Т.Гүлдаурен: Ухаантай хүн ярихаасаа илүү сонсдог. Сонсохоосоо илүү боддог. Бодохоосоо илүү уншдаг.

Овог нэр: Табигат овогтой Гүлдаурен

Эрхэлж буй ажил, албан тушаал: Зохиолч

Сошиал хуудсууд:  Зохиолч, ментор Т.Гүлдаурен

Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Би дипломатч болох мөрөөдөлтэй байсан учраас МУИС Олон Улсын Харилцааны сургуульд суралцсан. Их сургуулиа төгсөөд 10 аад жил хувийн хэвшлийн байгууллагуудад гадаад худалдаа, маркетингийн чиглэлээр ажилласан. Амьдралын тодорхой мөчлөгүүдэд хүний харах өнцөг, зорилго өөрчлөгддөг юм билээ. Одоо бол би улс төрөөс илүү номын ертөнцийг маш ихээр сонирхож байна. Ийм л байна.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Сургуульд орохоосоо өмнө үсгээ таниад эгчдээ үлгэр уншиж өгдөг байсан гэсэн. Тэгэхээр ямар ч байсан үлгэрийн ном. Одоо бодоход “Болдоггүй бор өвгөн” гэдэг үлгэрт яагаад ч юм их дуртай байсан юм байна.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Олон ном бий. Захаас нь дурьдаад үзье.  “Нууц” гэдэг номыг арваад жилийн өмнө уншаад ихэд гайхширч байснаа санаж байна. Одоо ч би нууцыг амьдралдаа хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлвэл, бодит мэт төсөөлж чадсан бүхнээ хүн бодит болгож чаддаг.

Таны ширээний ном

Одоо бол ширээн дээр толь бичигнүүд, судалгааны номууд, Дарма Батбаяр гуайн номууд байна

Одоогоор ямар бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

100 номын тэмдэглэл, Mommy Mentor номууд дээрээ ажиллаад явж байгаа. Шүлэг бичих дуртай.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Өчигдөр Буйд Газрын Кафе гэдэг жижигхэн хэрнээ хөөрхөн номыг эргүүлж дуусгасан. Хүн амьдралын зорилготой байх ямар үнэ цэнтэй зүйл болгохыг харуулахыг зорьсон ном байна лээ.

Номыг хаана уншвал тав тухтай санагддаг вэ?

Би номыг хаа сайгүй уншдаг. Гэхдээ өөрийнхөө ширээний ард суугаад унших нь хамгийн тухтай. Дашрамд хэлэхэд би сэтгэлд гүн сэтгэгдэл төрүүлсэн номуудаа тэмдэглэж уншдаг учраас компьютертэйгээ ойрхон байвал амар байдаг.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Аль болох өдөр бүр уншдаг. Заримдаа ном уншиж амжихгүй өдрүүд байдаг ч тогтмол уншдаг. Нэг номоос ядаж нэг гайхалтай санааг барьж аваад амьдралдаа хэрэгжүүлье гэж боддог.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Очир эрхшээгч, Оройгүй сүм, Уул нөмөрсөн үүл зэрэг номуудыг санал болгоно. Дээр нь дэлхийн сонгодог уран зохиолуудыг унших хэрэгтэй гэж боддог. Шинэ үеийн зохиолчдоос Мураками Харуки, Орхан Памук нар сонирхол татаад байгаа.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

         Америк Монгол төвийн уншигчийн үнэмлэх

Тренди бүсгүй” Стартапыг үүсгэн байгуулагч, энтрепренер талаараа дурьдвал?

Би өөрийнхөө бас нэгэн хобби болох гоёл чимэглэлийн чиглэлээр багахан бизнес эрхлээд 6 жил гаран болж байгаа. Яг л өөрөө бүгдийг эхнээс нь хийж, алдаж онож, их зүйлийг суралцаад явж байгаадаа баярладаг. Аливаа том жижиг бизнесийн гол тулгуур нь хэрэглэгч, үйлчлүүлэгчид байдаг. Тэдний итгэлийг алдахгүйгээр тогтвортой оршин тогтнохын үндэс нь үнэнч шударга байдал гэдгийг ойлгож авсан.

Уншихыг төлөвлөж буй ном?

Достоевскийн “Кармазовын хөвгүүд”ийг дахин нэг нухацтай унших хэрэгтэй байгаа.

Унших дуртай зохиолч?

Агота Кристоф, Стефан Цвейг,  Лев Толстой,          Мураками Харуки

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ? 

  Анна Каренина

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Ухаантай хүн ярихаасаа илүү сонсдог. Сонсохоосоо илүү боддог. Бодохоосоо илүү уншдаг.

Ярилцлага өгсөн таньд маш их баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Та бүхэндээ бас ажлын өндөр амжилт хүсье. Номын цагаан буян үргэлж дэлгэрч байг.

Ярилцсан: Номын санч Э.Ариунтунгалаг