Дагестан”
Таны хувьд ном уншдаг хүн гэж яг ямар хүнийг хэлдэг бол?
Ер нь аливаа номыг зүгээр нэг уншаад, гүйлгэж хараад өнгөрөх биш тухайн номноос өөрт хэрэгтэй бага ч болтугай мэдлэг олж авч чадаж байх юм бол тэр хүн жинхэнэ уншигч юм. Түүнээс бус номоор гангардаг гэрийнхээ тавилга шиг үздэг хүн бол биш л дээ. Тэгээд ч хүний тархи хогийн сав биш болохоор унших номоо зөв сонгодог байх хэрэгтэйБидний ярилцлага өндөрлөж байна.
Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье