Төмөрбатын Энхтуяа: Ном унших нь бие махбодод ч сэтгэл санаанд ч эерэгээр нөлөөлдөг…

Төмөрбатын Энхтуяа: Ном унших нь бие махбодод ч сэтгэл санаанд ч эерэгээр нөлөөлдөг…

Овог нэр: Төмөрбатын Энхтуяа

Эрхэлж буй албан тушаал: Багш

Сошиал хаяг: Enkhtuya Tumurbat

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач.

Сайн байна уу?  Юуны өмнө намайг зочин хоймортоо урьсан та бүхэнд баярлалаа. Намайг Энхтуяа гэдэг. Хүүхдийн зохиолч, багш хүн. Одоогоор БШУЯ-ны харьяа Кембрижийн олон улсын хөтөлбөртэй Монгол тэмүүлэл ахлах сургуульд багшаар ажиллаж байна.

Таны хүүхэд  насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Жаахан байхдаа дүү нартайгаа, найзуудтайгаа тоглохдоо  багш болдог байлаа. Бүгд ярилцаад яагаад ч юм намайг дандаа л багш болгодог байсан. Бага ангийн урлагийн үзлэгээр  хошин шог тоглоход би бас л багш болж байснаа санаж байна.  Тэгсээр би ч бүр багшийн дүрдээ дурлаад тоглохдоо намайг багш болгохгүй бол уйлдаг болсон.  Дунд сургуулиа төгсөхдөө нээсэн Дурсгалын дэвтэр дээр манай ангийн   хүүхдүүд намайг МУИС төгсөөд багш болсон байна гэж зөгнөж бичсэн байсан. Нээрэн л тэр зөгнөл биелсэн дээ.

Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

Ойролцоо насны ахтай болохоор ахыгаа сургуульд орсон жил дагаж уншсаар байгаад эрт уншиж сурч байлаа. Тэр үед Багачууддаа уншиж өгөөрэй гээд их гоё ном байдаг байсан. Тэр номноос салдаггүй байлаа. Бас бидэнд  Унших бичиг гэж их сайхан сурах бичиг байлаа. Тэндээс олон сайхан зохиол уншсан даа.

Хамгийн анх бие дааж ямар ном уншсан бэ?

Хамгийн анх  Оросын их зохиолч А.Н.Толстойн “Алтан залаат азарган тахиа” гэдэг ном уншиж байснаа тодоос тод санадаг юм. Тэр номыг их олон удаа уншиж, унших бүртээ яг шинээр уншиж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан. Заримдаа аавтайгаа жүжигчилж уншаад хөөр баяр  болдог байлаа.  Хэдэн жилийн өмнө Хүүхэлдэйн театр энэ зохиолоор жүжиг тавьж байгааг сонсоод би яг л хүүхэд байх үеийнх шигээ л хөөрч баярласан шүү.  

Хэзээнээс номын амтанд шимтэх болов. Үүнтэй холбоотой дурсамжаа хуваалцахгүй юу?

“ Алтан залаат азарган тахиа”-г уншсанаас хойш ер нь  номонд дурласан. Аав маань цалингаа буух бүрт шинэ ном авч өгдөг байлаа. Номоо уншиж дууссаны дараа ямар сэтгэгдэл төрсөн тухай асууж ярилцдаг байсан нь илүү олон ном унших урам зориг өгдөг байсан. Мөн том ах маань их ном уншдаг байсан нь надад  нөлөөлсөн. Ахыгаа дагаж, дуурайж   Үүрийн туяа, Тунгалаг тамир, Цаг төрийн үймээн, Их хувь заяа, Элс цас, Манан будан, Арандалынхан, Газар шороо, Зүрхний хилэн,  Онцгой  эрх, Шадар гурван цэрэг, Хорин жилийн хойно, Зуун жилийн ганцаардал гээд Монголын болон гадаадын олон сайхан зохиолууд уншсан. Бүгдийг тоочвол их урт жагсаалт гарна. Манан будан романыг уншиж дуусаад хачин их халаглан хармсаж,  хэд хоног дуугаа хурааж явснаа санадаг юм. Мөн Газар шороо, Зүрхний хилэнг уншаад  өвөг дээдэс маань өнөөдрийн энэ  тусгаар тогтносон, эрх  чөлөөт улсыг  ямар их үнээр олж авч,  хадгалж үлдсэнийг гүн гүнзгий ойлгож авч байлаа.

Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар, ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

 Хүүхдэд хамгийн түрүүнд суралцах сэдэл төрүүлэх нь чухал. Ном уншихад  ч ялгаагүй. Хүүхдээ ном уншаад өгөөч ээ гэж шахахын оронд  унших сэдэл төрүүлж өгөх хэрэгтэй. Хүүхэд өөрөө хүсээд дуртай хийвэл юмыг төвөггүй сурч, удаан мартдаг гэдэг нь олон судалгаагаар батлагдсан байдаг.

