Өөртэйгөө ярилцах, уншсан зүйлээ тунгаах нь цаашдын ажил үйлс амьдралд минь тодорхой хийх үйлдлүүд нэмдэг, намайг бүтээдэг гэж бодогддог.

Өөртэйгөө ярилцах, уншсан зүйлээ тунгаах нь цаашдын ажил үйлс амьдралд минь тодорхой хийх үйлдлүүд нэмдэг, намайг бүтээдэг гэж бодогддог.

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач

Баярлалаа. Би “Positive Mongolians” цахим сувгаар 2016 оноос хойш нөхрийн хамт гэр бүлийн влог, подкаст, ном унших бичлэг зэргийг тасралтгүй хийж байгаа 34 настай, 2 хүүхдийн ээж, айлын бага охин Э.Дөлгөөн гэдэг хүн байна. Цахим дээр дагнан ажиллаад 8 дахь жилдээ 1000 гаруй контентууд бүтээсэн бөгөөд үүний хажуугаар сүүлийн 4 жилд 2 бүрэн хэмжээний уран сайхны кино, 3 ном, хэд хэдэн томоохон нийгмийн төслүүд дээр ажилласан туршлагатай. Энэ бүх ажил маань гэр бүл хосуудад зориулагдсан байдаг. Одоо 4 дэх ном дээрээ ажиллаж байна. Энэ удаа өөрөө ном бичих биш, Английн олны танил, нийгэмд нөлөөлөгч Jessica гэх эмэгтэйн үнэхээр амттай хувь хүний хөгжлийн номыг албан ёсны эрхтэй Монгол хэл дээр гаргахаар зорьж ажиллаж байгаа.

Таны хүүхэд  насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Үндсэн мэргэжил маань Нягтлан бодогч боловч энэ салбарт ажилласан жил минь гуравхан жил. Харин одоо өөрийн хоббигоо ажил бизнес болгоод явахад бяцхан туршлагатай мэргэжил минь овоо тус дэм болдог билээ. Хүнд сурсан зүйл илүүддэггүй гэдгийн нэг жишээ энэ гэж боддог болохоор дурдах нь дээр болов уу. Харин хүүхэд насны мөрөөдөл гэвэл, би маш олон зүйл мөрөөддөг байсан. Түүний нэг нь өөрийн гэсэн телевизийн сувагтай болж хүссэн зүйлээ зурагтаар гаргана гэж боддог байлаа. Гэтэл энэ мөрөөдлөө мартсан байхад, нэг мэдсэн чинь цахим дахь нэг сувагт контент бүтээж олон үзэгчидтэй болчихсон, бусдаас ярилцлага авдаг байснаа уг хоббигоороо “Mongol TV”-н “Terminal 1.0” дээр нөхрийн хамт 7 хоног бүр ажилладаг болсон байна гэхээр… Бага насны мөрөөдөл минь биелчихсэн явааг бодохоор үнэхээр гайхмаар санагддаг. Бас жүжигчин болох хүсэл хэсэг хугацаанд байсан боловч унтарчихсан. Гэтэл одоо жүжигчин найруулагч мэргэжилтэй нөхөртэй. Мөн ном бичих бол миний хэзээ ч хүршгүй том мөрөөдөл байсан бол одоо сайн муугаар хэлэгдэх 3 бүтээлийн ард гарсандаа ч бас заримдаа итгэж өгдөггүй. Би зүгээр л мөрөөдлөөрөө хүрээлүүлээд амьдарч байгаа хүн юм билээ. Энэ бүх мөрөөдөл, биеллийн ард мэдээж ээж, эгч нар, хүү минь миний суурь болсон. Гэхдээ хамгийн том дэмжлэг бол миний нөхөр байдаг. Тухай бүрд нь анзаардаггүй ч эргээд нарийн бодохоор нөхрийн минь дэмжлэг, намайг хурцалдаг үгс, гар нийлсэн хамтрал том түлхэц болсон байдаг. Би тэр бүр өөрт нь хэлж байгаагүй жаахан хатуу эмэгтэй. Энэ дашрамд хайртай хань Д.Түвшинбаяр чамдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Түүний уран бүтээлч сэтгэлгээ, найруулагч хүний ур ухаан намайг өөрийгөө олох, суралцах, хөгжихөд дандаа суурь болж байгаа.

