ХҮҮХДЭДЭЭ ХАЙРАА ЗОРИУЛЖ, ХАМТДАА НОМ УНШААРАЙ.
Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?
Зочны ярилцлагадаа урьсанд баярлалаа. Би утга зохиол судлаач, шүүмжлэгч мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд мэргэжлийнхээ дагуу Монсудар хэвлэлийн газар редактораар ажилд орсноор олон гайхалтай хүүхдийн номтой танилцаж, улмаар энэ чиглэлээр дагнан ажиллах болсон. Өдгөө “Энэ бол Улаанбаатар”, “Ув улаан зүрх”, “Би Чи Бид” зэрэг номуудаар овоглож, уншлага зохион байгуулж, уншигч хүүхдүүдтэйгээ ойр дотно ажиллаж байна.
Та хүүхэд байхдаа зохиолч болохыг хүсдэг байв уу? Таны одоогийн ажил мэргэжил хүүхэд насны тань хүсэл мөрөөдөлтэй ямар нэг сэжмээр холбоотой юу?
Хүний хүсэл мөрөөдөл өөрчлөгдөн хувьсаж байдгийн адилаар хүүхэд ахуйдаа багш бас жүжигчин болохыг, оюутан болоод нэвтрүүлэгч, мэргэшсэн судлаач болохыг хүсдэг байлаа. Харин эрхэлж буй ажил, хүсэл сонирхолдоо хөтлөгдөн явсаар одоо “Үлгэрийн багш”, “Зохиолч” гэсэн эрхэм алдрын эзэн болжээ. Хүүхдүүдэд үлгэр түүх уншиж өгөхдөө би аль болох жүжиглэж уншиж өгдөг. Мөн хүүхдүүд төдийгүй эцэг эх, асран хамгаалагчид намайг “багш” гэж дуудаг. Ингээд бодохоор би хүүхэд насны хүсэж мөрөөдөж байсан мэргэжлүүдээрээ нэгэн зэрэг ажиллаж яваа мэт санагдаж байна.
Таны бодлоор ном гэж юу вэ? Хүүхдийн зохиолч, редактор хүнээс энэ талаарх тодорхойлолт сонсох нь миний хувьд их сонирхолтой байна.
Хүүхдийн ном бол тэр чигээрээ шидэт ертөнц. Хэзээ ч хараагүй, очих боломжгүй уран сэтгэмж бүхий гайхамшигт ертөнцөөр биднийг аялуулдаг. Мөн адал сонин үйл явдал, гүн гүнзгий утга санаагаараа хүүхэд төдийгүй томчуудын сэтгэлийн галыг өрдөж байдгаараа тун онцлог.
Хамгийн анх та бие дааж ямар ном уншиж байсан бэ?
Яг таг сайн санахгүй байна. Гэхдээ хүүхэд насанд Николай Носовын “Үл мэдэх ба түүний нөхөд” ном надад гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Дүрүүд нь Хадаасхан, Эрэгжав, Шурагжав, Цэнхэрнүдэн, Хониннүдэн, Бялуухан гэх мэт нэртэй байсан нь нэг л ер бусын мэдрэмж төрүүлж, тэс өөр ертөнцөд оччихсон мэт санагддаг байв. Мөн л энэ номыг уншаад элгээ хөштөл инээж, арайхийн инээдээ барьж суусан мэдрэмж одоо хүртэл мартагддаггүй.
Та ямар зорилгоор ном уншдаг вэ?
Жаахан охин байхдаа ямар ч зорилгогүй, зүгээр л ном унших нь надад таатай, зугаатай санагддаг учраас уншдаг байлаа. Эргээд бодоход энэ мэдрэмж намайг номтой нөхөрлөхөд нөлөөлсөн байх. Мэдээж нас нэмж, ухаан тэлэхийн хэрээр хүн янз бүрийн зорилгоор уншина. Өдгөө ном миний ажлын үнэ цэнтэй, салшгүй нэг багаж хэрэгсэл болжээ. Гэхдээ хүүхдийн ном уншихад дотоод хүүхэд минь баясан догдолдог хэвээрээ. Энэ догдлолоо насан туршдаа хадгалж явахыг эрмэлздэг дээ.
