Б.Батчулуун: Философийн ном уншихад хүний үндсэн шинж болсон сэтгэх, юм бодох чадвар илүү хөгждөг

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас “Номын сангийн зочин” нэртэй ярилцлагын буланг цахим хуудсаараа дамжуулан олон нийт, уншигч түмэндээ хүргэж байхаар боллоо. Энэхүү ажлын эхлэл болгож Философийн ухааны доктор Б.Батчулуунтай цөөн хором ярилцсан ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна. Түүний бүтээлийн жагсаалт, номзүйг энд дарж  үзнэ үү. 

Д. Индра: Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Зочин:  Би ч одоо нэлээд настай хүн шүү дээ. 1957 онд гэхлээр 1-р анги ангидаа анх уншуулсан номоо би сайн санаж байгаа юм. Яг уншсан ном бол санаанд байгаа нь Носовын Үл мэдэхийн адал явдал билүү дээ, уншуулсан ном бол Жюль Верн 15 нас капитан гээд дээр үеийн тэр бол маш гоё хэвлэл. Уйгаржинаар бичигдсэн хэвлэл байгаа байхгүй юу. Ёстой янзын хэвлэл. Манай аав өөрөө хэл утга зохиолын багш хүн байсан учраас гэртээ бол ном сайн цуглуулдаг байсан. Намайг сургуульд ороогүй байхад эмээ бид хоёрт л тэр номыг уншиж өгч байсан юм.

  • Жюль Верн Пятнадцатилетний капитан

Д. Индра: Таны амьдрал болон хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Зочин:  За би сая хэллээ. Хүүхэд байхад 1960 аад онд  анх уншаад сэтгэлд хүрч, хүн гэдэг нэр төрөө бодох талаар гүнзгий нөлөө үзүүлсэн ном бол Майн Ридын Зоригт анчин бүсгүй, Цагаан бээлий зэрэг номууд.  Хүнд чинь нэр төр гэж нэг юм байна шүү дээ. Парисийн дарь эхийн сүм чинь Гюгогийнх байхаа… Квазимодо юманд үнэнч байх, гаднын хэлбэр хамаарахгүй агуулга нь чухал гэсэн санаа. Майн Ридын номууд бол ер нь бол рыцарийн ёс суртахуун гэж ярьдаг юм даа. Өөрөө өөртөө үнэнч байх, олноос айхгүй байх гэсэн утгатай байсан. Сүүлд оюутан болоод би Философийн ангид ороод философийн номуудыг харж байхад социализмын үед сурсан учраас хамаагүй дэлгэж үзүүлэхгүй л дээ. Сократын өөрийнх нь ном байдаггүй шүү дээ. Дандаа Платоны диалогуудаар /харилцан яриа/ бидэнд дамжиж ирсэн байдаг. Сократын үзэл их хүчтэй нөлөөлсөн. Ницше их хүчтэй нөлөөлсөн. XX зууны экзистенциалистууд Камю, Сартр эдгээрийн номууд нэлээн нөлөөлсөн.

Хамгийн сүүлд амьдралд их хүчтэй нөлөөлсөн ном бол бүр дөчин нас гарсан хойно шүү дээ дуу алдуулсан ном бол, би ийм л нийгэм улс төрийн үзлийг эрэлхийлээд байсан байна шүү гэхээр ном бол Либертал авторуудын ном маш хүчтэй нөлөөлсөндөө. Идэр насандаа гэх юм уу, оюутан байх үедээ философийн ном уншсан юм чинь дөчин нас хол гарсан үед надад нөлөөлөхийн тулд  нэлээн хүчтэй ном байж таарна шүү дээ. Эмоцийн халил багатай ч байдаг юм уу, хөлдүү логиктой, цэвэр логик гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Либертал номнууд л их нөлөө үзүүлсэн дээ.

  • Томас Майн Рид “Зоригт анчин бүсгүй”
  • Томас Майн Рид “Цагаан бээлий”
  • Виктор Хюго “ Парисийн Дарь эхийн сүм” / Victor Hugo/
  • Камю
  • Сартр / Сартр Жан – Поль/

Д. Индра: Таны ширээний ном?

Зочин:  Нэг номоо барьж сууна гэж байхгүй юмаа. Одоо л гэхэд танай номын сангаас энэ хэдийг зав гарсан дээрээ л амралтын газар амрангаа очиж харах гээд авлаа. 19-р зууны Оросын утга зохиол гэдэг чинь бас их хүчтэй утга зохиол. Хэдийгээр социализмийн үед бичсэн байдаг ч гэсэн бид нар дутуу залгисан, гаргаагүй үгнүүд нь юу байна гэдгийг нөхөөд уншчихна. Ямар үе дээр худлаа шүүмжилсэн  байна вэ гэх мэт. Достоевский эд нар бол ер нь хэцүү шүү дээ. Жинхэнэ жижиг нийгэм дэх жижиг хүн гэдгийн психологийг уншиж байсан хүн нь уйлмаар гаргасан байдаг нь маш хэцүү… Ер нь л бол либертал номнууд л ширээнд байна даа.

