Үгийн баялгаа нэмье гэвэл монгол бичгээр ном уншаарай

Үгийн баялгаа нэмье гэвэл монгол бичгээр ном уншаарай

Овог нэр: Цэндүүхэй Б.С

Эрхэлж буй ажил, албан тушаал: EGUL3 Creative Studio-н үүсгэн байгуулагч, уран бүтээлч

Хувийн сошиал хуудас: www.instagram.com/cengdukei

Хамтран хөтөлдөг сошиал хуудас, бүлэг:

Монгол бичиг ФБ хуудас, ( https://www.facebook.com/ehbichig), Монгол бичиг бүлэг (https://www.facebook.com/groups/mongolbichig)

Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Багын дурсамжаа нэхэн санавал бусад хүүхдийн хүсдэг “Ерөнхийлөгч болно”, “Компаний захирал болно”, “Дарга болно” гэж ер хэлж байсангүй. Ухаан ороод 10 настайдаа ээжээсээ “Би хятад судлаач болдог юм бил үү?” гэж асууж байснаа их тод санадаг юм. Яг юу хийдгийг нь мэдэхгүй ч тухайн үед их л гоё сайхан мэргэжил шиг санагдаж билээ. Цаг хугацаа өнгөрөн урсч мэргэжил сонгох болоход надад сэтгэл судлал, хэлшинжлэл гэсэн хоёр салбар ухаанаас аль нэгий нь сонгох хэрэгтэй болсон. Багаасаа хэлийг сониучирхан судалдаг байсан хүслээ дагаж “Хэрэглээний хэлшинжлэл” мэргэжлийг эзэмшсэн. Гадаад хэлшинжлэл, үсэг судлал, үсэг урлалыг шимтэн судалдаг.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

1-р ангиа төгссөн, бичиг үсэгт тайлагдсан додигор нөхөр ээжийнхээ авч өгсөн “Монгол үлгэрүүд I, II” гэсэн цуврал номыг уншиж байсан. Мэдэхгүй үгээ ээжээсээ асууна. Одоо энэхүү дурсамжаа эгээд бодоход эх хүн гэдэг хүмүүн биеийг төрүүлэхээс гадна, эх хэлийг цэвэр тодоор зааж өгдөг мундаг багш юм байна шүү гэж боддог. Сайн эх хүн сайн эх оронч иргэнийг бэлддэг.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Библи судрын “Сургаалт үгс” ном. Эртний мэргэн хаадын айлдсан эрдэнэ мэт мэргэн үгсийг энэхүү номоос унших боломжтой. Миний итгэл бишрэл Христ Итгэл учраас энэхүү библи судрын үг бүрээр амьдарч, урам зоригоо олж авдаг. Дашрамд дурдахад 19-р зуунаас хойш монгол хэлнээ орчуулагдсан Библи судрын эх бичвэрүүд бидний гар дээр өвлөгдөн ирсэн байдаг. Бүгд монгол бичгээр, монгол судрын дэгээр барласан (бар хэвлэл) байдаг.

Таны ширээний ном

Ширээний ном гэхээс илүүтэй унших бүрд сэтгэлд нэн хүрдэг номын нэг бол аугаа монголч эрдэмтэн Ион Густав Рамстедт-н “Дорно этгээдэд долоон удаа” хэмээх номыг нэрлэнэ. Эрдэмтэн, судлаач хүний туулах ёстой зам, адал явдалтай амьдралын хэв маягийн талаар гойд сайхан өгүүлсэн ном л доо. Байнга сөхөж хардаг ном гэвэл Б.Ринчений “Монгол бичгийн хэлний зүй” хэмээх боть номууд.

“Монгол бичиг”  ФБ хуудас хэзээ нээгдсэн бэ? Хэдэн гишүүнтэй вэ?

