“Хүний эрхийн Оюунаа” бодит амьдралаас төрсөн…

“Хүний эрхийн Оюунаа” бодит амьдралаас төрсөн…

Сайн  байна уу  Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та номтой  анх  хэдэн  настайдаа танилцаж  байв. Энэ талаар дурсамжаа  бидэнтэй  хуваалцахгүй  юү?

5-6 настайдаа. Манайх гэртээ номын сантай, аав, ээж хоёр орос, монгол өнгөт хэвлэлүүд их захиалж уншдаг. “Цог” сэтгүүл, “Мурзылка”, “Зөвлөлт холбоот улс”, “Бурда” зэрэг олон төрлийн сэтгүүл, ном, сонин хөглөрсөн сонин айл байсан юм. Дүү бид хоёр өглөө эртлэн босоод, ээж, аавыгаа ажилд явсан хойгуур аль өнгөтэй өөдтэй, гоё зурагтайг нь шилж, хайчлан гэрээ чимнэ. Эд хогшил, тавилга, хөшиг сэлтэд нааж тогтоогоод дараа нь гэрээ цэвэрлэдэг. Орой тэднийг ирэхээс өмнө зургуудаа хуулж авдаг байлаа. Хамгийн анх орос ардын үлгэрүүдтэй ном уншиж байсан. Сумын номын сангаас аав тор дүүрэн ном авчрахдаа биднийг бас орхихгүй. Тэр номны үнэрийг мартдаггүй юм. Сүүлд “Үүлэн бор”-ыг хайсаар байж олж авсан. Хүүхдүүддээ уншуулах гэж.

Та  ямар мэргэжлээр сурч төгссөн бэ?

Сэтгүүлч, санхүүч мэргэжилтэй. Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультет, сүүлд мөн тус сургуулийн Эдийн засгийн сургуулийг төгсч, магистр хамгаалсан.

Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Хийж байсан үйлдлүүдээ бодохоор ирээдүйн мэргэжлээ зөгнөсөн мэт санагддаг. Надтай хамт сонин, сэтгүүлийн зураг хайчилж, гэрээ гоёдог байсан төрсөн дүү минь ч сэтгүүлч болсон. Гэхдээ тухайн үед нэхмэлийн үйлдвэрт ажилчин болохыг мөрөөддөг. Үүрээр эртлэн ажилдаа явж, хөдөлмөрийн норм биелүүлдэг нэхмэлчдийн тухай төсөөлөн боддог сонин хүүхэд байсаан. Сурлага сайтай ч дээд боловсрол эзэмших албагүй гэж ярихаар манай нагац ах “Танай гэр бичиг, цаасанд умбасан айл байх болно” гэдэг. Яг л түүний хэлснээр болсон доо. /инээв.сурв./

Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

7 настайгаасаа эхлээд гэрийнхээ номын санг дуусгаад, сумын номын сан руу сүрхий шургаж орсон байдаг юм. Хичээлээс гадуурх номуудыг айлаас ч болтугай олж аваад чөлөөт цагаараа уншина. Ахуйн ажилд маш их дайчлагддаг, аав, ээж нь улсын ажилтай, гэрийн бараа хардаггүй шахам хүмүүсийн ууган хүүхэд учраас номоо уншихын тулд гэр орноо цэвэрлэх, дүү нараа асрах, хоол хийх, ус зөөх, түлээ түлшээ бэлтгэхээс эхлээд бүх зүйлийг маш хурдан хийж дуусгахыг хичээнэ. Ихэвчлэн шөнө орондоо орсон хойноо номоо уншина. Тэр үед нүдний хараа мууддаг гээд ээж, аав орондоо ном уншихыг хатуу хориглодог байсан юм. Тиймээс нэг арга сэдсэн нь гар чийдэн ашиглах. Хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд гар чийдэнгээ тусгаад номоо уншина. Энэ арга сүүлдээ амжилтгүй болсон л доо. Нэг ном барьж авбал заавал дуусгаж байж санаа амардаг болохоор цүнхлээд хичээлдээ явна. Номын сайн нөхөр, таван хошуу цуглуулах зэрэг олон сайхан хөшүүрэг бидний багад байлаа.