Та одоогоор хүүхдийн нийт хэдэн зохиол бичсэн байна вэ? Хэдээс хэдэн насны хүүхдүүдэд ихэвчлэн зориулж бичдэг вэ?
12 цуврал бяцхан номыг оруулж тооцвол, 3-10 насныханд зориулсан 20-иод номын зохиолчоор ажиллаж, хэвлүүлэн гаргасан байна. Эдгээрээс 3 номыг бие даан хэвлүүлж, бусдыг нь “Жангар” хүүхдийн номын редакцаас эрхлэн гаргасан.
Та хамгийн анх ямар номын зохиолчоор ажиллаж байсан бэ? Дурсамжаасаа бидэнтэй хуваалцаж болох уу?
Хамгийн анх 2017 онд хүүхдийн номын “Жангар” редакцын тухайн үеийн эрхлэгч байсан Амараа эгчээс 12 сэдвийн дагуу, нэг сэдэв нь 12 хэсэгтэй, хүүхдэд зориулсан эх бичих даалгавар авч байлаа. Тухайн үед би ном болгож хэвлүүлнэ гэдгийг огт мэдээгүй, таамаглаа ч үгүй. Сэдвүүдээ судалж, бодож байгаад бичээд л өглөө. Тэгсэн Амараа эгч “Хүүхдийн нүдээр харж, сэтгэхийг оролд. Ахиад засаад ир” гэв. Ингээд ахиад л “Юу гэж бичвэл хүүхдүүдэд сонирхолтой байх бол оо?” хэмээн бодож өөр бусад хүүхдийн ном зохиол эргүүлж тойруулан уншиж байгаад хоёр дахиа бичиж явуулсан юм. Амараа эгчээс хариу ирсэнгүйд сэтгэл амарч, “Болсон юм байлгүй дээ” ухааны юм бодоод урдах ажилдаа төвлөрөх болов. Үүнээс хойш хэдэн сар өнгөрч бичиж өгсөн сэдвүүдээ бараг мартчихсан тууж явтал Амараа эгч дуудаад “Энэ сэдвүүдээ ахиад нэг шалгаж уншаад, засвар оруулбал оруулж болно. Удахгүй хэвлэлд өгнө” гээд 12 ширхэг номын эх өглөө. Эх бэлтгэл хийчихсэн, хэвлэлд ороход бараг бэлэн болчихсон 12 ном хараад золтой л ухаан алдчихсангүй. Зохиогч А.Даваасүрэн, зураач Б.Гантулга гээд биччихсэн байв. Анхны минь ном төрсөн түүх ийм. Хэвлэгдэж гарснаас нь хойш нэлээд хэсэг хугацаанд хэнд ч “Миний зохиогчоор ажилласан ном” гэж хэлж чадаагүй. Ичиж балмагдаад тас нуучихдаг байсан юм. Өөрөө хүртэл номын зохиогчоор ажилласан гэдэгтээ итгэж өгөхгүй явлаа шүү дээ.
Таны номоос хүүхдүүд ямар зүйлийг ойлгоосой, сураасай гэж бодож бичдэг вэ?
Юуны өмнө би номуудаа хоёр ангилдаг.
1-рт дотоод сэтгэлд минь он удаан тээгдсэн бодол мэдрэмжийг илэрхийлсэн номууд. Би өөрөө энийг л хүүхдэд ойлгуулчих юм сан гэж махран бодож бичихгүй ч, ном болоод гарсны дараагаар сэтгэл зүрхний минь угаас гарсан тэрхүү мэдрэмжүүд өөр хэн нэгний мэдрэмжтэй давхцах үед ном минь өөрийн гэсэн гайхамшигт үнэ цэнийг бүтээж байна гэсэн үг.