Д. Индра: Та ямар ном бүтээсэн бэ? / Бүтээхэд оролцсон бэ?

 Зочин:  Философийн хүн учраас “Философи гэж юу вэ?” гэх мэт философийн ганц хоёр ном бий. Либертар нэлээн хэдэн ном бий. Орчуулгын зохиолуудыг ч гэсэн голдуу англи хэлнээс орчуулсан. Орос манай хоёр чинь ер нь адилхан, сэтгэлгээ ч  гэсэн төстэй тийм учраас ер нь барууны өнцгөөс харсан номууд гайгүй санагдаад англи хэлнээс л орчуулсан. Өөр хэл мэдэхгүй. Либертар 20 арай хүрэхгүй, Философийн 5-6 ном орчуулсан байгаа.

Д. Индра:  Яг одоо ямар төрлийн ямар ном уншиж байгаа вэ?

 Зочин:  Яг одоогоор бол 19 дүгээр зууны уран зохиол, Уран зохиолын товч түүх, Гадаадын утга зохиолын лекцүүд-2 зэрэг номуудыг уншихаар авч явна. Дэлхийн утга зохиолыг дахиж шинэ хармаар байна.

Д. Индра: Философи биш уран зохиолын ном түлхүү уншиж байна уу?

Зочин:  Яг одоогоор гэж асуусан учраас, тийм. Байнга л хардаг ном бол Либертал автортай л ном уншдаг даа.

Д. Индра:  Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

 Зочин:  Гэрт гэвэл хөгшин бид хоёр хоёулаа л амьдардаг. Саад болоод байх зүйл ер нь байхгүй. Гэхдээ би чинь 1974 онд л анх Төв номын санд үнэмлэх нээлгэсэн хүн. Оюутан болоод хүчээр багш нар номын санд суу гэж шаарддаг байлаа. Одоо бол танай номын сангийн байнгын уншигч. Номыг бол номын санд л уншмаар санагддаг юм. Нэг хэсэг 1990-ээд оны эхээс 2005 он хүртэл гэрээр голдуу уншиж суусан. Угаасаа сурчихсан учраас номын санд суух нь дээр байдаг. Номын санд суух нь илүү өгөөжтэй санагддаг.

Д. Индра:  Надад ч бас номын санд л унших өгөөжтэй санагддаг. Хоёулаа номын санд танилцсан шүү дээ/инээв/ Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Зочин:  Ном уншина гэдэг чинь оюутнууддаа хэлдэг хэллэгээр бол эхлээд тексттэй харилцаж сурах гэж байгаа юм. Эхлээд номыг чинь сонгоно. Хаа хамаагүй шуурахгүй шүү дээ. Улсуудын тэр ном гоё гэнэ лээ гэснээр шуурахгүй. Өөрөө үнэлэмжтэй болчихсон хүн юм чинь. Эхлээд номоо сонгож авна. Дараа нь контенттэй нь агуулга, гарчигтай нь харьцаж сурна. Жишээлбэл энэ номоос зориуд дахиж харах гэж байгаа бол Салтыков-Щедрин,  Достоевский, Толстойг дахиж харна гэх мэт бодно. Жишээлбэл: Уран зохиолын ном уншиж байхад голдуу бүлэг эхлэхдээ, ном эхлэхдээ дүрслэлүүд байдаг. Нэг хүний тухай өгүүлж байгаа мөртлөө тухайн хүний амьдарч байгаа орчны талаар гадаа нар ингэж шингэж байлаа ч гэдэг юм уу хуудас дамнасан ч юм уу тийм дүрслэлүүдийг жишээлбэл би хаяад алгасаад өнгөрдөг. Тэгээд тэр хүний харьцсан гол зүйл нь юу вэ гэх мэт тухайн хуудаснаас гэхэд гурван өгүүлбэр уншихад  энэ хуудсыг нягталж унших шаардлагатай юу, үгүй юу гэдэг нь мэдрэгддэг. Хоёр хүний харилцсан диалоги байлаа гэхэд дэмий диалоги зэргийг хаях, нухацтай унших хэсгээ унших гэх мэт амархан мэдэгддэг юм даа. Ер нь номыг уншаад сурчихсан байхад гээд хэлчихвэл өөрийгөө хэтэрхий магтсан болчих юм болов уу? Уншаад сурчихсан байхад үндсэн агуулгыг нь алдахгүйгээр хичнээн ч зузаан номыг богино хугацаанд уншаад сурчихдаг.

Д. Индра: Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ямар ном санал болгох вэ?

 Зочин:  Тэрийг бол хэлж чадна. Миний хувьд одоогоос 10-аад жилийн өмнө гараагүй байсан Кафка, Камю эд нарыг чинь уншиж болохгүй байлаа. Нэг л хөнгөн хийсвэрээр л  хүнийг хайрлаж нэгнийгээ хүндэтгэх сэтгэл, нэгэндээ татагдах сэтгэл тийм өнгөц байж болохгүй. Соцреализмын үеийн дүрслэл шиг байж болохгүй. А.Камюгийн The stranger бүтээлийн Мерсолд гэдэг бол муу хүн биш. Энэ мэтчилэнгээр дээр үеийн зохиол бол ийм байсан шүү  гэж хэлж болно. Айн Рендийн ”Эх сурвалж ” гэдэг роман бол их сайн.

