Х.Нямхишиг: Номд дуртай ээжийн маань үлгэрлэл, зэлүүд нутгийн хонины бэлчээр дэх ганцаардал хоёр л ном унших дадал суулгасан.

НОМЫН САНГИЙН ЗОЧНЫ ЯРИЛЦЛАГА

Эрхэлж буй ажил, албан тушаал:

ХАБЭА-н менежер.

Сошиал хаяг: FB page: , FB profile: , Insta: , Twitter:

Нямхишиг Х. 

Яг одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

Хүүрнэл зохиол, бас орчуулга оролдож байна.

Өөрөө уншигчийн хувьд та юу эрдэг вэ?

Шинэлэг илэрхийлэмжийг л эрж хайдаг.

Таныг зохиолч болоход түлхэц өгсөн зүйл? Үзэл санааны хувьд бүрэлдэн бий болоход нөлөөлсөн хүмүүсийнхээ талаар яриач?

Уран зохиолд нөлөөлөл гэдэг хамгийн чухал зүйл. Ер нь бол тэнгэрээс гэнэтхэн уначихсан юм шиг уран бүтээлч, уран бүтээл гэж үгүй л дээ. Гэвч тэгж боддог нь зөндөө. Түүнд хэн нөлөөлсөн бэ, эргээд тэр хэнд нөлөөлсөн бэ гэдэг асуулт бол утга зохиолын судлал шинжлэлийн хувьд ч нэн чухал асуудал шүү дээ. Монголын уран зохиолд, яг миний үеийнхэнд Г.Аюурзана гэдэг хүн өөрийн болон орчуулгын бүтээлүүдээрээ маш сайн нөлөө үзүүлсэн.

Ш.Гүрбазар гуай нэгэн ярилцлагандаа Авьяас бол том анзаарга юм . Их анзаарга мэдрэмж шиг байгаа юм. Би бол амьдралын олон өнгийн хоршлыг зүрхэн дээгүүрээ дайруулж хардаг” гэж хэлсэн байсан. Авьяас гэж таны хувьд юуг хэлэх вэ? Хэрхэн тодорхойлох бол?

Энэ асуултад Ш.Гүрбазар ахын багшийнх нь үгээр, Д.Намдаг гуайн үгээр хариулчихъя даа. “Авьяас бол мэдрэмж юм”.  

Өөрийн гэсэн зан чанар бол уран бүтээлч хүний маш том хөрөнгө. Уран бүтээлч хүний төрөлх хурц чанар, дотоод гуйвашгүй хүч нь уран бүтээлд нь илэрдэг үү? Өвөрмөц зан чанартай хүнээс илүү содон бүтээл төрдөг үү?

Заавал “хурц чанар”, “гуйвашгүй хүч” гэж туйлшрах аргагүй. Гэхдээ тухайн хүний сэтгэлгээний хэв маяг, зан чанарын онцлог байдал уран бүтээлд нь мэдээж илэрнэ.

Зохиолч хүн өөрийнхөө уншигчдыг өөрөө бэлтгэдэг гэдэг. Энэ талаар таны бодол?

Тэгдэг. Би нэгэн ярилцлагадаа яг ингэж хэлсэн санагдаж байна.

Өөрийнхөө тухай хамгийн их онцгой мэдрэмж төрүүлсэн магтаал, шүүмжийн аль алинаас нь бидэнтэй хуваалцвал?

Миний нэргүй номын тухайд яруу найрагч С.Начин “Цагаан ном л гэнэ, цагаан ч гэж дээ, хар ном юм байна” гэж билээ. Бас яруу найрагч Т.Дарханхөвсгөл “Чиний цагаан номыг хөнжилдөө орж байгаад уншихгүй бол дааруулаад байдаг юм билээ” гэсэн юм. Магтаал, шүүмжлэл хоёрын аль алинд нь хариулт болох байх аа.

“Бүтэшгүйг ч мөрөөд. Долгис нь ч болов шүргэг” гэж Хүрэлбаатар гуай хэлсэн байдаг. Та хэр мөрөөдөмтгий хүн бэ?

Хэн гуай нь юу гэж ч хэлсэн бай, хүн гэгч угаасаа л мөрөөдөмтгий амьтан. Би ч ялгаагүй.  

Өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс?

Гэнэн балчир, гэгээн цагаахан үрс минь.

Та хамгийн их дурсамж шингэсэн шүлгийнхээ түүхээс уншигчидтай маань хуваалцаач?