2-рт. Анхнаасаа аливаа нэг зүйлийг хүүхдэд танин мэдүүлэх, ойлгуулах зорилгоор бичсэн номууд. Энэ ангилалд танин мэдэхүйн ном багтана. Жишээлбэл, эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой “Аа-чүү” зурагт ном.
Орчин үед хэвлэгдэж буй хүүхдийн зохиолууд хүүхдийн номд тавигддаг шалгуурыг хэр сайн хангаж байна вэ?
Энэ тухай дүгнэж хэлэхэд эрт, учир дутагдалтай, өрөөсгөл болох байх. Учир нь бид бүгд дэлхий дахины хүүхдийн номын салбараас зах зухаас нь суралцаж яваа.
Та “Би Чи Бид” нэртэй зохиолоо яагаад бичих болсон бэ? Ялгаатай байдлын талаар бичсэн хэр олон хүүхдийн бүтээл байдаг вэ?
Яривал маш урт түүх болно. Товчхондоо биеэр үзэж туулсан дурсамж, дотоод сэтгэл мэдрэмжээ ном болгож илэрхийлсэн гэхэд болно. Хүүхэд байхдаа өөрийнхөө шар үс, ногоон туяатай нүдний өнгөнд дургүй, үргэлж өөрчлөхийг хүсдэг байлаа. Хар нүд, хар үс л гоё гэсэн ойлголттой болчихсон байсан үе. Харин ажил дээр гарсныхаа дараагаар өөрийнхөө нүд, үсний төрөлхийн өнгийг хүлээн зөвшөөрч, байгаагаараа л гоё юм байна гэдгийг ойлгосон юм. Түүнээс хойш үсээ огт будахгүй 8 жил болжээ. Тиймээс хүүхдүүдэд “Хүн бүрийн царай төрх өөр өөрийн гэсэн өвөрмөц гоо сайхантай” юм шүү гэдгийг хэлэхийг хүссэн. Жишээ нь, номдоо: Би шоколад шиг бор арьстай, би сарнайн дэлбээ шиг ягаан хацартай, би хамар дээгүүрээ цэцгийн үр шиг бор бор сэвхтэй гэх мэтээр сайхан зүйлстэй жишиж, аль болох эерэг таатай мэдрэмж төрүүлэх талаас нь бодож бичсэн.
Өдгөө Монголд ялгаатай байдлын тухай өгүүлсэн, хүүхдэд зориулсан зурагт ном хомс. Тэр байтугай би өөрийгөө ялгаатай байдлын тухай ном биччихнэ гэж огт төсөөлдөггүй байлаа. Гэтэл одоо гурван ч зурагт ном бүтээчихсэн сууж байна /инээв/. Австралиас Монгол улсад суугаа элчин сайд Katie Smith “Ном гайхамшигтай үнэ цэнийг” бүтээдэг гэж хэлсэнчлэн ялгаатай байдлын тухай өгүүлж буй номууд минь зүрхнээс зүрхэнд хүрч өөр өөрсдийн үнэ цэнийг бүтээсэн тухай сонсох үнэхээр сайхан байдаг. Цаашид энэ сэдвээр олон арван бүтээл төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.
“МИНИЙ ЧИНИЙ БИДНИЙ ГЭР” номын тухай уншигч бидэнд товч танилцуулна уу? Энэ бүтээлээрээ та юуг хэлэхийг зорьсон бэ?
