Энэ амьдрал ганцхан бас богино. Гэхдээ ийм богино, хязгаарлагдмал амьдралд ном зохиол байгаа нь ямар их зол вэ.

Энэ амьдрал ганцхан бас богино. Гэхдээ ийм богино, хязгаарлагдмал амьдралд ном зохиол байгаа нь ямар их зол вэ.

Яг одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“Дурсамжийн газрын зураг” номоос багагүй хэсэг хасагдсан. Тэр дунд хэд хэдэн богино эсээ бий. Ер нь богино эсээ унших, бас бичих дуртай. Өмнө нь сэтгүүлүүдэд хэвлэгдсэн болон шинээр бичсэн эсээнүүдээ эмхэтгэж нэг ном гаргахаар ажиллаж байгаа. Бас хүүхдийн график зохиол гэх мэтчилэн дурдаад байвал нэлээд ажил бий.

Уншигчийн хувиар та юу эрдэг вэ?

Шинэ зохиолч өөртөө нээх дуртай. “Цаг хугацаа хэлнэ” номыг маань уншсан хүмүүс мэдэх байх. Гэхдээ “шинэ” гэдэг үг их олон утгатай. Аль эрт уншаад танилаа, мэдлээ гээд орхисон зохиолч олон жилийн дараа уншихад огт өөрөөр уншигдаж мэднэ. Бас уншигчдын анхаарлаас гадна үлдсэн жинхэнэ авьяастнуудыг нээх, бусдад санал болгох дуртай. Тийм хүмүүс ямагт “шинэ” байдаг. Монголын уран зохиолоос бол Гүр.Нямдорж энэ жишээнд яг таарах хүн. Эсвэл тэр бүр нэр алдарт хүрээгүй шинэ зохиолчийг өөртөө олж нээх дуртай. “Цаг хугацаа хэлнэ” ном 2018 онд хэвлэгдээд дууссан. Одоо дахин хэвлэх санаатай байгаа. Ингэхдээ хэдэн шинэ зохиолч нэмье гэж бодож байна.

Таныг Д.Нацагдорж судлаач болоход түлхэц өгсөн зүйл? Үзэл санааны хувьд бүрэлдэн бий болоход нөлөөлсөн хүмүүсийнхээ талаар дурсвал?

Би өөрийгөө Д.Нацагдорж судлаач гэж хараахан нэрлэмээргүй байна. Уран зохиол судлаачийн хувиар түүний замнал, бүтээлийг залуу үеийнхэнд хүргэе, тэр түүхээр дамжуулан санаагаа ойлгуулъя гэж бодсон. Монголын уран зохиолд Д.Нацагдоржийг судалдаг маш олон хүн байлаа, одоо ч бий. Харин тэр судалгаанууд зөвхөн мэргэжлийн хүрээндээ үлдэж байгаа нь харамсалтай санагддаг. Д.Нацагдоржийнх шиг харамсалтай түүх, хэлмэгдүүлэлт, авьяас билгийг  залуучууд бас мэдэх, унших хэрэгтэй. Би тэр л зааг холбоог тогтоох гэж юм хийсэн төдий. Гэхдээ хэт хөөсөрсөн аман түүхээр биш архивын баримтад тулгуурлан судалъя, бичье л гэж  зорьсон доо.

Европ дахь Д.Нацагдоржийн мөрөөр бүтэн явсан хүн гэвэл анхных байх аа. Яг “Улаанбаатараас Берлин хүртэл” найраглалын замаар хоёр удаа явлаа.

 “Найрагчийн мөрөөр” төсөл болон “Дурсамжийн газрын зураг” зүймэл романыхаа тухай сонирхуулаач?

-“Найрагчийн мөрөөр” төсөл бол 1926-1930 онд Герман-Францад суралцсан Монголын 40 орчим хүний түүх. Энэ төслийн гол дүр нь зохиолч Д.Нацагдорж. Зохиолч 1926 оны намар Улаанбаатар хотоос хөдлөхдөө эхлүүлсэн “Улаанбаатараас Берлин хүртэл” найраглалдаа явж өнгөрсөн бүхий л газраа нэр устай нь тов тодорхой тэмдэглэсэн байдаг. Тэгээд 1927 онд Берлин хотноо бичиж дуусгалаа гэж тэмдэглэсэн байгаа. Яг л тэр замаар нь, явсан унаагаар нь явж, түүний сурч, амьдарч байсан хот, тосгодуудаар очиж, судалгаа хийж, медиа хэлбэрээр хүмүүст хүргэх зорилготой төсөл.

2019 онд эхний аяллаа хийсний дараа 12 цуврал медиа нийтлэл бичиж, Монгол болон Солонгост олон улсын медиа арт үзэсгэлэнд оролцож, TED’xUlaanbaatar арга хэмжээнд төслөө танилцуулж, хэд хэдэн удаа танилцуулах эвент хийж, 2022 онд хоёр ангит баримтат киногоо гаргасан. Кино маань одоогоор 10 гаруй сувгаар цацагдаад байгаа. Бас юүтүбээс ч үзэх боломжтой.

Энэ мэтчилэн медиагийн бүхий л хэлбэрээр түүхийг залууст хүргэхийг зорьсон. Энэ түүх зөвхөн баруун европт сурсан хэсэг хүний романтик түүх бус улс төрийн хэлмэгдүүлэлт, сэхээтнүүдийг хавчиж, харлуулсан нэгэн цагийн сорви. Энэ сорвийг бас тэмтрэхийг хичээсэн.