Арав гаруй жилийн өмнө байх аа, Хэнтийн Батхүү найрагч манай гэрт нэг ирэв ээ. Нэлээд ууж байсан үе нь л дээ. Өөрийгөө яльгүй өргөмжилж, намайг яльгүй басамжилсан үгсээр агсарч байна. Залуу хүн л болсон хойно уур хүрч суутал “Үхэр тэрэг” гэдэг шүлгээ надад уншиж өгөв өө. Уур цухал маань тэр дорхноо л уярал бишрэлээр солигдчихож билээ. Тэгэхдээ бас болоогүй ээ, “Би ч бас ингэж бичиж чадна” гэж дотроо шазуур зуугаастай. Тэгээд маргааш нь нэг шүлэг бичсэн юм.

  • Хөгшин ээж минь намайг дагуулаад
  • Хонинд явдаг байсан,
  • Би хөл нь байсан.
  • Хөгшин ээж минь намайг дагуулаа
  • Аргалд явдаг байсан,
  • Би нүд нь байсан.
  • Хөгшин ээж минь намайг дагуулаад
  • Усанд явдаг байсан,
  • Би гар нь байсан.
  • Хөгшин ээж минь намайг дагуулаад
  • Айл руу явдаг байсан,
  • Би шүд нь байсан…
  • Хөгшин ээж минь намайг дагуулалгүй
  • Их ээ хол явчихсан.
  • Би, залуу ээжийнхээ өгсөн
  • Амттай чихэрт хууртаад
  • Араас нь ч харалгүй үлдчихсэн.

Уран бүтээлч хүнд иймэрхүү цагаахан атаархал, зиндаархал байдаг л даа.

Таны багадаа болохыг хүсэж байсан мэргэжил, өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Зохиолч болно л гэж хүсэж мөрөөддөг байсан, тэгээд зохиолч болсон. Гэхдээ энэ маань мэргэжил биш. Бага нас маань мэргэжил мөрөөдөхөөс хэтэрхий алс, сургуулийн танхимд биш малын бэлчээрт өнгөрсөн л дөө.

Олон сайхан газраар аялж, ховор нандин номын сантай айлд зочилж байсан байх. Өөрийн эрхгүй уулга алдмаар “тийм” номын сантай хаана таарч байв?

Сайхан номын сантай айл гэнгүүт юун түрүүнд П.Батхуяг ахыгаа л дурсмаар санагдаж байна. Номын сан нь үнэхээр баялаг сан. Бүхий л талаараа үлгэр дуурайл минь байлаа. Нэмээд хэлэхэд, манай Эрдэнэтийн Х.Байыт зохиолчийн номын сан бас л янзтай шүү.

Номыг ямар орчинд уншвал хамгийн амттай вэ. Та жишээ нь таалагдсан номоо хаана, яаж унших дуртай вэ?

Миний хувьд ариун цэврийн өрөөнд, угаалгын машиндаа хувцасаа эргүүлчихээд хүлээж суух зуураа гэхчлэн хаана л бол хаана уншдаг. Уншихын тухайд орчин голж шилдэггүй.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Яг одоо бол зөвхөн Монголын, Эрдэнэтийн төв номын сангийн ганц үнэмлэх л байна.

Танд хамгийн их нөлөөлсөн, өөрчлөлт авчирсан ном гэвэл?

Хамгийн анх уншсан номуудаа л нэрлэе. “Орос ардын шидэт үлгэрүүд”, Б.Явуухулангийн “Намрын мөнгөн шөнө” шилмэл шүлгийн түүвэр. Бичиг үсэгт зүгширч байх үедээ энэ хоёр номыг анх уншиж, номын амтанд эргэлт буцалтгүй орсон.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Хошин төрлийн ном юм болов уу.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Валентин Распутины “Мөнгөний эрэлд” туужийн Кузьма. Гадна ертөнцийн шуурга, дотоод ертөнцийнх нь шуургатай нэгдчихсэн зовлонт дүр.

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Номд дуртай ээжийн маань үлгэрлэл, зэлүүд нутгийн хонины бэлчээр дэх ганцаардал хоёр л ном унших дадал суулгасан.

Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юу?

Ольга Токарчукын “Хэсүүлчид”. Оршихуйн мөн чанар бол хөдөлгөөн юм гэдгийг, бие, сэтгэл, оюун санаа, ер нь бүхий л зүйлсийн хөдөлгөөн бол шинийг эрэлхийлэх цор ганц арга зам юм гэдгийг өгүүлсэн зохиол байна лээ.

Уншихаар төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

За байз, аан тийм, сүүлийн үед багагүй дуулиантай байгаа Д.Дамдинжавын “Суут нууц”-ыг уншиж үзюү гээд ширээн дээрээ тавьчихсан байгаа.

Унших дуртай зохиолч?

Зөндөө бий.

Таны ширээний ном?

Шинээр уншиж байгаа номууд л ширээнийх болчихдог доо.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны хувьд “ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Өдөр тутмын хэрэглээ.

Ярилцсан С. Болормаа