Харилцааны нөхөрлөлөөс агуулгын нөхөрлөлийг л хэлэх байх…
Танд өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач
Уншигчиддаа юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе. Намайг А.Анхбаяр гэдэг. Чингис хаан Үндэсний музейн ажилладаг. Саяхан Гэрэлт Дэнгийн зүг хэмээх анхны номоо гаргасан.
Таны унших дуртай ширээний ном? Ямар төрлийн ном уншдаг вэ? Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?
Хамгийн дуртай асуулт байна шүү. Одоогоор МУИС-н эрдэмтэн Элдэв-Очирын орчуулсан “Баруун хань улсын сурвалж бичиг” гэх Хүннүгийн цадигийг уншиж байна. Ер нь түүх, шашны номыг голчлон сонгодог. Төлөвлөсөн ном гэвэл Хятадын Шү Каншэний “Лаозийн сургааль” , Зохиолч Чопрагийн Ёогийн долоон хууль зэрэг номуудаа уншиж дуусгана гэж төлөвлөж байна.
Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?
Сэтгэл судлалын ном юм уу даа. Сэтгэл судлалын болон Шашны, археологийн ном их өөрчилсөн.
Сэтгэл судлаач Мөнхцэцэгийн Хуулийн сэтгэл судлал, Нийгмийн сэтгэл судлал, Нарциссист эмгэг зэрэг номууд. Шашны гэвэл Буддын шашны тайлбар толь, Агнистийн гэгээ, Археологийн тухайд гэвэл Ноён уулын малтлага судалгаа гэх зэрэг…
Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ном уншсаны давуу тал
Зөвхөн миний л бодол юм шүү. Хүүхэд бага насандаа эцэг эхээсээ зөрүүдлэдэг ч гэр бүлийнхээ үгээр л амьдардаг. Харин ном уншсаны давуу тал гэвэл хүүхдэд өөрийн үзэл бодол, үзэл бодлоо хамгаалах, миний уншсан номонд ингэж бичсэн дээ гэх маягаар нотлох чадварыг суулгадаг санагддаг.
Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?
Хувь хүний хөгжлөөс өөр ном уншаарай гэж санал болгож байна даа.
Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Харин таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?
Эхлээд хэд хоног очиж үзнэ. Харна. Олонхи уншдаг бол алгасаж, цөөнх уншдаг бол сонгоно. Харин хувь хүний хөгжлийн номд дургүй талдаа.
Та өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном бэ?
Сурвалж бичгийн ном байх. Хүмүүсийн аль эрт мартсан зарим түүхүүд байсаар л байдаг.
Энэ их ажлын хажуугаар ямар ном уншиж байна уншиж буй номоосоо хуваалцахгүй юу?
Ёогийн долоон хууль гэх номыг уншиж байна. Энэ номонд дасгал хөдөлгөөнөөс илүү сэтгэл санаа, оюун ухааны эрүүл мэнд рүү чиглүүлдэг. Дотоод амар амгалан гэж бясалгаж уншмаар ном.
Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?
Тэс өөр ном нэрлэмээр санагдлаа. ШУА-аас эрхлэн гаргасан Буддын шашин ба Археологи, түүний араас зохиолч Сааюу Баттулга ахын шинэ роман, Х.Нямхишиг найрагчийн орчуулсан Эрдүү хийл зэрэг.
Номыг ямар орчинд уншвал хамгийн амттай вэ?
Номын санд гэхээсээ номын дэлгүүрт гоё төвлөрдөг. Тэнд олон хүн шуугилдах хэрнээ хэн ч надад саад болохгүй учраас. Олны дунд хэрнээ ямар нэг зүйлээр тусгаарлагдмал орчин л юм даа.
Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?
Пабло Нерудагийн “Асуултын ном” шүлгүүдээс урам зориг аваарай гэж санал болгож байна. Юуг ч зааж, юуг ч чиглүүлэхгүй. Харин жинхэнэ өөрийгөө ойлгохын тулд эл номоор инээж, ухаарч болмоор.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?
Харилцааны нөхөрлөлөөс агуулгын нөхөрлөлийг л хэлэх байх. Миний хувьд өөр юу ч биш.
Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.