Х.БАЙЫТ: Номын сэдэл анзаарч чадсан хүмүүнд бол хаа сайгүй байж л байдаг.

Х.БАЙЫТ: Номын сэдэл анзаарч чадсан хүмүүнд бол хаа сайгүй байж л байдаг.

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТӨВ НОМЫН САН “ЗОЧНЫ ЯРИЛЦЛАГА”

Овог нэр: ХАБААНЫ БАЙЫТ

Эрхэлж буй ажил, албан тушаал: Уулыг Баяжуулах Эрдэнэт үйлдвэрт олон жил ажилсан. Одоо чөлөөт уран бүтээлч

Сошиал хуудсууд: ХАБААНЫ БАЙЫТ( facebook, Page), БАЙЫТ ҚАБАНҰЛЫ (You Tube)

Таны хүүхэд  насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

– Үгүй, би жүжигчин болохыг мөрөөддөг байсан, чадаагүй. Насаараа хүнд үйлдвэрт хар ажил хийж хажуугаар нь шүлэг зохиол бичсэн. Харин жүжигчин болох мөрөөдлөө гүйцэлдүүлж энэ амьдрал хэмээх их орон зайд Хабааны Байыт гэгч нөхөрийн дүрийг дажгүй сайн бүтээсэн л дээ.      

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

– ХӨХ ДЭЛТ гэж нэг зузаан хатуу хавтастай үлгэрийн номыг казах хэл дээр уншсанаа тод санаж байна. түүнийг би олон дахин уншсандаг. Ердөө тэр ганц ном л намайг номын өвчтөй болгочихсон юм. Үлгэр болгоныг нь уншаад тэр үлгэрийн гол баатараар өөрийгөө байна гэж мөрөөдөөд л… За түүнээс хойш мөн ч олон ном уншсан даа. Би ер нь хичээлд сайн хүүхэд байгаагүй, харин ном уншах талдаа бол манай суманд намайг гүйцэх хүүхэд байхгүй байсан…

Та ном бичих сэдэл/мотивацаа яаж олдог вэ?

– Ном гэдэг чинь амьдрал юм шүү дээ. Номын сэдэл анзаарч чадсан хүмүүнд бол хаа сайгүй байж л байдаг. Гудамжинд надтай зөрөөд өнгөрсөн хоёр хүний яриа… Холын замд  ороод гарсан танихгүй айлын эхнэрийн нүд.., миний өмнүүр хөндөлөн гарсан сайхан хүүхний алхаа… гээд л тоочоод байвал зөндөө шүү дээ хө.

Таны амьдралыг болон  хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

– За олон доо. Ганц хоёрыг нь нэрлэвэл Мухтар Ауезовын «АБАЙН ЗАМ» Расул Гамзатовын «МИНИЙ ДАГЕСТАН» Мухагали найрагчийн «ЗҮРХНИЙ ДУУЛАЛ» гэх мэд…

Таны ширээний ном?

– Би ер нь эргэн тойрондоо ном оволж орхиод хөгөлөрч суудаг хүн. Абай Хунанбайн номнуудыг нэрлэж болох юм даа.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

– Би саяхан “МОНГОЛ ЯРУУ НАЙРАГ”хэмээх монголын нэг зуугаад яруу найрагчийн таван зуугаад шүлгийг казах хэлнээ орчуулж казах монгол хэл дээр зэрэгцүүлж томоохон хэмжээний нэг ном болгож хэвлүүлсэн. Түүнийг орчуулахын тулд сүүлийн гурван жил монголын бараг бүх яруу найргийг бүгдийг нь уншсан даа. Жаргалтай байсан. Харин яг одоо өөрийнхөө хэдэн жилийн өмнө бичиж байгаад дуусгаагүй орхисон нэг номыг нэгд нэггүй уншиж байна. Чадвал дуусгах санаатай. Тэр жаахан төвөгтөй ажил…

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

– Уг нь хэн ч байхгүй хөдөө хээр ч юм уу эсвэл гэрт ганцаараа сууж байгаад уншвал сайн л даа. Гэхдээ би хаана бол хаана уншиж л явдаг.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

