Яруухан гэгээн амьдрахын шидэт түлхүүр бол утга зохиол, яруу найраг, ном юм…
Танд өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач
Cайн байна уу? Намайг Ядамсүрэнгийн Отгонбаяр гэдэг. Завхан аймгийн Их-Уул сумын уугуул. МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч. Яруу найргийн 7 дахь номоо “Нам Гүм” нэртэйгээр хэвлүүлсэн. ”Гуч хүрсэн бүсгүй”, “Солонгон аашт”, “Бид нэг ангийнхан” гэх мэт 50 гаруй дууны шүлэг бичсэн.
Таныг зохиолч болоход түлхэц өгсөн зүйл? Үзэл санааны хувьд бүрэлдэн бий болоход нөлөөлсөн хүмүүсийнхээ талаар дурсвал…?
Миний ээж Лэгцэгийн Гарамжав. Одооны хэллэгээр бол “эрдэмтэн” хүн байлаа. Ээж минь үе мөчний өвчнөөр олон жил өвчилсөн хэвтрийн хүн байсан хэдий ч намайг сургуульд ороогүй байхаас л бичиг үсэг зааж, номтой нөхөрлүүлж, нэгдүгээр ангийн боловсролыг гэрээр олгож, шууд хоёрдугаар ангид элсүүлж байсан. Сумын номын сангийн бүх номыг уншсан хүн байлаа. Намайг 5 настай байхаас минь эхлүүлээд ном үүрүүлж өсгөсөн. Тэр нь юу вэ гэхлээр ээж минь сумын номын санруу намайг шуудай үүрүүлээд явуулна. Хавтас нь урагдсан, салбарсан ноорхой номууд аваад ир гэдэг байсан. Би сумын номын санчаас даахынхаа хэрээр уранхай ном аваад үүрсээр гэртээ харина. Ээж минь босч суугаад тэр номуудыг хавтас хийж, нэрийг нь гоёмсогоор бичиж, хуудас бүрийг нь тэнийлгэж нямбайлан нааж индүүддэг байв. Тэгж суухдаа надад номоос юу олж болохыг, ном хүнд ямар их зүйл өгч болохыг, номтой нөхөрлөнө гэдэг амьдралын “шидэт түлхүүр” болохыг сургаж, зааж зөвлөдөг байлаа. Би ээжийнхээ нааж дууссан бараг шинэ шахуу болсон номуудыг бас л үүрсээр номын санчид буцааж аваачиж өгдөг хүү байсаан. Одоо бодоход ээж минь хэн ч надаас булааж үл чадах “ном” хэмээх агуу баялагийг надад өвлүүлж байж дээ гэж бишрэн боддог доо. Ухаант ээжийнхээ буянаар одоог хүртэл утга зохиолын гэгээн ай савд багтаж яруухан амьдралыг өөртөө цогцлоож явна. Ухаант ээжийгээ дурсан санахад сайхан байна.
Зохиолоо бичсэний дараа танд ямар мэдрэмж үлддэг вэ?
Нэг шүлэг бичих гэж олон хоног бодож явна. Ер нь “ханасан бодол”-ыг шүлэг гэдэг байх. Дотор минь мөнөөх бодлууд ханаад багталцаж чихэлдээд садран асгарахдаа шүлгийн мөртүүд болон асгардаг юм болов уу? Тийм мэдрэмж авсныхаа дараа нэг их сайхан гүнзгий амьсгаа аваад сайхан болдог доо.
Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?
Номыг хаана ч уншсан болно шүү дээ. Миний хувьд тав тух гэхээсээ илүү сайхан номыг хаа тааралдсан газар нь хаана ч хамаагүй уншиж дуусгадаг. Би олон номуудыг зэрэг эхлүүлж унших дуртай. Тэднийгээ гэрийнхээ болон ажлынхаа энд тэндгүй тавьчихна. 00-д хүртэл тавьчихна.Тэгээд л тааралдангуут нь уншсаар дуусгадаг даа. Мэдээж сонирхолтой зохиолыг бол нэг барьж авсан бол бараг гараасаа салгалгүй уншсаар дуусгаж байж санаа амардаг.
Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?
Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар”. Н.Батжаргалын “Зүр хонгор аялгуу” номуудыг санал болгоно.
Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Харин таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?
Би ихэвчлэн уран зохиолын ном сонгож уншдаг. Хамгийн түрүүнд өмнөтгөл анхаарал татдаг. Өмнөтгөл сонирхолтой санагдвал уншихаар шийддэг дээ. Мэдээж бест селлер болсон номуудыг уншина.
Өөрийгөө ном гэж дүрсэлвэл та ямар төрлийн ном бэ?
Би яруу найргийн түүвэр байхаа…
Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Ном уншина гэдэг утгын их ертөнцөөр эрх чөлөөтэй дүүлэн нисэж, хязгааргүйд тэмүүлж, цаг хугацаагаар аялна гэсэн үг. Яруухан гэгээн амьдрахын шидэт түлхүүр бол утга зохиол, яруу найраг, ном юм.
Хүн бүр ном унших, унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ? Унших дуртай зохиолч?
Ном сонголтын тухайд би дээр хэлсэн. Унших дуртай зохиолч гэвэл олон байна даа. Н.Батжаргал, Л.Өлзийтөгс, Ц.Бавуудорж гэх мэт…
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?
Ном бол таны оюун санааны хөг аялгуу, зөв амьдрах арга ухаан, ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээ, хүндлэл, хандлага гэх мэт хүнд хамгийн хэрэгтэй ус, агаартай дүйцэх хэмжээний үнэт зүйл юмаа.
Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.