С.Амарсайхан: Соёлт хүн төрөлхтөн оршин байгаа цагт ном зохиол унших соёл байсаар байна гэдэгт би огтхон ч эргэлздэггүй

С.Амарсайхан: Соёлт хүн төрөлхтөн оршин байгаа цагт ном зохиол унших соёл байсаар байна гэдэгт би огтхон ч эргэлздэггүй

Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан

Хаана амьдардаг вэ?

Монгол Улс, Улаанбаатар хот

Social хаягууд?

Жиргээ: @Сайнбуянгийн Амарсайхан

Нүүр ном: https://www.facebook.com/Сайнбуянгийн Амарсайхан

Инстаграм: Amarsaikhan Sainbuyan

Эрхэлж байгаа ажил, албан тушаал.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НИТХ-ын төлөөлөгч.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Сайн санахгүй л байна. Багадаа хамгийн их хичээл зүтгэл гаргаж уншсан ном гэвэл “Цагаан толгой”-н үсэглэлийн ном юм болов уу. Аав, ээж ажил ихтэй учраас ах нар л хааяа “Эрдэм ном чинь юу болж байна, нөхөөр” гэх маягаар хичээл номонд минь оролцоно. Удалгүй уншиж сураад социализмын үед хэвлэгдэн гардаг байсан үлгэрийн номуудыг гаргаахгүй болсон.

Таны амьдралыг хувь хүнийг өөрчлөхөд хамгийн чухал нөлөө үзүүлсэн номуудыг дурдвал?

“Монте Кристо гүн”, “Шадар гурван цэрэг”, “Робинзо Крузо” гээд бидний үеийнхний шимтэн уншиж өссөн сонгодог зохиолууд олон. Харин үзэл бодол төлөвших насандаа уншсан Лодойдамба гуайн “Хугараагүй ноён нуруу” өгүүллэг надад их гүн сэтгэгдэл үлдээж билээ. Амьдрал гэдэг тэмцэл юм. Тэсвэр хатуужлын сургууль юм гэдгийг тэрхүү өгүүллэгээс мэдэрсэн. Тэр тусмаа эр хүн ямар ч бэрхшээл зовлонгийн өмнө хатуужилтай, ноён нуруутай байж, хүн чанараа гээхгүй оршин тогтнохын утга учрыг, монгол хүний жинхэнэ мөн чанарыг гол дүр болох Доржоос олж харсан даа. 

Таны ширээний ном.

Ширээний ном гэдэг олон талтай л даа. Сүүлийн үед тэр бүр ном барьж аваад тухтай унших зав зай, боломж нөхцөл тун хомс байна. Боломж гарвал Инжинашийн “Хөх судар” романыг эргүүлж хардаг. Хуудас болгондоо шахам айхтар гүнзгий санаа агуулсан лут ном. 

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Бичгийн хүн биш учраас одоогоор ямар нэг ном бүтээгээгүй байна. Гэхдээ хүний амьдрал баян учраас магадгүй хожим өвөг дээдэс гэр бүлийнхээ тухай намтар зохиол юм уу, нийслэлийн шинэ цагийн хөгжил, үүх түүхтэй холбоотой аливаа нэгэн үйл явдлын талаар бичих өдөр ирэхийг үгүйсгэхгүй.

Яг одоо ямар ном уншиж байна вэ?

Өнгөрсөн зун ухаалаг хотуудын шийдэл, дэлхийн томоохон хотуудад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар уншиж, ухаалаг хотуудын хөгжил, өнөөгийн тренд, цаашдын чиг хандлагын тухай номыг цахим хэлбэрээр уншсанаас хойш үнэндээ дахиж ном эхлүүлж амжаагүй явна.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Миний хувьд номыг нам гүм орчинд уншихыг илүүд үздэг. Өөртөө цаг гаргаад, уншиж байгаа номондоо төвлөрч тав тухтайгаар унших дуртай.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу.