Манай “Монгол бичиг” ФБ хуудас 2010 онд анх нээгдэж байсан. “Монгол бичиг” ФБ бүлгэм 2011 онд нээгдсэн. Миний бие энэхүү хуудас, бүлгэмийн арваад админуудын нэг нь юм. Монгол бичигтээ хайртай, хэрэглээг нь нэмэгдүүлэхийг зорьдог надаас өөр арав гаруй админууд хуудас, бүлгэмээ санаа нэгдэн авч явдаг. “Монгол бичиг” ФБ бүлгэм маань өдгөө 233 мянган гишүүд дэмжигчтэй, хэдэн мянган идэвхтэнтэй болсон байна. Сонин болгон дурдахад анх хуудас болон бүлгэмийн идэвхтэй байдлыг хангах ихэнх постыг админууд өөрсдөө цаг наргүй оруулж бүх асуултанд хариулдаг байлаа. Өдгөө эх бичгээ сурах хүсэл тэмүүллээр дүүрэн олон мянган гишүүдийнхээ ачаар бүлгэм маань маш идэвхтэй болсон ба гишүүд өөрсдөө постоо оруулж, бие биедээ туслан бичгээн сурах үйлст бүгд нэгддэг болжээ. Админууд бид одоо спам, элдэв зар, ёс бус агуулга бүхий сэтгэгдэл, нийтлэлийг илрүүлэх, устгах, гишүүдээ урамшуулах, уриалах цагтай болсон.

Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх тал дээр цаашид ямар зорилго тавин ажиллаж байгаа вэ?

Манай админуудын ихэнх нь хэлний хүмүүс биш ч гэлээ монгол бичгээ түгээн дэлгэрүүлэхэд хуудас бүлгэм гэлтгүй дор бүрээ маш чармайлттайгаар ажилладаг. Бид өөрсдийн ажилладаг салбар бүрдээ монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ба жишээлбэл манай админ Гантуяа Викибилиг буюу монгол бичгээрх Википедиаг хөгжүүлдэг. Википедиа нэвтэрхий толийн монгол бичгийн хувилбар гэж хэлж болно. Энэхүү төслөө хэрэгжүүлэхийн тулд Гантуяа админ маань программын курст идэвхийлэн суралцаж төгссөн. Мөн бид өөрсөддөө монгол бичгээрх ном судруудыг цахимжуулж цахим ном болгож нийтэд түгээдэг. Энэхүү ажлыг эхлүүлээд 4 жил болж байна. Ном судрыг цахимжуулах уг ажлыг дэмжихийг хүсвэл уншигч эрхэм абугай та бидэнтэй холбогдоорой.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Өнөөдөр уншъя гэж бодоод хэл шинжээч, монгол эрдэмтэн Мягмарын Саруул-Эрдэнэ багшийн “Зугаатай хэл шинжлэл” номыг худалдаж авлаа.

Номыг хаана уншвал тав тухтай санагддаг вэ?

Дунд сургуульд байхад манай гэр их хол байдаг байлаа. Би Чулуун-Овоогоос 21-р хороолол хүртэл урт удаан замыг туулж гэртээ харьдаг байсан. 1 дугаартай тролейбусанд суугаад ном уншиж л замын уртыг туулдаг байлаа. Тийм болохоор одоо ч машинд, галт тэргэнд, онгоцонд ном уншихад их тухтай санагддаг. Мэдээж тав тухтай кофе шоп, номын санд суугаад ном унших сайхан.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Суурин дээрээ уншиж дуусгах гээд гүрийдэг дээ, хэхэ. Нэг бодлын энэ нь номондоо шимтэн орж, анхаарал сулрахгүйгээр хурдан уншиж дуусгах давуу талтай боловч нөгөө талаар нүдэнд ачаалал өгөх (нүд ядрахаар бие махбод дагаад маш их ядардаг), мөр хөших, хөл бадаарах гээд олон сөрөг талтай. Тийм болохоор хааяа тухайн номын аудио хувилбар байвал нэг бүлгий нь уншаад, дараагийн бүлгий нь сонсоод, сонсонгоо ажлаа хийх, гадуур алхах дуртай болсон. Бүлэг хооронд эргэцүүлэх бодох хугацааг гаргаж өгдөг.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Миний мэргэжил хэл шинжлэл болохоор ч тэр үү би хэлний ангийн оюутан, хэл шинжлэлийг сонирхож буй сурагч дүү нарт хандан Н.Поппе эрдэмтний бичсэн “Дуртгал” ном болон Ион Густав Рамстедт эрдэмтний бичсэн “Дорно этгээдэд долоон удаа” номыг уншихыг санал болгоё. Хэлний ангийн оюутнууд энэ хоёр эрдэмтний нэрийг маш их сонсдог ч яг ямар хүн байсан, эрдэмтэн хүний амьдрал хэрхэн сонирхолтой өнгөрсөн талаарх мэдлэг их хомс байдаг. Тийм болохоор мэргэжилдээ дурлахад чинь энэхүү хоёр ном их туслах болно. Мөн монгол хэлний үгийн баялгаа нэмэгдүүлэх, найруулга зүйн чадвараа нэмье гэвэл “Эрт эдүгээгийн гайхамшиг сайхан үзэгдэл хэмээх судар” хэмээх монгол бичгээр байгаа судрыг уншаарай гэж онцгойлон зөвлөмөөр байна. Энэхүү судрыг манай хуудсаас хайгаад татах боломжтой шүү. Бид 2018 онд цахимжуулан PDF болгож байлаа.

