Хүн төрөлхтөнийг цаасан ном, чулуун ном, уулаар бичсэн ном, усаар бичсэн ном, оддоор бичсэн ном, зэрэглээгээр бичсэн ном гээд их олон төрлийн номон дунд аж төрдөг азтай оршин суугчид гэж боддог. Уншаад л байхаас өөр яах вэ…

Хүн төрөлхтөнийг цаасан ном, чулуун ном, уулаар бичсэн ном, усаар бичсэн ном, оддоор бичсэн ном, зэрэглээгээр бичсэн ном гээд их олон төрлийн номон дунд аж төрдөг азтай оршин суугчид гэж боддог. Уншаад л байхаас өөр яах вэ…

Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү?

Завхан аймгийн Шилүүстэй сумын 8 жилийн дунд сургуулийн 4А ангид элссэн жил Ё.Бөөрөнхий багш анхны шүлгүүдэд минь урам хайрлаж Уран зохиолын дугуйландаа бүртгэж авсан юм. Б.Явуухулан найрагчийн “Цэнхэр мандлын тэнгэр дор” шүлгийн түүврээс уншиж өгсөн. Дугуйлангийн хүүхдүүд сониучирхаж тэр номыг дамжуулан гартаа барьж үзсэн. Танилцсан анхны ном тэр байжээ.

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Уран зохиолын дугуйланд орсныхоо дараагаар номонд татагдсан. Багшийнхаа номын сан дахь шүлгийн номуудыг уншсан. Хөдөө ном ховор байжээ. Ах, эгч нар зузаан зузаан роман дамжуулж уншдаг байсан цаг. Түүнийг нь сэмхэн авч ганц нэг хуудас уншина аа бас.

Таны хувьд ном уншдаг хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ?

Үнэ цэнэтэй гэж үзсэн номоо сонгож авч чаддаг. Түүнийхээ гүн рүү зорчиж, аялж, тэр номоороо дамжуулж өөрийнхөө дотоод дахь олон зуун нууц хаалгуудаас ямар нэг хэмжээгээр тайлж нээж чаддаг хүнийг жинхэнэ уншигч гэх болов уу.

Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?

Сурагч байхдаа уншсан “Миний Дагестан”

Уран бүтээлч хүний сайхан хийгээд сөрөг тал нь юу байдаг вэ?

Уран бүтээлдээ хамаг цаг хугацаа, өөрт буй гэрэлтэй гэгээтэй бүхнээ зориулж чаддаг сайн тал бий. Сөрөг тал нь гэвэл амьдрах арга чаргад бага суралцдаг. Бүтээх туурвихаас бусдыг нэг их чухал алба биш гэж яс бат бодчихдогт байдаг болов уу.

Одоогоор та хэдэн ном бүтээл гаргасан байна вэ?

Шүлэг, яруу найргийн төрлөөр 6 ном байна уу даа. Хүүрнэл зохиолын       төрлөөр гурав, романы төрлөөр бас гурван ном бичжээ.

Зохиолоо бичсэний дараа таньд ямар мэдрэмж үлддэг вэ?

Нэг хэсэгтээ хоосон болчихсон юм шиг санагдаад сэтгэл, мэдрэмж тогтож өгөхгүй хол, ойр тэнээд явчихмаар болдог.

Та хэр их сэтгэл хөдлөлтэй хүн бэ?

Хувь хүний хувьд бол өөр түвшин яригдах байх. Харин шүлэгчийн мэдрэмжийн хувьд гойд сонин үелзлэлтэй дотоод гилбэлгээний тухай ярих хэрэг гарна байх.  Ер бусын шүү дээ.

Ном бүтээлийнхээ нэрийг яаж оноож өгдөг нь сонирхолтой санагдаж байна. Энэ талаараа бидэнтэй хуваалцаач

Ер нь ямар ч түвшний зохиолчид шинэ номондоо нэр оноох амаргүй ажил байдаг. Бараг ном бүтээхээсээ ч их алба өрнөж байж нэр өгөх тохиолдол олон. Гурав дахь шүлгийн номондоо нэр өгөх гэж найз нөхдөөсөө хүртэл дэм авч байлаа. Тэгээд ч нэр олж чадахаа байгаад сүүлдээ нэг бүлэг шүлгийнхээ дундаас таарсан мөрийг нь суга татаж аваад өгчихсөн тохиолдол бий. Тэр нь “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” гэсэн нэр.

Сүүлийн үед ямар зохиол бичиж байна вэ?

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Монголын бурханы шашны их бүтээлчдийн нэг Дилова хутагтын тухай түүхэн романаа саяхан хэвлүүлсэн. Энэ номынхоо хамтаар мөн 84 шидтэн дээдсийн нэг Цогт Наробагийн тухай роман төлөвлөснөө мөн сая бичиж өндөрлөөд хэвлэлд өглөө. Гэгээнтэнүүдээс ерөөлийг нь авч байж чамгүй цаг хугацаа зарцуулж цадиг, түүх, баримт, эх сурвалж, домог, хууч  олныг цуглуулж дээдэстэй холбоотой зарим чухал газар орнуудаар дөрөө мулталж агаар, салхиар нь хүртэл амьсгалж явж номуудынхаа дотоод дүр зургийг босгосон. Ийм номууд бүтээлээ. Үндэснийхээ  шашны далай их номын сан хөмрөгт борооны дуслын чинээ хувь нэмэр орууллаа хэмээн өөртөө хэлээд сууж байна. Улс гүрний минь шашин, соёлын үнэ цэнэ гэж нэг юм бий. Үр хойч минь үүнийг гээж болохгүй. Үндэстний үндэс болж байдаг цөөхөн үнэт зүйлийн нэг нь шашин, соёл гэдгийг залуу үе минь хэзээ ч мартаж болохгүй.

Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юү?

Номын баяр дөнгөж өчигдөрхөн өндөрлөлөө. Зохиолч ах нар, анд нөхөд, дүү нараасаа олон сайхан ном гардаж авлаа. Яг одоо бол бичгийн ширээн дээр эхлээд унших ном минь А.Амарсайхан андын “Аранзал зөн”, С.Баттулга дүүгийн “Тэнгэрт нуусан уулс”, О.Цэнд-Аюуш дүүгийн “Хайрлаж үлдэнэ” романууд байна.  

Таны ширээний ном?

За яг ширээн дээрээ тавиад өдөр бүр уншдаг ном гэж үгүй ээ. Д.Нацагдорж, Б.Ренчин гээд эрхэм дээдсийнхээ номыг ер нь бол сөхнө шүү.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном байх байсан бол

Соньхон асуулт байна. За ямарч байсан Дорнын бичгийн мэргэдийн эрхэмлэдэг анхилуун үнэрт бэхээр бичсэн ном байх болов уу. Цаас нь зандан модны навч энэ тэр ч байж мэдэх юм хэ хэ хэ.

 Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд та манай уншигчдад хандаж юу гэж хэлэх вэ?

Хүн төрөлхтөнийг цаасан ном, чулуун ном, уулаар бичсэн ном, усаар бичсэн ном, оддоор бичсэн ном, зэрэглээгээр бичсэн ном гээд их олон төрлийн номон дунд аж төрдөг азтай оршин суугчид гэж боддог. Тэгэхээр бидний бөмбөрцөг их том номын сан болж таарч байгаа биз. Уншаад л байхаас өөр яах вэ. Тийм үү.

Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

 

Munkhzul.B