 Хүүхдийг  зөв чиглүүлж өгч, өөрөөр нь  мэдлэг бүтээлгэх замаар  бие даан суралцах арга барил эзэмшүүлдэг. Хүүхдийн суралцах чадварыг хөгжүүлэхийн тулд бие бялдрын хөгжил, хэл ярианы чадвар, нийгэм сэтгэл зүйн чадвар, оюун ухааны чадварыг нь аль алиныг нь тэнцвэртэй  хөгжүүлж, суралцах зөв дадал суулгаж өгөхөд анхаарах хэрэгтэй.

Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Харин таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?

Миний хувьд дан нэг төрлийн зохиол уншихаасаа илүүтэй олон өөр төрөл жанрын ном уншихыг илүүд үздэг. Хүүхэд байхдаа шүлэг, найраглал,  жүжиг, түүхэн  роман, адал явдалт, уран зөгнөлт гээд бүх төрлийн л ном уншдаг байлаа. Одоо бол тэр үеийнх шиг олон ном унших зав гардаггүй учраас цөөн чанартай ном уншихыг хичээдэг. Үйл явдал хөөхөөс илүүтэй бодол эргэцүүлэлд хөтөлсөн, гайхаш төрүүлсэн, уншаад дууссан хойно ч төсөөлөн бодож, таамаглал дэвшүүлэхэд хүргэдэг тийм ном олж уншихыг хичээдэг.

Хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?

Пауло Коэльюгийн Алхимич гэдэг ном надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Ертөнцийг үзэх үзлийг минь тэлж өгсөн гэж боддог.  

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Ертөнцийг, хүмүүсийг, амьдралыг, бас өөрийгөө таньж мэдэхэд ном тусалдаг. Ном унших нь бие махбодод ч сэтгэл санаанд ч эерэгээр нөлөөлдөг. Уншихаа боливол сэтгэхээ болино гэдэг шүү дээ. Ном уншихад хүний тархи хөгждөгөөс гадна   стрессийн түвшин буурдаг. Сэтгэл гундуухан гунигтай байгаа үедээ сайхан ном барьж аваад уншихад нэг мэдэхэд тэр таагүй байдлаа мартаад номын сайханд умбаж тайвширсан байдаг шүү дээ. Мөн  21-р зуунд амьдарч буй иргэн бүрийн заавал сурах шаардлагатай 4С буюу харилцааны чадвар (communications), бусадтай хамтран ажиллах чадвар (coordination),бүтээлч сэтгэлгээ ( creativity) шүүмжлэлт сэтгэлгээ (critical thinking) , EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг хөгжүүлэхэд ном унших нь хамгийн их ач холбогдолтой. Ном уншсанаар үзэл бодол тогтож, өөрийн гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйл бий болдог. Хөдөөгийн буйдхан суманд хүүхэд насаа өнгөрөөсөн хэрнээ би номын ачаар би тэнгис далайг гаталж, тив дэлхийгээр аялдаг байсан гэж би хүүхдүүддээ ярьдаг юм. Охин маань нэг удаа “ Ээжийг тэгж ярихад би үнэндээ  итгээгүй. Харин өвлийн амралтаараа Rosemary Border -н “The Рiano”  номыг уншаад яг тэр цаг хугацаанд очоод алдарт төгөлдөр хуурч Антони Эванстай уулзаад ярилцаж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Ээжийн хэлсэн үг нээрэн үнэн байжээ” гэж хэлсэн. Миний хэлсэнд итгэсэнд нь бус номыг ойлгож мэдэрч уншиж байгаад нь  охиндоо би баярласан.

Таны унших дуртай ширээний ном?

Нэг номыг ширээний ном болгохоос илүүтэй хэд хэдэн номнуудыг гартаа ойрхон тавиад өөрийн хэрэгцээ, сэтгэл санааны байдалд тохируулан үе үе эргүүлэн харах дуртай.