https://tinyurl.com/ertedugeesudar

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Одоогоор хоёр улсын номын сангийн үнэмлэхтэй юм байна. БНХАУ-н Сичуаны их сургуулийн номын сангийн үнэмлэх, нөгөөх нь Улаанбаатар хотын төв номын сангийн үнэмлэх.

Уншихыг төлөвлөж буй ном?

“Зугаатай хэл шинжлэл” номоо дуусаад “Дилова хутагтын захидлууд” болон “Эртний грекийн домог” номыг уншина даа.

Унших дуртай зохиолч?

Би бичгийн их хүмүүн Бямбын Ринчен болон орчин цагийн уран зохиолын голлох төлөөлөгч Лодонгийн Түдэв нарын зохиол бүтээлийг унших их дуртай. Үсэг таньж уншиж сураад Л.Түдэв гуайн “Үл ажиглагдах онцгой учралууд” номыг уншиж байсан. Манай аав багадаа уншаад, дараа нь би уншаад, сүүлд манай дүү уншиж байсан. Б.Ринчен гуайн “Үүрийн туяа”, “Заан залуудай” номуудыг үгийн баялаг ихтэй болсныхоо хойно уншиж байсан. Найруулга, үг хэллэг бол тансаг. Дорныхоос гэвэл Бян Жи Лин, Канэко Мисүзү нарын шүлэг яруу найргууд, өрнийхөөс гэвэл Эрнест Хеминвей, Пабло Коел, Жек Лондоны зохиол бүтээлд дуртай.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Багадаа уншсан болохоор ч тэр үү Л.Түдэв гуайн “Мөнхийн ус” туужийн хар сахалтай жаалхүүгийн дүрд их дуртай. Ирээдүй үеийн тухай монгол хэлнээ анх дүрсэлсэн гоё тууж даа.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Ном уншиснаар бусдыг ойлгож, юмс үзэгдэл, бодол санааг олон талаас нь ухан бодох сэдлийг төрүүлдэг гэж боддог. Завгүй амьдралын хэмнэлд дарагдаад мартах шахсан мэдрэмж, бодол эргэцүүллийг бидэнд сануулдаг учраас ном унших (мөн аудио ном сонсох) нь маш чухал юм. Ном уншихын өөр нэг баялаг тал бол шинэ үг сурах байдаг. Бид монгол хэлээр хэлд орж, монгол хэлээр хоорондоо ярилцдаг боловч бидний мэдэхгүй, утгы нь хараахан ойлгохгүй хэдэн зуу, магадгүй хэдэн буман үг бий. Үгийн сайхныг бид ном уншиснаар л мэдэх боломжтой юм. Ялангуяа монгол бичгээр ном унших нь үгийн утга, үг бүтэж буй онцлогийг гярхай ажиглахад маш их тусалдаг.

Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

 

О. Долгорсүрэн