Хүний амьтнаас ялгарч байгаа хамгийн эрхэм чанар бол оюун ухаан, ..,
Хүний амьтнаас ялгарч байгаа хамгийн эрхэм чанар бол оюун ухаан, сэтгэл зүрх хоёр. Тэр оюун сэтгэлийн түлхүүр нь ном юм болов уу.
Овог нэр: Батдоржийн Жамбалдорж
Эрхэлж буй ажил, албан тушаал: МОНГОЛЫН РАДИО, НАЙРУУЛАГЧ
Сошиал хуудсууд: Jambaldorj Batdorjiin
Номын ертөнцтэй хэрхэн, яаж танилцаж байсан тухайгаа яриагаа эхэлье.
Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?
Хүүхэд насандаа их мөрөөдөмтгий байжээ. Манай нутгийн онцлог гэвэл уулс ус үзэсгэлэнт байгальтай сайхан нутаг бий. Олон үндэстэн угсаатан оршин суух түүх дурсгал арвин баялагтай нутаг л даа. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум Өөлд түмэн аж төрөн амьдардаг. Улсын нийслэлээс 1500 гаруй км зайтай. Хот хүрээ гэдэг бол тэр алс суманд аж төрсөн бидэнд төсөөлөл дотор байдаг байсан. Нагац өвөөгийн гар дэээр анх бичиг үсэг сурч, аавыгаа даган хөдөө адуу малд бас ойрхон өссөн болохоор эрдэм номд шамдах, хар бор ажил гээд бүгдийг мэднэ. Хүн багаасаа ажил сурсан байх хэрэгтэй. Нагац ах Д.Энхсайхан маань үлгэр сайхан ярьдаг, зурдаг авъяас билигтэй хүн байсан. Тэр ахыгаа дагаж зураг зурсаар зураач л болно гээд өдөр шөнөгүй харсан таарсан зүйлээ хуулж зурдаг байлаа. Сүүлдээ багш нар маань дэмжиж шүтээн урлал буюу Монгол зургийн шавь сургалтанд явж байсан. Сонин шүү алив юм хувь төөрөгтэй байдаг байх. Санаж мөрөөдөж явсан мэргэжилээсээ холдож, найруулагч мэргэжилтэй болчихсон. Жижигхэн тэмдэглэлийн дэвтэртэй бага зэрэг юм бичдэг байсан минь сэдэрч оюутан цагаасаа яруу найрагт дурлаж, үе тэнгийн олон нөхөдтэй ижилсэн нөхөрлөжээ. Ингээд бодохоор зураач болох хүсэл, найрагч болох хүсэл, найруулагч гээд л урлаг соёл бодож бясалгах чанар нэгтэй учраас анхнаасаа хичээсэн зам мөр маань нэг их буруудаагүй юм болов уу гэж боддог.
Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?
Тодхон санагдаж байгаа нэг үйл явдал байна. Тухайн үед үеэл Б.Галсандовдонтой хамт сумынхаа номын санд анх орж үзэж байсан минь санаанаас гардаггүй. Манай өвөө нутаг хошуундаа байрны багш Л.Дашням гэж эгэл даруу сайхан хүн байсан. Өвөө маань ном их цуглуулдаг, сонингийн хайчилбар их нааж ангилдаг байсан болохоор номон дунд өссөн. Анх тэр номын сандаа яваад ороход хуучин номын үнэр, тоос шороо нь их дотно. Тэгээд Номын санч Оюунчимэг эгчээр заалгаж хэд хэдэн ном уншиж суусны дотор “Сүмтэй бударын чулуу” их онцгой санагдаж билээ. Бас “Хүлгийн зоонд одод гялалзана” гэх номуудыг амтархан уншиж, шүлгийн амь шидэнд биширч байсан юм. Тэгээд Сүмтэй бударын чулуу номыг найзтайгаа хамт туучихсан. Номын санч эгч маань мэдсэн хэрнээ өгөөд явуулчихсан. Тэгээд дамжуулж уншсаар сүүлд сургуулиа төгсөх жил номын сандаа буцааж аваачиж үлдээсэн. Хэзээ хойно хэн нэгний зүрх сэтгэлд бас нэг гал асахад хэрэг болж болох шүү дээ.
Та ном бичих сэдэл, мотивацаа яаж олдог вэ?
Сэдэл гэхээсээ илүү зорилго, зорилгогүй зүгээр л бичдэг. Ялангуяа яруу найргийн номыг шүү дээ. Бусад орчуулга, томоохон хэмжээний баримтат зохиолууд бол төлөвлөгөөтэй төрдөг байх. Одоо бол номын тоо гэхээсээ илүү мөн чанартаа анхаарч, сэтгэл зүрхээ амьд байлгаж цаашид бүтээлээ туурвихыг эрмэлзэж явна. Шүлэг бичих сэдэл сэтгэлээ байнга зүлгүүрдэж явах хэрэгтэй юм шиг. Тэгж байж мэдрэмтгий байна. Мэдрэмтгий байгаа хүнд сэдэв хаа мундах вэ.
Таны амьдралыг болон хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?
“Миний дагистан” номыг уншаад өөр бодол төрж байсан шүү. Залуучууд өөрийгөө олоогүй, төлөвшөөгүй байхдаа. Хэн гэхийн аргагүй олон арга барилаар шүлэг бичдэг. Явж явж олох нэг нь олж, өөрийгөө олж чадаагүй нь хэн нэгний хуулбар болох аюултай юм уу гэж анзаарагддаг. Миний хувьд Дагистаныг уншсанаар бас нэг нүд нээгдэж байсан. Өөрийнхөө төрж өссөн нутаг ус, түүхт тэмцэгч зон олныхоо тухай илүү бодох, судлах, хайрлах сэтгэл төрж байсан.
Таны ширээний ном?
Их найрагч Д.Нямсүрэнгийн номууд гарт ойрхон байдаг. Монгол гэж том дархлаагаа хадгалж бүтээлээ бичих юм сан гэж хичээж явдаг. Бусад зохиолч найрагчид ч бас боддог байх л даа. Яг ч байнга бас нэг ширээний ном гэж ярихаасаа илүүтэй шинэ содон ном бүхнийг л унших эрмэлзэл хүн бүхэнд бий шүү дээ.
Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
Дэргэд одоо бол саяхан хэвлэгдсэн На.Сүхбаатар гуайн эрхлэн гаргадаг ойрд судлалын номууд байна. Сүүлд “Цорос овгийн түүх” ном хэвлэгджээ. Угсаатан зүйн, түүхийн номуудыг уншихаар тухайн цаг үеийн соёл, хүмүүсийн хандлага гээд үнэхээр амттай байдаг.
Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?
Одоо бол орчноо бий болгож байвал сайн л даа. Гэхдээ хэцүү бид олон мэдээллийн урсгал, замын түгжээ, завгүй амьдрал, гар утас гээд сатаарах зүйл олон. Шинэ цагийн энэ эрин зуунд үнэхээр амьдралын төлөвлөгөөнд орох, эсвэл номыг хаана ч уншаад сууж байх хэрэгтэй. Ном бидний хаана уншиж байгаа орчинг голохгүй, бид л голж мэднэ. Сурагч байхдаа сумынхаа арын өндөр улаан уулсын авирч гарахад хамгийн хэцүү орой дээр очоод найзуудтайгаа ном уншиж төсөөлөхүйн оронд нисдэг байлаа. Одоо бол цаг зав олдвол орчин чухал биш байна. Мөн унших номоо зөв олж сонгох ёстой санагдсан.
Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Ном уншихын ач тусыг хүн бүхэн л ярьдаг шүү дээ. Гэвч энэ нийгэмд тэгтлээ их уншаад суугаад байх хүн цөөхөн. Энэ магадгүй тэдний буруу ч бас биш байх. Талхныхаа мөнгөө олох гэж өдөр шөнөгүй ажиллаж, сайхан залуус гадаад явахын хүслэн болж байна. Тэд хэзээ аль заваараа ном унших вэ? Зав гарвал гар утасруу л орж байна даа хүмүүс.
Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?
Сүүлийн үед цахим номууд ихээхэн гарсан. Энэ бол бас сайхан амар болсон байна лээ. Гэхдээ би үгүйсгээгүй шүү. Надад бол цаасаар унших илүү санагддаг. Номын үнэр байна. Сайн номыг дэрэн дороо хийгээд чагнаж унтахад таатай байдаг.
Унших дуртай зохиолч?
Хуучны рмоануудыг унших дуртай ялангуяа оросын алдарт зохиолчид үнэхээр гайхалтай шүү.
Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?
“Дөлгөөн дон”Григорий гэж нөхөр байна. Хэн бүхний өмнөөс нь тэр зохиолын баатарыг өөрийн эрхгүй хайрламаар санагдаад байдаг.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ? гэдгийг цөөн хэдэн үгэнд багтааж хэлбэл?
Алив нэг зүйлсийг дүгнэн ярихаас илүүтэй өөрийгөө хайж тэмтэрч л явна даа. Хүний амьтнаас ялгарч байгаа хамгийн эрхэм чанар бол оюун ухаан, сэтгэл зүрх хоёр. Тэр оюун сэтгэлийн түлхүүр нь ном юм болов уу. Арвин их түүх, он цагийг номонд хурааж болно.
Ярилцсан: Д.Саруулбат