 Д. Индра: Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

 Зочин:  Үнэмлэхтэй номын сан бий. Үнэмлэхгүй номын сан ч бий. Би олон номын сангаар орж байсан. Би чамд хэлж байсан сүүлд Хонг Конгийн Их сургуулийн номын сангаар орж үзсэн . Хамгийн тухтай номын сан бол Шведийн Uppsala их сургуулийн номын сан, Шинэ Делигийн Их сургуулийн номын сан гэх мэт.

Д. Индра: Таны номын сангийн карт бол барагдахгүй юм байна.

Зочин:  Тиймээ барагдахгүй

Д. Индра: Өөрийгөө ном гэж дүрслэвэл та ямар төрлийн ном бэ?

 Зочин:    Их гепотетик асуулт байна. Уншиж татагдаж байсан номтой л холбоотой асуулт байна тиймээ. Бага байхдаа бол сонгодог талын 1960- аад оны Майн Ридын номын гол баатруудыг их бахархаж байсан бол. Идэр насандаа оюутан байх үедээ философийн ном байх байсан байх одоо бол либертар  ном болчихоод байна.

  • Томас Майн Рид

Д. Индра: Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Зочин:  Цаасаар унших нь их зохимжтой байдаг.

 Д. Индра: Унших дуртай зохиолч?

Зочин:  Айн Ренд л байна даа. Айн Рендийн албан ёсны бус орчуулга нь гарсан байсан. Албан ёсны бус учраас софтоор буюу цахимаар байгаа байхгүй юу. Миний худалдаж авсан нөхөр гэх мэт тэнд бол романтизм гүн байгаа мөртлөө айхтар либертар санаа байгаа юм. Романтизм гэхээр уянгын халилтай гэж бодож болохгүй. Туушгүй нөхөр нэлээн чанга тууштай эмэгтэй хоёрын хайр дурлалын тухай өгүүлсэн л богинохон зохиол байна.

  • Айн Ренд Миний худалдаж авсан нөхөр

Д. Индра: Уншихыг төлөвлөж буй ном?

Хариулт: Ж.Сатэрлэндийн “Уран зохиолын товч түүх”, В.Набоковын Гадаадын утга зохиолын лекцүүд 2 номуудыг уншихаар аваад явж байна.

 Д. Индра: Хамгийн дуртай зохиолын баатар тань хэн бэ?

Зочин:  Эх сурвалж” зохиолын  Рорк, Доминик, Мейлори зэрэг дүрүүд их таалагддаг. Ерөөсөө олныг дагаж шуугиад байдаггүй, яг өөрийнхөө байгаагаар байдаг, гэхдээ хүнийг хүчээр өөрийнхөө үзэлд оруулах гээд байдаггүй нэг тийм зарчмаасаа ухардаггүй, дүр гаргадаггүй, дүр эсгэдэггүй энэ 3 хүн их таалагддаг.

  • Айн Рэнд Эх сурвалж

Д. Индра: Ном уншихын утга учир, үнэт зүйл юунд оршдог вэ?

Зочин:  Жишээ нь: Философийн ном уншаад хүний үндсэн шинж болсон сэтгэх, юм бодох л хөгжинө үү гэхээс философи уншихад сүүтэй үнээ ч юм уу эдийн засгийн ач холбогдол өгдөггүй эд шүү дээ. Тэгэхлээр философи одоогийн зах зээлийн нийгэмд тийм ч ашигтай мэргэжил биш. Хуульч, эдийн засагч ч гэдэг юм уу тийм мэргэжил их ач холбогдолтой байхад Философи бол практик ач холбогдол багатай ч хүнд нэг юмыг өгдөг байна л даа. Философи, либертар номууд бол цэгцтэй сэтгэж сурах гэж нэг юм байна. Цэгцтэй сэтгэж сурах, сэтгэлгээний соёл, сэтгэлгээний сахилга бат гэсэн 3 өөр үг чинь нэг утга илэрхийлээд байгаа юм. Итгэж болох юманд л итгэнэ. Ойлгогдохгүй юмыг ойлгосон дүр эсгэхгүй, ойлгоход миний сэтгэлгээ хүрэхгүй байна гэж шууд хэлдэг болох, зааланд байгаа өөрөөс нь бусад хүн зөвшөөрлөө гээд дагаад толгой дохидоггүй байх зэрэг хүсэлдээ бус логиктоо баригдаж сурах, цэгцтэй сэтгэж сурах гэж ердөө л энэ. Янз бүрийн ном янз бүрийн л ач холбогдолтой байх. Банкны хүнд санхүүгийн ном ач холбогдолтой бол яруу найрагч хүнд сайн шүлгийн ном ач холбогдолтой бол миний уншдаг төрлийн номууд бол ийм л ач холбогдолтой юм шиг санагддаг.

Д. Индра: Анхны ярилцлагын зочноор оролцсонд баярлалаа

Зочин:  Баярлалаа.

_______________oOo_______________