Энэ бөөрөнхий хорвоо дээр хүний амьдралд юу эс тохиолддог билээ, тэрнийг даван туулах нь нэн чухал асуудал, бас хүн чанар…
Овог нэр: Рахметийн Шынай
Эрхэлж буй ажил, албан тушаал: Мэргэжлийн зохиолч
Сайн байна уу. Манай номын сангийн “Номын сангийн зочны ярилцлага” буланд маань оролцож байгаад тань баярлалаа.
Танай номын санд би 1970-аад онд очдог байсан. Ноднин бас нэг өдөр очиж үйл ажиллагаатай нь танилцсан. Өргөжин хөгжиж баяжсан байна.
Баярлалаа. Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?
Хүүхэд ахуй насандаа агрономч болохыг мөрөөддөг байжээ. Юмнаас юм ургуулан бүтээх гэсэн санаа.
Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?
Жюль Берний «Арван таван настай капитан». С.Мухановын «Миний сургуулиуд» гэх мэт. Ах маань багш хүн байсан. Тэр намайг монгол хэл сураг гэж бага сургуульд байхад минь «Алтайд», «Аюуш», «Морь унасан толгойгүй хүн» номнуудыг уншуулан, өөрөө сонсоод тайлбарлаад өгдөг байлаа.
Та ном бичих сэдэл/мотивацаа яаж олдог вэ?
Амьдралын түг түмэн үйл явдал. Зовж шаналсан, баярласан хүмүүсийн намтар, дүр, сэтгэлээс нь авдаг.
Таны амьдралыг болон хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ямар ном байдаг вэ?
Л.Н.Толстойн тууж, өгүүллэгүүд.
Таны ширээний ном? Л.Н. Толстойн І,ІІ боть, В.Г.Белинскийн 2 боть, «Абайн зам», «Тунгалаг тамир», гэх мэт.
Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
Инжинашийн «Хөх судар» 3 боть.
Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?
Гэртээ л.
Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?
Уншиж эхэлдэг, онцын сонирхолгүй буюу мэдээжийн үйл явдлын хэсгүүдээр гүйлгэх юм уу харайлгадаг.
Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?
Онцгой аугаа их төдийгүй хамгийн муу номонд ч хүний хөдөлмөр шингэсэн тул ялимгүй ч ашигтай зүйл бий. Гэхдээ бүгдий нь уншихад хүний нас эс хүрдэг тул шилж сонгох нь илүү ашигтай. Одоохондоо би М.Пүрэвмаагийн «Сахиусан тэнгэрүүд», «Нархан минь» номуудыг уншингаа эх хэл дээрээ хөрвүүлээд байна, чухал бүтээлүүд байна шүү. Энэ бөөрөнхий хорвоо дээр хүний амьдралд юу эс тохиолддог билээ, тэрнийг даван туулах нь нэн чухал асуудал, бас хүн чанар…
Таны хувьд ном уншдаг хүн гэж яг ямар хүнийг хэлдэг бол?
Зөвхөн сонирхох, цаг өнгөрөөхийн тулд бус ухаарч, сайн санааг бие сэтгэлдээ шингээдэг хүнийг.
Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Тэрүүгээрээ өөрийгөө байнга өөрчлөн хөгжүүлэх, муу муухайгаа гээж, эерэгийг нь авч оюунаа баяжуулах.
Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?
Цаасаар. Цаасаар унших нь бидний ясанд шингэсэн уламжлал, цахим нь ясанд шигдтэл хордуулдаг зүйл.
Унших дуртай зохиолч тань? Л.Н.Толстой…
Уншихыг төлөвлөж буй ном?
Шинээр гарч ирэх сайн ном эс ирвэл уншигдсан заримыг нь дахиж уншина.
Хамгийн хайртай зохиолын баатар хэн бэ?
М.Ауэзовын Абай, Б.Номинчимэдийн Тэмүчин, Ч.Айтматовын Жамила, миний өөрийн Ерназар, Дүрия нар.
Уншигчдад хүргэхээр бэлтгэж байгаа ном зохиол байгаа юу?
Энэ онд «Заудегалам» (Хэрэвзээ) романаа гаргалаа. Одоо 10 тууж болон яруу найргийнхаа шинэ эмхэтгэл.
Та уран бүтээлээ бичлэгийн олон төрлөөр туурвидаг байх нь ээ?
Дүр, үйл явдлыг дүрслэн гаргахад л тохиромжтойгий нь л сонгодог. Жишээ нь нэрт найрагч Б.Ахтааны «Бүргэд» найраглалыг бид саявтархан эмгэнэлт жүжиг болгон тайзнаа гаргахад үзэгчид ихэд талархан хүлээж авлаа.
Та түүх, угийн бичиг, угсаатны зүйн хэд хэдэн ном гаргаж дээ?
Тийм, тэд бол уран зохиол биш л дээ. Уран зохиолын номоо гаргах хөрөнгө мөнгө олохын тулд л тэднийг чанартайхан гаргаж чадвал илүү сайн гүйлгээтэй байдаг юм байна. Белинский яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол хоёулангий нь поэзия гэсэн байдаг. Энэ нь үргэлжилсэн үгийн бүтээл нь яруу найргаас дутуугүй яруу байхыг хэлж байгаа хэрэг.
Баярлалаа