Ямар төрлийн ном уншдаг вэ? Одоо уншиж буй ном

Янз бүрийн л ном уншдаг. Өнгөрсөн өвөл П.Лувсанцэрэнгийн “Нар шингээгүй” өгүүллэгийн өгүүлэгийн түүвэр уншсан. Их содон сайхан бичлэгтэй зохиолч санагдсан. Японы зохиолч Муракимигийн зохиолоос дутахгүй санагдсан шүү. Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Ногоон давхарлагын Аня охин” гэдэг хүүхдийн  ном уншлаа. Хүүхдийн зохиол бас томчуудад ч сонирхолтой байх ёстой гэж багшийн маань хэлдэг үг үнэхээр үнэн шүү. Би  энэ номонд шимтэн дурлаад дараагийн дэвтрийг нь худалдаж авахаар төлөвлөсөн. Охиндоо уншуулна гэж бодохоор баяртай байгаа. Яг одоо бол шавийнхаа бэлэглэсэн  Yuval Noah Harari – н “21 Lessons for the 21st Century” гэдэг номыг уншиж эхлээд байна. Хичээл заадаг байхдаа  хааяа уншсан номоо шавь нартаа ярьж өгдөг байсан юм. Тэдний маань нэг төгсөөд явсан хойноо “ Уншаад шинэхэн шавь нартайгаа хуваалцаарай“ гээд энэ номыг илгээсэн. Надад их таалагдсан. Бодол эргэцүүлэлд хөтөлсөн иймэрхүү номнуудыг уншаад шавь нартайгаа хуваалцаж сэтгэлгээг нь задлахыг эрмэлздэг. Хүүхдүүдийг уншсангүй гэж зэмлэхээсээ өмнө уншихад хөтлөх, үлгэр дуурайл болж дагуулах нь зүйтэй гэж боддог.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Өнөөгийн завгүй нийгэмд  номыг үргэлж  ая тухтай газар цаг зав гаргаад уншина гэвэл амаргүй.  Банк, эмнэлэг гэх мэт газар дараалалд зогсож байхдаа, замын түгжрэл явж байхдаа, галын өрөөндөө хоолоо дэвэрчих вий гэж манаж зогсохдоо, орой унтахаас өмнө орондоо, амралтанд явахдаа гээд хаа явсан газраа  уншсаар л ирсэн. J. Гэхдээ амралтын өдөр гэртээ дулаахан нөмрөг нөмрөөд аяга халуун цай хажуудаа тавьчихаад ном эргүүлж суух хамгийн сайхан.

Та ихэвчлэн ямар хэлбэрээр ном уншдаг вэ? (Цахим болон хэвлэмэл гэх мэт)

Цаасан номыг илүүд үздэг. Харж мэдэрч, барьж хүртэж, үнгэгдэж хуучиртал нь эргүүлээд унших сайхан байдаг юм. Харин хүүтэйгээ хааяа гар утасныхаа аппликейшнийг ашиглаад цахим ном уншдаг. Хааяа тэгж уншихад хүүхэд дуртай байдаг юм. Мөн Unlock подкастаас ном сонсох дуртай. Улс төр, бизнес,  эдийн засаг, сэтгэл судлал, философи, шинжлэх ухаан, боловсрол гэх мэт олон чиглэлийн гайхалтай номнуудыг орчуулан хүргэдэг нь шинэ соргог зүйл сонсож мэдэж авч, үзэл бодлоо тэлж,  цаг үеэсээ  хоцрохгүй хөгжихөд их нэмэр болдог. Багш хүн үргэлж суралцагч, үлгэрлэн дагуулагч байх ёстой шүү дээ. Хичээлдээ орохдоо нэг ч гэсэн дуулгах сонинтой орохсон гэж эрмэлздэг.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?

Америкийн зохиолч Tara Westover – н “Educated” номыг, Д. Бүжинлхамын “Цойлогсод”-г олон  залуус уншаасай гэж хүсдэг.

Бусад хүмүүсийг уншаасай, мэдээсэй гэж хүсдэг ном?

Хүүхэд залуусаа Монгол зохиолчдынхоо уран зохиолын номыг түлхүү уншаасай гэж боддог. Онцолбол Д. Гармаа гуайн “Шувууны зуд”, “Хөөрхий дөө Болдоо минь”, Б. Ринчен гуайн Заан залуудай, мөн Д. Оюунчимэг зохиолчийн Буурлын эзэн, Тэнгэрийн цаг болоогүй гэх мэт олон зохиолуудаас нь уншаасай гэж хүсдэг.

Мөн дэлхийн шилмэл зохиолоос ч  битгий хоцроосой гэж бодож байна. Өнгөрсөн жил хүүтэйгээ Английн зохиолч Анна Сэвелийн “Хөөрхөн хар” зохиолыг уншаад энэ номыг хүүхэд бүхэн уншаасай гэж бодсон. Бас Америкийн зохиолч Харпер Лийгийн “Гургалдайг хөнөөсөн нь”, Элинор Портерын “ Полианна” номуудыг уншаад үзээрэй. Зарим номны орчуулга их хэцүү байдаг учраас гадаад  хэл сурч эх хэл дээр нь ном уншдаг болбол илүү сайхан.

Ярилцсан номын санч:  Д. Сарантуяа

 

О. Долгорсүрэн