2023 онд номоо бичихээр Германд эргэж очоод гурван сарын хугацаатай байрлан “Дурсамжийн газрын зураг” зүймэл романаа бичиж дуусгаад өнгөрсөн хавар хэвлүүллээ. Энэ ном бүтцийн талаасаа  зүймэл роман, агуулга талаасаа аяллын роман, медиа роман  ч гэж нэрлэж болох байх.

Өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс?

Мэдээж сайн бичсэн ном унших. Юун дээр сууж байгаагаа, хаана байгаагаа ч мартмаар тийм номыг унших сайхан. Сүүлийн хуудсыг нь хааж тавьчихаад би ингэж бичиж чадах болов уу гэж сэтгэл догдлуулсан мэдрэмж авах гоё байдаг. Бас хүмүүсийн дунд юу ч юм бодож алхах таатай. Дуртай хөгжмөө сонсоод алхаж явах нэг төрлийн таашаал. Эсвэл тухтай кофе шоп олчихоод өдөржин ганц ч өгүүлбэр хатгаж чадалгүй гацаж суух ч нэг төрлийн таашаал шүү. Өдөр тутмын амьдралаас ямар нэг таатай зүйл олж харахгүй бол яаж амьдрах билээ. Тиймээс аль болох эгэл хэр нь таатай зүйлийг мэдрэхийг хичээдэг. Амьдрал гэдэг чинь анзаарч харахааргүй эгэл, таатай зүйлсийн цуглуулга юм биш үү.

Олон сайхан газраар аялж, ховор нандин номын сантай айлд зочилж байсан байх. Өөрийн эрхгүй уулга алдмаар “тийм” номын сантай хаана таарч байв?

2019 онд “Найрагчийн мөрөөр” төслөөрөө Лайпциг хотод очоод нэрт монгол судлаач Манфред Таубе, Эрека Таубе нарын гэрээр зочлох боломж гарсан. Тэд бол хоёулаа монгол судлалтай амьдралаа холбосон улс. Гэр нь тэр чигтээ номын сан байсан. Ховор, нандин номнууд ч харагдсан. Амьд ахуйд нь тэдэнтэй үг сольж, гэрээр нь зочилсон нь миний амьдралын нэгэн дурсгал. Бас Берлинийн төв номын санд очсон минь сэтгэлээс гардаггүй. Миний дуртай найруулагчийн нэг Вим Вендерсийн “Хүслийн жигүүр” гээд кинон дээр энэ номын сан гардаг юм. Тэр тусмаа энэ номын сангаас Д.Нацагдоржийн багш Эрих Хэйнишийн гар бичмэлийг үзсэн гээд л бод.

Танд ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Хүүхэд байхдаа олдсоныг нь л уншдаг байлаа. Яг дадлын хувьд бол их сургуулийн утга зохиолын ангид ороод суусан юм байна. Утга зохиолын анги маш их уншуулдаг. Долоо хоногтоо 10 ном уншаад товчлол хийх, түүнийг ярилцах даалгавар өгдөг хичээл ч бий. Тэгээд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сан буюу танай номын санд л өнждөг байсан даа. Ер нь энэ хавиар л амьдарч байлаа. Эхэндээ номнуудаа уншиж амждаггүй байснаа сүүлдээ даалгаврын номнуудаа дуусгаад илүү ганц нэг ном харахтайгаа болсон. Одоо бол тэгээд амьдралын хэвшил болжээ.

-Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?

Хоёрдугаар ангидаа уншсан Дарма.Батбаяр гуайн өгүүллэгүүдээс дүрээр дамжуулан хүн сэтгэл зүрхээ чагнаж, таньж болдгийг мэдсэн бол дөрөвдүгээр ангидаа уншсан “Зуун жилийн ганцаардал” романаас уран зохиол бас ийм уран сэтгэмжтэй, чөлөөтэй байж болох юм байна гэж мэдэж авсан даа.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Нээх ч ойлгомжтой ном лав биш байх аа. Ихэнх уншигчдыг залхааж мэднэ. Гэхдээ номын сангийнхаа мухарт байлгаж байгаад хааяа сугалж хардаг л ном байна байлгүй.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Сервентасын “Дон Кихот” романы Кихот ноён, Эрнест Хэмингвэйн “Өвгөн, тэнгис хоёр” туужийн Сантьяго өвгөн хоёр. Амьдралын гоё сайханд эцсээ хүртэл итгэсэн, амьд дүрүүд.

Унших дуртай зохиолч?

-Байнга уншдаг гэвэл Борхес, Монтень хоёр. Ихэнх номыг нэг уншаад л цааш тавьчихдаг хэр нь энэ хоёрыг бол жилдээ нэг, хоёр барьж авдаг шүү. Бас Тарковскийн өдрийн тэмдэглэлээс бүрдсэн “Хугацаан доторх хугацаа” номыг санаа мухардаад гацсан үед эргүүлж хардаг.

Таны ширээний ном?

Яг одоо та миний ширээг харвал номдоо дарагдсан, хэзээ нураад унах бол гэмээр юм байгаа. Яг ширээний ном гэж нэрлэх хэцүү. Яг одоо уншиж буй ном л ширээний ном байх. Ажлын шаардлагаар “Монголын Нууц Товчоон” их уншиж байна. Уран зохиолын бүтээл талаасаа үргэлж таамаг, тайлал дагуулдаг гайхамшигтай бүтээл.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

-Энэ амьдрал ганцхан бас богино. Гэхдээ ийм богино, хязгаарлагдмал амьдралд ном зохиол байгаа нь ямар их зол вэ.

No votes yet.
Please wait...
Voting is currently disabled, data maintenance in progress.
 

О. Долгорсүрэн