Т. Ариунаа: Ном бол оюун ухааны хөлөг онгоц
Овог нэр: Тавнайн Ариунаа
Эрхэлж буй ажил, албан тушаал: Үзэмчин өв судлал сангийн захирал
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулаач
Сайн байна уу. Намайг ярилцлагадаа урьсанд баярлалаа. Тавнайн Ариунаа гэдэг. Багш, судлаач, нийгмийн удирдлагын менежер мэргэжилтэй. ЕБС болон МУБИС-д багшлахын зэрэгцээ БСШУЯ, БХ, БМДИ-ийн хөтөлбөр, сургалтын багт ажиллаж байсан. Боловсролын болон соёлын судалгааны ажил хийж хөтөлбөр, багшийн ном, сурах бичиг, гарын авлага, сургалт, арга зүйн болон өв соёлын судалгааны номууд хамтран ба ганцаарчлан бичих, монгол бичгээс хөрвүүлэх зэргээр нийт 60 гаруйг хэвлүүлж олны хүртээл болгосон. Өв соёл, зан заншлын судалгаагаараа “Үзэмчин өв брэнд” бүтээсэн. Оюуны өмчийн патент, зохиогчийн эрхтэй 10 гаруй бүтээлтэй. Үзэмчин өв судлал санг 2009 онд үүсгэн байгуулалцаж, одоо захирлаар ажиллан өв соёлын арга хэмжээ, хөтөлбөр, уралдаан тэмцээн зохион байгуулж байна. Үүнд: “Жилийн цай” өв соёлын эвент арга хэмжээ олон улсын хэмжээнд 2 удаа зохион байгуулсан. Энэ онд “Үзэмчин уртын дуу болон ерөөл магтаалын язгуур аялгууг хөгжүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлж үүний хүрээнд “Үзэмчин аялгуу” ерөөл магтаалын уралдаан зарлагдаад явж байна.
Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?
Манайх эцэг эхээс 9-үүлээ болохоор олон хэвлэл захиалах боломж хэцүү. Бүгдээрээ хэвлэл захиалах ёстой учир хамгийн хямд нь пионерын үнэн захиалахыг зөвшөөрнө. Ном унших их дуртай. Зуныхаа амралтаар хурдны морь унаж шагналд нь нэлээд мөнгөтэй болно. Бас аав ээжийн задгай мөнгийг гуйж цуглуулна. Цуглуулсан мөнгөөрөө зөвхөн ном авна, бас Спутник, Страд цирк, Залгамжлагч, Журнал мода гээд орос, монгол дуртай сэтгүүлээ захиалдаг байлаа. Номын сангаас байнга ном авч уншина. Номын санч надад их сайн. Бусад хүүхдээс илүү анхаарна. Олон ном гадуур авах давуу эрхтэй байсан. “Номын сайн нөхөр” гэдэг билүү тийм тэмдэг өгдөг байсан. Нэг удаа “Газар шороо” романыг аав ээж олж ирээд дундаа уншиж байлаа. Одоо бодоход цөөн хоногоор л уншаад өгөхөөр авсан байсан юм билээ. Тэр үед шинэ гарсан ном олдоц муутай. Нэгнээсээ гуйж уншина. Аав ээж хоёрын аль завтай нь уншаад, орой хүүхдүүдээ унтуулчхаад нэг нэгдээ өдрийн уншсан хэсгээ ярьж өгнө. Би тэрийг нь мэдчихээд худлаа унтсан дүр эсгээд нүдээ аниад хүлээгээд хэвтчихнэ. Тэгээд л сонсоно шүү дээ. Тэгсээр байгаад Газар шороог уншсантай адил сонсчихсон. Тэр үед том хүний ном гээд бидэнд тийм ном уншуулахгүй хориглоно. Харуул Алтайг бас тийм аргаар сонсогчоор уншсан гэхүйдээ.
Хүүхэд байх үеийн тань мөрөөдөл өнөөгийн сонгосон мэргэжил, уран бүтээлийн замтай хэрхэн давхцаж байна вэ?
Би хөдөөгийн жижиг сумын хүүхэд. Тэнд тухайн үед хамгийн мундаг хүмүүс багш, эмч нар байсан. Бас манай сумаас гаралтай эрдэмтэн, зохиолч, сэтгүүлч хүмүүсээ хараад их бахархана. Тэд надад тэнгэрийн хүмүүс шиг л санагддаг байлаа. Тэдэнтэй уулзаж мэндлэх боломж надад тохиохгүй байх л гэж боддог байлаа. Бас хуульч болох сонирхол төрөөд аавдаа хэлсэн чинь аав чи багш л бол. Чам шиг мэдэмхий хүнд багш л тохирно гэж байж билээ. Аавынхаа хэлснээр багшийн дээдэд конкурс өгөөд тэнцчихсэн. Тэгээд л багш болсон. Багш, судлаач мэргэжлийнхээ ачаар би өв соёлоо судалж,судалгааны бүтээлүүд гаргахын зэрэгцээ мөрөөдлийн брэндээ бүтээсэн.
Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?
Өвөрмонголын судлаачдын бичсэн “Чин улсын үеийн үзэмчин зүүн гарын хошуу” номыг уншаад өвөг дээдсийнхээ өв уламжлалыг судлах хүсэл эрмэлзэл төрж соёлын судалгаа руу амтархан орох болсон.
Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
Саяхан ерөөл магтаалын уралдаантай холбоотой, шаардлагаар Үзэмчиний хуурч Ардын ерөөлч Чимэдийн Жигмэд гуайн Ерөөл магтаал 1950, Ерөөлийн дээж 1952, Магтаал шог шүлгээс 1961, Азжаргал 1978 номд тус хэвлэгдсэн ерөөл магтаал, холбоо бүхий бүтээлүүд, болон 1948 оноос өмнөх шог хочлолуудыг уншаад тус бүтээлүүдийг нэгтгэн хэвлэлтэд өгөөд байна. Пэрлээ гуайн Ерөөл магтаал зэрэг номыг бас уншсан. Дараагийн маань ажил Үзэмчин угсаатны тоглоом наадамтай холбоотой номуудыг л судалж байна даа. Ийм олон ажил төлөвлөчхөөд судалгаа хийгээд байгаа болохоор уран зохиолын ном унших завгүй болсон. Судалгааны чиглэлээр голдуу уншиж байгаа болохоор нэг уншихдаа 2,3,4 ном зэрэгцүүлээд уншдаг.
Номыг хаана уншвал тав тухтай санагддаг вэ?
Хаана ч уншиж болно. Надад бол заавал чимээгүй орчин гэхгүй, хүмүүс хажууд ярилцаж байсан ч, хүүхдүүд шуугьж байсан ч хамаагүй. Би анхаарлаа төвлөрүүлчихдэг болохоор нэг их саад болдоггүй.
Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?
Анхандаа хамаагүй л уншдаг байсан. Сүүлдээ судалгааны үед олон ном зэрэг уншиж судлах хэрэг гардаг болохоор нүүрээрээ хагасалж уншигддаг болсон. Гол зүйлээ дахин нягталдаг. Шалгалтад бэлдэх ном бол бас өөр. Шалгалтад бэлдэхдээ хугацааг нь тулгаад л нүүрээр нь нэг гүйлгээд л орчихдог байсан. Шалгалтад орж ирсэн асуулт аль талын нүүрэнд аль хэсэгт байсан нь харагдаад ороод ирдэг байсан. Манай багш намайг харааны ойтой хүүхэд гэдэг байсан. Хараад тогтоочихдог нь түүнтэй холбоотой юм болов уу гэж боддог.
Таны сонголт цаасан ном уу? Цахим уу?
Нүдээ хайрлаад цаасан номыг сонгодог.
Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?
Байхгүй юмгүй ном байхаа
Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?
“Хаврын арван долоон учрал”-ын Штрлиц гээд тагнуулч
Бусад хүмүүсийг уншаасай, мэдээсэй гэж хүсдэг ном?
Түүхийн номууд
Та өөрийнхөө бүтээл болсон судалгаа шинжилгээний ажлын талаар яривал?
Одоогоор хамгийн их шимтэж байгаа нь Үзэмчин угсаатны өв соёлын судалгаа. Зөвхөн энэ чиглэлээр Үзэмчин хувцас, зүүтгэл, Үзэмчин ерөөл магтаал, Үзэмчин аман найраг, Үзэмчиний домогт дуу, Үзэмчиний харваа, Үзэмчин идээ унд гэх мэт судалгааны 10-аад ном гараад байна. Өмнө нь боловсролын судалгаагаар уламжлалт технологи, техник, боловсруулах технологи сэдвээр судалж арга зүйн талаар бичиж байсан. Суурь боловсролын цөм хөтөлбөрт “Техник” бүлгийг судалж, туршаад, хэрэгжүүлж бүлэг болгон оруулж улсын хэмжээнд 6-9-р ангид судалж байна. Уламжлалт технологийн сэдвээр Сурах бичгүүдэд анги тус бүрд орсон байгаа.
Бусдад санал болгох үг, эшлэл?
Ном бол оюун ухааны хөлөг онгоц
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдын таны уран бүтээлд улам их амжилт хүсье.