Өөртэйгөө ярилцах, уншсан зүйлээ тунгаах нь цаашдын ажил үйлс амьдралд минь тодорхой хийх үйлдлүүд нэмдэг, намайг бүтээдэг гэж бодогддог.

Маш муу уншигч байсан. Уншигч ч гэж дээ уншдаг байгаагүй. Багадаа Нацагдоржийн номын санд даалгавар хийх гэж ороод унтчихдаг байсан гээд бод доо. 9 билүү 10-р ангидаа хэдхэн хуудастай ганц ном унших гэж, тэр номоо тэвэрч унтсаар байгаад таардаг байсан. Хэхэ.

Хожуу ном унших мэдрэмж, хүртэх таашаал, авах мэдээлэлд нь дурласан хүн. Хэсэг харамсдаг байсан ч гэлээ, уншдаг болчихсон хойно харамсах хэрэг юу ч билээ гэж ч боддог болсон.

Хамгийн анх бие дааж ямар ном уншсан бэ?

Дайны үеийн нэг гэр бүлийн амьдралын тухай ном уншиж байсан. Жижигхэн, нимгэн уншихад маш сонирхолтой ном байсан сан. “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” гэдэг ном. 15 настай охины өдрийн тэмдэглэл бүхий тэр номд тэдний өдөр тутмын амьдрал, хоол хүнс, дүр зураглал гээд сэтгэл өвдөм үйл явдлууд гардаг. Тухайн үед би, бид ямар их аз жаргалтай амьдарч байгаа юм бэ? гэж их бодсон. Анх удаа ном уншаад уйлсан инээсэн. Нүд салгалгүй шимтэн уншсан. Одоо болтол тэр гэр бүл миний сэтгэлд үлдсэн байдаг. 22 насандаа анх удаа ном уншихдаа дуустал нь уншчихсандаа бөөн баяр болж байлаа.

Хэзээнээс номын амтанд шимтэх болов. Үүнтэй холбоотой дурсамжаа хуваалцахгүй юу?

“Анне Франкийн өдрийн тэмдэглэл” номыг уншсаны дараа би ажлын дүүгээсээ “Амжилтын амьд соронз” гээд ном бэлэг болгон авч байсан юм. Тэр үед миний амьдралд хүнд өдрүүд тохиож байсантай зэрэгцээд ярилцах хүн байхгүй, их ганцаарддаг байсан юм л даа. Тэгээд би тэр номоос зүгээр л асуудалдаа хариулт хайх мэт энд тэндээс нь нээж үзэн уншсан. Тэгсэн чинь яг надад зориулсан юм шиг хэсгүүд таарчихсан. Биеийн шар үс боссон байдаг шүү. Тэгээд би тэр номыг эхнээс нь дуустал шимтэн уншсан. Ингээд миний ном унших сонирхол огцом өдөөгдсөн. Би ном уншвал уншчихаар л хүн юм байна гэж бодсон. Өмнө нь ном уншина гэхээр уйтгар төрөөд байдаг байсан юм л даа. Гэтэл өөрт сонирхолгүй сэдвүүд бариад байсан юм билээ. Уг номын зохиолч нь П.Буяндорж гэдэг хүн байлаа. Тэгээд би Facebook-р зохиолчийг нь хайж байгаад чатаар сэтгэгдлээ бичиж байсан. Түүнээс хойш зохиолч ахтайгаа танил болж дараа дараагийн номуудыг нь ч уншсан. Сүүлд эхнэртэйгээ бичсэн ном болох “Хөзрийн хатан” ном нь миний гэр бүлд үүссэн асуудал, үл ойлголцол дээр маш том харах өнцөг өөрчлөлтийг өгч байсан талаар цохмоор байна. Тэр номыг ээж минь хүртэл уншсан байдаг. “Хөзрийн хатан” ном бол гэр бүлтэй хүмүүсийн унших хэрэгтэй сайн ном шүү. Одоо бол П.Буяндэлгэр, Р.Оюундарь зохиолч нартайгаа сайхан ах эгч дүүс болсон байдаг.

Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар, ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

Мэдээж ном унших сайн. Гэхдээ уншихдаа ойлгосон зүйлээ эргүүлээд товч тодорхой ярих, бичих хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Уншаад түүнийгээ ойлгоно гэдэг нь их чухал санагддаг болсон. Гүйлгээд уншаад тодорхой хувийг хүн бүр өөртөө авч байгаа. Гэхдээ түүнээс ч илүүг ойлгож авахын төлөө орчин нөхцөлөө бүрдүүлээд, гүн төвлөрч уншиж байх нь үр дүнтэй уншилт буюу тархины хөгжил илүү явагдах боломжтой байдгийг ойлгоод байгаа. Нэг өгүүлбэрээс ч ухаарал ойлгож олж авч болдог юм шиг санагддаг. Их уншихдаа биш уншсанаа ойлгох ухаан гэх юм уу даа. Түүнийг хүүхдүүдэд багаас нь мэдрүүлбэл ойлгуулбал, суралцах чадварт нь тустай байх байх. Бас уншаад л байна гэдэг мэргэн цэцэн хүмүүс их болж эрэлхэг зоригтой үйлдэх хүнээр дутдаг гэдэг үг бас их үнэн санагддаг. Үйлддэг хэрэгжүүлдэг туршдаг хүн байх хэрэгтэй. Ингэвэл уншсан зүйлээ өөртөө үлдээх ашигтай байх талаар хүүхдүүдэд ойлгуулаасай гэж хүсдэг. Унших, бодох, ойлгох, турших, хөгжүүлэх нь одоо үед их чухал зүйл.

Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Харин таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?

Тухайн цаг үед надад юу дутаж байна вэ? хайр уу? мэдлэг мэдээлэл үү? хувь хүний аль нэг чадвар уу? гэх мэтийг би өөрөөсөө асууж, өөрийгөө сонсдог болсон. Надад дохио илэрдэг гэх юм уу. Өөрийгөө голох, дутуу гэдгээ мэдрэх зэргээр аль нэг тал дээр дохио илэрвэл, түүндээ тохирсон сэдэвтэй номын review уншиж байгаад сонгодог болсон. Заримдаа таалагдахгүй ном гарч ирнэ. Заримдаа маш их дурлан уншина. Янз Янз. Харин заримдаа таалаагүй өнөөх ном өөр нэг өдөр гэнэт ойлгогдох жишээтэй. Цаг нь таараагүй уншиж дээ л гэж боддог. Сайн муу ном гэж ялгахаа больсон. Зүгээр л миний сонирхол биш. Эсвэл миний хэв маягт тохирохгүй юм байна гэж боддог.

Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?

Олон ном миний жижигхэн ойлголтыг эвдэж байсан. Сайнаар болон муугаар. Энэ дундаас би хамгийн сүүлийн мэдрэмжээсээ хуваалцмаар байгаа нь шинэхэн бөгөөд цаг үетэй нийцэх ном байх. Энэ бол “Ширээний СТОИК” гэдэг стойцизмын тухай философийн ном. Юугаар нөлөөлсөн бэ гэхээр, миний сэтгэл хөдлөлөө удирдах өмнөх үеийн дорой чанар маань энэ номыг уншсанаар илтэд сайжирсан гэж мэдрэгдээд байгаа. Хагас жилийн туршид бага багаар амтлан уншиж байна. Одоо ч гэсэн уншсаар л байгаа. Надад мэдрэгдсэн зүйлүүдээ дэлгэрүүлж бичвэл, миний шийдвэр гаргалт тун сайжирсан. Хүнд “үгүй” гэж хэлж чаддаггүй байсан бол одоо хэлж суралцаж байна. Уураа гаргахдаа зөв байдлаар, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ орчин нөхцөлөө мэдэрч дарах зөөлөн гаргах, юмсыг харах өнцөг минь тэлэх, асуудлыг олон талаас анализ хийж сурах гээд их олон зүйлийг ганцхан ширхэг номын тал хуудас надад өгсөн тул улам дурлан уншсаар л байгаа. Цаашид энэ төрлийн философийн өөр ном уншихаар захиалчихсан. Хүлээж байна. Хэхэ. Энэ ном өөрт хэрэггүй зүйлээс татгалзаж сурах, амьдралын утга учир түүнийхээ төлөө тэвчих, уужуу байх, зөв шийдвэр гаргах амьдралыг таашаах, утга учиртай амьдрах тухай маш ойлгомжтой бичигдсэн байна лээ.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Өөртэйгөө ярилцах, уншсан зүйлээ тунгаах нь цаашдын ажил үйлс амьдралд минь тодорхой хийх үйлдлүүд нэмдэг, намайг бүтээдэг гэж бодогддог. Энэ өөрөө утга учир нь. Харин уншсан бүхнээсээ авах гээхээр хандаж үлдсэн тэр ухаарал нь надад  “Би хэн бэ, хаашаа чиглэх вэ?” гэдэг алсын харааг минь бодит тодорхой болгож өгдөг учраас үнэт зүйл нь. Тийм ч учраас уншихад зориулж цаг гаргадаг, мөнгө гаргадаг.

Таны унших дуртай ширээний ном?

Одоогоор гал тогооны ширээн дээр “Ширээний СТОИК”. Учир нь 366 хоногт уншихад хуваасан жижиг жижиг өдөр бүр өөр өөр талаас бодох ойлголтуудтай. Бас “Уйм Хофын арга”. Энэ ном амьсгалын дасгал, өөрийн биеийн нөөцөө бүрэн ашиглах, түүнийг удирдах аргуудтай. Энийг сурах гээд өглөөний цай уучхаад уншиж туршдаг болохоор ширээний ном. Хэхэ. Гэр бүлийн асуудал үүсэхээр сөхөж уншдаг ном минь бол  “Эрчүүдийн сэтгэлзүйг ойлгох нь”. Үүнийгээ ариун цэврийн өрөөндөө тавьдаг. Хэхэ. Тэнд бас хүүхдийн хүмүүжлийн номуудаа тавьдаг. Хэцүү үедээ ганцаараа сууж, арга зам хайдаг гэх юм уу. Хэхэ.

Ямар төрлийн ном уншдаг вэ?

Заримдаа хайр дурлалын уран зохиол. Заримдаа эрүүл мэндийн ном. Заримдаа хувь хүний хөгжлийн. Заримдаа гүн бодуулах ном амьдралаа төлөвлөх талаар суралцахын тулд гэх мэт. Ер нь бол надад юу хэрэг болно түүнийгээ тухай бүрд нь уншдаг даа.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Би одоогоор дөрвөн уншдаг газартай юм билээ. Хэхэ.

Гал тогооны ширээн дээр өглөө цайгаа уугаад уншдаг номуудаа ойрхон тавьдаг.

Бие засахдаа эсвэл ганцаараа хэцүү үедээ ариун цэврийн өрөөндөө уншдаг.

Бас цаг хурдан өнгөрүүлэхийн тулд онгоцонд уран зохиолын ном уншдаг.

Хамгийн сүүлийнх нь ажил дээрээ. Ажлаа хийхдээ сэтгэлгээгээ тэлэхийн тулд маркетинг эсвэл хүн судлалын, шинжлэх ухааны судалгааны номууд түлхүү хардаг. Өөр газар уншихад орчин бүрддэггүй.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Дээр хэлсэнчлэн номуудаас гадна “Enough” гэдэг Английн зохиолчийн ном надад минималист амьдралын хэв маягтай төстэй ч амьдралыг илүү удаанаар таашааж амьдрах тухай гүн сэтгэгдэл ойлголт үлдээсэн. Энэ номын хэлэх санаа нь тогтмол хийгээд мэдрэмж авахаа больсон тэр үйлдлүүд, эсвэл рефлексээрээ хийдэг үйлдлүүдийг минь дахин нэг харах боломж олгосон. Тэдгээр үйлдлүүдээ хийхдээ ч амьд буй гэдгээ бодож санаж, кайф авч байх тухай зааж өгсөн ном. Жишээлбэл, би зам түгжрэх үед цагийг таатай өнгөрүүлж байх, хүүхдүүдээ хичээл цэцэрлэг тарахад нь хамт байсан нэр төдий бус чанартай байлгах, хоолоо хийх ёстой гэж хийх биш жаргаж мэдэрч хийх, идэх зэргийг ухаарсан. Бас лифтэнд суухдаа хүртэл “өө тийм шүү дээ” гэж санаад, тэр даруй лифтнээс гараад шатаар биеэ хөдөлгөж, чилээгээ тайлж алхдаг болсон гээд олон өөрчлөлтийг надад өгсөн. Сэтгэл ханамжтай амьдрахад олон зүйл хэрэггүй, би өөрөө л хүссэн зүйлээсээ таашаал авч болох байж шүү дээ гэсэн ухаарал өгсөн. Тийм ч учраас энэ номын албан ёсны эрхийг нь аваад Монгол хэл дээр гаргах ажлыг бид эхэлцгээсэн яваа. Надад ийм өөрчлөлт ирсэн юм чинь олон хүнд ийм ойлголт мэдрэмжийг өгч, үлдсэн амьдралдаа илүү таатай мэдрэмжийг хүмүүс минь хүртээсэй гэж бодож байна.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?

Сайхан амьдрахад бидний бие эд эрхтэн эрүүл байх хэрэгтэй. Түүний тулд энэ талын номуудаас мэдлэгээ нэмэх хэрэгтэй. Хооллолт, бодисын солилцоо өвчлөл үүсдэг шалгаан гэх мэт. Мөн сэтгэл зүй эрүүл байлгах амар амгаланг өгөх сэтгэл заслын болон бясалгалын номууд уншвал зүгээр санагддаг. Ингээд бие болон сэтгэлдээ анхаарчихлаа. Одоо мэдлэг ур чадвараа хувь хүн талаасаа юугаа хөгжүүлэх хэрэгцээ байна түүндээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Санхүүгийн хувьд сул дорой байна уу, гэрээ хэлцэл, ярих ур чадвараа сайжруулмаар байна уу, бусдыг илүү ойлгож мэдэрч сурмаар байна уу, гэр бүлийн харилцаагаа сайжруулмаар байна уу? гээд сонголтоо тодорхойлж байгаад номоо сонгож авч унших хэрэгтэй. Ер нь бол хаана хар нүх байна түүндээ гэрэл асаахын тулд ном уншиж байгаарай. Хүүхэдтэй болоход хүүхдийн хүмүүжлийн номууд бол танилуудаас, фэйсбүүкээс илүү түшигтэй судалгаатай. Амьдралыг илүү таньж мэдмээр байвал философийн номууд утга учрыг илүү тодотгож, үзэл бодлын хувьд өргөжүүлдэг юм байна. Технологи хөгжиж байгаа цаг үе учраас AI chatbot гээд л  бас судлах унших хэрэгтэй. Ирээдүйдээ санаа зовоод байвал түүхийн номууд уншиж өнгөрсөн одоогоо судлах нь ирээдүйн харах өнцгийг баримжаалахад дэмтэй гээд хүн бүрийн хэрэгцээ шаардлага өөр учраас өөр өөр сэдвийг барьж авах нь тодорхой. Тиймээс нийт хүмүүс хаашаа хуйларч байна тэнд битгий шав. Харин танд юу чухал үнэ цэнтэй вэ? Түүндээ л цагаа, мөнгөө, өөрийгөө зориулж байгаарай. Учир нь бид хорвоогийн бүхнийг мэдэж судалж амжихгүй. Тиймээс өөрийгөө тодорхой болгоход, сайхан амьдрахдаа түлхүү цагаа зориулж байгаарай гэж захимаар байна. Мөн энэ асуултыг бүх хүн өөрөөсөө асуугаасай гэж боддог. Та үхнэ гэдгээ боддог уу? Та бодох ёстой. Бүгд үхэх нь үнэн учраас үүнээс айж халгаж суулгүй олдсон өдөр цагийг юу хийж бүтээж зарцуулмаар байна? Хэнтэй хамт баймаар байна? Ямар ажил хиймээр байна? Хэн болмоор байна? Түүнийхээ төлөө асуу. Тэгээд сонголтуудаа хийгээрэй. Түүний хариултаар амьдраарай. Бид харамсахгүйн тулд л амьдрах нь бүх зүйлийн хариулт.

Шинэ онд нь сайн сайхныг хүсье.

Танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

 

Munkhzul.B