ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ САЛБАР НОМЫН САН

picture1

       Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН ХАРЪЯА ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ САЛБАР НОМЫН САН

 

Нэг. Түүхийн хуудаснаа

Тус салбар номын сан нь анх 1946 онд 3000 орчим номтой, 20-иод суудал бүхий уншлагын танхим, нэг орон тоотой байгуулагдаж байсан бол өнөөдөр 50.000 орчим ном, хоёр уншлагын танхим, долоон хүний орон тоотойгоор 70 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа нийслэлийн анхны ууган нийтийн номын сан юм.

Манай номын сан анх МАХН-ын ТХ-ны номын санд ажиллаж байсан М.Цэдэндорж гэдэг хүний санаачлагаар тэдний фондоос 3000 орчим номыг тусгаарлан нийтэд үйлчлэх номын сан болгон одоогийн Сүхбаатар дүүргийн 6-р хороо Бага тойруугийн 1-р байрны хүүхдийн эмийн сан байрлаж байсан 2 өрөө байранд нээгдэж байсан түүхтэй.

Номын сан анх байгуулагдахад тэр үеийн олон сэхээтэн, уншигч нар номын хандив өргөж байсны нэг нь Ардын уран зохиолч, МУСГЗ Б.Бааст гуай бөгөөд тэрээр 3 шуудай ном авчирч өгсөн гэж хуучилдаг юм.

Анхны номын санчаар М.Цэдэндорж ажиллаж, хожим фондочоор нь Ж.Дүвжир гэдэг хүн ажиллаж байсан байна. Эрхлэгч М.Цэдэндорж нь оёдлын үйлдвэрийн зориулалттай баригдаж байсан орон сууцны барилгын 1-р давхарын зураг төсвийг өөрчлүүлэн бариулснаар номын сан нь 1957 онд одоогийн байрлаж буй тэр үеийн Сүхбаатар дүүргийн 10-р хороонд байрлах “Бага тойруугийн” 6-р байрны 1-р давхарт 428м кв талбай бүхий байранд шилжин орж нэг ээлжиндээ 50-60 уншигчдад зэрэг үйлчлэх боломжтой болж байсан.

Номын сангийн анхны эрхлэгч М.Цэдэндорж нь 1946-1970-д оны сүүлч хүртэл бараг 30 гаруй жил ажиллаж байсан байна. 1977-1988 он хүртэл Д.Цолмон, 1988-1992 он хүртэл П.Дулмаа нар нь эрхлэгчээр тус тус ажиллаж байсан ба 1992 оноос өнөөг хүртэл Г.Наранцэцэг ажиллаж байна.

Номын сан байгуулагдаад 20 жил болсны дараа буюу 1966 он гэхэд тус номын сангийн фондын тоо жил тутамд 3000-5000 боть номоор тогтмол нэмэгдэж, удирдлага, зохион байгуулалт, фондын хэмжээ, уншлага үйлчилгээний цар хүрээгээрээ улсад 2-р зэрэгт орох нийтийн томоохон номын сан болтлоо өргөжин хөгжсөн байна. 1960 он гэхэд 29.000 боть номтой байсан бол 1966 онд 80.000 боть номтой болж номын тоо, үйлчилгээний хүрээгээрээ 4-р зэргээс 2-р зэргийн номын сан болтлоо өсөн бэхжсэн байна.

Номын фондын бүх ном хэвлэлийг аравтын ангиллын системд шилжүүлэн каталог, картын санг зохион байгуулан уншигчдад үйлчилгээ үзүүлсэн байна.

Номын фонд нь марксизм-ленинизм, нийгэм улс төр, эдийн засгийн болон бусад шинжлэх ухааны ном зохиолоос бүрдсэн монгол, орос номыг төрөлжүүлэн уншлага үйлчилгээгээ зохион байгуулж байсан.

Номын сангийн үйлчилгээг нийслэлийн хүн амд нийтийн болон хүүхдийн уншлагын танхим, гэрээр ном олгох тасаг гэсэн бүтэцтэйгээр зохион байгуулж, уншигчдын дунд төрөл бүрийн арга хэлбэрээр соёл олон нийтийн ажлыг зохион байгуулж хэвшүүлж чадсан байна. Мөн суурин үйлчилгээний зэрэгцээ 1962 оноос эхлэн хөдөлмөрчдийн ажлын байранд номын сангийг үйлчилгээг ойртуулах зорилгоор Улаанбаатар хотын 6-р артель, Мебелийн фабрик, 3-р нэгдсэн эмнэлэг зэрэг үйлдвэр, албан газрууд дээр нүүдлийн болон салбар номын сангуудыг тогтмол ажиллуулж ирсэн байна.

