П.Наранбаатар: Хорвоог танин мэдэх, өөрийгөө олж авах, бие хүн төлөвшихөд ном асар их үүрэгтэй

П.Наранбаатар: Хорвоог танин мэдэх, өөрийгөө олж авах, бие хүн төлөвшихөд ном асар их үүрэгтэй

Пүрэвчимэд Наранбаатар

Монголын зохиолчдын эвлэлд мэргэжилтэн

П.Наранбаатар: Хорвоог танин мэдэх, өөрийгөө олж авах, бие хүн төлөвшихөд ном асар үүрэгтэй

  • Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу

  Завхан аймгийн Завханмандал суманд 1987 онд нэгдүгээр ангид орсон. Гэтэл 1990 оны Цагаан  морин жил гарч  Ардчилсан хувьсгал яллаа. Нийгмийн тогтолцоо бүхлээрээ өөрчлөгдөж улс орны амьдрал урваж хөрвөн юм юм л боллоо. Багш нар ажил хаяж, гадагшаа дотогшоо явах нь явж боловсролын систем эзэнгүйдэв. Овоо чармайлттай сурч байсан хүүхдүүд зарим нь хөдөө мал дээр гарах нь гарч, эцэг эхийн хараа хяналт суларсан.Тэр үеийн хүүхдүүд бараг бүгд ойролцоо байсан. Цэргийн дарга, Багш, Онгоцны нисгэгч, Эмч гэсэн хэдэн мэргэжлийг л гоё гэж боддог байсан. Би ч бас тэнгэрээр нисэж яваа онгоцыг хараад нисгэгч болох юмсан гэж мөрөөдөж л явлаа. Гэтэл энэ мөрөөдөл маань ардчилсан хувьсгалтай хамт алга болчихсон. Наймаа хийгээд их мөнгөтэй болж байгаа хүмүүс л гоё санагддаг байсан үе ч бий. Эцэг эх маань тулхтай сэхээтэй хүмүүс байсан тулдаа  хүүхдүүд биднийг номоос төдийлөн хөндийрүүлсэнгүй. Математиктаа сул дүн авдаг ч ном уншихаа орхиж чадахгүй л байлаа. Ахлах ангид ороход ерөнхийдөө нийгмийн ухааны чиглэлийн мэргэжил сонгох нь тодорхой болоод ирсэн юм. Бас удмын авьяас ч байсан. Ингээд одоо хүртэл мэр сэр шүлэг зохиол оролдоод, ганц нэг ном хэвлүүлээд яваа маань бараг л багын мөрөөдөл, одоогийн эрхэлж буй ажил хоёр маань цаад уулзвараараа нийлсэн гэсэн үг гэж бодож байна.

  • Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ

Нэг хөгжилтэй түүх санаанд оров. 1985 оны өвөл таван настайдаа хөдөөнөөс аавыгаа дагаж Улаанбаатар хотод ирэв. Тэр үед аав минь Завхан аймгийн нэгэн сумын дунд сургуулийн хичээлийн эрхлэгч хийдэг байсан. Аав тэгэхэд удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх курс  эсвэл өөр ямар нэг сургалтанд хамрагдаж байсан. Өглөө гараад үдшээр ирдэг ажилтай. Би  өвөөтэйгээ, бас аавынхаа бага эрэгтэй дүүтэй гурвуулаа үлддэг. Энэ хоёр хүн надад ном заана. Авга ах маань аравдугаар ангиа төгсөөд ажилчин анги болохоор бэлтгэгдэж байсан.Техник мэргэжлийн сургуульд сурч байсан. Ааваас ялгаатай нь өглөө гараад өдөр хүрээд ирнэ. Аав  өдөржин семинарт сууж  гэрийн  бараа харахгүй. Өвөө өглөө босонгуут нүүр гар угаалгаж, цай уулгачихаад “Цагаан толгойн” ном бариулаад суулгачихна. Өвөө өглөө баахан үсэг нүдлүүлж байтал өдөр бага авга ирээд үргэлжлүүлэн багшилна. Энэ  хоёр хүний хүчинд би бараг таван настайдаа бичиг үсэгт тайлагдчихсан. Тэгэхээр миний анхны уншсан ном бол “Цагаан толгой” юм. Нэгдүгээр ангиа Н.Носовын “Үлмэдэх ба түүний нөхөд” гэж номыг их л шохоорхон уншсан. Энэ хатуу хавтастай, гоё зурагтай хөөрхөн ном. Тэр үед манай улс чанартай сайн номууд хэвлэдэг байсан. Айл болгонд шахуу энэ ном байдаг. Хүүхдүүд бие бие рүүгээ шидэж байсан ч урагдаж салахгүй бөх эд. Олон төрөл ч байсан. Доторхийг нь гүйцэд сайн ойлгоогүй ч гэсэн энэ хөөрхөн ном яалт ч үгүй миний анх уншсан ном мөн.

  • Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном

Намайг хүүхэд байхад айл болгон номын сантай. Манайх ч  дажгүй номтой айл байлаа. Аргагүй л дээ аав ээж хоёр маань багш хүмүүс болохоор хүүхдүүдээ номтой нөхөрлүүлье гэж их боддог. Номын үнэ ч боломжийн байсан. Номын соёлыг засаг төрөөс бодлогтойгоор дэмждэг байсан. Энэ номууд дотроос нэг ном гойд анхааралыг минь татдаг байлаа. Энэ бол Жэк Лондонгийн зохиол “Цагаан соёот’’ хэмээх бэсрэг туужийн ном. Мөн ч олон удаа уншсан. Хөдөөний хүүхдүүд бид чинь байгаль, ахуйдаа их ойр. Тийм болоод ч тэр юм уу. Нохойны өрөвдөлт хувь тавиланг зүрх шимшрэн уншдаг. Дараа нь киног нь хичнээн ч удаа үзэв.Бас Л.Түдэв “Хорвоотой танилцсан түүх энэ номын дотор өгүүлэмжүүд үнэхээр сонирхолтой санагдаж бас ийм намтар ч юм шиг, адал явдал ч юм шиг гоё зохиол байдаг аа гэж бодож  нэлээдгүй зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэж билээ.

  • Таны ширээний ном

Б.Догмид “Ус уухын заяа” үнэхээр сайхан ном. Догмид гэж хүнийг үнэхээр биширдэг. Хамгийн гол нь зохиолын хэл гэж нэг юм байна. Зохиолууд бол үнэхээр монгол хэлний сор болсон үгсээр бичигдсэн гайхамшигтай найруулагатай юм даа гэж боддог. Аугаа  А.П.Чеховын хэлсэн байдаг.  “Богино бичлэг бол авьяасын дүү юм” гэж. Энэ үг бол Б.Догмид гуайд үнэхээр дүйх үг шүү. Зохиолууд нь хүнийг залхаахгүй, уйдаахгүй, гайхалтай шүү. Энэ цаг үеийн уран бүтээлчид дундаа С.Эрдэнэ, Б.Золбаяр  зэрэг зохиолчдыг биширдэг.

  • Хүүхдийн зохиол бичихээс гадна дуу, кино, жүжиг зэрэг бүтээлүүд дээр ажилладаг. Одоогоор ямар бүтээл дээр ажиллаж байгаа вэ

Хүүхдүүдэд зориулсан жүжиг бичих санаатай л нухаж сууна даа. Хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдорж гэж  аугаа хүн байлаа. Энэ хүн Монголын  анхны хүүхдийн дуурь “Аз жаргалын эрэлчин”- г бичсэн шүү дээ. Мундагуудын хэмжээнд хүрэхгүй ч гэлээ чадахын төлөө бас чармайж байна.

  • Яг одоо ямар ном уншиж байгаа вэ

Б.Номинчимэд “Цагаан бороо” зохиолыг уншиж байна.