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Таны эргэн тойрны хүмүүс юу хийнэ, түүнийг дуурайна гэдэг. Үнэн үг. Аав, ээж, ойр дотны хүмүүс бүгд унших зуршилтай. Уншсан номынхоо гол баатрын нэрээр хүүхдэдээ нэр өгөх жишээний улс эргэн тойронд байсан учраас ийм дадал сууснаа анзаараагүй явж ирсэн юм билээ. Манайд ирсэн зочид “Хөөх, танайд энэ ном байгаа юм уу?”, “Цог” сэтгүүлийнхээ тэр дугаарыг түр өгөөч” гэх мэтээр номыг онцолж, номын тухай ярилцаж, ач холбогдол өгөх нь хүүхдийн сэтгэхүй, сэтгэл зүй, далд ухамсарт нөлөөлдөг байж магадгүй. Одоо нөхөр бид хоёр ч шинэ номуудыг өөрсдөдөө худалдан авч, бие биесээ эрхлүүлдэг зуршилтай. Хүүхдүүдэд ч халдварласан бололтой. Охин нэг удаа пүүз авах гэж яваад хоёр тор дүүрэн ном бариад ороод ирсэн. Төрсөн өдрөөрөө цугларсан 300-гаад мянган төгрөгөөр ном авчихсан байж билээ. Унших дадал сайхан шүү. Өөрөө өөртөө өгөх тансаглал гэж би боддог.

Та номыг  хэрхэн уншдаг вэ?

Эхлээд ерөнхийд нь гүйлгэнэ. Тэгээд уншигдаж байвал булан тохой, буйдхан газар олж аваад, эсвэл буйдандаа шигдээд, гал тогооныхоо мухарт, хүлээлгийн өрөөнд, орон дотроо, нойлдоо, ер нь хаа таарсан газартаа чимээгүйхэн төвлөрөөд бариад суудаг. Маш хурдтай уншина. Уран зохиолын номыг нэг хоногт. Мэргэжлийн, хуулийн хэллэгтэй, онолын номнуудыг 2-3 хоногт, зарим номыг байнга ширээн дээрээ, орныхоо хажуугийн татлага дээр давхарлан өрж тавиад байн байн сөхөж унших дуртай. Заримдаа уншсан номоо 2-3 жилийн давтамжтай гаргаж ирж дахиад унших тохиолдол байдаг. Хайран цаг, цаас гэж халагламаар ном ч байдаг. Ялангуяа модон хэллэгээр хөрвүүлсэн, хэл найруулга муутай бол цагийн гарз. Угаасаа цааш явдаггүй.

Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?

Ном бүр л өөр өөрийн үүрэг, зорилготой бүтээгддэг байх. Говийн догшин ноён хутагтын сургуулиуд, Р.Чойномын “Сүмтэй будрын чулуу”, “Монте Кристо гүн”-ээс уйддаггүй.

Уран бүтээлч хүний сайхан хийгээд сөрөг тал юу байдаг вэ?

Хэт мэдрэмтгий. Орчны нөлөөнд автчих гээд байдаг талтай.

Та хэдэн настайгаасаа яруу найраг бичиж эхлэв?

Шүлэг бичдэггүй. Бичсэнээ ил гаргах дургүй. Үргэлжилсэн үгээр оролддог санаатай. Харин хүүхдүүд бол бичиж байгаа. Номоо гаргая гэсэн саналыг 5 настайдаа хоёр охин хоёулаа тавьсан ч ээжийн хувьд зөвшөөрөөгүй. Хэт эрт биеэ тоохоос сэргийлсэн гэх үү. /инээв./

Анхны номоо яагаад “Хүний эрхийн Оюунаа” гэж нэрлэсэн тань их  сонирхолтой  байна?

