Юмжир МӨНХ-АМГАЛАН: Бага сургуульд байхаасаа л бид ном их уншдаг байлаа

Юмжир МӨНХ-АМГАЛАН: Бага сургуульд байхаасаа л бид ном их уншдаг байлаа

Овог нэр: Ю.МӨНХ-АМГАЛАН

Эрхэлж буй, албан тушаал:

Орхон Их Сургуулийн Монгол хэл, соёл судлалын төвийн эрхлэгч

Эрдмийн зэрэг, цол:

Хэлбичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор

Сошиал хуудсууд: https://orkhon.academia.edu/MunkhAmgalanYumjir

-2022 оны Номын баяраар Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн насанд хүрэгчдийн шилдэг уншигчаар шалгарч УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрэмжит шагналаар шагнагдсанд баяр хүргэе!

-Баярлалаа.

-Таны бичсэн “Орчин цагийн монгол хэлний баймжийн ай”, “Орчин цагийн монгол хэлний бүтээвэр судлал” зэрэг эрдэм шинжилгээний бүтээлүүд манай уншигчдад хүрч байнга  уншигдсаар байгаад баяртай байна.

-Сонсоход таатай байна.  

-Таны хүүхэд  насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

-Би хүүхэд насандаа чухам өнөөдрийн энэ ажил мэргэжлээ мөрөөдөж байснаа санахгүй байна. Харин нэг зүйлийг гэнэт саналаа. Ажаа маань сумын хоршооноос нэг бор эсгий худалдаж авсан чинь борлогддоггүй нэг номыг хамт дагуулж өгсөн байлаа. Зоо мал эмнэлгийн холбогдолтой ном байсан юм билээ. Би тэгэхэд бага сургуулийн сурагч байсан. Тэр номыг уншиж ойлгохгүй ч гэсэн зураг энэ тэрийг нь үзсээр малын эмч болмоор санагдаж байсан юм байна.

-Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

-Хамгийн анх чухам ямар уран зохиолын ном уншсан юм бол оо. Одоо бодсон чинь “Норовын намтар”, “Модчин Самдан”, “Литл-Рокийн дууль”, “Робингүүдийн домог”, “Уруугаа ургасан мод” зэрэг номыг нэлээн багадаа уншсан юм байна. Бага сургуульд байхаасаа л бид ном их уншдаг байлаа. Уншсан номынхоо зохиогч, гарчиг, хэвлэгдсэн он, хуудасны тоо, товч үйл явдал зэргийг тусгай дэвтэр дээр хүснэгтлэн бичдэг байв. Гуравдугаар ангийн хавар гэхэд л зуун нэг, хоёр дахь номынхоо тэмдэглэлийг хийж байснаа санаж байна. Гэхдээ ангийнхныхаа дотор аль хэр уншигч байсан юм бол мэдэхгүй ээ.

-Та ном бичих сэдэл/мотивацаа яаж олдог вэ?

-Мэргэжлийнхээ чиглэлийн судалгааны бүтээлүүдийг уншиж судлаад байхаар заримдаа санаа оноо төрдөг л дөө. Олж авсан ганц хоёр санаагаа эхлээд илтгэл болгож хэлэлцүүлээд дараа нь өгүүлэл болгон хэвлүүлж, заримыг нь цааш нь жижиг ном болгох жишээтэй юм даа.

-Таны амьдралыг болон  хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

-Уран зохиолын ном. С.Эрдэнэ, Ж.Лхагваа нарын ном, өгүүллэгийг их уншдаг байлаа. Ж.Лхагваагийн “Толгодын цаана ингэ буйлна” гэдэг богино өгүүллэгийн түүврийг олон удаа уншсан. Зарим өгүүллэгийнх нь онцгой сонин өгүүлбэрүүдийг одоо ч гэсэн бараг санаж байна.

-Таны ширээний ном?

-Монгол хэлний үе үеийн тайлбар толь бичгүүд юм уу даа. Жишээлбэл, С.Шагж, Я.Цэвэл, И.Дамбажав гуай нарын тайлбар толь, тэрчлэн гучтын тайлбар толь, 5 боть дэлгэрэнгүй тайлбар толь, бас 36-тын тайлбар толь гэх мэт. Бас орчуулгын толь бичгүүд ойрхон байдаг.

-Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

-Л.Түдэв гуайн “Оройгүй сүм” роман. Энэ романыг анх хэвлэгдсэн үеэс нь хойш янз бүрийн цаг үед олон удаа уншиж байлаа. Унших бүрдээ шинэ шинэ сонин зүйл олж хардаг л даа.

-Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

-Яг тийм газар гэж онцгойлж бодогдохгүй байна. Гэхдээ мэдээж номын сан хамгийн тав тухтай орчин шүү дээ.

-Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

-Яг ийм арга, тийм барилаар ном уншдаг гэж хэлэх тодорхой зүйл алга даа. Зарим номыг бараг өгүүлбэр өгүүлбэрээр нь нухаж уншина. Зарим номыг догол мөрөөр нь эсвэл нүүр нүүрээр нь гүйлгэн уншина. Тухайн номын агуулга, шинж чанар, унших зорилго, уг номоос юу олж авах зэрэгтэй холбоотой байх. Ер нь хүн бүр л өөртөө таарч тохирсон арга барилаараа л аяндаа номын хорхойтон болдог биз дээ.

-Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

-Ном эрдэм сурах хийгээд түүний үнэ цэнийг ухааруулахын тухайд бол Л.Түдэв гуайн “Оройгүй сүм” роман, Д.Маам гуайн “Өндөр Сүхээ гуай” өгүүллэгийг санал болгож болох юм.

-Таны хувьд ном уншдаг хүн гэж яг ямар хүнийг хэлдэг бол?

-Энэ бол харьцангүй зүйл юм. Ном уншдаггүй хүн гэж байхгүй шүү дээ.

-Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

-Өөртөө л оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг.

-Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

-Цаасаар голдуу уншиж байна. Цахимаар бол гадны судалгааны бүтээлийг татаж авч уншдаг.

-Унших дуртай зохиолч?

-С.Эрдэнэ, Б.Догмид, Б.Явуухулан гээд л эхэлнэ дээ…

-Уншихыг төлөвлөж буй ном?

-Эрдэмтэн судлаачдын бүтээлийн эмхэтгэл, зохиолчдын бүрэн түүвэр зохиолуудыг дахин олж унших бодолтой байна.

-Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

-Зохиол бүрийг уншихад л сэтгэлд хоногших баатрууд байдаг шүү дээ.

-Уншигчдад хүргэхээр бэлтгэж байгаа судалгааны бүтээл байгаа юу?

-Байгаа. Монгол хэлний уран сайхны эхийн чиглэлээр сургалт судалгаанд зориулсан “Монголын орчин үеийн хэлбэрийн шүлэг”, “Монголын орчин үеийн дуураймал зохиол”, “Сонирхолтой хэл зүй” гэсэн гурван жижиг ном хэвлэлд бэлтгээд байна.

-Баярлалаа.

-Энэ ташрамд номын санг зорин ирсэн хэн бүхэнд түргэн шуурхай, сайхан сэтгэлээр хандан үйлчилдэг танай номын сангийн нийт хамт олонд үргэлж баярлаж талархаж байдгаа илэрхийлэн эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Ярилцсан: Номын санч Г.Баяржаргал

 

О. Долгорсүрэн