Х. Болор-Эрдэнэ: “зохиолч оо” гэж хэлэхэд л гэм хийчихсэн мэт сандардаг байлаа шүү дээ…

Х. Болор-Эрдэнэ: “зохиолч оо” гэж хэлэхэд л гэм хийчихсэн мэт сандардаг байлаа шүү дээ…

Овог нэр:    Х.Болор-Эрдэнэ

Эрхэлж буй ажил, албан тушаал: Зохиолч, Сэтгүүлч, Чөлөөт уран бүтээлч

Сошиал хуудаснууд:

Зохиолч Х.Болор-Эрдэнэ |

Facebook: https://www.facebook.com/kh.bolorerdene

instagramm: 💎_bolor.ch

            Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү?

Ухаан орон цагаас минь л эргэн тойронд хүмүүс ном л уншиж харагддаг байсан. Надаас бусад нь ямар нэгэн сайхан зүйлд татагдаад, бүгд тус тусдаа тэврэн хэвтсэн номондоо шимтээд оройдоо намайг 00-ын өрөө лүү хүргэж өгөөд бие засуулчих ч хүн олддоггүй тийм жаахнаасаа л ном гээч шидэт ертөнцөд шунаж эхэлсэн дээ. Ялангуяа нэг том зузаан номыг бүр ноортол нь гар дамжуулан уншаад байгаа нь их л хачирхалтай санагддаг байлаа. Тэр ном хүн бүхний орон дотор ээлжлэн аялсаар л байна. Өглөөдөө би гэртээ ганцаараа цоожлуулаад үлддэг байсан юм. Эмээ, өвөө, нагацуудынхаа дунд өссөн л дөө, би. Тиймээс тэр дунд байгаа ганц жаахан хүүхэд би гэрээ сахиад  үлддэг байсан тэр дүр зураг сэтгэлд их тод байдаг. Хамгийн сүүлчийн хүн хаалга хаагаад, гаднаас түгжих түлхүүр цоожны шарчигнасан чимээнээр сэрдэг байлаа. Тэгээд л хэсэг уйлж авна. Айсандаа эсвэл гомдсондоо биш. Зүгээр л ганцаараа үлдсэн эрх чөлөөгөө эдэлж уйлдаг байсан юм уу гэж одоо бодогддог юм. Тэгээд амаа томоор ангайж ирээд жаал уйлж авсныхаа дараа босоод хүмүүсийн хураасан орон дээрх дэрийг сөхөж үзнэ. Бүх дэрэн доор ямар нэгэн ном заавал байж байна. Ингээд л өнөө номыг яаж ойлгох талаар эмээгээсээ асуусан юм. “Чи энэ олон үсэгнүүдийг цээжилбэл аяндаа уншдаг болно” гэхэд нь би гайхаад “Та нар энэ олон үсэгнүүдийг бүгдийг нь цээжилсэн юм уу?” гэж тэр агуу Бурхдыг бишрэн асуув. “Яалаа гэж дээ. Энэ олон үсэгнүүд чинь ердөө л 35 үсэгнээс бүтэж байгаа юм шүү дээ. Тэр 35 үсгийг цээжилчихвэл чи бусад шиг энэ том номнуудыг уншдаг болно” гэж хэлэхэд зүгээр л шоконд орж байлаа. Ингээд л хүн бүрээс нэг нэг үсэг асууж явсаар байгаад бүгдийг нь нууцаар цээжилж, нүдэндээ харагдсан үг болгоныг нийлүүлж унших гэж оролдож эхэлсэн дээ.

            Та ямар мэргэжлээр сурч төгссөн бэ?

Би сэтгүүлч-утга зохиолын ажилтан мэргэжилтэй.

            Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Тийм ээ. Би сэтгүүлч болно доо л гэж хүсдэг байсан. Тиймээс их багаасаа өөрийгөө сэм бэлдсэн гэх үү дээ. Том болоод би ямархуу намтартай, ямархуу түүхтэй хүн байх ёстой вэ гэдгээ их багаасаа ойлгосон байсан. Энэ бүхэн өнөө л номны ач шүү дээ.

            Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Түрүүний дурсамжийг үргэлжлүүлэхэд: Би хамгийн түрүүнд Ж.Пүрэв гуайн “Зүрхний хилэн” романыг шүүрч авсан. Яагаад гэвэл хүн болгоны ор дамжин явдаг тэр сүрхий ид шидтэй номын дотор юу байгааг мэдэх л гэж үсэгнүүдээ уйгагүй цээжилсэн шүү дээ. Мэдээж гэхдээ анхны уншсан ном учраас юу ч ойлгоогүй. Нэг мундаг баатар л яваад байх шиг санагдаж байсан. Гэхдээ томчуудад их сайн ойлгож байгаа хүн болж харагдах гэж хөмсгөө атируулж ирээд л тун нухацтай уншдаг байлаа шүү дээ, ккккк. Тэр баатартай хамт их л дайн дажин үзсэн дээ. Хүмүүс ийм амархнаар бие биенээ алчихаж чаддаг хэрэг үү гэж их гайхан боддог байлаа.

            Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Ном биш, номууд. Ер нь бидний багад ном сонгон уншихад ямар ч цензур байдаггүй байлаа шүү дээ. Ном олдож л байвал уншина. Одоогийнх шиг ном голж шилнэ гэх ойлголт байхгүй. Би бүр 5-р ангид байхдаа л ханын шүүгээн дотор тоглож байгаад ёроолд нь гудсан доор нуучихсан байсан Камасутраг олоод уншчихсан. Мэдээж бас л юу ч ойлгоогүй. Хүмүүс хоёр хоёроороо нүцгэлж байгаад ингэж гимнастик хийдэг юм байна л гэж бодож байсан, ккккк. Гэхдээ л яагаад ч юм нэг л хачин бас эвгүй мэдрэмжтэйгээр их л нухацтай уншиж билээ. Тэрнээс хойш шөнөөр заримдаа сонсогддог хачирхалтай дуу авиануудыг ойлгоод байхтайгаа болсон. “Аан өнөөдүүл чинь нүцгэн гимнастикаа хийж байна даа” гээд л…

            Таны ширээний ном?

Уучлаарай, би ийм асуултад их дургүй. Ганцхан ном ширээн дээрээ тавьчхаад л зөвхөн түүнд донтож, ганцхан цонхоор ертөнцийг хараад суух нь надад хэзээ ч таалагдаж байгаагүй. Би номыг хувь тавилангийн захиа даалгавар, надад илгээж байгаа дохио гэж үздэг. Тиймээс гарт минь орж ирсэн ном бүрийг нээн харж, өөртөө таалагдсаныг нь, хэрэгтэй хэсгүүдийг нь тархиараа иддэг.

             “Гүйж яваа эмэгтэй”, “Үлгэр дуустал хайрлана”, “Хишигт”, “Болор өгүүллэгүүд” гээд Бэст селлер номын зохиолчийн хувьд өөрийнхөө бүтээлүүдээс манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулбал?

“Хишигт” тууж бол миний өөрийн амьдралын нэгээхэн багахан хэсгийн түүх. Тэр тууж яг л гол баатар шигээ өөрийгөө маш эвтэйхэн аваад явчихдаг. Бас надад хэзээ ч төвөг удаж байгаагүй. Тэгсэн хэрнээ хайр, хишгээ үргэлж өгч байдаг тийм л гайхалтай ном. Уншсан хүүхдүүд нь ном зохиолын амтанд орж, бичсэн эзэн нь үргэлж л шинэ сонин бэлгийн эзэн болж үлддэг. Хишигт нохой минь надад тийм л их хайртай байж дээ гэж би үргэлж боддог. Тэр байхгүй болсон ч үргэлж надтай хамт амьдарсаар байх гайхалтай хувь тавиланг энэ ном бүтээсэн. Хамгийн түрүүнд гадаад хэлээр хэвлэгдэж, хамгийн түрүүнд намайг гадны уншигчдад таниулсан бүтээл. Долоон жилийн өмнө би “Хишигт” туужийн нийт уншигчдын тоог долоон жилийн өмнө 63 мянга гаруй байна гэж тооцоолж байсан. Өнөөдөр бүр тоогоо алдсан. Учир нь уран зохиолын сурах бичигт орж, дунд сургуулийн хүүхэд бүрийн заавал унших номын жагсаалтад үргэлж дурдагдаж, сурагчдын даалгавар, чөлөөт цагийн байнгын хамтрагч байдаг учраас өнөөдөр энэ туужийг уншаагүй хүүхдийг олоход бэрх биз. Тиймээс энэ ном бол миний хувьд туг далбаа шиг л дагуулагч минь юм.