Нэг их сүртэй арга барилсах юу байх вэ. Зарим номыг уншъя гээд ч явж өгдөггүй. Заримыг нь нэг бариад авсан бол уншиж дуусгаж байж санаа амардаг даа. Хааяа хэд хэдэн ном зэрэг эхлүүлээд, энд тэндээс нь “хольж хутгаж” унших тохиолдол бий. Ний нуугүй хэлэхэд, ном уншихад бас уншигчийн эрх чөлөө гэж байдаг тухай уншаад баярласан шүү. Ном уншина гэдэг нэг талаар өөртөө оюуны хөрөнгө оруулах, нөгөө талаар кайф авахын нэр болохоос заавал тэгэх ёстой, ингэх ёстой  гэсэн “ялтай” ажил биш. Унших, уншихгүй орхих, хэсэг амраад дахиад эхлүүлэх эрх нь уншигчдад байдаг гэдгийг бид тэр бүр ойлгодоггүй байж мэдэх юм.

Залууст урам хайрлах, ухаарал өгөх ном санал болговол.

Өмнөд Солонгосын алдарт “Дэү” корпорацыг үүсгэн байгуулагч Ким Ү Жүнийн амьдрал намтрын тухай “Хорвоо дэлхий уудам, хийх ажил их” гэдэг номыг залууст санал болгомоор байна. Эгэл жирийн гудамжны сонин борлуулагчаас дэлхийд нэртэй бизнесмен болсон түүх, туршлага нь олон хүнд урам зориг өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Залуучууд хаана ч ажилласан, тэр ажил тань чамд ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт, боломж, туршлага болж байгаа гэдгийг ойлгож, хичээнгүй зүтгэж байгаарай гэж хэлье. Зөвхөн тухайн үед авч буй цалин, ачааллаараа ажлыг үнэлж, няцаж ухарч болохгүй гэдгийг энэ ном хүмүүст ухааруулдаг.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном бэ?

За, ёстой хэлж мэдэхгүй юм аа. Номтой гэхэсээ илүү гол дүртэй гэвэл арай дээр үү

/инээв/

Хэн гэдэг зохиолчийн бүтээлийг алдалгүй олж авья гэж боддог вэ. Хүндэлдэг, хайртай зохиолч тань хэн бэ?

С.Эрдэнэ, Ч.Лодойдамба, Д.Намдаг, С.Удвал гуай нарын зэрэг мундгуудын зохиол бүтээлүүдийг уншиж өссөн. Өдгөө Бавуугийн Лхагвасүрэн, Дамдинсүрэнгийн Урианхай гээд Монголын уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийн бүтээлийг цаг зав гарвал уншихыг хичээдэг. Мөн дэлхийн алдартай хүмүүсийн намтар зохиолыг унших дуртай.

Одоо уншихаар төлөвлөж байгаа, уншиж байгаа бүтээлүүдээ нэрлэвэл.

Сүүлд гарсан Монголын түүхийн таван ботийг унших сан гэж бодож явна. Амжихгүй л байна.

Номын уншихын утга учир, үнэт зүйл юундаа оршдог юм бэ. Манай уншигчдад хандаж хэлбэл.

Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш хөгжлийнхөө олон шат дамжлагыг туулахад хөтөлж замчилсан гол зүйл нь оюун ухаан, гоо зүйн хөгжил байж таарна. Тэр нь эртнээс нааш үлгэр домог, аман зохиол гэх мэт урлаг уран зохиолын төрлөөр уламжлагдаж ирсэн гэж боддог. Тиймээс соёлт хүн төрөлхтөн оршин байгаа цагт ном зохиол унших соёл байсаар байна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш хөгжлийнхөө олон шат дамжлагыг туулахад хөтөлж замчилсан гол зүйл нь оюун ухаан, гоо зүйн хөгжил байж таарна. Тэр нь эртнээс нааш үлгэр домог, аман зохиол гэх мэт урлаг уран зохиолын төрлөөр уламжлагдаж ирсэн гэж боддог. Тиймээс соёлт хүн төрөлхтөн оршин байгаа цагт ном зохиол унших соёл байсаар байна гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Унших хэлбэр нь яаж өөрчлөгдөх нь чухал биш. Гагцхүү хүүхэд багачууд маань ном зохиолоор дамжуулан өөрсдийн ертөнцөө танин мэдэж, өөрсдөдөө шинэ шинэ ертөнцийг нээж, хорвоотой танилцдаг соёл, уламжлал оршсоор байх биз ээ.

 

Vandan Tuvshintogtoh