Уншихгүй бол сэтгэхгүй, хэл сэтгэхүй хоёр нэг гэж ч үздэг…

Уншихгүй бол сэтгэхгүй, хэл сэтгэхүй хоёр нэг гэж ч үздэг…

Бидний урилгыг хүлээн авч ярилцаж байгаа танд баярлалаа. Өөрийнхөө талаар манай уншигчдад танилцуулахгүй юу

МУИС-ийн МСС-ийг Монгол хэл, уран зохиолын багш, судлаачаар төгссөн. Сэтгүүлч мэргэжлээр 25 дахь жилдээ ажиллаж байна. Телевизийн салбарт баримтат кино, хөрөг нэвтрүүлгийн төрөлд зохиогч, редактораар ажиллаж ирсэн. Одоо чөлөөт уран бүтээлч. Сүүлийн үед хүүхдийн зохиол сонирхож хэд хэдэн орчин цагийн үлгэрийн цуврал хэвлүүлсэн. Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, МЗЭ-ийн гишүүн.

Таны хүүхэд  насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?  

Мөрөөдөлд хязгаар байхгүй гэдэг. Тэр тусмаа хүүхэд байхад тоо томшгүй олон мөрөөдөл дунд умбадаг шүү дээ. Тийм л хүүхэд байсан. Цэцэрлэгт ороод цэцэрлэгийн багш болвол сайхнаа гэж бодно. Сургуульд ороод эмэгтэй багш нараа хараад ийм гоё багш болно доо гэж бодно. 17-хон настай оёдлын үйлдвэрт ажиллаж байхдаа “Хөдөлмөрийн баатар” болно доо гэж мөрөөддөг байлаа. Аав минь Монгол хэл, уран зохиолын багш хүн байсан юм. Манайд бүх л төрлийн ном, сонин, сэтгүүл байдаг байлаа. Тийм болохоор номтой их ойрхон өссөн. Эмээ минь ухаан орсон цагаас л бидэнд хуучин монгол бичгээр “Үлгэрийн далай”, “32 модон хүний үлгэр”, “Чулууны бичиг”, “Эрдэнийн сан субашид” гээд олон үлгэр, сургаал дуудаж өгч өсгөсөн. Магадгүй энэ бүхэн өнөөдрийн мэргэжлээ сонгоход нөлөөлсөн байх. Аавыгаа бурхан болсны дараа мэргэжлийг нь өвлөж авахаар шийдсэн юм.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Яг ямар ном анх уншиж байснаа санахгүй байна. Гэхдээ анхны уншсан номуудаас Даниэл Дефогийн “Робинзон Крузо” хамгийн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн номын нэг. Тэрнээс хойш гэрийн номын санд дахь бүх номыг уншсан. Бидний багад ном л уншиж чөлөөт цагаа өнгөрүүлдэг байж. Гэрийн бүх номоо уншиж дуусаад найзуудтайгаа байхгүй номоо сольж уншина. Адал явдалтай номыг нэг эхэлвэл дуусгаж байж л санаа амарна шүү дээ. Би ер нь адал явдалтай ном унших дуртай. Сүүлийн үед хувь хүний түүх, намтарчилсан зохиол унших дуртай болсон. Хүн бүр өөрийн давтагдашгүй ертөнцийг бүтээхээс гадна, амьдарч буй цаг үеийнхээ толь нь байдаг. Хувь хүний амьдралаас тухайн нийгмийн хувьсал өөрчлөлт, их олон зүйлийг харж болдог. Маш сонирхолтой шүү.

Таны амьдралыг болон  хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Тухайлсан нэг ном гэхээс илүүтэй уншсан ном бүхэн ямар нэгэн зүйлийг бодуулж, ухаарал, гуниг харуусал, баяр жаргал, урам зориг өгдөг. Тэр ч утгаараа миний амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлж, өнөөдрийн намайг бүтээхэд хувь нэмрээ оруулсан байх. Гунигласан үедээ Расул Гомзатовын “Миний Дагистан”-ыг уншихад сайхан. Жаахан шантарсан үед хэн нэг хүчирхэг хүний намтар зохиол уншихад урам зориг авах жишээтэй.

Таны ширээний ном?

Миний ширээн дээр ажлын шаардлагаар янз бүрийн л ном байдаг. Арай залуу байхад яруу найргийн ном байнга хажууд минь байдаг байсан. Харин одоо ихэвчлэн түүх, намтарчилсан зохиол л уншиж байна даа.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Хамгийн сүүлд сэтгүүлч Б.Энхцэцэгийн “Хөрөг” нийтлэлийн  номыг уншсан. Яг одоо “Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд” номыг охиндоо уншиж өгч байна.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Амттай номыг хаана ч уншсан тав тухтай. Номондоо орчихвол орчноос тасарчихдаг л даа.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Би үр дүнд хурдан хүрэхийг хүсдэг төрлийн хүн. Заримдаа энэ нь намайг маш адгуу хүн шиг харагдуулдаг байх л даа. Тиймээс эхлэл нь маш сонирхолтой номыг барьж авч шууд л уншиж дуусгадаг. Яаж төгсөх бол гээд л… 

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Залуучууд өөрсдөө сонгох нь хамгийн зөв байх. Хүн бүрийн авч өгөх мэдрэмж өөр шүү дээ.

Таны хувьд ном уншдаг хүн гэж яг ямар хүнийг хэлдэг бол?

Бодож эргэцүүлэх дуртай, таньж мэдэх хүсэл эрмэлзлэлтэй хүн унших дуртай байдаг байх. Уншсан бүхнээсээ оюуны таашаал авч, өөрийгөө цэнэглэхийн тулд уншдаг гэж боддог.  Одоо үед бол өөртөө зав гаргадаг хүн юм болов уу даа. Зөвхөн ном уншихаас гадна маш олон сувгаар мэдээлэл авч болдог болж л дээ. Тухтай суугаад ном ч унших завгүй дэндүү эрчтэй цаг үед амьдарч байна.

Өөрийгөө ном гэж дүрсэлвэл та ямар төрлийн ном бэ?

Хэлж мэдэхгүй юм байна. Тэгэхээр би одоо болтол өөрийгөө бүрэн гүйцэд таниагүй яваа юм болов уу.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Уншихгүй бол сэтгэхгүй гэж ярилцдаг. Энэ үнэн л дээ. Хэл сэтгэхүй хоёр нэг гэж  ч үздэг. Уншдаггүй хүн өдөр тутмын хар ярианы хэдхэн үгэн дотор эргэлдэж сэтгэнэ л гэсэн үг, маш ядмагхан. Ном уншдаг хүн илүү өргөн цар хүрээтэй сэтгэж, амьдралыг илүү баялгаар харах байх  л даа. Миний бодлоор энэ л үнэт зүйл нь.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Цаасаар унших дуртай. Барьж, имэрч, үнэрлэж таван мэдэрхүйгээ ажиллуулж унших нь илүү таашаалтай.

Унших дуртай зохиолч?

Л.Өлзийтөгс

Уншихыг төлөвлөж буй ном?

Японы зохиолч Мачида Сонокогийн “52 герцийн халим”. Их сонирхолтой ном санагдсан.  

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Д.Намдаг “Цаг төрийн үймээн”романы Оюундарь.

Та бүхэнд баярлалаа. Эрүүл энхийг ерөөе. Сайн сайхан үйлс нь улам дэлгэрэх болтугай.

Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Munkhzul.B