“Хүний эрхийн Оюунаа” миний анхны ном биш. 6 дахь нь. Энэ номыг бичих болсон учир шалтгаан нь их ерөөлтэй. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст 2011 онд анхны албан ёсны хэвлэлийн төлөөлөгчөөр ажилд орж, 10 жил гаруй хугацаанд ажиллахдаа зөвхөн мэдээ, сурвалжлага бичиж, дамжуулахаас гадна өөрийн хамаарах эрхийн хүрээнд гомдол хүлээн авах, сургалт явуулах, зөвлөгөө мэдээллээр олон нийтийг хангах үүрэг хүлээдэг байв. Ялангуяа “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг бүлэг, сэдвээр нь ХЭҮК-ын бүх ажилтанд хуваан өгч, хүн бүрийг оролцуулан 3-4 сарыг зарцуулан боловсруулдаг. Хөдөө, орон нутагт томилолтоор явахдаа бүгд баг болж ажиллана. Хяналт шалгалт хийнэ. 10 гаруйхан хүнтэй цомхон газарт нэгнээ нөхөж, дутуугаа гүйцээдэг болохоор хэн нь хэнийгээ гэх вэ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон хүмүүс ХЭҮК-т хандана. Чи өнөөдөр мэдээгээ бичихээр сууж байтал ширээн дээр чинь өлгийтэй нярай авчраад тавьчихаад “Ээжийг нь суллаж өг, баривчлаад явчихлаа” гэх жишээний. Энэ мэтийг харж, мэдэрч, үзэж туулах нь хүний эрхийн байгууллагынхны наад захын үүрэг. Үүргээ биелүүлэх явцад хүний эрхийн асуудлыг, хүмүүст тохиолдсон болсон явдлуудыг бичихийг мөрөөддөг байлаа. Хүний хувь тавилан тэр чигээрээ зохиол байдаг. Даанч дээ гэмээр зүйлтэй нүүр тулна. Ухрах замгүй. Туслах ёстой. Мэргэжлийн байх учиртай. Чиний нулимс ил урсах ёсгүй. Ажлаа хийх ёстой. Гомдол нэхэхгүйгээр, гоншигнолгүй хүмүүст тусла. Туслаад л байлаа. Хийгээд л байлаа. Сурталчилгаа нөлөөллийн ажлыг явуулаад байлаа. Гэвч хүний эрхийн асуудал дундардаг биш ундардаг юм санж. Гавьяаг нь бус, гайг нь өөрсдөдөө авч, муу нэр зүүдэг аж. Тэр мэтийг үзэж туулж, цөөнгүй хүнд тохиолдсон зөрчилтэй үйл явдлыг хэрхэн засч залруулж, зөрчигдсөн эрхийг сэргээж, хамгаалж байгааг бичсэн. 10 гаруй жилийн дараа, ажлаа сольсны хойно эргэн харж, гаднаас нь дүгнээд, авах, гээхийг хослуулан Монгол Улсын хүний эрхийн үндэсний байгууллага үүсч, төлөвшсөн, тэнд 20 жилийн турш тасралтгүй ажилласан нэгэн түүхт, хүний эрх хамгаалагч эмэгтэйн бодит түүхээр төлөөлүүлж харуулахыг зорьсон. Номын 3 дахь хэвлэлтээ саяхан авсан гэхээр хүнд хэрэгцээтэй байжээ. Удирдлагын академи болон их, дээд сургуулиуд сургалтын судлагдахуун болгон ашиглаж байгаад баяртай байна. Хүний эрх хууль дүрэмтэй холбогддог, тэр чигээрээ тоо, баримт дүүрэн хахаастай. Хачир начрыг нь, жин бангийн тааруулахад санхүүч мэргэжил минь дэм өгсөн. Бусдыг нь уншигч олон шүүнэ биз. Өөрийгөө магтах нь инээдтэй хэрэг.

