Ном унших аваас энэ ертөнцийг нэг биеэр, нэг насаар туулахгүй ертөнцийн жаргал, зовлонг эдэлж, олон сайхан хүнтэй танилцаж нөхөрлөнө.
Овог нэр: Дандар овогтой Аюурзанын Цэрэнчулуун
Эрхэлж буй ажил, албан тушаал: Өндөр насны тэтгэвэрт суугаа
Сайн байна уу. Манай номын сангийн “Номын сангийн зочны ярилцлага” буланд маань оролцож байгаад тань баярлалаа. Номын ертөнцтэй хэрхэн, яаж танилцаж байсан тухайгаа яриагаа эхэлье.
Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?
Үгүй дээ, би одон орон судлаач болно гэж мөрөөддөг байлаа. Гэтэл олон улсын харилцааны сургуульд явсан.
Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?
Цагаан дарь эхийн тууж байх
Та ном бичих сэдэл, мотивацаа яаж олдог вэ?
Жуулчны хөтөч-тайлбарлагч, аялал жуулчлалын багшаар ажиллаж байхдаа тэдэнд зориулсан гарын авлага ном бичих санаа төрж, Монгол орон, Улаанбаатар хотын тухай ном бичиж эхэлсэн, ахин дахин баяжуулж, сайжруулан шинэчилж бичдэг. Улаанбаатар хотын тойрон аялал, Монгол орны лавлах номуудыг тус бүр дөрвөн удаа шинэчилж хэвлүүлсэн байдаг.
Таны амьдралыг болон хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?
Амьдралын нугачаа, цагийн урсгал юм уу даа.
Таны ширээний ном?
Орчуулгын тухай ном бол Ринчен, Дамдинсүрэн гуай нарын зохиол, Гадаадынхан Монгол орны үзэсгэлэн, монгол хүний сайхан сэтгэл, хүний мөсийг магтан бичсэн ном, Т.Трафен, Марк Твений зохиолууд, Жек Лондоны зохиолууд.
Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
Долгорын Цэнджав багшийн гурвалсан “Жарны туульс”, Л.Дашням гуайн “Ертөнцийн Анир”, Соёрхын Пүрэвсүрэнгийн Өгүүллэг, Романууд.
Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?
Тайван нам гүм орчинд ганцаараа сууж байгаад номондоо орж унших сайхан байдаг.
Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?
Номыг тогтож унших.
Та ихэнхдээ аялал жуулчлалын тухай, монгол орны тухай ном орчуулахыг чухалчилдаг учир нь юу вэ?
Би монгол хүн болж төрсөндөө, аялал жуулчлалын мэргэшлийг сонгосондоо баярлаж, бахархаж явдаг. Нүүдлийн соёл цагийн урсгал, хөгжлийн эргүүлэг, даяарчлалын нөлөөнд мартагдаж байнаа. Өрсөж авч үлдэх юмсан… энэ сайхан нүүдлийн соёлоосоо европын хүмүүст бага ч гэсэн хүргэн, тэдний жуулчдыг эх орон руугаа татан хоёр орны соёлын гүүр болохсон гэж өөрийн өчүүхэн чадлыг чамлалгүй санаархдаг.
Таны орчуулсан К.Нөстлингерийн “Нөөшийн лаазнаас гарч ирсэн хүү Конрад”, В.Дурианы “Хайрцагнаас гарч ирсэн Кай хүү” гэх мэт номууд хүүхдүүдийн унших дуртай ном нь болж чадсан. Дахиад хүүхдүүдэд зориулсан ном орчуулах бодол байгаа юу?
Хөгжилтэй түүхүүд хэмээх орчин цагийн үлгэрийг герман хэлнээс орчуулан хэвлүүлсэн, О.Бяруузана гуайн Цагаан чоно үлгэрийг герман хэлнээ хөрвүүлсэн.
Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?
Пүрэвсүрэнгийн Буяндэлгэр, Раашийн Оюундарь нарын цуврал лекцүүдийг уншаарай.
Таны хувьд ном уншдаг хүн гэж яг ямар хүнийг хэлдэг бол?
Их олон ном уншихдаа биш уншсан номоосоо санаа авч амьдрал ахуйдаа ашиглах, туслах нь зөв болов уу, Би дунд сургуульд байхдаа нэг дурсамж уншсан, тэр номонд гардаг айлын аав нь жолооч, хөдөөнөөс бүхэл мах авчраад хоол хоолныхоор хэсэглэн хөлдөөгөөд орхидог тухай гардаг. Тэр санааг би тусган авч амьдралдаа хэрэгжүүлсэн.
Өөрийгөө ном гэж дүрсэлвэл та ямар төрлийн ном бэ?
Хүн бүхэн нэг номын сан гэж боддог. Би бол аян замын тэмдэглэл юм болов уу даа.
Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Номоос сургаал, санаа авах л хамгийн чухал
Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?
Аль алинаар уншдаг, цаасан дээрх нь бүр гоё.
Унших дуртай зохиолч?
Хэнээс юу сурах вэ гэдгээсээ хамаарна, Зохиолч бүрийн номыг унших дуртай.
Уншихыг төлөвлөж буй ном?
Оюутан ахуй цагтаа герман хэлээр уншиж байсан номуудаа унших дуртай
Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?
Соёрхлын Пүрэвсүрэнгийн зохиолын баатарууд их таалагддаг.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн хэдэн үгэнд багтааж хэлбэл?
Ном унших аваас энэ ертөнцийг нэг биеэр, нэг насаар туулахгүй ертөнцийн жаргал, зовлонг эдэлж, олон сайхан хүнтэй танилцаж нөхөрлөнө.
Танд баярлалаа.