  • Номыг хаана уншвал тав тухтай санагддаг вэ

Чимээгүй орчинд,  гэртээ буйдан дээр суугаад унших нь л их сайхан санагддаг даа.

  • Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу

Миний хувьд номыг нэг их хурдтай уншихыг гол болгодоггүй, дотор агуулгыг нь ухаарч ойлгож уншвал зүгээр юм болов уу л гэж боддог.

  • Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ

Эхлэл брэндийг үүсгэн байгуулагч  Ч.Батзаяагийн гурван цуврал ном.The nom book of inspiration буюу ’Урам зориг өгөх ном’’. Бүх зүйлийг тэгээс эхэлсэн авьяаслаг бизнесмен энэ залуугийн бичсэн номуудыг заавал уншаарай гэж зөвлөх байна.

  • Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ

Орос,Монгол гэсэн хоёр орных байна.

  • Цаасаар уншиж байна уу, Цахимаар уншиж байна уу

Миний хувьд номыг цаасаар унших дуртай.

  • Уншихыг төлөвлөж буй ном

Тодко Самсоны зохиолуудыг уншихыг төлөвлөж байна.

  • Унших дуртай зохиолч

Ч.Лодойдамба. “Тунгалаг тамир”. Тухайн нийгэм цаг үеийн  шахалтаас болоод зарим нэг түүхэн үйл явц, баримтуудыг бага зэрэг гажуудуулсан зүйлс  байдаг ч энэ бол үнэхээр Монголын уран зохиолын сор бүтээл мөн гэж боддог. Дээр өгүүлсэн зохиолын хэл нь өөрөө гайхалтай. Одоо эх хэлний  дархлаа суларч харь үг их хэрэглэх болсон цаг үед хүүхэд залуучууд ийм сайн номоо их уншаасай гэж бодох юм. Төрөлх сайхан хэлээрээ, төгөлдөр яруу ярьж чадахгүй   хүмүүс яаж ч бие биенээ хайрлаж, хүндэтгэж, улс гүрнээ цааш авч явах юм бил ээ. Энэ их эмгэнэлтэй  хэрэг шүү.

  • Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ

Ч.Лодойдамба  “Тунгалаг тамир”  зохиолын дүр  Эрдэнэ . Зохиолч би баатрыг хамгийн гоёоор товойлгон гаргаж ирсэн хэсэг бол партизан цэргүүд Хиагтыг гамингаас чөлөөлсөний дараа дэлгүүр тонож буй хэсэг. Олзонд дуртай нэг хэсэг нь бүр цадигаа алдаад торго дурданг хуй, хуйгаар нь авч байдаг. Гэтэл Эрдэнэ амраг ханиа бодож нэг дээлийн торго  л авах төдийхөн. Энэ үед их  Жанжин Д.Сүхбаатар таарч хэлдэг дээ.

  • Хэнд авав, юуны улмаас гэхэд Эрдэнэ:
  • Долгорт гэж хэлэхдээ дотор сэтгэлд нь  торго дурдан гэгчийг огт хэрэглэж үзээгүй шахам ханийнх нь дүр зураг нүдэнд харагдаад авчихсанаас өөрч юм бодоогүй байх. Жанжин хэлдэг
  • Ам даавуу ч авсан байсан, дээрмийн юм тул буцааж тавь гэдэг дээ.

       Монголчууд, монгол эрчүүд,  нийтээрээ шахам ийм л байж. Шаардлага гарвал барилдах шөрмөстэй, хэт даварсаныг тойруугаар хэлэх цөлх ухаантай, хэтийдсэн шуналыг үзэн яддаг холын бодолтой байж. Харин одоо юу ч болчихоод байгаа юм. Зах зээл ч гэгч замбараагүй өрсөлдөөн гэж ойлгодогч юм уу нэг л их биенээсээ түрүүлж баяжих гэсэн хүмүүс.

  • Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ

Хорвоог танин мэдэх, өөрийгөө олж авах, бие хүн төлөвшихөд ном асар их үүрэгтэй гэж бодож байна.

 

amaraa