1960-иад оны эхэн үед мэргэжлийн сургууль, курс төгссөн боловсон хүчин хомс байсан бол 1965 он гэхэд номын сангийн ажлын зохих мэдэгдэхүүн олгох курс семинарт суралцсан болон ЗХУ-д техникум төгссөн зэрэг мэргэжлийн номын санч нартай болсон нь үйл ажиллагаанд нь мэдэгдэхүйц нөлөөлсөн хүчин зүйл байлаа.

УААА-г хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөт зорилтууд, нам засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, сурталчлахад номын сан томоохон хувь нэмэр оруулж, төрөл бүрийн сэдвийн дагуу ухуулга сурталчилгаа, үзэсгэлэн, уулзалт, лекц зэргийг зохион байгуулж ирсэн түүхэн уламжлалтай. Мөн түүнчлэн ном уншлага, сурталчилгааны ажлыг 7,10 хоног, 1 сараар зохион байгуулахын зэрэгцээ эрхлэгч Б.Цэдэндорж нь номын сангийн ажлын талаар ном товхимол, өгүүлэл олныг нийтлэн нийт номын санчдын хүртээл болгож байсан. Тухайлбал: 1960 онд “Номын сангийн ажил” нэртэй ном бичсэн нь одоо ч номын санчдын ашиглах номын нэг байсаар байна.

1968 оны 3-р сарын 26-ны өдрийн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 94-р зарлигаар тус номын санг Орос-Зөвлөлтийн их зохиолч А.М.Горькийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит болгосон ба энэ нэрээрээ нийслэлийн үе, үеийн уншигчдын дунд алдаршин өнөөдөр ч үр хүүхэд, ач гучаа танайд уншуулах гэсэн юм гэсэн ахмадууд ирсээр байдагт нь бид баяртай байдаг.

1970 оны сүүлч 1980 оны дунд гэхэд тус номын сан нь 170.000 орчим боть номын фондтой болж, номын тоо, үйлчилгээний цар хүрээгээрээ улсын 1-р зэргийн номын сан болсон байна.

1970 онд Багш нарыг бэлтгэх сургуулийн дэргэд номын сангийн анги нээгдэж, Монгол улсад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх болсон болон тэр үеийн ЗХУ-д номын сангийн дээд мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэх болсноор тус номын сан нь 1970-аад оны дунд үе гэхэд мэргэжлийн номын санчдаас бүрдсэн хамт олныг бүрдүүлж чадсан нь үйл ажиллагаанд гарсан томоохон өөрчлөлтийн нэг мөн.

Тус номын санд он удаан жил, үр бүтээлтэй ажиллаж байсан П.Дулмаа, Д.Цоодол, Е.Зоя, Б.Маяа, Ж.Дүвжир, Чимэддорж, Э.Бүрэнтэгш, Д.Цэрэндулам, Банзрагч, Н.Батхишиг, Д.Должин, Батбилэг нар болон одоо ч номын сангийн системд ажиллаж байгаа Т.Гансүх, Ж.Цогзолмаа нар нь номын сангийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсныг хэлэх нь зүйтэй юм.

1970-аад оны дундуур номын сангийн эрхлэгч М.Цэдэндорж нь 1-р  номын санг шинэ байранд оруулахаар хөөцөлдөн тэр үеийн ЗХУ-ын барилгын зургийн газраар төсөв хийлгэн П.Дулмаагаар орчуулга хийлгэн судалж, Улаанбаатар хотын АДХГЗ-ын дарга н.Балбарт өргөн барьж одоогийн Д.Нацагдоржийн нэрэмжит ХТНС-гийн барилгын суурийг тавьж байсныг тэр үед ажиллаж байсан олон ахмад ажилтнууд дурсан ярьдаг билээ.

1980 онд тус номын сангийн фондноос Хотын төв номын сан ашиглалтанд ороход 30.000 номыг падаанаар хүлээлгэн өгсөн байна.