Бичсэний дараа танд ямар мэдрэмж үлддэг вэ?

Бичих зүйлийн санаа нэлээд хэд хоног, сарын өмнө тархинд бичигддэг. Зарим зүйлийн санаа зүүдлэгддэг. Зүүд, зөнгөөр дамжиж ирдэг тэр өгөгдөл бурхны хишиг байх. Бодож явсан зүйлээ, олсон баримт, мэдээллээ боловсруулаад мөрлөж үлдээсний дараа дотор онгойдог. Орон зайтай болсон мэт мэдрэмж төрдөг. Зарим зүйлийг нулимс бөмбөрүүлэн огшиж бичсэн байдаг бол заримыг нь инээж, галзуу юм шиг хөхөрч, аль эсвэл хөмсөг зангидаж товших нь бий. Бусдад хүргэх гэсэн санаагаа постоор ч болтугай хүргэх сонин зуршилтай байснаа ажлын шаардлагаар дарах хэрэгтэй болсон.

Та  хэр  их сэтгэл хөдлөлтэй  хүн  бэ?

Төрөлх мөн чанартаа хөдөлгөөн ихтэй ч бясалгалын ачаар төвлөрч, сэтгэл санаагаа удирдаж сурсан. Их өндөр сэтгэл хөдлөл эзэндээ сайн зүйл авчирдаггүй. Эрүүл мэнд талаасаа ч тэр. Баярлах, гуних, ер аливаа зүйл хэр хэмжээндээ, савандаа багтаж байх гоё.

Орчин үеийн зохиолчид монгол хэлнийхээ яруу тансаг үгсийг хэрэглэх нь  багасжээ.  Энэ талаар таны бодол?

Цаг зав багатай амьдралын хэв маяг нөлөөлж байгаа болов уу. Харь хэлний нөлөө ч ихийг үгүйсгэхгүй. “Баясгалант царайт чинийхээ бал бурмын амтанд согтон найгая” гэж бичсэнийг үр хойчис унших зав хэр бол, ойлгох, үл ойлгох, хэрэглээний нөхцлөөс ч хамаарах биз. Үгийн ур, ухааны ур өвлөгдөхдөө ямархуу зам, саад бартааг туулж, үндэсний бичиг соёлыг хадгалж үлдээх, сэтгэлгээний өөрчлөлт, Монголоороо сэтгэж, Монголоороо ярьж, хэлэлцэхийн чухлыг ойлгуулах, хэлний дархлааг хадгалж, хамгаалах, уншигч, хэрэглэгчээ торгоон барих эсэх нь хүн бүрийн үүрэг байж мэдэх юм.

Сүүлийн үед ямар зохиол бичих гэж төлөвлөж байна вэ?

“Баримтат зохиолын төрөл цаг үеийн шаардлагаар урган гарч байна. Цаг нь ч ирсэн” гэж номын нээлтэд ирсэн МУСГЗ, сэтгүүлч Б.Галаарид гуай хэлсэнийг онцолмоор байна. Дараагийн номоо бичээд эхэлсэн. Монгол Улсын анхны эмэгтэй сайд, Хөдөлмөр, цалин хөлсний сайд, Монгол Улсад хөдөлмөрийн норм, норматив тогтоох, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагад гишүүнээр элсэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, асрамжийн газар, хүүхдийн сувилал байгуулах гэх мэт тухайн цаг үедээ үндэсний хэмжээний шинэ содон зүйлийг бүтээж, Намын төв хорооны гишүүн, олон улсад элч төлөөлөгчөөр ажиллаж явсан МУГЭЗасагч Мятавын Лхамсүрэн агсны түүхэн амьдралаас сэдэвлэн бичиж байна.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

Сонирхсон номоо шууд аваад уншчихдаг. Удаан бодож явдаггүй болохоор төлөвлөсөн ном алга.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном байх байсан бол?