Монгол улс бол нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү аажмаар шилжиж буй онцлогтой орон. Тэр ч утгаараа ард олных нь аж төрөхүй, ахуй амьдрал, түүнийг тээж буй соёл, үг хэллэг хүртэл өөр хоорондоо ялгаатай. Энэ бүгд нэгдэн нийлж өнөөгийн бидний эх орон болох Монгол гэх улсыг бий болгож буй. Гэтэл гэр хороолол орон сууц, хөдөө хотоороо талцаж маргалдаад, аль нэг нь нөгөөгөөсөө илүү дээр гарахын тулд өөр нэгнийхээ оршихуйг муучлаад байдаг нь надад инээдтэй санагддаг. Хаана амьдардаг, гэр орноор нь ялгаварлан гадуурхах бүр ч утгагүй. Аль ч газар давуу болон сул талтай шүү дээ. Тиймээс 4 өөр гэрт, 4 өөр газар амьдардаг, 4 өөр ахуй соёлтой, 4 өөр хүүхдийн танилцаж, нөхөрлөж буй түүхээр дамжуулан бид хэдий өөр өөр орчинд, ялгаатай зүйлсээр хүрээлүүлэн амьдардаг ч хамгийн үнэт зүйлсийг тээдэг гэдэг утгаараа миний, чиний, бидний гэр ОНЦГОЙ юм шүү гэдэг санааг илэрхийлэхийг хүссэн.
Хүүхдийн ном бүтээлийн талаар тодорхой хариултууд авлаа. Хүүхдийн шинэ зохиол бичиж байгаа юу?
5 настай хүүгийнхээ сонин содон асуулт дээр үндэслэн хүүдээ зориулж ном бичихээр төлөвлөж байгаа.
Зохиолч, эх хүний бодлоор хүүхдэд хэдэн наснаас нь, ямар ном уншиж өгвөл илүү тохиромжтой вэ?
Хүүхдээ хэвлийд байх цагаас нь эхлээд өөрсдийнхөө дуртай хүүхдийн номуудыг уншиж өгч эхэлбэл тун зүгээр. Цаашдаа эцэг эх хоёул хүүхдэдээ ном уншиж өгөх дадал суучихдаг давуу талтай. Мөн хэвлий дэх үрдээ ном уншиж өгөх нь ургийн хөгжил болон ээжийн сэтгэл зүй, гэр бүлийн уур амьсгалд эергээр нөлөөлдөг.
Цаашид хүүхэд залуучууд руу чиглэсэн, унших дадлыг бий болгох ямар арга хэмжээ хэрэгжүүлбэл үр дүнтэй вэ? Таны бодлоор…
Хүүхдийн ном гэхээрээ л уншигч, үзэгч, оролцогчид нь заавал хүүхэд байх албагүй. Хүүхдийн номын талаарх ойлголт, ач холбогдол, хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд эцэг эх, томчууд руу чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулаасай гэж хүсдэг. Бид бүгд өөрсдийгөө гаднын улс оронтой харьцуулахад ном унших, хэрэглэх, номыг чухалчлан үзэх хандлага нийтээрээ сул. Иймд бүх нийтийн боловсролыг хүртээмжтэй дээшлүүлж, мэдлэг мэдээллээр шат дараатай хангах нь алсдаа асар их үр өгөөжтэй. Хүүхдэдээ ном уншиж өгмөөр байвч, шаардлагад нийцэх олигтой ном байхгүй гэж ярьдаг олон хүн бий. Гэвч үнэндээ өөрсдөө огт уншиж судалдаггүй, эрж хайж, сонирхож үздэггүй байх нь элбэг.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Танд номын садан уншигчдадаа хэлэхийг хүсэж буй зүйл бий юу?
Хэдхэн хоногийн өмнө 5 настай хүү минь надад дүүрэн сарааччихсан цаас авч ирж өгөөд “Энэ дээр би гоё үг биччихсэн. Хар даа, ээж ээ! Хүүхдэдээ хайраа зориулж, хамтдаа ном уншиж өгөөрэй” хэмээн уншиж өгсөн юм. Хүүгийнхээ хэлсэн энэхүү үгээр ярилцлагаа өндөрлөе.
Урилгыг хүлээн авч цаг заваа гарган ярилцсан танд баярлалаа.
Танд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе!