Ном бол та өөрөө юм. Эрчим энергийн хуулиар сайн ном сайн номоо л татна…

Ном бол та өөрөө юм. Эрчим энергийн хуулиар сайн ном сайн номоо л татна…

Сайн  байна уу?  Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?

Намайг Очирын Өнөрцэцэг гэдэг. Зохиолч, утга зохиол судлаач мэргэжилтэй. 1982 онд Архангай аймгийн Их тамир суманд төрсөн.

Та номтой  анх  хэдэн  настайдаа танилцаж  байв. Энэ талаар дурсамжаа  бидэнтэй  хуваалцахгүй  юу?

Би багадаа хөдөө өссөн болохоор хонинд явах дуртай хүүхэд байлаа. Тэгээд хонины бэлчээрт гэрт байсан ямар ч хамаагүй номуудыг авч яваад уншина. Тэр дунд Лениний боть ч байсан. Энэ их агуу хүний тухай ном юм чинь заавал унших ёстой гээд л ойлгохгүй ч уншдаг байв. Ер нь номонд их хорхойтой. Гоё ном олдвол алт олсноос илүү баярлаж нандигнана шүү дээ.

Та  ямар мэргэжлээр сурч төгссөн бэ?

Зохиолч, утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн.

Таны хүүхэд  насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Хүүхэд байхдаа их алдартай хүн болно гэж боддог байсан. Яг зохиолч болно гэж мөрөөдөөгүй. Сургуульд байхдаа монгол хэл, уранзохиолд их дуртай учир багш маань тэмцээн уралдаанд оруулах дуртай байлаа. Гэхдээ яагаад ч юм бэ зохиолч болно гэхээр хөгшин хүний ажил юм шиг санагдаад хойш нь тавьдаг байсан даа.

Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

Дунд сургуулиа Багануурт дүүргэсэн. Хүүхдийн төв гээд олон хүүхэд ирж очих дуртай авсаархан нэг газарт янз бүрийн дугуйлан хичээллэнэ. Тэнд бас номын сан байна. Гэр маань ойрхон байсан болохоор хичээлээ тараад ёстой юм шиг очиж шагайдаг байлаа. Ер нь л номтой их ойрхон явахыг хүсдэг хүүхэд байж дээ.

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Сургуульд орж А үсэг заалгаснаас хойш л тогтсон. Ном гэдэг гайхамшигтай ертөнц миний бүх л амьдралд жигүүр мэт намайг өөр өөр ертөнцөөр аялуулж ирсэн. Дуртай болохоор дадал өөрийн эрхгүй тогтдог байх гэж боддог шүү. Одоо ч гэсэн байнга л ном уншиж байна. Ном яг л хоол шиг хэрэгцээ минь болж дээ.

Та номыг  хэрхэн уншдаг вэ?

Нэг сайхан ном барьж авбал заавал бүгдийг нь дуустал уншдаг. Тэгээд хойш нь тавьчихаад дахин уншмаар санагдвал хэдэн ч удаа уншина. Гэхдээ уран зохиолын номыг дахин дахин уншдаггүй. Танин мэдэхүйн өөрт мэдлэг өгөхүйц номуудыг бол ёстой зажилж, мэрж, залгиж уншдаг шүү.

Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?

Орос ардын үлгэрүүд их гоё санагддаг байсан. Хүүхэд байхдаа “Үүлэн бор” гээд бор хавтастай номыг дахин дахин уншдаг байлаа. Үлгэрүүд нь ер бусын байж боломгүй ид шид агуулдаг учир их шимтэнэ. Хүүхэд болгон л ид шид, ер бусын зүйлсэд дуртай байдаг. Арай томроод Капитан Грантын хүүхдүүд, Усан доогуур хорин бээр аялсан нь, Оцелла баатар, Монте Кристо гүн гээд өнөө алдартай сонгодог зохиолуудыг уншиж эхэлсэн дээ. Бүгд л сэтгэлийг минь эзэмдэж алмайруулдаг байсан.

Уран бүтээлч  хүний  сайхан  хийгээд сөрөг  тал юу байдаг  вэ?

Уран бүтээлч байна гэдэг сэтгэлийн их таашаал юм. Онгод гэдэг зүйл байдаг. Тэр байхад уран бүтээлч болох ёстой хүн энэ замаар явахаас өөр аргагүй. Өөр замаар явсан ч гэсэн насны эцэст заавал энэ ажлыг хийдэг. Эсвэл ажлынхаа хажуугаар ч юм уу сайн дураараа хийгээд л явдаг. Энэ бол байгалиас цуг төрсөн өгөгдөл гэж боддог доо. Нэг ёсондоо агуу их хайр гэж хэлж болно. Юм бичиж байхдаа тэр их хайранд эрхэлж, энгэрт нь тэврүүлж яг л бяцхан хүүхэд шиг жаргадаг даа. Тэгэхээр түүнийг мэдрэхийн төлөө явахаас өөр аргагүй.

Харин сөрөг тал нь бодит амьдрал, ар гэр хоцорчих гээд байдаг талтай. Тэгэхээр амжиргаагаа залгуулах чадвартай байх ёстой. Аль алийг нь авч явна гэдэг их ухаан шүү. Гэхдээ орчин үед ажилсаг шаавай залууст бол гуньж гутраад байх шалтгаан алга. Юу л хийе гэсэн боломж бүр нь байна шүү дээ.

Та  хэдэн  настайгаасаа яруу  найраг  бичиж  эхлэв?

Гуравдугаар ангид байхдаа анхны шүлгээ бичиж байсан. Шүлэг бичих нь өөрийгөө уудлах нэг сайхан арга гэж боддог. Одоо өдрийн тэмдэглэл их бичдэг болж. Бага байхад дотор хуралдсан тэр их зүйлээ гадагшлуулах аргаа мэдэхгүй хээр гадаа алхаж байхдаа өөртөө үлгэр их зохиож ярьж байснаа санадаг. Юу нь мэдэгдэхгүй баахан л адал явдалт кино шиг юм ургуулаад л яриад явдаг байсан. Хэн ч сонсохгүй газар л чанга чанга ярина шүү дээ. Тэгэхэд манай гэр төвөөс их зайтай, тэгээд тав дахь өдөр сургууль тараад гэртээ харьж хоёр хоночихоод бүтэн сайнд буцаад алхдаг байсан. Тэр үед голын далан дагаад алхахдаа жинхэнэ эрх чөлөөгөө эдэлдэг байлаа шүү дээ. Тэр л хүүхэд насны минь хамгийн сайхан дурсамж болж үлдэж дээ.

Анхны  номоо  яагаад  Нууцлаг ертөнцийн зохиолууд гэж  нэрлэсэн тань их сонирхолтой байна?

2012 онд нэг хүн намайг өөрийгөө хөгжүүлбэл их зүгээр юм байна. Ер нь бол бөөгийн онгод тэнгэртэй юм байна гээд хэлчихгүй юу. Тэгсэн чинь унтарч уугиж байгаа гал дээр тос хийчихсэн юм шиг л сэтгэл минь сэрхийгээд ирсэн. Тэр үед амьдрал жаахан гундуу, юу хийхээ мэдэхээ байчихсан үе байсан юм. Яг л амьдралын их шуурганд жолоо цулбуураа алдаад морио сул тавьчихсан юм шиг тийм сонин үе л дээ. Юу ч хийсэн урам зориггүй болчихдог юм билээ хүн гэдэг чинь. Тэгсэн чинь янз бүрийн зүүд зүүдэлж эхэллээ. Би ч өөр ертөнцөөр аялаад байна уу гэлтэй тэр есөн шидийн зүүдийг санаж бичих гэж их оролддог болов. Тэгсээр тэмдэглэж авсан зүйлүүдээ нийлүүлээд зохиол болгож бичиж яагаад болохгүй гэж бодох болсон. Ингээд богинохон ид шидийн зохиолууд бичиж байгаад багшдаа үзүүлсэн чинь “Ном болго, наадах чинь онгод тэнгэрийн өгөгдөл” гэж хэлсэн.

Ингээд л анхны эрээвэр хураавар зохиолуудаа нийлүүлээд анхны номоо “Нууцлаг ертөнцийн зохиолууд” гэж нэрлээд хэвлүүлсэн. Анх ном хэвлүүлэхэд хөгтэй зүйл их болсон доо. Гэхдээ тэгээд сурдаг л юм байна лээ. 

Шүлэг бичсэний  дараа  танд ямар мэдрэмж үлддэг вэ?

Нэг их сайхан гүнзгий амьсгаа авсан мэт болдог. Сэтгэл хоосроод хувинтай сүү нэг савнаас нөгөө сав руу юүлсэн мэт ариусдаг гэх үү дээ. Шүлэг бол сүү шиг ариун зүйл гэж би боддог.

Та  хэр  их сэтгэл хөдлөлтэй  хүн  бэ?

Би маш их сэтгэл хөдлөлтэй ч нэг их ил гаргаад байдаггүй, чимээгүй талдаа хүн л дээ. Ер нь дуугаа хураах их дуртай. Хэрэгтэй үед л ярина. Хүн юм асуувал хариулна. Түүнээс өөр үед дотроо бясалгаад л урдах юмаа хийгээд л байж байдаг хүн дээ. 

Орчин үеийн зохиолчид монгол хэлнийхээ яруу  тансаг үгсийг  хэрэглэх нь  багасжээ.  Энэ талаар таны бодол?

Яруу тансаг хэрэглүүрт хэм хэмжээ байх ёстой гэж боддог. Уянгалаг зүйл дээр илүүтэй хэрэглэбэл зүгээр. Жишээ нь ерөөл магтаал, шүлэг яруу найраг гэх мэт дээр. Харин үргэлжилсэн үгийн зохиол дээр тааруулж хэрэглэх ёстой. Тэгэхгүй бол утга санаа, зохиолын уур амьсгал алдагдана гэж үздэг. Зохиол бичнэ гэдэг яг л эвлүүлдэг шоо шиг тархи их ажилладаг. Тэгэхээр цаанаасаа хэрэгтэй үг, хэрэгтэй санаа урсан орж ирнэ. Тэр урсгалыг мэдэрч зөв залах нь зохиолч хүний үүрэг юм даа. Бичнэ гэдэг мэдрэмжийн асуудал гэж боддог шүү.

Сүүлийн үед ямар зохиол  бичих  гэж  төлөвлөж  байна  вэ?

Анхнаасаа далд ертөнц, ид шид бичиж эхэлсэн болохоор үргэлжлүүлнэ гэж боддог. Одоогоор нийтдээ 8 ном гаргасан байна. “Шидтэнүүдийн сургууль” өсвөр насны хүүхдүүдэд зориулсан зохиолоо таван цуврал гаргасан. Дараа нь “Сүнстэй ярилцагч”, “Цэцэгсийн зүүд”, “Хуруу жаал” нэртэй ихэвчлэн хүүхдүүдэд зориулсан номууд бичсэн. Одоо “Номон доторх сүнс” гээд шинэ ном маань хэвлэгдэхэд бэлэн болоод байна.

Уншихыг  төлөвлөж  буй  номоосоо  нэрлэвэл ?

Сүүлийн үед судрууд их уншиж байна. Онгод тэнгэрүүдийн өөрсдөө бууж ирж айлдсан маш гоё гоё түүхүүд монголын шинэ үеийн сурах бичиг болж байна уу даа гэж хардаг. Жишээ нь 13-р зуунд амьдарч байсан хаад хатад, ноёд жанжид бүгд онгод болон заларч байна. Тэд өөрсдийн түүхээ ярьж байна. Тэдгээр нь маш сонирхолтой яг л үлгэр шиг байдаг. Бөөгийн ёсонд 99 тэнгэр байдаг гэж үздэг. Түүний нэг нь “Номтын тэнгэр” юм. Эндээс өртөөлөн буулгасан судруудыг дурдвал “33 баатар”, “Оршихуйн зургаан тив”, “Алтан гурвалжин”, “Сүнсний ертөнц” гэхчлэн 15 судар байдаг. 

Таны  ширээний  ном?

Ширээн ном гэвэл Номтын тэнгэрийн Дэмчийн өргөө “Тэнгэр бэхи” ТББ-аас гаргасан дээрх судрууд байна даа. Мөн Гэрлийн өргөөний гаргасан “Монголын нууц товчооны түүхэн тайлал”, “Ова”, “Өрөг цадиг тунхаг” судруудыг байнга ширээн дээрээ байлган уншиж судалдаг. Мөн Сорхагтун бэхи хатны “Алтан дээд үнэний аялгуу”-г унших дуртай.

Өөрийгөө  ном  гэж дүрсэлбэл та  ямар  төрлийн ном байх  байсан  бол ?

Хүн болгоны дотор судар оршдог. Бясалгал хийж өөрийн дотоод руугаа өнгийвөл тэнд маш олон янзын ном судрууд өрөөтэй байгаа. Нэг ёсондоо та өөрөө судрын өргөө юм. Тэгэхээр нэг номоор төлөөлүүлэх аргагүй юм. Миний дотор маш олон ном байгаа. Хорвоо ертөнцийн үүслээс авахуулаад галав юүлж, газар дэлхий шинээр урган төлжиж бий болж байх үеийг  өртөөлөн ирсэнр тэр их номуудыг уншаад барагдашгүй. Хамгийн гол нь тайлж унших чадвартай байх ёстой. Түүний тулд суралцаж л явна даа.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Өөрийгөө танин мэдэх, хорвоо дэлхий ямар уудам хүний сэтгэл гэдэг ямар уужим юм бэ гэдгийг ухаарахад ном уншихын үнэт зүйл оршдог байх гэж боддог.

Арван жилд  байхдаа хэр номын  сангаар үйлчлүүлдэг хүүхэд байв дурсамжаа хуваалцахгүй юу  ?

Манайхтай Хүүхдийн төв их ойр байсан учир байнга ордог байсан. Ямар ч байсан тэнд байсан сонирхолтой бүх номыг уншиж дуусгасан гэж боддог шүү.

Танд хэдэн улс орны  номын  сангийн үнэмлэх  байгаа  вэ?

Монголынх л байгаа. Оюутан байхдаа Улсын төв номын сангаар үйлчлүүлэх дуртай байлаа. Нацагдоржийн номын санд сүүлд үнэмлэх нээлгэсэн ч хэдхэн удаа л үйлчлүүлсэн санагдаж байна. Уг нь номын санд очиж суугаад хуучны ховор номуудыг уншиж судлах сан гэж их хүсдэг ч завдахгүй л явна даа.

Ярилцлагын төгсгөлд таны бодлоор  ном гэж  юу вэ?  Цөөн үгэнд  багтааж хэлбэл…

Ном бол та өөрөө юм. Эхлээд өөр доторх номоо олохгүй байвал хүмүүсийн дотроос гарсан номуудыг олж унших хэрэгтэй. Тэгмэгц таны доторх номын хуудас гэрэлтэж эхэлнэ. Эрчим энергийн хуулиар сайн ном сайн номоо л татна. Тэгэхээр өөрт хэрэгтэй номоо олж уншаарай гэж зөвлөе дөө.

Бидний ярилцах сэдэв өндөрлөж байна. Урилгыг минь хүлээн авч цаг заваа гарган ярилцсан танд баярлалаа.

Ярилцсан: Номын санч Э.Алтанзул

 

Munkhzul.B