– Олон номыг зэрэг эхлэж гэрийнхээ энд тэнд… машин дотор… ажлийн газар, зуслангийн байранд… гээд л тарааж тавчихаад тааралдсаныг нь аваад унших нь сонирхолтой.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

– Хэцүү л дээ. Надад ухаарал хайралсан ном өөр хэн нэгэнд юу ч өгөхгүй байж мэднэ. Надад дэндүү таалагдсан ном өөр хэн нэгэн юу ч биш санагдаж мэднэ. Гэхдээ ном бол ном, хэдэн цагаар сууж фейсбүүк ухаж байснаас ном унших нь хамаагүй ашигтай. Өөрөө унший гэж бодсон ном болгоныг унш. Авч чадсан хүмүүнд ном болгон өгөх юмаа харамгүй өгдөг.

Таны хувьд ном уншдаг хүн гэж яг ямар хүнийг хэлдэг бол?

– Уншсан номноос өөртөө хэрэгтэй бүхнийг авч чаддаг, түүнийгээ амьдралдаа хэргэлж чаддаг хүнийг хэлнэ дэ.

Өөрийгөө ном гэж дүрсэлвэл та ямар төрлийн ном бэ?

– Богино өгүүллэгийн ном  байх. Учир нь би ер нь их уйдамтгай хүн. Тиймээс богинхон мөртлөө сонирхолтой байхыг хүсдэг. Нэг юмтай удаан зууралдах дургүй л дээ.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

– Ном хүнийг өөрийн мэдэлгүй тэлээд «том» болгочихдог. Хэдэн их сургууль дүүргэсэн огт ном уншдаггүй хүнтэй ганц уулзахад л зах хязгаар нь харагдаад байдаг. Харин олоон ном уншсан хүнтэй өдөр болгон уулзаж байсан ч дахин дахин яриад баймаар санагдддаг. Энэ л ном уншихын утга учир юм да.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

– Цаасаар. Би цахимаар огт уншиж чаддаггүй. Ядаж татаж аваад принтерлэж уншдаг.

Уншихыг төлөвлөж буй ном?

– Яг үнэнээ хэлхэд одоо унших сайн ном олдохоо больсон. Дандаа яавал хурдан баян болох тухай номнууд байх. Жинхэнэ уран зохиолын ном бараг байхгүй дээ. Гэхдээ ном уншихгүй байж чаддаггүй учир яман нэг ном олж уншинаа.

Шүлэг уншаач

– За «Гучин жилийн өмнө»гэдэг шүлэг уншиж өгий.

Яг л гучин жилийн өмнө

Яг л энэ л булгийн хөвөөнд

Жижигхэн гараараа

шаргалхан үсээ оролдож

жижигхэн шар охин

Жигтэйхэн дулаан

сонин харцаар намайг ширтэж

Жижигхэн цээжиндээ багтаж ядсан

Жижигхэн зүрхээрээ

намайг хайралсым

Хайрласан сэтгэлээ

яаж хэлэхээ мэдэхгүй

Хар нүдэн охин

буруу харж уйлж байсан

Би өгсөж буусан жижигхэн мөрөнд нь

гараа аяархан тавьж

Нар үнэртсэн шаргалхан үсийг нь

үнэрлэж зогссон

Эргэн тойрон дахь нутгийн уулс

Эвийлэх мэт өхөөрдөж

Учир мэдэхгүй үрсээ

бас шоолонгуй аястай инээж байсан…

Жил саруудын хэлхээ

Жингэнэн жингэнэн холдож

Жирмийн сүлжээ мэт амьдрал

Жил жилээрээ хөвөрсөн ч

Жижигхэн горхи

Жижигхэн тэр хэвээр үлдэж

Жижигхэн шар охины том хайр

Том зүрхэнд минь томдсон

гуниг болон үлдэж дээ…

Ай хөөрхий

Жим жим бодол үлдээсэн

Жижигхээн шар охин минь

Жингийн цуваа даахааргүй

Алсхан холын гуниг минь.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн хэдэн  үгэнд багтааж хэлбэл?

Хэрэгтэй бүхнийг чинь хүрэх газарт нь хүртэл зааж өгдөг үнэгүй багш.

Баярлалаа

 

amaraa