Их сонин асуулт байна. Г.Аюурзанын хэдэн ботийн нэг байж магадгүй юм. Гаднаа нэг их гоё ганган биш ч, агуулга дүүрэн, утга учиртай, хялбар ойлгогдоод байхгүй, давхар давхар далд утгатай, энгийн юм шиг хэрнээ хожим ухааруулаад ч байх шиг, түргэн уншигдахааргүй, үнэ цэнэ нь хожим илрэх, эсвэл бүр оргүй хоосон мэт.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Бусдаас түрүүнд алхахыг хүсвэл ном унших хэрэгтэй. Уншдаг хүмүүс амьдралд алдах нь бага. Уншдаг хүмүүсийн зэрэг, зиндаа, тэргүүн өндөр. Хэрвээ зиндаархах ёстой юм бол мөнгө, эд агуурсаар бус номоор хэмжих нь илүү утга учир, ерөөл дүүрэн байх болно. Ном элбэг болсон цагт өөрт хэрэгтэй, хэрэгцээт, зөв номоо олж унших их чухал. Хэдийгээр ном унших сайн, зөв гэх мэтээр ярьж, бичдэг ч хүн бүрт өөр өөрийн онцлог, хэрэгцээ, өгөгдөлд, тухайн цаг мөчид таарсан зэрэг олон учир шалтгаант нөхцлөөс үр дүн хамаарна. Бүх номыг унших албагүй. Шаардлага ч байхгүй. Таны судалж, сонирхож байгаа сэдэвт хамаарахыг аваад сөхөхөд аяндаа мэдэгдэнэ.

Арван жилд  байхдаа хэр номын сангаар үйлчлүүлдэг хүүхэд байв. Дурсамжаа хуваалцахгүй юу?

Үнэндээ сургуулийн номын сан надад жижигддэг байлаа. Номын санч эгч минь үүнийг уншаад гомдохгүй байх гэж найдъя. Сумын номын санд өнждөг, тэндээс гэр лүүгээ тор дүүрэн ном зөөдөг хүүхэд байлаа. 18 настайдаа нийслэлд ирээд Үндэсний төв номын санд уншигчийн үнэмлэх нээлгэж сая санаа амарсан. Сүүл рүүгээ уран зохиолын ном унших цаг зав хомс болж ирэхэд сонсдог номонд хорхойсч сонирхох болсон. Сониноос тохиолдлынх уу, ажлын шаардлагаар уу. Миний найзууд дунд номын санч эгч нар олон бий. Би тэднийгээ “Энэ ертөнцийн хамгийн гоё албыг хашдаг” гэж магтах дуртай.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Үнэмлэх нээлгэх боломж гараагүй. Гэхдээ Ази, Номхон далайн хүний эрхийн үндэсний байгууллагын сүлжээний сургалтуудад хамрагдахдаа зохиогчдоос нь авсан ном, сурах бичгүүдээ ачаа тээшиндээ багтаах уу? Дэлгүүрээс авсан бараа таваар, хувцас, гоёлоо сонгох уу гэдэг ацан шалаанд орох үед осолгүй номуудаа сонгодог. Ажлын шаардлагаар манай ХЭҮК дотроо хүний эрхийн номын сантай /хожим цахим болгосон/, өөрсдөө олон төрлийн ном, гарын авлага бичиж хэвлүүлдэг онцлогтой байсан. Найзууд ч ийш тийш аялахаараа ном авчирч бэлэглэдэг зуршилтай.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтаж хэлбэл?

Ном бол ертөнцийг дөтлөх ухаан.

Танд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.

Баярлалаа. Танд ч бас.

ЯРИЛЦСАН:  НОМЫН САНЧ Ж.МӨНХЖАРГАЛ

 

Munkhzul.B