1982 оноос эхлэн 1990 оны эхэн үе хүртэл хуучнаар В.И.Лениний музейн хойно байрлах “Оросын хувьсгалчдын байр” гэж нэрлэгдэх 2 давхар модон байшинд хүүхдийн уншлагын танхим, гэрээр ном олгох тасаг бүхий салбар номын сантай байсан ба 1990 оны эхээр татан буугдсан байна.

Фондын ном хэвлэлийн тоо нь улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд эрс нэмэгдсэн байна. Фондын ном хэвлэлийг монгол, орос гэсэн хэлний ялгавар болон үндсэн, ойрын, гэрээр ном олгох, хүүхдийн гэх мэт үйлчилгээний хэлбэрүүдтэй уялдуулан төрөлжүүлж, уншлага үйлчилгээгээ зохион байгуулсан нь удирдлагын оновчтой бодлогын нэг байлаа.

Уншлага үйлчилгээний төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг жил бүр давуулан биелүүлж, уншигчдынхаа эгнээнээс олон арван “Д.Нацагдорж тэмдэгтэн”, “Номын сайн нөхөр”-ийг төрүүлсэн байна.

Тэр үеийн ЗХУ-ын нийтийн номын сангуудын туршлагаар нийслэлийн нийтийн номын сангуудыг бүтэц, зохион байгуулалтын төвлөрсөн тогтолцоонд нэгдсэн журмаар шилжүүлэх үйл явцтай уялдан 1986 онд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн харъяа 1-р салбар номын сан болгон үйл ажиллагааг нь өөрчилснөөс хойш эдүгээ 30 дахь жилдээ ажиллаж байна.

Төвлөрсөн номын сангийн үйл ажиллагаанд шилжснээр номын фонд бүрдүүлэлт, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн сонголт, хуваарилалт, арга зүйн удирдлага нь төв номын сандаа төвлөрч, номын сан-ном зүйн болон мэдээлэл лавлагааны үйлчилгээг дүүргийн хүн амд хүргэх ажлын зохион байгуулалт нь бидний хувьд гол зүйл болсон юм.

1980-аад оны дунд үеэс фондын ном хэвлэлийг ББК буюу Номын сан Ном зүйн Ангилалд шилжүүлэн фонд, каталогоо зохион байгуулсан байна.

1990 оноос монгол оронд өрнөсөн нийгэм-эдийн засгийн шинэ тогтолцооны үед номын сангийн үйл ажиллагаанд ихээхэн өөрчлөлт орж, номын фондын агуулгаар хуучирсан болон хэт олон хувьтай ном хэвлэлийг актлах буюу фондоос хасах, бүтэц, эргэлтийг сайжруулах ажиллагаа хийгдсэн байна.

1991 онд номын сангийн байрны гэрлийн монтажийг шинэчлэх болсонтой уялдан их засвар хийгдсэн байна.

Тус номын сан нь Улаанбаатар хотын АДХТ-ийн 1992 оны 8-р сарын 19-ний 18-р тогтоолоор Сүхбаатарын район нь “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу Чингэлтэй, Сүхбаатар гэсэн 2 дүүрэг болж салахад Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутагт байрлах болсон байна.

Мөн тус номын сан нь 2000 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн ЕБС-иудын номын сангуудын номын санчдыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг дүүргийн нийгэм соёлын ажилтантай хамтран зохион байгуулж ажиллаж байсан. Энэ хугацаанд номын сангуудын ажил байдалтай танилцан, мэргэжлийн зөвлөгөө, тусламж үзүүлэх, сургалт зохион байгуулах, мэдээллээр хангах зэрэг ажлуудыг зохион байгуулахын зэрэгцээ сурагчдыг номтой нөхөрлүүлэх, оновчтой уншлагад сургах тал дээр олон зүйлүүдийг хийсэн юм. Үүний нэг томоохон жишээ бол жил бүр “Хүүхдийн номын баяр”-аар сургууль бүр дээр нэг сарын уншлагын аян явуулж, тэндээс шалгарсан сурагч, анги хамт олныг хамарсан “Номын ертөнц 20.. он” гэсэн сэдэвт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байсан нь олон багш сурагчдын сэтгэлд нийцсэн, үр дүнгээ өгсөн ажлын нэг байсныг дурдах нь зүйтэй юм.