“Гүйж яваа эмэгтэй” бол миний анхны роман. Энэ номыг бичих хүртэл би өөрийгөө роман бичих хэмжээнд боловсроогүй байна гэж үзэж хойш суусаар л байлаа. Мөн энэ романыг гарсан цагаас л сая өөрийнхөө нэрний өмнө “зохиолч” гэх тодотголыг зоригтойгоор тавьдаг болсон. Тэрнээс өмнө “зохиолч оо” гэж хэлэхэд л гэм хийчихсэн мэт сандардаг байлаа шүү дээ. Энэ романаар би уран зохиол дахь улиг болсон дүр дүрслэл, нийтлэг уйтгартай романы хэв маягт бяцхан өөрчлөлт хийхийг хүссэн. Бүх зүйл санаснаар минь л болсон. Хүмүүс номыг нийтээрээ шүүмжлэн шүүмжлэн уншсаар байдаг хэрнээ түүнээс өөртөө хүлээн авдаг урам зориг, мэдрэмжүүдийг тэр бүр нэхдэггүй. Харин энэ романыг уншсан хүмүүс дахин өөр ном уншихдаа арай онцгой зүйлийг нэхдэг, хайдаг болсон нь надад мэдрэгддэг. Би бүхий л зохиолоо болсон явдал, бодит түүхүүд дээр түшиглэн бичсэн. Бичихдээ тухайн үйл явдлыг тоочин зураглахаасаа илүүтэй уншигчдаа гол баатрын сэтгэл дотор луу нэлээд гүн аялуулахыг хичээдэг. Тийм аяллын дараагаас хүмүүсийн сэтгэл дэх мөс жаахан ч болов хайлах болов уу л гэж найддаг юм. Мөс хайлж байгаад би баяртай байна.

“Үлгэр дуустал хайрлана” бол сентименталь роман. Бид яг ийм төрөл зүйлээр бүтээлээ нэрлэх нь ховор ч бараг л бүгд энэ чиглэлээр бичиж эхэлж байна. Гэхдээ энэ урсгалын зорилго нь хийсвэр болон бодит ертөнцийг нэгтгэж, хүний мэдрэмжийн эс ширхэг бүрийг ажиллуулж, үйл явдлаар дамжуулан хүний маш дотоод нууцуудад аялуулах. Сентименталь зохиол нь сэтгэлийг анхаардаг, сэтгэлийг мэдэрдэг хүмүүст л зориулагддаг. Улстөрчид, эдийн засагчид эсвэл тоо тооцоогоор амьдардаг, аливааг зөвхөн ашиг хонжоо гэж хардаг хүмүүс бол энэ төрлийн бүтээлийг сөхөж уншихаас ч айдаг. Энэ бол сэтгэлийн гүн лүү хийх аялал учраас тийм хүмүүсийн айдаг ертөнц. Энэ зохиолын баатар маань мөн л бодит хүн. Өдгөө бидний дунд, бидний үс гэзгийг засаж өгөөд л гүйж байгаа жирийн нэгэн эмэгтэй. Гэхдээ энэ хүнээр дамжуулж нийгэмд өгөх гэсэн сигнал, хүний сэтгэл маш их гэмтэж байгаа өнөө цагт хүн бүрт хамгийн их хэрэгтэй байгаа тэр цонхыг л нээж харуулахыг хичээсэн. Хүн бүрд бага нас бас таагүй дурсамж, түүнээсээ зуурч авч үлдээд амьдралынхаа өнгө будаг бүрд, зан чанар, харилцаа хандлага болгондоо шингээж байдаг тийм эмзэг дурсамжууд байдаг. Зарим нь шарх болж, зарим нь түүнээсээ болж маш олон таагүй эвгүй алхмуудыг хийсээр ирсэн. Энэ хаалттай битүү савыг л хуруугаараа зааж өгөхийг энэ ном оролдох болно.

            Сүүлийн үед ямар зохиол бичиж байна вэ?

Би гараасаа гараагүй зүйлийг зарлан тунхаглаж, “гэрэл цохиулах”-ийг хүсдэггүй. Тийм учраас энэ удаад түр хойш тавья. Мэдээж би л болсон бас л нэг “хачин юм” хийж л сууна.

            Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Яг одоо Францын зохиолч Бернард Верберийн “Шоргоолжны он жилүүд” романыг уншиж байна. Өмнө нь энэ номыг редакторлахын тулд мэргэжлийн нүдээр харж уншсан бол одоо хийсэн ажлаа эргэж харах бас дахин уншигчийн цоо шинэ нүдээр харахын тулд дахин уншиж байна. Түүний бүтээлүүд дэлхийн гучаад хэл дээр орчуулагдан түгээгдсэн бөгөөд далд ертөнц, шинжлэх ухаан, уран зөгнөл, адал явдал, домог зүй, амьтан судлал гээд маш их мэдээллийг өгдгөөрөө онцлог. Монголд л орчуулагдаагүй байсан энэ номыг Ш.Э.Урантуяа гэдэг бүсгүйн орчуулснаар монголчууддаа хүргэхээр хичээж байна. Монголд хэвлэгдээгүй байгаа ч монгол хэлээр Амазон дээр тавьж дэлхийн монголчууддаа хэдийн хүргээд эхэлчихсэн. Би хэдийгээр өмнө нь уншсан боловч одоо дахин нээж үзэхдээ дахиад л дуу алдаж байна. Ямар их мэдлэг, ямар нарийн ажигч гярхай билэг ухаан бээ хэмээн энэ зохиолчид бүр атаархаж байгаа гээч.

            Номыг хаана уншвал тав тухтай санагддаг вэ?

Хүмүүс янз янзаар л төвлөрдөг байх. Би бол орондоо бас буйдан дээрээ атийн сууж байгаад л уншдаг. Ганцхан явж байгаа тээврийн хэрэгсэл дотор л уншиж чаддаггүй.

            Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Хүмүүс “ном уншиж байна” гэж уншдаг. Үгүй ээ, “Би амьдралыг тольдож байна. Миний мэдэхээс өөр ертөнцүүд яаж оршин тогтнодог вэ?” гэж л унших хэрэгтэй санагддаг. Ном уншиж байна гээд эхлэхээр л нойр хүрнэ, гэрийн даалгавар шиг залхуутай санагдана. Гүйцээх ёстой үүрэг мэт ингэж уншвал хүнд номноос өгөх өгөөж бараг л байхгүй дээ. Тиймээс ном уншиж байна гэж биш амьдралыг тольдож байна л гэж уншмаар байгаа юм.

            Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Заа мэдэхгүй. Хүн бүрд өөр өөрийн урам зориг авдаг сэдэл гэж бий байх. Тэр судсаа олох хүртлээ л унших хэрэгтэй байх. Ер нь ч тэгээд амьдрал өөрөө бидний сорил бас их сургууль шүү дээ. Тэгэхээр энэ их сургуульд сурах ёстой гол зүйл бол хайр. Хайрыг бид зөвхөн хосуудынх гэж ойлгоод байдаг. Энэ сэдэв дотор өөрийгөө хайрлах хайр ч бас явдаг. Бусдыг хайрлах, оршихуйгаа хайрлах, амь нас, цаг үеэ хайрлах, бодол санаа, дурсамжуудаа хүртэл хайрлаж сурсан цагтаа л бид ирсэн зорилгоо бүрэн гүйцээж байгаа хэрэг юм уу гэж би боддог. Тэгэхээр бидэнд өгөгдсөн энэ мэдрэмжүүдийг, энэ сэтгэлийг л сайтар цэнэглээд өгөх номыг олж унших хэрэгтэй юм уу гэж бодож байна.

            Арван жилд байхдаа хэр номын сангаар үйлчлүүлдэг хүүхэд байв  дурсамжаа хуваалцахгүй юу?

Хамгийн анх нэгдүгээр номын санд карт нээлгээд “Эрийн сайн хан харангуй” гэдэг үлгэрийн ном авч уншиж байлаа. Сайндаа ч тэр номыг сонгоогүй юм. Надад сонгоод өгчихсөн. Номын санч нь дөнгөж нэгдүгээр ангийн хүүхэд ороод ирэхээр “Энэ бид хоёр ийм л юм унших биз” гэж бодсон уу “Энийг унш” гээд л шидчихсэн. Бидний багад том хүний өөдөөс ганц ч үг ган хийдэггүй байлаа шүү дээ. Тийм болохоор би юу ч хэлэлгүй тэр далбайсан том эрээн зурагт номыг авч суугаад арваадхан минутад л уншчихсан. Уг нь зузаан л ном уншмаар байна гэж хэлэхийг хүсэж байсан ч чадаагүй. Тэнд их олон жил суусаан. Одоогийн Урт цагааны гудамжны өөдөөс харсан 4 давхар цагаан байрны нэгдүгээр давхарт байсан юм шүү дээ. Бас Туул рестораны яг хажууд байрладаг байсан жижигхэн модон байшин доторх хуучин номын дэлгүүрт байнга л орж ном уншиж зогсдог байлаа.

            Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Мэдээж амьдарч байгаа хотынхоо хоёр ч номын санд үнэмлэхтэй. Монголын маань томоохон номын сангуудын үнэмлэхүүд ч бий. Парист бас  Чехэд үнэмлэх нээлгэсэн ч тухалж уншиж чадаагүй газрууд бий. Бага хүүхдүүдтэй болохоор эмэгтэй хүнд ном уншиж дуустлаа нэг газраа амьдраад байх боломж байх биш. Ёслоод үнэмлэх нээлгээд, очсон газар бүрийнхээ томхон номын сангуудаар шагайгаад ч болтугай буцахыг л хичээдэг.

            Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Бид яах гэж мэдлэгийг авдаг вэ? Сайн анзаараад бодохоор бидний бие эрхтэн, тархи, ухамсар энэ бүхэн ганцхан л зүйлд зориулагдсан байдаг. Энэ бол танин мэдэх. Тэгэхээр хүн танин мэдэх  үүрэгтэй ирдэг байх нь ээ дээ? Тэгвэл хүн яах гэж танин мэдэх ёстой болдог юм бол гэсэн асуулт гарч ирнэ. Бид магадгүй цааш үргэлжлэн амьдрах бас хөгжих ёстой эс ширхгүүд байж мэдэхээр байна. Харах гэж нүд, сонсох гэж чих, үнэрлэх гэж хамар, тэмтрэх гэж мэдрэлийн эд эсүүд биед хэдэн саяараа зогсолтгүй ажиллаж байна. Хамгийн гол нь энэ бүх үйл ажиллагаанууд тархи руу очиж, тэнд мэдлэг болон боловсруулагдаад хүний танин мэдэхүйг хөгжүүлж, харааг тэлж, нүдийг нээж өгдөг зарчмаар л бид амьдардаг. Тэгэхээр энэ их мэдээлэл бидний махан биетэй хамт дуусна гэж үү? Би бол үгүй байх гэж бодож байна. Үхэж байгаа хүнд ч зорилго гэж бий гэсэн үг байдаг даа? Тэгэхээр үхэж байгаа хүн ч танин мэдэх үндсэн үүргээ гүйцэтгэсээр л байдаг байх нь. Тиймээс бидний махан биеэ элээж дууслаа ч гэсэн бүх амьдралынхаа туршид хуримтлуулсан энэ их мэдээлэл цааш үргэлжилдэг байж таарах гээд байна. Ном уншина гэдэг бол ердөө л энэ зорилго, үүргээ гүйцээх, орчлонд ирсэн утга учраа бүрэн ойлгох хамгийн чухал хэрэглүүр маань юм шүү л гэж би үүгээр хэлэх гээд байна. Ялангуяа өөрийгөө танин мэднэ гэдэг хамгийн гүн, хамгийн адармаатай урт зам байдаг. Түүнд хүргэх ид шид бол ном шүү дээ. Шинжлэх ухаан өнөөдрийг хүртэлх хөгжлийнхөө хугацаанд хорвоо ертөнц, бодис бодгалиудын талаарх судалгааг маш сайн хийсэн. Үнэхээр хүн гээч энэ жижигхэн эсүүд сансар эрхсийг хүртэл эрхшээх хэмжээний гүн гүнзгий мэдлэг судалгааг хийж чадлаа шүү дээ. Гэтэл шинжлэх ухаан маань илүү хүчтэй, илүү гүн гүнзгий мэдлэгийг олж авахын тулд хүн өөрийгөө л сайтар судлах ёстой юм байна гэдгийг дөнгөж саяхнаас анзаарч ойлгож эхэллээ. Одоо л энэ шинжлэх ухаан, элдэв судлагдахуунууд хүний дотоод руу нэвтэрч, судалж тайлах учиртайгаа ойлгож ханцуй шамлаад орж эхэлж байна. Тэгэхээр яг тэр хаалга үүд рүү л би өөрийнхөө хэмжээнд уншигчдаа хөтлөн аваачихыг эрмэлзээд, чармайгаад яваа хүн юм.

Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Ярилцсан: Номын санч Э.Ариунтунгалаг

 

Munkhzul.B